2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/07300

 

 

 

 

 

 

 

2025 09 03

191/ШШ2025/07300

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Б******* овогт Б*******ын Б******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Ж******* ХХК /рд:*******/,

 

Хариуцагч: Ю******* нарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Б******* нь Ж******* ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг. Тухайн үед компанийн ажилчин тул хөнгөлттэй нөхцлөөр хувь лизингээр байр авах боломж гарсан. Урьдчилгаа 30 хувийг төлчих юм бол үлдэгдэл төлөлтийг сар тутам цалингаараа төлөөд явж болно гэсэн. Ингээд би 2014 оны 12 сарын 22-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал А.Мтай орон сууц худалдах, худалдан авах №0043 дугаартай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, 53 дугаар сургуулийн зүүн талд байрлах дүгээр байрны 11 давхрын *******7 тоот 1 өрөө, 29,13 мкв талбай бүхий орон сууцыг 1 мкв нь 1,400,000 төгрөгөөр тооцож нийт 40,782,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг худалдаж авсан.

 

Төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Тухайн орон сууц ашиглалтанд орсон боловч тус компанийн эцсийн өмчлөгч нь барьж буй барилгыг бүхэлд нь Хаан банкинд барьцаалж 3 тэрбум төгрөгийн зээл авсан учир энэ өрийг дуусахаар улсын бүртгэлийн гэрчилгээ нь гарна гэсэн. Ингээд байж байтал А.М захирал 2021 онд нас барсан тул шинээр томилогдон ирэх Юан Ван бао захирлыг ирэхийг хүлээсэн. 2023 оны 10 сард хятад захирал нь ирэхэд уулзахад гэрчилгээг чинь өгөх боломжгүй шүүхээр явж гэж хэлсэн. Миний бие байр ашиглалтад орсон цагаас тус байрандаа амьдарч байгаа. Мөн Ж******* ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байна. Иймд Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, дүгээр байрны *******7 тоот хаягт байрлах 29.13 мкв талбай бүхий нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч Ж******* ХХК-д даалгаж өгнө үү.

Б.Б******* орон сууц худалдан авахаар Ж******* ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Мтай худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Худалдах худалдан авах гэрээний дагуу орон сууцын төлбөрийг хариуцагчид шилжүүлсэн бөгөөд гэрээний үүрэг биелэгдсэн. Энэ талаар баримтыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч орон сууцын төлбөрийг төлсөн боловч орон сууцын гэрчилгээ гараагүй. Хариуцагч тал 4,000,000,000 төгрөгийн зээл авч орон сууцын төлбөр төлсөн гэж хэлдэг. Энэ хооронд Ж******* ХХК-ийн гүйцэтгэх захирал н.М гэх хүн нас барсан байсан. н.Н гэх хүн н.М гэх хүнийг орлож аман хэлцэл хийж байсан. Орон сууцыг авч чадаагүй байх үед Ж******* ХХК-ийн гүйцэтгэх захирал шинээр томилогдож маргаан үүсгэсэн учраас орон сууцаа авч чадаагүй. 