2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/07050

 

 

 

 

 

 

 

2025 08 27

191/ШШ2025/07050

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  М******* овогт О*******ийн Г******* /рд:*******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Э******* т******* ХК /рд:*******/-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.Г*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М******* /үд:3141/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие М******* овогт О*******ийн Г******* нь Э*******-Т******* ХК-д 2020 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Салбарын бичиг хэргийн мэргэжилтэн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. 2021 оны 02 дугаар сарын 01-нд Нүүрс ачилтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Нэг. Ажлаас үндэслэлгүй халсан тухай

Э******* Т******* ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/667 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тушаалыг танилцуулсан болно. Э******* Т******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/667 тоот тушаалын үндэслэх хэсэгт ...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэг, Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулах, сахилга, хариуцлагыг чангатгах тухай А/389 дугаар тушаалын 5.1, Э******* Т******* ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4, 5.2.1, 6.10, 6.24.1, 8.1.5, Хотхоны журмын 3.2.1, 8.4.5, 9.1 дэх заалт, О.Г*******тай байгуулсан М/2022/0893 дугаар хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.1.5, 4.4 дүгээр заалт, Салбарын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 03/149 дугаартай албан бичгээр ирүүлсэн санал, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Захирлын зөвлөлийн 20 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэжээ.

Тус тушаалын Тушаах хэсэгт ...2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн орой Хотхоноос гарах зөвшөөрлийг Хотхоны журмын 2 дугаар хавсралтын дагуу бичгээр аваагүй, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө хотхоноос гарах, орох хөдөлгөөнийг хориглосон үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ажлын байранд нэвтрэхийг завдсан, мөн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ажилд ирэх цагийг цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй ажил тасалсан зэрэг сахилгын зөрчил гаргасан тул Байгаль орчин, хэлэх усны бодлогын хэлтсийн дарга О*******ийн Г*******г үүрэг ажлаас нь чөлөөлж, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсугай гэжээ.

Миний бие эрхэлсэн ажил үүрэгтэй хайнга, хариуцлагагүй хандсан удаагүй, дээрх сахилгын зөрчил гаргаагүй болно.

Тушаал өөрөө эрх зүйн акт болохын хувьд тушаалын үндэслэх болон тушаах хэсэг нь хоорондоо нийцсэн байвал зохино. Ийм ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна.

Миний бие Э******* Т******* ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргаж, Э******* Т******* ХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Т-24/07 дугаар тэмдэглэлийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр надад танилцуулсан болно. Иймд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж байна.

1. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах (Салбарын Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн дарга), ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах

2. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэх.

 

2022 оны 08 дугаар сард сахилгын шийтгэл авсан. Тухайн үед бол сахилгын шийтгэлийн үндэслэлийг сайн мэдээгүй учраас танилцаад хүлээн зөвшөөрсөн. 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Г Дын говийн сав газрын захиргаа Ө аймагт ус ашиглагч аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж ажилладаг бөгөөд гэрээний хүрээнд хяналт шалгалтыг жилдээ тогтмол хийдэг ажиллагаатай байсан. Тухайн өдөр ус ашиглаж байгаа аж ахуйн нэгжийн удирдлагуудтай компанийг төлөөлөхөд салбарын захирал оролцох боломжгүй байсан учраас хөдөлмөрийн аюулгүй байдал байгаль орчны газрын дарга болох н.Б болон миний бие компанийг төлөөлөөд тухайн хүмүүстэй уулзаад, суманд очиж уулзалт хийх үүрэг даалгавар авсан. Тухайн өдөр 18 цагийн үед Ц сум руу явсан бөгөөд тухайн сав газрын дарга н.Я болон мэргэжилтнүүд бусад уурхайнуудын төлөөлөлтэй уулзаад ажил хэргийн шугамаар ярилцсан. Үүнээс хойш орой 23 цагаас 00 цагийн хооронд ажлын байр луу буцсан. Тухайн үед хоёр машинтай буцсан бөгөөд н.Б дарга албаны машинтай явсан. Би тухайн үед ажил гүйцэтгэж байсан компанийн захирлыг таньдаг байсан учраас дуудаад хүргүүлсэн. Кемп рүү орох үед харуул эхний машиныг шалгаагүй. Намайг н.Бтэй хамт явж байхад зогсоосон бөгөөд оруулах боломжгүй гэж хэлсэн учраас буцаад Ц суманд очиж хоносон. Маргааш өглөө нь захиргаанаас н.Г, н.А гэх хоёр хүн н.Ц суманд ирсэн байна. Ажил руу явах шаардлагатай байна гээд намайг аваад явсан. Э******* т т ХК-ийн салбарын оффис дээр 5 хүний бүрэлдэхүүнтэй намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар үлээлгэж шалгахад согтууруулах ундааны хэмжээ 0 гарсан. Тухайн үеийн тэмдэглэл үйлдсэн бөгөөд би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох талаар тайлбар бичиж гарын үсэг зурсан. Үүний дараа сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Миний хувьд өмнөх сахилгын зөрчил дээр хүлээн зөвшөөрч байгаагүй. Давтан гаргасан гэх сахилгын зөрчлийн талаар нэхэмжлэлийн шаардлагад үндэслэлийг бичсэн. Э******* т******* ХК 24 цагаар уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан 24 цагаар ажилладаг. Шаардлагатай тохиолдолд хэдийд ч хамаагүй ажилтныг шалгах зорилгоор үлээлгэдэг. Гэтэл тухайн өдөр намайг үлээлгэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар тогтоогоогүй ажлаас халсан Э******* т******* ХК нь сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Э******* т******* ХК-ийн ажил болон удирдамжийн дагуу салбарын захиралдаа мэдэгдээд газрын даргатай хамт явсан. Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг зөрчөөгүй бөгөөд сахилгын зөрчил давтан гаргаагүй. Намайг ажлаас халсан тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд хандсан. Тухайн үед гүйцэтгэж байсан Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, авч байсан цалин хөлс олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э******* Т******* ХК-д холбогдуулан гаргасан О.Г*******гийн Э******* Т******* ХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

