Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/58

 

 

 

О.Д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч О.Однямаа, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;  

Прокурор Ц.Цэрэндулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Э ,

ШүүгдэгчО.Д ,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ууганзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э ийн давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч О.Д холбогдох 2419000000226 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О.Д, 

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.Д нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн * худалдааны төвийн машины зогсоол дээрээс * улсын дугаартай Сузуки Эскудо загварын тээврийн хэрэгслийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүйгээр эзэмшигч Э.Е зөвшөөрөлгүйгээр авч явсан, 05 дугаар сарын 06-ны өдөр согтуурсан үедээ * нутаг дэвсгэрт байрлах 3 замын уулзварын хяналтын постын зогсоолд байрлуулан тавьсан Дорноговь аймгийн * эзэмшлийн * улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн Дорноговь аймаг дахь * замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч Б.И нь тухайн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор тээврийн хэрэгслийн жолоочийн талын хаалганы нээлттэй цонхоор өөрийн биеийн цээж хэсгийг оруулан чирэгдэн зүүгдэж, улмаар тээврийн хэрэгслийг зогсоохыг шаардаж, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг унтраахыг оролдох үед О.Д нь тээврийн хэрэгслийн хурдыг нэмж түүнийг газарт унагаж, тээврийн хэрэгслийг онхолдуулж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж 13.595.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос, шүүгдэгч О.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4..Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч О.Д аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

Шүүгдэгч О.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг алба үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч О.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон, эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д хохирогч Т.Б 4,064,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн * 13,595,000 төгрөг, Ашид билгүүн ХХК-д 895,000 төгрөг тус тус гаргуулан олгож, хохирогч Б.И нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо, иргэний нэхэмжлэгч аймгийн Цагдаагийн газар нь тээврийн зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э ийн давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс шүүгдэгч О.Д 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр *  худалдааны төвийн машины зогсоол дээрээс * улсын дугаартай Сузуки Эскудо маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигЧИЙН зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр согтуурсан үедээ * нутаг дэвсгэр болох 3 замын уулзварын хяналтын постын зогсоолд байрлуулан тавьсан Дорноговь аймгийн * эзэмшлийн * улсын дугаартай, приус 30 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, ингэхдээ хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэснээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн “...машиныг зөвшөөрөлгүй авч явсан ба энэ үед нь цагдаа зохицуулагч Б.И үйлдлийг таслан зогсоох зорилгоор тээврийн хэрэгслийн жолоочийн талын хаалганы нээлттэй цонхоор өөрийн биеийн цээж хэсгийг оруулан чирэгдэн зүүгдэж, улмаар тээврийн хэрэгслийг зогсоохыг шаардаж, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг унтраахыг оролдох үед шүүгдэгч Д нь тээврийн хэрэгслийн хурдыг нэмж түүнийг газарт унагаж, тээврийг хэрэгслийг онхолдуулсан үйл баримт тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй ба энэ дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй юм. 

Харин хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлд “...11 цаг 05 минутад ...цагдаагийн ахлагч И үзлэг хийж байсан машинаа орхин гүйхэд * дугаартай тээврийн хэрэгсэл нь зогсоолоос хөдлөн зүүн гар тийш дарахад цагдаагийн ахлагч И жолооч талын хаалганы цонх хэсэг рүү үсрэн зүүгдэхэд .... засмал замаас доош буун шороон замаар 4-5 метр зайд явах үед цагдаагийн ахлагч И нь машинаас зүүгдэж байгаад газарт унахад" /хх-200/ гэсэн тэмдэглэлээр дээрх шүүхийн дүгнэлт бүрэн үгүйсгэгдэж байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй зүйлийг нотлогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болж, улмаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон гэж үзэж байна. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлгээс ч илүү ач холбогдолтой, хөдөлбөргүй нотлох баримт болох камерын бичлэгээс харахад Д машиныг унаж явах зорилготой асаах үйлдэл хийх үед цагдаа зохицуулагч И мэдээд гүйж очих явцдаа боль, зогс гэдэг шаардлага тавьсан байх магадлалтай байх бөгөөд Д маш хүнд зэргийн согтолттой /2,37%/ байсан тул уг шаардлагыг сонссон эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал харагдаж байна, харин Д хувьд нэгэнт асаасан машинаа үргэлжлүүлэн хөдөлгөөн хийх яг тэр үед цагдаа зохицуулагч И гүйж ирээд үсэрч зүүгдэж байгаа нь /шаардлага тавьж амжихгүй байгаа учраас/ камерын бичлэгээр тогтоогддог. Гэтэл хохирогч И мэдүүлсэн шиг цонхоор цээжин биеэ оруулаад, унтраах товчийг дарах гээд гар нь хүрэхгүй, боль гэсэн шаардлага тавьсаар байхад мэдсээр байж эсэргүүцэн, хүч хэрэглэн хөдөлж чирч унагасан мэтээр шүүх дүгнэсэн нь огт үндэслэлгүй, хэргийн нотлох баримтад үндэслээгүй, зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэсэн дүгнэлт болсон. 