200,000,000 төгрөгийн алданги тооцох талаар гэрээндээ тусгасан байсан. Улсын бүртгэлийн газарт очиж хэдэн хүний нэр дээр орон сууц гаргаж өгсөн боловч хүмүүс маргаан үүсгэж тухайн орон сууц гаргаж өгсөн бүртгэлүүд хүчингүй болж цуцлагдсан байсан. Үүнийг далимдуулж Ж******* ХХК нь хүмүүсээс 15,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 10,000,000 төгрөгийн хэмжээгээр нэмж мөнгө өгөхгүй бол орон сууцын улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхгүй гэдэг байдлаар дарамталж олон хүнээс мөнгө авсан байдаг. Орон сууцын төлбөрөө төлсөн хүмүүст орон сууцыг нь гаргаж өгөх боломж байсан боловч прокурорын 2 удаагын бичиг үзүүлээд орон сууцыг нь өгдөггүй. Хариуцагч талд дуртай үедээ бичиг гаргуулаад авчихдаг таньдаг прокурор байдаг юм байна лээ. Тухайн прокурорын бичигт гэрчээр байцаах гэх талаар бичсэн байдаг. Прокурорын байгууллага хүнийг гэрчээр байцаах талаар бичиг хийж өгөх боломжгүй санагдаж байна. Тэгэхээр үүнд хувилдааны чанартай зүйл байна гэж бодож байна. Цагдаагийн байгууллагад албан ёсны хэрэг бүртгэл үүссэн байсан гэрчийн мэдүүлгүүд байдаггүй. Мөрдөн байцаагчтай уулзахаар очиход зугтаагаад уулздаггүй. Тэгэхээр нэхэмжлэгч Б.Б*******тэй ямар ч холбоогүй зүйл. Орон сууцын төлбөр төлсөн баримтыг бүрдүүлэх тал дээр н.А гардаж бүрдүүлж байсан бөгөөд бүх бичиг баримт түүнд байдаг. Тухайн орон сууцын төлбөр төлж байсан баримтуудыг хүмүүст буцаагаад өгвөл хариуцлага хүлээхээс зайлсхийдэг. Өмнө нь энэ хэрэгтэй хамааралтай асуудлаар Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдээд нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс Ж******* ХХК орон сууцыг эзэмшдэг эрх зүйн үндэслэл байгаа эсэх талаар тодруулах шаардлагатай гэсэн байдаг. Мөн 4,000,000,000 төгрөг төлсөн эсэх асуудлын талаарх баримт хэргийн материалд байхгүй учраас тодруулах шаардлагатай гэдэг шалтгаанаар шийдвэрийг хүчингүй болгож байсан. Ж******* ХХК-ийг одоо төлөөлж байгаа хүн нь улсын бүртгэлийн гэрчилгээ гарахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөх учраас Ж******* ХХК-д холбогдуулсан нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Б*******ийн нэхэмжлэлтэй Ж******* ХХК-д холбогдох БЗД-ийн ******* хорооо дүгээр байрны *******7 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй танилцаад эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Юуны өмнө хариуцагчийн талаар зөв зүйтэй ойлголтыг шүүхэд хүргүүлэх нь зүйтэй байна. Учир нь тус шүүхэд манай компанитай холбоотойгоор орон сууцны маргаан цөөнгүй гарч иргэдийн эрх ашгийг манай компани зөрчиж байгаа мэт ойлголтыг тус шүүхэд нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ дурдсан байна. Тиймээс компанийн талаар бодит мэдээллийг хүргүүлж, тухайн хэрэг маргааны талаар үнэн зөв тайлбар мэдүүлгийг шүүхэд гаргаж байна.