О.Г*******г гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/534 дүгээр тушаалаар Салбарын Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн даргаар 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс томилсон бөгөөд М/2022/0893 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан.

1. Тэрээр эрхэлсэн ажил хариуцсан нэгжийн даргын хувьд компанийн 2022, 2023 оны ус ашиглуулах дүгнэлт болон ус ашиглах зөвшөөрөл гаргуулах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсний улмаас компани 5,2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлсэн үндэслэлээр Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/538 дугаар тушаалаар үндсэн цалинг 3 сараар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

2. Улмаар сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан тул гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/667 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, 2024 оны 05 дугаар сарын 09-ний орой 20:09 цагт хотхоноос гарч явсан. Ингэхдээ Хотхоны журам-ын 3.2.1-д зааснаар зөвшөөрөл аваагүй. Улмаар шөнийн 01 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай Грийн центрийн шалган нэвтрүүлэх цэгт УНД ланд круйзер 200 маркийн автомашинтай ирсэн бөгөөд Дотоодын цэргийн 810-р ангийн ээлжийн дэслэгч саатуулж, Хотхоны журам-ын 9.1-д зааснаар нэвтрүүлээгүй. Энэ талаар диспетчерт мэдээлэл ирүүлсэн байдаг. 2024.05.10-ны өглөө шуурхай хуралдаанд суугаагүй, цаг бүртгэлийн төхөөрөмжид ирэх цаг уншуулаагүй ажил тасалсан. Үдийн цайны дараа ч ажилдаа ирээгүй тул удирдлагаас үүрэг чиглэл өгч, Захиргааны хэлтсийн дарга А.А, ахлах Б.Г нар Ц суман дээр уулзаж, 15 цагийн үед оффис дээр дагуулж ирсэн.

3. О.Г*******гийн дээрх зөрчил нь хөдөлмөрийн дотоод журам болон гэрээ, Хотхоны журам, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны А/389 дүгээр тушаалаар ажилтнуудад үүрэг болгосон хэм хэмжээг зөрчсөн болох нь камерын бичлэг, цаг бүртгэл, ажилтнуудаас авсан тайлбар мэдүүлгүүдээр тогтоогдсон тул гүйцэтгэх захирал хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэрийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд О.Г*******гийн зөрчил гаргаагүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан удаагүй гэх гомдол үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ажилласан цагийн талаар нэмэлт тайлбар гаргах нь

...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О. Г*******гийн 2024 оны 5-р сарын цаг бүртгэлийн талаар цахим шууданд үзлэг хийлгэсэн бөгөөд үндэслэлээ 176 цаг ажиллахаас 176 цаг ажилласан гэж ажил тасалсан гэх үйл баримт тогтоогдохгүй... цалин бүтнээр олгогдсон гэж тодорхойлон, 6 цаг ажил тасалсан гэдэг нь үгүйсгэгдэнэ гэж тайлбарладаг.