Мөн тухайн үед шүүгдэгч О.Д нь өөрийн хийж буй үйлдлийг болон цагдаагийн алба хаагчийг шаардлага тавьж байгаа эсэхэд дүгнэлт хийж ойлгож ухаарах чадваргүй, биеэ ч авч явах чадваргүй, хүнд согтолттой байсан болох нь түүний өгсөн . И ах болио гээд гүйгээд ирж байх, онхолдсон хоёроо санаад байна, өөр юм санахгүй байна" гэх мэдүүлэг /хх-31/, 2.37 хувийн согтолттой байгаа талаарх гэрэл зураг /хх-15/, хохирогч Б.И “...Хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байхаар нь суулгаж орхиод, Д нэг хэвтээд нэг босоод байсан байсан” гэх мэдүүлэг /хх-24/, гэрч О.О “...Цагдаагийн машины ар талд нэг үл таних хүн согтуу бололтой гуйваад ойчиж өгөөд байгаа харагдсан" гэх мэдүүлэг /хх-35/ зэргээр тогтоогдож байгаа. Эдгээр баримтаар Д цагдаагийн үйл ажиллагааг эсэргүүцэж байна гэдгээ ойлгож ухамсарлах чадваргүй, биеэ авч явах ч чадваргүй байсан нь тогтоогддог. 

Өөрөөр хэлбэл Д үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тал болох цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаанд саад учруулах, эсэргүүцэх, чирэх, биед нь гэмтэл учруулах гэх мэт эсэргүүцэх зорилго огт байгаагүй гэдгээрээ уг гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг хангахгүйгээс гадна яг ямар үйлдлээрээ эсэргүүцсэн болох обьектив шинжийг хангаж байгаа нь эргэлзээтэй байна. 

Шүүхээс дүгнэхдээ Д хохирогчийн шаардлагыг үл тоон эсэргүүцэн унаж явсан тээврийн хэрэгслийнхээ хурдыг нэмж түүнийг газарт унаган хүч хэрэглэсэн үйлдлээр эсэргүүцсэн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл камерын бичлэгээс харахад цагдаа ирэхээс өмнө Д хөдөлгөөнөө эхэлчихсэн байсан, машинаа унаад явах зорилготой байсан хүн хөдөлгөөнөө үргэлжлүүлээд л явсан нөхцөл байдал харагдаж байгаа, тэрнээс хүч хэрэглээд, хаазаа нэмээд албаар эсэргүүцсэн зүйл огт харагддаггүй, О.О мэдүүлэгт ч “...гэнэт хүмүүс орилолдохоор нь харахад цагдаагийн машинаас И цагдаа чирэгдээд замын баруун талын замруу буух үед газар унасан” гэж, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд ч “...засмал замаас доош буун шороон маар 4-5 метр зайд явах үед цагдаагийн ахлагч И нь машинаас зүүгдэж байгаад газарт унахад" /хх-200/ гэсэн тэмдэглэлээс харахад засмалаас гаран шороон замруу доош уух үед л хохирогч унасан үйл баримт тогтоогдож байна, тэрнээс хааз нэмээд хүч өгч давхиснаас хохирогч унаагүй болох нь тодорхой байна. 

