Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 226/МА2022/00011

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 18-ны өдөр            226/МА2022/00011                                   Хэрлэн сум

 

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Э.Б-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2022/00011/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Г.Болормаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгч Б.Б-ын өмгөөлөгч Л.Наранчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, шүүгч Б.Уранзаяа, Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 156/ШШ2022/00099 дугаар шийдвэртэй Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б-д холбогдох “Дутагдуулсан 50 тооны бог малын үнэ болон зардал нийт 3.730.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 09 дүгээр сарын 09-ний үеэр би хадлангийн өвс худалдаж авахаар Тахилгат тосгон руу явахдаа Н.З-, Э.Б-, манайх нийлсэн гурван айлын 723 тооны хонь, 484 тооны ямааг Э.Б-тэй хамт тоолж түүнд үлдээсэн. Маргааш орой нь Э.Б-тэй хамт малаа тоолоход 12 тооны ямаа, 58 тооны хонь дутсан. Н.З-ийг дуудаж дахин тоолоход мөн тооны бог мал дутсан. Эдгээр дутсан малаас 27 тооны хонь нь Н.З-ийнх, 16 хонь, 10 ямаа нь манайх, үлдсэн нь Э.Б-гийнх байсан. Хэд хоног дутсан малаа хайж эрэл сурал болж явсан ч сураг гараагүй.

Тухайн үед бид цагдаад утсаар мэдэгдэж хонио алдсан гэж тэмдэглүүлсэн боловч цагдаа эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байна гэсэн хариу өгсөн. Н.З- дутсан 7 төлөг, 20 хургаа надаас нэхсэн. Би Н.З-ийн хонийг малладаг байсан болохоор түүний малыг жил гаруй хөлсгүйгээр хариулсан.

Иймд Э.Б-гээс 5 тооны ишиг, 5 тооны эр ямаа, 10 тооны төлөг, 30 тооны хурганы үнэ 3.650.000, малын үнэлгээ хийлгэсэн хөлс 80.000, нийт 3.730.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Э.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Надад Б.Б-ын малыг хулгайлсан, хууль бусаар авсан, завшсан асуудал байхгүй. Б.Б- өөрөө малаа тоолдог, би оролцдоггүй. Мал дутагдсан асуудал нь Б.Б- хонио хээр хонуулснаас болсон уу, эсхүл тооцооны зөрүү гарсан уу гэдгийг би мэдэхгүй. Бид тухайн үед албан ёсоор цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.З-, Э.Б-, Б.Б- нар нь саахалт айлаараа нутаглаж хонио ээлжээр хариулдаг байсан. Б.Б- нь Э.Б-д хонио харуулж үлдээсэн гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Б.Б- 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө нь явчхаад орой нь ирээд хонио хээр хонуулж олон тооны хонь дутсан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан боловч хулгайлсан эзэн нь олдоогүй учраас хэрэг нь хаагдсан” гэжээ.   

 

Иргэдийн төлөөлөгч Ш.Б- шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ: “Хариуцагч Э.Б- нь 50 хувийг төлөх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 156/ШШ2022/00099 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б-д холбогдох дутагдуулсан 50 тооны бог малын үнэ болон малын үнэлгээ хийлгэсэн зардал нийт 3.730.000 /гурван сая долоон зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.630 /далан дөрвөн мянга зургаан зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хариуцагч Э.Б-гийн шүүхэд гаргаж өгсөн Хэнтий аймгийн прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 359 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт Б.Б-ын гаргасан өргөдөл, хохирогч Б.Б-, гэрч О.Ц нарын мэдүүлэг зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө..." гэсэн, 44.4-т заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэсэн заалтуудыг зөрчиж бүрдүүлсэн баримтуудыг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй хариуцагч Э.Б-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Б-ын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хүлээлгэж өгсөн малаас дутагдуулсан 50 тооны бог малын үнэ болон үнэлгээний зардалд нийт 3.730.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.Б- малыг тоолж хүлээж аваагүй, нэхэмжлэгч өөрөө малаа хээр хонуулснаас мал дутсан тул төлөх үндэслэлгүй гэж мэтгэлцсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Э.Б-д малаа хүлээлгэн өгсөн, хариуцагч Э.Б- малыг хүлээн авсан талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд “2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Б.Б- нь өөрийн хонийг Э.Б-гээр харуулахаар тохиролцож үлдээсэн, тухайн үед дутагдсан малыг Э.Б- төлөх ёстой гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж үзээд анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б-д холбогдох “дутагдуулсан 50 тооны бог малын үнэ болон малын үнэлгээ хийлгэсэн зардал нийт 3.730.000 /гурван сая долоон зуун гучин мянга/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хувьд:

 

Шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нотлох баримтуудын /хавтас хэргийн 22-28 хуудас/ эхний хуудас болох 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоолын хуулбарт Хэнтий аймгийн прокурорын газрын архив “11 хуудас хуулбар үнэн” гэсэн тэмдгийг дарж баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...”, 44.4-т заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн “хууль бусаар бүрдүүлсэн баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон” тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 156/ШШ2022/00099 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Я.АЛТАННАВЧ

                                 ШҮҮГЧИД                                        Г.БОЛОРМАА

                                                                                                         

                                                                                                     Б.ДЭНСМАА