Улмаар О.Г*******гийн хаягт 2024.06.07-ны өдрийн 1028 цагт хаягаас ирсэн цалингийн мэдээлэл /1хх-201, 204 тал/-д үзлэг хийхэд ажиллавал зохих цаг 176, ажилласан цаг 176 гэж харагдаж байгаа ч, энэ нь түүний ажил тасалсныг шууд үгүйсгэх болон бүтэн ажилласан гэж үзэж, цалинг бүтнээр олгосон гэсэн үг биш, Тодруулбал,

 

 

 

1

Ажиллавал зохих цаг

176

2

Ажилласан цаг

176

3

Бодогдсон цалин

6,325,000

4

Дундаж цалин

53,947.53

5

Илүү цаг

42

6

Илүү цагийн цалин

3,965,144.53

7

Шагналт ц/гийн цалин

35

8

Шагналт цалин

2,213,750

9

Говийн нэмэгдэл

18

10

Говийн нэмэгдлийн цаг

90,000

11

Удаан жил

5

12

Удаан жилийн нэмэгдэл

316,250

13

Нийт нэмэгдэл

6,585,144.53

14

Олговол зохих цалин

12,910,144.53 (3+6+8+10+12-н нийлбэр)

15

НДШ, ЭМД

759,000

16

ХХОАТ

1,215,144.45

17

ҮЭ татвар

63,250

18

Урьдчилгаа цалин

2,530,000

19

Нийт суутгал

4,567,364.45

20

Гарт олгох цалин

8,342,780.08

 

О.Г******* нь 2024.05-р сард 17 өдөр буюу 204 цаг ажилласан бөгөөд ростерт ирж, очих 2 өдөр буюу 20 цаг, нийт 19 өдөр буюу 224 цагаар тооцогдсон.

Үүнээс үндсэн 176 цагийг хасч, 48 цаг нь илүү цаг ажилласнаар тооцогдож, ажил тасалсан 6 цагийг үндсэн цагаас бус, илүү цагаас хасч, 42 цагаар тооцоолол хийгдсэн (204 ажилласан цаг+20 ирж, очих зам =224 нийт цаг-176 үндсэн цаг=48илүү цаг-ажил тасалсан цаг =42 тооцогдсон илүү цаг) болох нь 1хх-182 дугаар талд авагдсан Ажлын цаг бүртгэл 2024 оны 05 сар гэх баримт болон 1хх-201, 204 талд авагдсан үзлэгийн баримтуудаар давхар тогтоогдох бөгөөд ажил тасалсан гэх 6 цаг хасч тооцон, цалинг олгоогүй болохыг анхаарч үзнэ үү.