Ж С Ж ХХК нь 2007 онд Гадаад улсын хөрөнгө оруулалттай буюу БНХАУ-ын иргэн // үүсгэн байгуулсан, нэг хүний 100 хувийн хувьцаа ззэмшигчтэйгээр байгуулагдсан, хуулийн этгээдийн бүртгэлд албан ёсоор бүртгэлтэй компани юм.

Манай компани 2014 оноос 20******* оны хооронд Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт 177 айлын орон сууц барихаар төсөл хэрэгжүүлж тухайн төслийг Хаан банкнаас 2014 оны 6 дугаар сард 4 тэрбум төгрөгний зээл авч 5,524, 234,232 төгрөг болгон үндсэн зээл, хүүгийн хамт эргүүлэн 100 хувь төлж барилгыг ашиглалтад оруулсан. Компани БЗД-ийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт 177 айлын дүгээр байрыг барьж 2015 оны 5 дугаар сард барилгыг байнгын ашиглалтад оруулж, Ж******* ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэйгээр манай компанийн өмчлөлд бүртгэлтэй юм. Манай компани Улсын бүртгэлийн Ерөнхий хууль, "Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэл хөтлөх журам"-д заасны дагуу захиалагч иргэдийн нэр дээр, орон сууцнуудыг компанийн үндсэн бүртгэлээс салгуулж иргэдийн нэр дээр бүртгүүлж байна. Манай компанийн захирлаар ажиллаж байсан А.М нь элэгний хүнд өвчнөөр удаан хугацааагаар өвдөж байгаад 2020 оны 12 сарын 19-ний өдөр нас барсан бөгөөд хүнд өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байхад түүнтэй хамт байсан эмэгтэй компанийн хөрөнгийг бусдад дур мэдэн худалдсан, төлбөр тооцоог хувийн дансаар авч завшсан, цөөнгүй тохиолдол гарсан байсан. Тухайлбал орон сууц худалдан авсан иргэдээс орон сууцны төлбөрийг компанийн дансанд огт шилжүүлээгүй байна. Түүний учрыг шинэ удирдлага ирсэн хойно судлан үзэхэд нь зарим нэгэн иргэд / компанид огт хамааралгүй байсан иргэн С.Н, нягтлан гэх Л.А нар/ компанийн дансруу бусад байгууллагад өр төлбөртэй, шүүхийн шийдвэрт өр төлбөртэй, Банкинд өр төлбөртэй учир битгий компани руу мөнгө хий гэж иргэдийн мөнгийг өөрсдөө бэлнээр болон дансаараа шилжүүлэн авч, компанийн хөрөнгийг завшсан, хуурамч гэрээ байгуулсан, санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн зэрэг ноцтой хууль бус үйлдэл хийсэн байсан. Харин ч өр төлбөртэй тусмаа тэрхүү өр төлбөрийг дарах ёстой байтал иргэдийг хууран мэхэлж их хэмжээний хохирол учруулсан, түүнтэй орон сууц худалдан авсан иргэд ч хуйвалдсан байдаг. Тодруулбал компани 177 айлын орон сууц барьж ашиглалтад оруулснаас 50 шахам орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, 20 шахам авто зогсоолын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй /энэ талаар Улсын Бүртэглийн газраас лавлагаа хүсэхэд лавлагаа гаргаж өгдөггүй/ байдаг. Түүнээс компани хууль ёсоор худалдаж авсан иргэдэд гэрээ контракт төлбөр төлсөн баримтыг шалган үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг зохих ёсоор гаргаж өгснөөс 2023 оны 12 сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 10 шахам айлд гэрчилгээ гарган үлдсэн айлуудын баримтыг нягтлан шалгаж байна. Гэтэл компанийн бүх бичиг баримт, хэдэн байр худалдсан, ямар ямар байрыг хэн гэдэг иргэдэд ямар гэрээний үндсэн дээр шилжүүлсэн зэрэг гэрээ контракт, тайлан тооцоо, төлбөр тооцооны үлдэгдэл, өглөг авлага зэрэг бүхий л бичиг баримтыг талийгаач захирал А.Мтай амьдарч байсан гах С.Н, нягтлангаар ажиллаж байсан гэх Л.А гэсэн эмэгтэйчүүд нуун дарагдуулж компанид огт гаргаж өгөөгүй, Санхүүгийн тамга тэмдгийг хүртэл хүлээлгэж өгөхгүйгээр 2023 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл зугтаж байна. Дээрх 2 иргэн компанийн барьсан байр орон сууцнаас худалдан авсан иргэдээс мөнгө төгрөг бэлнээр, их хэмжээгээр өөрсдийн дансаар авч, тамга тэмдэг ашиглан хуурамч гэрээ контракт байгуулан, санхүүгийн баримтыг хуурамчаар хийх, гарын үсгийг хуурамчаар хийх зэрэг ноцтой хууль бус үйлдэл газар авсан бөгөөд зарим нэхэмжлэл гаргаж байгаа иргэд тус иргэдтэй хамтран хууль бус үйлдэл гаргаж байж эхэлсэн. Улмаар тэрхүү хуурамч баримтыг шүүхэд гаргаж өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуурамч баримт гаргах, худал мэдүүлэг тайлбар өгөх зэргээр саад учруулж байна.

Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Иргэн Б.Б******* -р байрны *******7 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргий анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг иргэн нь Ж******* ХХК-ийн нягтлан бодогчоор 2014 оноос ажилласан гэж тайлбарладаг. Тэгсэн мөртлөө шинэ удирдлага 2023 оны 10 дугаар сард ирж нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Б*******ийг ирж та манай компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан бол өөртэй чинь байгуулсан гэрээ, Компанийн Санхүүгийн тооцоо, Санхүүгийн тайлан тооцоо, санхүүгийн баримт, санхүүгийн мэдээлэл зэрэг бүх мэдээллийн талаар шинэ удирдлага дээр ирж тайлбар өгнө үү гэхэд нэг ч удаа ирж уулзаагүй. Утсаap түүнтэй холбогдож дээр дурдсан баримт бичгүүдийг гаргаж өгөх, тэр талаар ирж тайлбарла гэж шаардлага тавихад би энэ асуудлыг чинь мэдэхгүй, надад компанийн баримт байхгүй, тайлан тооцоо гаргаж байснаа Н, А нарт өгсөн надад баримт байхгүй гэж өөрөө зугтах болсон. Дээр дурдсаны дагуу Иргэн А, Н нартай уг иргэн хуйвалдан баримт мэдээлэл гаргаж өгдөггүй бөгөөд өөрөө ирж компанитай уулзахгүй зугтдаг мөртлөө шүүхэд тухайн байрны талаар мөн л бусад хэрэгтээ адил мөнгийг нь төлсөн баримт бүрдүүлж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн иргэн өөрийн хийж гүйцэтгэж байсан ажил үүргийн талаар шинэ удирдлагатай ирж уулзаагүйгээс гадна хаанаас ямар баримт бүрдүүлж авсан нь тодорхойгүй баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. А, Н нар нь компанийн бүх бичиг баримтыг хууль бусаар нуун дарагдуулж одоо тухайн -р байрны асуудлаар цагдаагийн газар шалгагдаж байна. Өнөөдрийн байдлаар манай компани нь санхүү тайлан тооцооны ямар ч баримт бичиг байхгүй бөгөөд Н, А нар нуун далдалж, компанид өгөхгүй шантаажилж байгаа. Энэ нөхцөл байдал нь нягтлангаар ажиллаж байсан гэх уг иргэн Б.Б*******тэй ч холбоотой компанийн нягтлангаар ажиллаж хөлс мөнгө авч байсан бол компанийн удирдлагад ирж санхүүгийн тайлан тооцоогоо тавихгүй мөртлөө шүүхэд бэлэн мөнгө цалингаасаа орон сууны төлбөрт төлж байсан мэтээр дээрхтэй нөхцөл байдалтай адил баримт бүрдүүлэн шүүхэд өгсөн байна. Уг баримтууд нь мөн адил эргэлзээтэй бөгөөд Б.Батөмөр нь өөрөө нягтлан, компанийн тайлан тооцоог хийж байсан бол 2015-2021 он хүртэлх бүх санхүүгийн баримттууттай танилцсан түүнийг шалгаж нягталж тайлан тооцоо бүгд гаргаж байсан хүн юм. Түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэд өөрийн биеэр нэг нь ч ирж уулздаггүй, шүүхэд биечлэн ирдэггүй бүгд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дээрх Нын өмгөөлөгчөөр ажиллаж байсан Өлзийхишиг өмгөөлөгчийг, түүний хүмүүсийг авч хэрэг маргаанд оролцож байгаа бөгөөд уг өмгөөлөгч нь эсрэг тэсрэг ашиг сонирхолтой иргэдийг хамтатган өмгөөлж байгаагаас тухайн иргэд нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгийг хууль бусаар авах ажиллагааг хийж байгаа гэж үзэхэд хүргэдэг. Нягтлан Б.Б******* нь бусад хэрэг маргаанд авагдаж байгаа Санхүүгийн тамга тэмдэгтэй Аын гарын үсэг зурж бэлэн мөнгө авсан баримтуудыг ч мэдэх ёстой иргэнээс гадна өөрийнх нь шүүхэд өгч байгаа баримтууд ч эх хувиараа /нэгдүгээр хувь, хоёрдугаар хувь/ олддоггүй, өөрийнх нь санхүүгийн тайланд тусгагдсан байх ёстой атал тэр талаар ч огт тусгагдаагүй байдаг.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд;

итгэмжлэл, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн баримтууд, оршин суугаа газрын хорооны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа, 2015.10.01-ний өдрийн 05 дугаар хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан зэргийг бүрдүүлж өгсөн.

Хариуцагчаас шүүхэд;

хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.03.29-ний өдрийн 4/588 тоот Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2024 оны 1 сарын 17-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт 2024 оны 3 сарын 26-ны өдөр хариуцагчийн гаргасан хүсэлт, 2024 оны 3 сарын 29-ний өдрийн 4/588 дугаартай Баянзүрх дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, хариуцагчийн 2024 оны 6 сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024.10.24-ний өдрийн 30ж 2-3/7766 дугаар албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны хүсэлт шилжүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2025 оны 5 сарын 1-ний өдрийн 4/821 тоот хүсэлтийн хариу зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Шүүхийн журмаар Хаан банк ХК, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Ж******* ХХК, Ю******* /Y Wanbao/ нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хариуцагч Ю******* /Y Wanbao/-д холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч Ж******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийг шаардлагыг шийдвэрлүүлэхийг хүсчээ.

3.Хариуцагч Ж******* ХХК нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

4.Шүүх хариуцагч Ж******* ХХК-ийн хаягаар шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд ирүүлснээс хойш хариуцагч тал шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж ирүүлээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Л.А, С.Н нарыг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэв.

