2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/07203

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 02

191/ШШ2025/07203

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Т*******ын О******* /рд:*******2/, Г******* улсын паспортны дугаар /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Б******* овогт Т*******ын Т******* /РД:*******/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 102,600 евро буюу 395,112,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагч Т.Т*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХБНГУ-ын иргэн Т******* овогтой О******* Монгол Улсад өөрийн гэр бүлийн хамт 2023 оны 08 сард очиход Т******* овогтой Т******* "нүүрс зөөх машин авах гэсэн юм, мөнгө зээлээч, хуучин машин явбал найдваргүй, шинэ машин авбал ашигтай, үнийн хувьд 330,000,000 төгрөг буюу 90,000 евро болно, ашгийг хамгийн багаар тооцоход 2 жилийн дотор буцаагаад төлчихье" гэж хэлсний дагуу уг саналыг хүлээн зөвшөөрч нөхрөө гуйж түүний харилцагч банкнаас эээлээ бүрэн төлж дуусаагүй байгаа байшингаа давхар барьцаалан нөхрийнхээ нэрээр мөнгө зээлж өгсөн. Дээрх хэлбэрээр зээл авч өгсөн болохыг Т*******ийн гэр бүлийнхэн мэдэж байгаа төдийгүй гэрчлэх болно.

Дээрх зээлийн гэрээтэй холбоотой гэрээний санал хүргүүлсэн, саналыг хүлээн авсан болон гэрээний хүү, хугацааны талаар цахим зурвасаар харилцсан бичиглэлүүдийг шүүхэд нотлох баримтаар хүргүүлэн шүүхийн журмаар үзлэг хийлгэх болно.

Т.О******* дээрх 90,000 евроны 40,000 еврог дансаар, үлдэгдэл ээжээрээ дамжуулан бэлнээр өгсөн талаарх санхүүгийн болон бусад баримтыг зээлдүүлсэн мөнгө хэрхэн зээлдэгчийн өмчлөлд шилжсэн болохыг нотлохын тулд шүүхэд гаргаж өгөх болно.

Т.О******* нөхрийн хамт 90,000 еврог 5 жилийн хугацаатай банкнаас зээлж уг мөнгөө Т.Т*******ид 2 жилийн хугацаа буюу 2024 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн 2026 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэл жилийн 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдэгч Т.Т******* 2 жилийн хугацаанд 90,000 евро, хүү болох 12600/6300*2/ нийт 102,600 евро төлөх үүрэг хүлээсэн боловч жил гаруй хугацаа өнгөрөхөд үндсэн зээл болон хүүг эргүүлэн төлөхгүй нэхэмжлэгчийн эд хөрөнгийг эрхийг зөрчиж, хариуцагч Т.Т*******аас авч банкинд төлөх ёстой төлбөрийг төлж чадахгүйд хүү, алдангийн өр төлбөрт ороод байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй боловч зээлдэгч дээрх зээлийн үндсэн төлбөр, хүүг төлөхгүй удааширч Иргэний Хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан "зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй" гэсний дагуу шаардах эрхээ тодорхойлсон болно.

Иргэн Т.Т*******оос зээлийн гэрээний төлбөрт үндсэн төлбөрт 90,000 евро, хүү 12,600 евро, нийт 102,600 евро /Монгол Банкны 2025 оны 04 сарын 08-ны өдрийн ханш болох 3851,27 төгрөгийг 3851 төгрөгөөр тооцсон/ буюу 395,112,600 төгрөгийг гаргуулж ХБНГУ-ын иргэн Т.О*******т олгож өгнө үү.