...О.Г*******гийн ажилд томилогдсон болон эрхэлсэн ажил албан тушаалтай холбоотой маргаан байхгүй. Тухайн үед болсон үйл баримтын хувьд 2024 оны 05 дугаар сарын 09-ний орой гарсан зөрчилтэй холбоотой болон 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн цаг бүртгэлтэй холбоотойгоор ажил олгогчийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаал гаргасан. 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/538 дугаартай тушаалаар үндсэн цалинг гурван сар 20 хувь бууруулах тухай сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д зааснаар сахилгын шийтгэл дуусаагүй байх нэг жилийн хугацаанд нэхэмжлэгч дахин зөрчил гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэлүүдийн хувьд нэгдүгээрт 2024 оны 5 дугаар сарын 09-ний орой хотоос гарах зөвшөөрлийг бичгээр авахгүйгээр гарсан. О.Г*******гийн хувьд сав газрын захиргаатай хамтарсан удирдамжийн дагуу шалгалтын ажлын хүрээнд тодорхой ажил үүргийг гүйцэтгэж явж байсан гэдэг байдлаар тайлбарладаг. Гэтэл Э******* т т ХК-ийн ажиллах цагийн хуваарийн хувьд өглөө 07 цагаас орой 19 цаг хүртэл ажлын 12 цагийн хугацаатай ажилладаг. Нэхэмжлэгч О.Г*******гийн хувьд тухайн цаг үед буюу 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Ө аймгийн Ц сумын уурхай дээр ростерын ээлжээр ажиллаж байсан үйл явцтай бол нэхэмжлэгч бол маргаагүй. 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болсон хяналт шалгалт ажлын цагаар хийгдэж дууссан. Энэ талаар н.Б мөн гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Шалгалтын ажил хийгдэж дуусаад оройн цагаар О.Г******* хүлээн авалт буюу уулзалтад орохоор Ц сум руу явсан. Э******* т******* ХК-ийн хотхонд баримталдаг гол журам бол хотхоноос чөлөөгөөр гарах болон орох, бүх харилцааг зохицуулсан хотхоны журам байдаг. Хотхоноос чөлөөгөөр гарахдаа журмын хоёрдугаар хавсралтад зааснаар хотхоноос гарч байгаа тохиолдолд заавал чөлөөний хуудсыг бөглөөд хотхон хариуцсан мэргэжилтэнд бүртгүүлээд гардаг. Хотхоноос гарахдаа амаар чөлөө авдаггүй. Э******* т******* ХК ростерын ээлжээрээ ажиллаж байгаа уул уурхайн захиргааны ажилтнуудын хувьд тухайн ростерын ээлжээр ажиллаж байх хугацаанд ажилтны аюулгүй байдал, амь нас, бүх асуудлыг бүрэн хариуцаж байгаа. Хотхоноос гараад явж байгаа тохиолдолд амь нас эрсдэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдох холбоотой асуудлаас урьдчилан сэргийлэх, ажилтнаа хамгаалах зорилготой журмын хүрээнд хотхоноос гарахдаа заавал чөлөө болон зөвшөөрлийг авах ёстой бөгөөд бичгээр гаргаж бүртгэдэг. Салбарын захирал энэ бүхэнд үндсэндээ хяналт тавьж ажилладаг. Хэдий н.Бд амаар зөвшөөрсөн нь уг журмын хоёрдугаар хавсралтад заасан чөлөө зөвшөөрөл авахгүй, бөглөхгүй байх, бүртгүүлэхгүй байх эрхтэй гэсэн үг биш. Ажилчдын ирцтэй холбоотой ажил таслалт, чөлөө, хоцролт зэргийн талаар өглөө болгон шуурхай дээр танилцуулдаг. О.Г*******гийн хувьд чөлөө бичгээр зөвшөөрөл аваагүй гарсан байна. 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 10-нд шилжих шөнө хотхоноос гарах орох хөдөлгөөнийг хориглосон үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ажлын байранд нэвтрэхийг завдсан гэх асуудал гаргасан. Хотхоны журмаар орой 22 цагаас үүрийн 5 цаг хүртэл хотхонд орж, гарах хөдөлгөөнийг хориглодог. Үүнтэй холбоотой дотоодын цэргийн удирдсан журмаар дагаж мөрдүүлдэг бөгөөд хотхоны гадна 18 дугаар пост гэж байдаг. Хотхон дотор мөн адил харуул хамгаалалт байдаг. Хүлээн авалтын арга хэмжээнд согтууруулах ундааны зүйл задалсан гэдэг талаар н.Б гэрчийн мэдүүлэгт хэлсэн байдаг. Тухайн үеийн нөхцөл байдлыг өмөөрч хэлсэн эсэхийг мэдэхгүй байгаа ч О.Г*******г уг задалсан архинаас уусан эсэх талаар мэдэхгүй гэж хэлсэн. Шалган нэвтрүүлэх пост дээр хувийн машинаар ирсэн бөгөөд харуулын ажилтан шалган нэвтрүүлэх журмын хүрээнд шалгахад О.Г******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан учраас журмаар тавьдаг шаардлагын хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээдийг нэвтрүүлэхгүй журамтай, мэдэж байгаа биз дээ гэдэг тайлбарыг хэлсэн байдаг. Мөн тухайн ээлжийн ахлахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээд ирсэн гэх талаар мэдэгдсэн. Энэ талаар үзлэг хийгдсэн 3 удаагийн бичлэгээр тогтоогдож байна. Харуулын ажилтан нэхэмжлэгчид шаардлага тавихад О.Г******* за ойлголоо гэж хэлээд машиндаа суугаад явсан учраас тухайн шөнө хотхонд байрлаж хоноогүй бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мөн ирээгүй. Э******* т т ХК-ийн салбар уурхай өглөө бүр 8 цагаас газар, хэлтсийн дарга нар шуурхай хурал хийдэг. Тухайн өдрийн уг шуурхай хуралдаан дээр О.Г******* суугаагүй. Дотоодын цэргийн 810 дугаар ангиас шөнийн 1 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хотхонд нэвтэрхийг завдсан тул журмын хүрээнд нэвтрүүлээгүй буцаасан гэх рапорт мэдээлсэн тул О.Г*******гийн нөхцөл байдлыг тодруулах чиг үүргийг захиргааны хэлтсийн дарга н.Ад үүрэг өгсөн. Үүний хүрээнд н.А уг хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд гэрчийн мэдүүлэгтээ тухайн өдөр үдээс өмнө О.Г*******тай холбогдох гэж оролдсон боловч утас нь холбогдохгүй байсан учраас холбогдож чадаагүй бөгөөд үдээс хойш буюу цайны цагийн дараа 13 цагаас 15 цагийн хооронд олж ирэхээр Ц сумд байрлаж байх магадлалтай байсан учир Ц сум руу явж авч ирэхээр гарсан байдаг. Ингээд үдээс хойш О.Г*******тай холбогдоход Ц сум дээр байна гэсэн учраас очиж 15 цагийн үед авч ирсэн гэх мэдүүлэг өгдөг. Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлд зааснаар цаг бүртгэлээ уншуулах ёстой боловч нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өглөөний цаг бүртгэлээ уншуулаагүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар шалгасан гэж тайлбарладаг боловч тухайн асуудлаар шалгасан баримтууд байхгүй, олдохгүй байгаа гэж хэлдэг. Тухайн шөнө Э******* т т ХК нь О.Г*******г нэвтрүүлээгүй асуудал байхгүй. Дотоодын цэргийн 810 дугаар анги 1 дүгээр хавтаст хэргийн 161-164 дүгээр талд авагдсан шалган нэвтрүүлэх журмын хүрээнд шаардлага тавьж ажилласан. Энэ талаар шүүхэд албан бичиг ирүүлсэн бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 155 дугаар талд авагдсан. Тухайн үед шөнийн ээлжид гарч байсан н.Мийн рапорт зэрэгт энэ талаар тусгасан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд өглөө цаг бүртгэл уншуулсан гэж маргахгүй байгаа. Өглөө ажил дээрээ ирсэн гэж тайлбарлаад байна. Үдээс хойш ажил дээрээ ирснээ тайлбарлаад байх шиг байна. Үүнтэй холбоотой н.А гэрчийн мэдүүлэгтээ О.Г******* газрын ажлын хэсгийн уулзалтын хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд архиа гаргах гээд буудалд хоносон гэдэг тайлбар хэлсэн. Иймд 2024 оны 05 дугаар сарын 10-ны өглөө цаг бүртгэлд ирцээ бүртгүүлээгүй учир ажил тасалсан гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно. Энэ хүрээнд сахилгын шийтгэл ногдуулах тушаал гарсан. Ажилтны гаргаж байгаа үйл баримт зөрчилтэй холбоотой асуудлууд хөдөлмөрийн дотоод журам, хотхоны шалган нэвтрүүлэх журмуудыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хотхоны журмын дугаар зүйлийн 3.2.1-д заасны дагуу О.Г******* зөвшөөрөл авсан гэж тайлбарлаж байна. Үүнд нэгжийн удирдлагаасаа зөвшөөрнө гэж заасан байдаг. Гэтэл нэгжийн удирдлагаас зөвшөөрөл авсан гэдгийг нотлох шаардлагатай бөгөөд н.Бы гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Үүнд хотхоны журмын 9.16-д хотхонд байрлагч энэ журмын 3.2-д заасан эрх бүхий ажилтнуудаас зөвшөөрөл авалгүй хотхоноос гарч, 3.2-д заасан эрх бүхий албан тушаалтан, удирдлагын зөвшөөрлийн үндсэн дээр хотхоноос гарах талаар заасан байна. Уг бичиг баримтыг зайлшгүй үйлдэх ёстой байхад газрын даргатай нэхэмжлэгч нь хамт явж, хуралд орсноороо зөвшөөрөл авсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. М******* улсын шүүх тодорхой үйл баримт тодорхойлж шийдвэрээ гаргадаг. Одоо 2020 оны үйл баримтыг ярьж байгаа нь үндэслэлгүй. 2020 оны үйл баримтаар Э******* т т ХК-ийн уурхайн хэсэг буюу зөвхөн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг хэсэг улсын онц чухал объектод байсан. Сүүлд засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дэглэм тогтоосноос хойш ажлын байрны объектод хотхон зэрэг тэр чигээрээ улсын онц чухал объект болж хамгаалалт нь нэмэгдсэнтэй холбоотойгоор дүрэм журмууд өөрчлөгдсөн. Үүнийг дагаж Дотоодын цэргийн ангийн 810 дугаар ангитай байгуулсан гэрээ өөрчлөгдсөн. Мөн мансууруулах бодисыг хэрэглэсэн эсэхийг тогтоох журам гэж байгаа. Уг журмын үйлчлэл зорилгод ажлын байранд мансууруулах согтууруулах ундаа хэрэглэхгүй байх талаас заасан байгаа. Дотоодын цэргийн 810 дугаар ангиас архи согтуурлах ундаа үнэртүүлсэн, хэвийн бус байдалтай байсан гэж оруулаагүй буцаасан, нэхэмжлэгчийн согтуурлын хэмжээг шалгаагүй. 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийг буцаж ирэхэд нь шалгасан баримт хэргийн материалд авагдсан байна. Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд Э******* Т******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/667 дугаар тушаал, итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл зэргийг бүрдүүлж өгсөн.

