Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 296

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;

улсын яллагч: С.Мөнхгэрэл;

шүүгдэгч: Ч.Пүрэвдорж (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чимэдрэгзэнгийн Пүрэвдоржид холбогдох эрүүгийн 1809001730196 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүрээ хийц” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9 дүгээр баг Шандын 22 дугаар гудамжны 14 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбын 33-ын 27 дугаар гудамжны 661В тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ФБ81090398 регистерийн дугаартай, Хоричин овогт Чимэдрэгзэнгийн Пүрэвдорж.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Ч.Пүрэвдорж нь 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 33-27-661В тоотод хамтран амьдрагч С.Оюунчимэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Пүрэвдорж мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Оюунчимэг /хх-ийн 6-10/, гэрч Ж.Уугантуяа /хх-ийн 11-12/, Х.Мөнх-Эрдэнэ /хх-ийн 13-14/, Д.Болдбаатар /хх-ийн 15-16/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2993 дугаартай дүгнэлт /хх-ийн 18/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 21/, Ч.Пүрэвдоржийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 22-25, 33-34, 46-51/, Ч.Пүрэвдоржийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28-30/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 37-45/, хохирогч С.Оюунчимэгийн хүсэлт /хх-ийн 52/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Пүрэвдорж нь 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбын 33-ын 27 дугаар гудамжны 661В тоотод хамтран амьдрагч С.Оюунчимэгийг “даварч байна” гэж буруутган бие махбодод нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч С.Оюунчимэгийн /хх-ийн 6-9/: “… Би 2018 оны 02 дугаар сарын 23-ны өглөө ажилдаа яваад оройн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 33-27-661/в тоотод байх гэртээ ирэхэд нөхөр Пүрэвдорж ирсэн, архи уусан, согтуу сууж байсан. Пүрэвдорж гэртээ аяга таваг хагалсан, гараа зүссэн байсан. Би Пүрэвдоржид “архи уулаа, гэрийн хамаг юм цус болгосон байх юм” гэхэд Пүрэвдорж миний урьдаас “чи өөрөө хаачдаг юм бэ, утас чинь болохгүй, холбогдохгүй байна, би чамд уур хүрээд архи уулаа” гэж хэлсэн. Бид хоёр хэсэг маргалдсан.  Пүрэвдорж гэрээс гараад явсан. Тэр шөнөдөө орж ирээгүй. Маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн үед Пүрэвдорж гэртээ орж ирсэн. Би “чи юу гэж ирсэн юм, тэр чигээрээ яв” гэж хэлсэн. Пүрэвдорж “би малгайгаагаа авах гэж ирлээ” гэж хэлсэн. Гэрийн хойморьт өлгөөтэй байсан малгайгаа авах гэж байгаад “чи битгий давраад байгаарай” гэж хэлээд миний нүүрлүү гараараа 2 удаа цохисон…, … Тухайн үед Пүрэвдорж бид хоёроос өөр хүн байгаагүй. Пүрэвдорж намайг гараараа цохисон өөр зүйлээр цохиогүй…” гэх мэдүүлгээр,

 

Ч.Пүрэвдоржийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 28-30/: “... Би 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр … согтуу тамхи татах гэж байгаад үнсний шилэн савыг ширээн дээр алдаж хагалаад гараа зүсч цусаа гоожуулсан байсан. Эхнэр гаднаас орж ирээд “гэрт гарын цусаа гоожуулаад, гэрийн хамаг юм заваан болгочихлоо” гэж маргалдсан. Хэсэг маргалдаж байгаад би гараад явсан. Маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн үед гэртээ орсон. Намайг малгайгаа авах гэтэл эхнэр хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би эхнэрийгээ хоёр удаа алгадсан…” гэх мэдүүлгээр,

 

Ч.Пүрэвдоржийн буруутай үйлдлийн улмаас С.Оюунчимэгийн биед “баруун нүдний зовхи, баруун бугалга, шуу, бугуй, зүүн мөрөнд цус хуралт, дээд уруулын салст, зүүн талын завьжинд язрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун бугуйнд зулгаралт” бүхий хэрэг гарах цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2993 тоот дүгнэлт /хх-ийн 18/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 21/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

“Гэрээс хөөж хэрүүл маргаан үүсгэн даварч байна” хэмээн буруутгаж өөрийн хамтран амьдрагч С.Оюунчимэгийн бие махбодод халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ч.Пүрэвдоржийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Ч.Пүрэвдоржийн “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч С.Оюунчимэг нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх Ч.Пүрэвдоржийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хоричин овогт Чимэдрэгзэнгийн Пүрэвдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пүрэвдоржийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пүрэвдоржид оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пүрэвдорж торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Пүрэвдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