5. Ж******* ХХК болон Б.Б******* нарын хооронд 2014 оны 12 сарын 22-ны өдөр Орон сууцны барилга, худалдах, худалдан авах тухай №0043 дугаартай гэрээ байгуулагдаж, нэг талаас буюу Ж******* ХХК нь Баянзүрх дүүрэг, *******-р хороо, сургуулийн зүүн талд дүгээр байрны 11 давхрын *******7 тоот хаягт байрлах 29,13 мкв, 1 өрөө орон сууцыг захиалагчийн өмчлөлд хүлээлгэн өгөх, нөгөө талаас захиалагч нь орон сууцны үнэ төлөх үүрэг хүлээсэн байна. /хх-4-5/

6.Орон сууцны барилга, худалдах, худалдан авах гэрээ, талуудын тайлбар, хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Б******* нь орон сууцны төлбөрийн урьчилгаанд 12,234,600 төгрөг төлж, үлдэгдэл төлбөр 28,547,400 төгрөгийг 2015 оны 01 сараас 2017 оны 8-р сарыг хүртэл цалингаараа төлсөн гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан Хаан банкны дипозит дансны хуулга, хариуцагч Ж******* ХХК-ийн Кассын орлогын ордер баримтуудаар тогтоогдож байна. /хх-6-13/

7. Хариуцагчаас нэхэмжлэгч Б.Б******* нь тухайн компанийн нягтлан бодогч байсан бөгөөд байгууллагын санхүүгийн баримтуудыг өгөхгүй, төлбөрийн баримтууд дээр гарын үсэг зурсан Л.А, Г.Н нарыг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан.

Хэрэгт авагдсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Хариу мэдэгдэх хуудсаар ...Иргэн С.Н, Л.А, н.Н нар нь үгсэн тохирч Ж******* ХХК-ийн захирал гэж итгүүлэн, компанийн тамга тэмдгийг ашиглан, амаар болон бичгээр гэрээ байгуулан орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж, их хэмжээний төлбөрийг бэлнээр болон дансаар авч иргэдийг залилсан байна гэх 2406005 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар дурдьжээ. /хх-174/

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээж, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцахаар заасан байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж үзнэ.

Компанийн ажилтан бусдыг залилсан болон компанийн өмч хөрөнгийг завшсан гэх маргаан нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний харилцаанд шууд хамаарахгүй, ийнхүү эрүүгийн журмаар шалгаж дээрх этгээдүүдийн гэм буруугийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Хаан банк ХК-иас ирүүлсэн баримтаар хариуцагч Ж******* ХХК-ийн өмчлөлд Нийслэлийн Баянзүрх дүүрэг, *******-р хороо, ******* хороолол // Улаанхуаран гудамж, тоот хаягт байршилтай, 12,345 м.кв талбайтай, Орон сууцны зориулалттай, 80%-ийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй ба зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул дээрх үл хөдлөх эд хөрөнгө барьцааны үүргээс чөлөөлөгдсөн болох нь тогтоогдсон байна. /хх-157-159/

Хариуцагч тал хэрэгт авагдсан дээрх баримтууд болон нэхэмжлэгчийн гаргасан санхүүгийн баримтуудыг үгүйсгэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлтэй хамааралтай асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцанд 2014 оноос хойш амьдарч байгаа, маргаан бүхий орон сууцанд тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, хариуцагч Ж******* ХХК-ийн өмчлөлд 80%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө бүртгэгдсэн байгаа тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх аргаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй гэж заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний үүрэгт орон сууцны үнийг төлж, эзэмшилдээ авсан тул нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Ж******* ХХК-д даалгах нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж******* ХХК-ийг төлөөлөх этгээдийн итгэмжлэлийн хугацаа дууссан талаар хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж ирүүлэх боломжит хугацаа олгож шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан, нэхэмжлэгч тал хариуцагч Ю*******д /Y W/-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 432,060 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж******* ХХК-иас 432,060 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 1*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******ийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* хороолол //, Улаанхуаран гудамж, дүгээр байр, 11 дүгээр давхрын *******7 тоот хаягт байрлах 29,13 мкв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Ж******* ХХК-д даалгасугай.

 

2. Нэхэмжлэгч тал хариуцагч Ю*******д /Y W/-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,060 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж******* ХХК-иас 432,060 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б*******т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