Хариуцагчаас шүүхэд итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Э******* т******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.08.22-ны өдрийн Б538 дугаар тушаал, Э******* т******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.03.30-ны өдрийн Б/534 дугаар тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байр /хэлтсийн дарга/-ны тодорхойлолт, Э******* т******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.03.16-ны өдрийн А/124 дүгээр тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, Э******* т******* ХК-ийн Ө аймгийн Ц сум дахь салбарын захирлын 2024.01.23-ны өдрийн А/05 дугаар тушаал, Э******* т******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.10.27-ны өдрийн А/389 дүгээр тушаал, 2024.06.06-ны өдрийн Э******* т******* ХК-ийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, Э******* т******* ХК-ийн Ө аймгийн Ц сум дахь салбарын 2024.05.13-ны өдрийн 03/149 дүгээр Сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлэх тухай албан бичиг, ажилтны сахилгын ноцтой зөрчлийн хуудас, харуулчны хяналтын бүртгэл, Э******* т******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.06.07-ны өдрийн Б/667 дугаар тушаал, О.Г*******гийн цалин хөлсний лавлагаа, Э******* т******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.12.14-ний өдрийн А/451 дүгээр тушаал, Э******* т******* ХК-ийн Ө аймгийн Ц сум дахь салбарын захирлын 2021.12.30-ны өдрийн А/206 дугаар тушаал, ус ашиглагч иргэн, 2024.04.24-ний өдрийн аж ахуйн нэгжийн ус ашиглалтын байдалд хяналт шалгалт хийх ажлын удирдамж, 2022.05.05-ны өдрийн А/25, А/30 дугаар Э******* т******* ХК-ийн салбарын захирал, Дотоодын цэргийн 810 дугаар ангинй захирагчийн хамтарсан тушаал, Э******* т******* ХК-ийн ажилтнуудын нэрс, 2024 оны 05 дугаар сарын ажлын цагийн бүртгэл зэргийг бүрдүүлж өгсөн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд; Си ди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Э******* т******* ХК-иас Согтууруулах ундааны журам, салбарын журам, Э******* т******* ХК-иас ажилтнаас авсан тайлбар, мөн ажилтанд сахилгын зөрчлийн хяналтын хуудсыг танилцуулсан баримт, Дотоодын цэргийн 810 дугаар ангийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 7/86 дугаартай Мэдээлэл, баримт хүргүүлэх тухай албан бичиг, түүнд хавсаргасан Эргүүлийн офицерийн тэмдэглэл, Харуулчны хяналтын бүртгэл зэрэг баримт, гэрч Б.Б, Г.Г нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч О.Г******* нь хариуцагч Э******* т******* ХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тул урьд эрхэлж байсан Э******* т******* ХК-ийн Салбарын Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх гомдлын шаардлага гаргасан.