ХБНГУ-ын иргэн Т******* овогтой О******* Монгол Улсад өөрийн гэр бүлийн хамт 2023 оны 08 дугаар сард ирэхэд Т.Т******* нь нүүрс зөөх машин авах гэсэн юм, мөнгө зээлээч, хуучин машин авбал найдваргүй, шинэ машин авбал ашигтай, үнийн хувьд 330,000,000 төгрөг буюу 90,000 евро болно, олох ашгийг хамгийн багаар тооцоход 2 жилийн дотор буцаагаад төлчихнө гэж хэлсний дагуу уг саналыг Т.О******* хүлээн авч 40,000 еврог дансаар шилжүүлж, үлдсэн мөнгийг ээжээрээ дамжуулж бэлнээр өгснөөр нийт 90,000 евро Т.Т*******ид зээлсэн байдаг. Т.О******* нь 90,000 еврог 5 жилийн хугацаатай банкнаас зээлээр авсан. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 2 жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч Т.О*******ээс зээлсэн мөнгийг эргүүлэн төлөхгүй байсан учраас шүүхэд хандсан. Т.Т******* нүүрсний машин худалдаж авна гэж мөнгө зээлсэн байдаг. Нэхэмжлэгчийн хэлснээр хариуцагч 2 машин авсан бөгөөд автомашинаа ашиглаж байгаа гэж хэлдэг. Хариуцагч ямар шалтгаанаар зээлсэн мөнгөө эргүүлэн төлөхгүй байгаа талаар мэдэхгүй байна. Машинаа түрээслүүлэх зэрэг байдлаар ашиг олдог гэх талаар яригддаг. Энэ талаар өөрөө тайлбарлах байх. Зээл төлөлтийн хугацаа тохирсон байгаа хэдий хариуцагч зээлийн эргэн төлөлт хийхгүй байгаа учраас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Т******* миний бие 2001 оны 09 сард Т.О*******тэй ХБНГУ-д ажиллахаар явахад нь бэлнээр 2 сая 800 гаруй төгрөг өгсөн. Дээр нь би байгалын алт 800 гаруй граммыг өгсөн. Тухайн үед 300,000 төгрөг 1 сарын 25 хувь хүүтэй зээлж аваад Эрээн рүү ганзагын наймаанд явдаг байсан үе шүү. Мөнгө хүүтэй ч олдоггүй байсан он цаг. Одоо хэдэн жил өнгөрөв. Би тухайн үед Т.О*******т алт, мөнгө өгөхдөө хэлж байсан. Чамайг сайн сайхан ажиллаад сураад явахыг чинь ах нь мэдэж байна. Боломжтой үедээ надад тухайн цаг үеийн ханшийн сайхан хаус, машин авч өгөөрэй гэж хэлж өгсөн байсан. Надад юу ч өгч байгаагүй ээ. Харин ээж, эгч нар, эмэгтэй дүүдээ л энэ олон жил бэлэн мөнгө, байрны урдчилгаа, гутал хувцас өгч байсан байна лээ. Өөрөө надад ярьж байсан. Түүний 2024 онд надад өгсөн 90,000 еврог би нүүрс зөөдөг том машин авч нүүрс тээвэрлэх гэсэн боловч нүүрсний үнэ ханш унаж улс даяараа алдагдал хүлээж байна. Ийм учир миний бие энэ мөнгийг эргүүлэн төлөх боломжгүй болсон. Тэгээд ч түүнд өгсөн /2001/ алтны оронд авах хаус, машиныхаа оронд түүний өгсөн 90,000 евро өр болгон тооцож байгаа тул би түүнд өргүй. Харин санхүүгийн тооцоо хийж юм үлдвэл авна. Нэгдүгээрт би мөнгө зээлэх санал тавиагүй бөгөөд Т.О******* надад тусална гэж хэлсэн. Тухайн үед намайг та юу хиймээр байна, мөнгө өгье гэж хэлсэн. Цагаан хаднаас Гашуун сухайт руу нүүрс тээвэрлэдэг автомашин түрээсэлбэл ашигтай юм байна гэж хэлэхэд намайг дэмжээд мөнгө өгөхөөр болсон. Нэхэмжлэгчээс мөнгө орж иртэл 9 сар өнгөрсөн бөгөөд энэ хооронд нүүрсний ханш унасан. Тиймээс би нүүрсний тээврийн автомашин аваагүй. Тухайн үед нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваад төлөх хугацаагаа тохиролцож зээлээ төлж эхэлсэн. Гэхдээ сарын төлөлтөө гүйцэт төлж чадалгүй дутуу төлж байсан. Би зээл төлөх чадваргүй болсон бөгөөд энэ талаар нэхэмжлэгчид хэлэхэд зөвшөөрөлгүй намайг шүүхэд өгсөн байна. Намайг үнэхээр шүүх гэж байгаа бол нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдаанаар оролцох хэрэгтэй. Би сүүлдээ аргаа бараад нэхэмжлэгчид тусалж байсан талаараа хэлсэн. Энэ талаар Т.О******* мэдэж байгаа. Тиймээс тусалж байсан зүйлсэд тооцоод зээлээ тэглэчих гэж хэлсэн. 2014 онд дүүгийн урилгаар ээж бид 2 өөрсдөө унааны зардлаа төлөөд ХБНГУ-руу явсан. Тухайн үед О******* цэвэр алтан шижир зоосны цуглуулга гаргаж ирж үзүүлсэн бөгөөд миний өгсөн шижир алтыг зоос болгон хувиргасан байсан. Миний нэхэмжлэгчид өгсөн алт үрэгдэхээргүй их алт байсан. Үүнийг Т.О*******ээс нэхэмжилнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, T Tj нэртэй чатууд, 49,630 евро бэлнээр хүлээлгэн өгсөн баримт, валютын ханшийн лавлагаа, итгэмжлэл зэрэг баримтыг өгсөн,