3. Хариуцагч Э******* т******* ХК нь нэхэмжлэгч О.Г*******г сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд;

 

4.Э******* т******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 сарын 07-ны өдрийн 5/667 дугаартай тушаалаар нэхэмжлэгч О.Г*******г 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/538 дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа буюу 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн орой хотхоноос гарах зөвшөөрлийг Хотхоны журам 2 дугаар хавсралтын дагуу бичгээр аваагүй, 2024 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө хотхоноос гарах, орох хөдөлгөөнийг хориглосон үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ажлын байранд нэвтрэхийг завдсан, мөн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ажилд ирэх цагийг цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй ажил тасласан зэрэг сахилгын зөрчил гаргасан тул Салбарын Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна. /хх-57/

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3.Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана, Э******* т******* ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.Ажилтны гаргасан зөрчлийг Ажилтны сахилгын шийтгэлийн хяналтын хуудсанд тодорхой тусгаж, сахилгын зөрчил гаргасан ажилтнаас тайлбар авч, холбогдох нэгжийн удирдлагуудын саналыг тусгаж баталгаажуулсны үндсэнд ажилтанд танилцуулна, 8.10.Сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчил гаргагчийн бичгээр гаргасан тайлбар, тухайн ажилтныг шууд удирдах ажилтан болон бүтцийн нэгжийн удирдлагын саналыг тусгасан Ажилтны сахилгын зөрчлийн хуудас-ыг үндэслэл болгоно... гэсний дагуу ажил олгогч нь ажилтанд мэдэгдэж, бичгээр тайлбар авч, ажилтны сахилгын ноцтой зөрчлийн хуудас баримтыг үйлдсэн байна.

 

Урьдчилан шийдвэрлэх журам хангасан эсэх талаар;

6.Нэхэмжлэгч О.Г******* нь уг тушаалыг эс зөвшөөрч Э******* т******* ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандсаныг ажил олгогч талаас тушаал үндэслэлтэй гарсан, эвлэрэх боломжгүй гэснээр хоёр тал харилцан тохиролцоогүй тул ажиллагааг тус тус дуусгавар тэмдэглэл, хуралдааны шийдвэр хэрэгт авагджээ. /хх-5-9/

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5.Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэж талууд гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болно гэж заасан ба нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцааг цуцласан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандаж, урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэрийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр буюу 10 хоногийн дотор шүүхэд гомдлын шаардлага гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасантай нийцэж байна.

 

Ажлаас чөлөөлсөн үндэслэлийн тухайд;

 

7.Э******* т******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 сарын 30-ны өдрийн Б/534 дугаар тушаалаар О*******ийн Г*******г Салбарын Байгаль орчин, усны бодлогын хэлстийн даргаар 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилж, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн М/2022/0893 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Эрдэнэ т******* ХК-ийн Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж байсан байна. /хх-23-24, 27-29/

Нэхэмжлэгч дээрх ажилд томилогдохоос өмнө тус байгууллагад Салбарын бичиг хэргийн мэргэжилтэн, Нүүрс ачилтын хэлтсийн ахлах мэргэжилтэн зэрэг албан тушаалыг хашиж байсан талаар нэхэмжлэлд дурдсан.

8. Э******* т******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/538 дугаар тушаалаар Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн дарга О*******ийн Г*******д Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд зайлшгүй хийгдэх компанийн 2022, 2023 оны ус ашиглуулах дүгнэлт болон ус ашиглах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаар гаргуулах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсний улмаас компанид 5.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлөх эрсдлийг бий болгосон үндэслэлээр үндсэн цалинг 3 /гурван/ сараар 20 хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байна. / 1хх-22/

 

9. Г-Дын говийн сав газрын захиргааны газраас 2024 оны 04 сарын 24-ны өдөр баталсан Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн ус ашиглалтын байдалд хяналт, шалгалт хийх ажил-ын удирдамжаар батлагдсан ажлын хүрээнд тухайн газрын дарга, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ө аймгийн Ц суманд 2024 оны 05 сарын 09-ний өдрөөс 11-ний өдрийг хүртэл ажилласан ба энэ ажлын хүрээнд Э******* т******* ХК нь ус ашиглагч аж ахуйн нэгжийн хувьд нэхэмжлэгч өөрийн ажлын чиг үүргийн хүрээнд хотхоны байранд болон суманд ажилласан болох нь зохигчийн тайлбар, ажлын удирдамж зэргээр тогтоогдож байна. /хх-160/

10. Э******* т******* ХК-д мөрдөгдөх Э******* т******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/124 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам /хх-30-38/, Э******* т******* ХК-ийн Ө аймгийн Ц сум дахь салбарын захирлын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/05 дугаар тушаалаар батлагдсан Хотхоны журам, Хотхоноос чөлөөгөөр гарах ажилтны өргөдөл, Хотхонд нэвтрэх зөвшөөрөл, Хотхоноос гарах бичиг, Хотхоноос бараа материал, эд зүйл гаргах зөвшөөрлийн хуудас, Хотхонд тээврийн хэрэгсэл нэвтрэх зөвшөөрөл, Э******* т******* ХК-ийн Т******* нүүрсний уурхайн шалган нэвтрүүлэх журам зэрэг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ тогтоосон журам, түүнийг үндэслэн гарсан баримт бичгүүд үйлдэгдэж, мөрдөгддөг байна. /1хх-39-46/

11. Нэхэмжлэгч О.Г******* нь 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Г-Дын говийн сав газрын захиргааны газраас зохион байгуулсан ажлын хүрээнд Ө аймаг, Ц суманд хүлээн авалтанд оролцохоор Салбарын захирал Л.Дд хэлж Э******* т******* ХК-ийн Салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын дарга Б.Б хамт явсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б.Б мэдүүлгээр тогтоогдож байна. /1хх-138-139/

Нэхэмжлэгч О.Г******* Э******* т******* ХК-ийн Ө аймгийн Ц сум дахь Салбарт 2024.04.29-ний өдөр уртын ээлжээр ирж ажиллах ажилтнуудын нэрсэд багтсан байна. /1хх-166-168/

Нэхэмжлэгч О.Г*******гийн хувьд ууртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны хувьд дээр дурьдсан байгууллагын дотоод дүрэм, холбогдох журам хамаарах боловч түүнийг ажлаас чөлөөлсөн үндэслэл хэргийн үйл баримтаар бүрэн тогтоогдсон эсэхэд шүүх дараах дүгнэлт хийлээ. Үүнд;

12. 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн орой хотхоноос гарах зөвшөөрлийг Хотхоны журам 2 дугаар хавсралтын дагуу бичгээр аваагүй гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгч О.Г******* нь Ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалтан болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын дарга Б.Бы хамт Эрдэнэ т******* ХК-ийн харуул хамгаалалт бүхий бүсээс гарч явахад ийнхүү журмын дагуу зөвшөөрөл авах, аваагүй талаар шаардаагүй, Салбарын захирал Л.Дд мэдэгдэж гаргасан байна.