Хариуцагчаас иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагааг өгсөн,

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийгээгүй болно.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Т.О******* нь хариуцагч Т.Т*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 102,600 евро буюу 395,112,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч, би мөнгө зээлэх санал тавиагүй, Т.О******* надад тусална гэсэн, нүүрс тээвэр хийх машин авах гэж мөнгө авсан боловч нүүрсний үнэ унаж ашиггүй болсон тул мөнгийг төлөх боломжгүй болсон, Т.О*******т Г******* явахад өгсөн 2,800,000 гаруй төгрөг, алтаа тооцоход би мөнгө авах тооцоотой тул төлөхгүй, төрсөн ах дүүгийн хувьд мөнгө нэхэмжилж байгаа бол өөрөө ирэх ёстой гэж маргажээ.

4.Хэргийн үйл баримтаар, Хаан банкны 2024 оны 03 сарын 07-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл баримтаар Т******* овогтой Уээс Т******* овогтой Т*******ид 40,000 евро шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-6/

Мөн 2024 оны 03 сарын ...өдөр 49 мянга 630 евро бэлнээр тоолж Т*******ид хүлээлгэн өгөв. Хүлээн авсан, хүлээлгэн өгсөн нэр гарын үсэг бүхий баримт хэрэгт авагдсан. /хх-16/

Дээрх 2 баримтыг нэхэмжлэгч тал 40,000 еврог Т.У гэж нэхэмжлэгч, хариуцагч нарын дүүгийн Хаан банкин дахь дансаар, 49,630 еврог ээж Нгээр дамжуулж бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байна.

Хариуцагч дансаар 40,000 еврог авсан, харин ээж нэг баримтад гарын үсэг зуруулсан боловч мөнгө аваагүй гэж тайлбарлаж байна.

Шүүх дээрх үйл баримт, зохигчийн тайлбарыг харьцуулан дүгнэхэд, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд нүүрс тээвэр хийх тээврийн машин авах зорилгоор хариуцагч нь нэхэмжлэгчээс 40,000 евро зээлж дансаар шилжүүлж авсан үйл баримт тогтоогдсон.

Харин нэхэмжлэгч, хариуцагч нарын ээж Нгээр дамжуулан бэлэн евро авсан гэх үйл баримтыг хариуцагч гарын үсэг зурсан боловч еврог аваагүй гэж маргаж байгаа, уг баримтын бичвэрээс үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын маргаанд хамааралтай эсэх, мөнгийг бэлнээр өгсөн эсэх нь маргаантай, нэхэмжлэгч уг мөнгийг ээж Ндээ шилжүүлсэн байдлаа өөр бусад баримтаар нотлоогүй тул 49,630 еврог хариуцагч авсан гэж маргаангүй дүгнэх үндэслэлгүй байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Иймээс зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нь өөрийн авсан мөнгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний хүүнд 12,600 евро гаргуулахаар шаардсан боловч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар Хуульд өөрөөр заагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймээс нэхэмжлэлээс Хаан банкин дахь Т.Уийн данснаас хариуцагч Т.Т*******ийн данс руу шилжүүлсэн 40,000 евро буюу 154,050,800 төгрөгт холбогдох шаардлагыг хангаж, 62,600 евро буюу 241,061,800 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэлд валютын ханшийн лавлагааг хавсаргасан ба шүүх нэхэмжлэлээс хангаж байгаа 40,000 еврог тооцохдоо 1 еврог 3851.72 төгрөгөөр тооцон 154,050,800 төгрөгөөр илэрхийлж, шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх мөнгөнөөс улсын тэмдэгтийн хураажийг тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Т.Т*******оос 40,000 евро буюу 154,050,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.О*******т олгож, нэхэмжлэлээс 62,600 евро буюу 241,061,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,133,513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 928,204 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШЗ2025/34473 захирамж энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