13. 2024 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө хотхоноос гарах, орох хөдөлгөөнийг хориглосон үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ажлын байранд нэвтрэхийг завдсан гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгч О.Г******* тухайн өдрийн шөнө буюу 01 цаг 10 минутын орчимд шалган нэвтрүүлэх цэгээр нэвтрэхээр ирсэн бөгөөд алба хаагчийг шалгахад согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж, хэвийн бус байсан тул холбогдох журамд заасны дагуу нэвтрүүлэхгүй буцаасан гэсэн Дотоодын цэргийн 810 дугаар ангийн Мэдээлэл, баримт хүргүүлэх тухай албан бичиг, эргүүлийн офицерийн тэмдэглэл, харуулчны хяналтын бүртгэл, харуулын ажилтны энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл баримтуудад тусгажээ. /1хх-155-158/

Дээрх баримтууд болон Э******* т******* ХК-ийн Ө аймгийн Ц сум дахь салбарын захирлын 2021 оны 12 сарын 30-ны өдрийн тушаалаар батлагдсан Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журам-д заасны дагуу нэхэмжлэгч О.Г*******г тухайн шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж баримтжуулсан баримтгүй, гэрч А.А, Б.Г нарын мэдүүлэгт маргааш өдөр багажаар үлээлгэхэд 0 гэсэн үр дүн гарсан талаар мэдүүлсэн байна.

Дотоодын цэргийн 810 дугаар ангийн харуулын ажилтан нэхэмжлэгч О.Г*******г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж бичлэгт болон рапортын дэвтэр, тухайн байгууллагаас ирүүлсэн албан бичиг зэрэгт дурдсан боловч нэхэмжлэгч энэ үйл баримтыг үгүйсгэж байгаа тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогоогүй тул нэхэмжлэгчийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон гэж маргаангүй дүгнэх боломжгүй юм.

14. 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ажилд ирэх цагийг цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй ажил тасласан гэх үндэслэлийн тухайд Дотоодын цэргийн 810-р ангийн харуулын ажилтан нь нэхэмжлэгч О.Г*******г хотхонд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үндэслэлээр нэвтрүүлээгүй ба өглөө 08.00 цагт нэхэмжлэгч ажилдаа ирээгүй тул байгууллагаас ажилтнаа явуулж тухайд өдөр О.Г*******г хотхонд авчирсан байна. О.Г*******гийн хувьд тухайд өдрийн үдээс хойш ажлын байранд ирсэн тул Хөдөлмөрийн дотоод журмын 6.24.-т заасан ажил тасалсанд тооцох үндэслэл болохгүй гэж үзлээ.

Тушаалд заасан дээрх 3 үндэслэл нь 3 өөр төрлийн зөрчил боловч нэхэмжлэгчийн хувьд нэг үйл ажиллагааны хүрээнд хотхоноос гарч явснаас үүссэн асуудал ба хотхонд нэвтрүүлээгүй тул өглөө ажил тасласан гэх дүгнэлт үндэслэлгүй юм. Иймд сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл үгүйсгэгдэж байгаа тул Э******* т т ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн О.Г*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/667 тоот тушаалыг хүчингүй болгож, О.Г*******г Э******* т******* ХХК-ийн Салбарын Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 446 хоногийн хугацаагаар тооцон өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нэг сард 6,500,000 төгрөгөөр тооцож, 96,633,333 төгрөгийг олгож, уг олговроос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл зэрэг зохих суутгалыг суутган, нийгмийн даатгалын тайланд холбогдох бичилт хийхийг хариуцагч Э******* т******* ХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар Э******* т т ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн О.Г*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/667 тоот тушаалыг хүчингүй болгож, О.Г*******г Э******* т******* ХХК-ийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 446 хоногийн хугацаагаар тооцон өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нэг сард 6,500,000 төгрөгөөр тооцож, 96,633,333 төгрөгийг олгохдоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэрэг зохих суутгалыг суутган, холбогдох бичилт хийхийг хариуцагч Э******* т******* ХК-д даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас гаргуулж байгаа 96,633,333 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 641,117 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