Иймд дээр дурдсан баримтуудаар Д үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.1 үгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив болон обьектив шинж тогтоогдохгүй байх тул уг зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

7.Шүүгдэгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа замын эсрэг талын том тэргийг зогсоох зорилготойгоор явсан. Би хойноос нь харахад машин зогсоогоод тухайн тэр машины жолоочийг буулгаад бичиг баримтыг нь шалгаад зогсож байхад нь би машиныг нь унаад явчихсан. Ямар нэгэн байдлаар цагдаагийн алба хаагчийг хохироочихъё, амь насыг нь егөөдчихье гэсэн ямар ч тийм бодол агуулаагүй. Тэгээд архи согтууруулах ундаа жоохон хэтрүүлээд хэрэглэчихсэн байсан. Өөр хэлэх юм алга.” гэв.

8.Прокурор Ц.Цэрэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хяналтын камерын бичлэг дээрээс харахад цагдаагийн алаг тэрэгний рулийн ард суугаад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэх үед цагдаагийн албан хаагч И гүйж очиж, жолооч талын цонхоор цээжин хэсгээ оруулдаг. Оруулаад повер товчийг дарж машиныг унтраах үйлдэл хийдэг. Ингэхэд цагдаагийн алба хаагч хууль сахиулагчийг эсэргүүцэж хурдаа нэмснээр физикийн хуульдаа захирагдаж цагдаагийн алба хаагч газарт өнхөрч унаж байгаа. Дахиад машиныг авч замын баруун зүүн рүү гарч 8-ын тоо эргэж, цагдаагийн албан хаагчаар тохуурхаж доромжилж, ийм үйлдэл гаргаж байхаар нь хойноос нь дахиж машинтай очиж элдэж хөөж байгаад энэ хүн онхолдоод дахиад дөрвөн дугуйн дээрээ босоод ирж байгаа юм. Тэгэхээр нь цагдаагийн албан хаагч нар дахиад гүйж очоод дахиад жолооч талын цонхоор цээжээ оруулаад повер товчийг дарах гээд рулийн цаана байдаг товчинд хүрэхгүй байсан учраас ноцолдоход дахиж хурдыг аваад дахиад унагаж байгаа үйлдлийг цагдаагийн албан хаагчийг эсэргүүцсэн гэж үзэхгүй бол өөр юуг эсэргүүцсэн гэж үзэх вэ? Хурдыг авч албан хаагчийг үйлдлийг зогсоох гээд байгаа үйлдэл нь өөрөө эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байгаа учраас 2024 оны 07 дугаар сарын 19-ний 2024/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Д өмгөөлөгч М.Э ээс гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх шүүгдэгч О.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч О.Д нь архи ууж согтуурсан үедээ буюу 2024 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Дорноговь аймгийн * худалдааны төвийн машины зогсоол дээрээс * улсын дугаартай Сузуки Эскудо загварын тээврийн хэрэгслийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүйгээр  иргэн Э.Е унаж явсан  автомашиныг зөвшөөрөлгүйгээр авч явсан,

мөн 05 дугаар сарын 06-ны өдөр Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах 3 замын уулзварын хяналтын постын зогсоолд байрлуулан тавьсан Дорноговь аймгийн * * улсын дугаартай приус 30 загварын тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,  үед * замын цагдаагийн зохицуулагч Б.И нь тухайн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы нээлттэй цонхоор өөрийн биеийн цээж хэсгийг оруулан чирэгдэн зүүгдэж, тээврийн  зогсоохыг шаардаж тээврийн хэрэгслийг унтраахыг оролдох үед хурдыг нэмж түүнийг унагаж, тээврийн хэрэгслийг онхолдуулж хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцсэн, ингэхдээ цагдаагийн албаны автомашиныг онхолдуулсны улмаас 13,595,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

3.Мөрдөн шалгах болон прокурорын хяналтын шатанд хэргийн оролцогч нарт хавтаст хэрэгтэй танилцуулсан, тэдний зүгээс тусгайлан санал, хүсэлт гаргаагүй ба эрхийг нь хасаж хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч О.Д зүгээс гэм буруу дээр маргадаггүй, “ ...согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас сүүлийн үйлдлийг сайн санахгүй байна” гэж мэдүүлдэг.

4.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэж шүүгдэгч О.Д холбогдох хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэхдээ хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэж   хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт ирүүлснийг  “ ... хууль сахиулагч Б.И цагдаагийн албаны * дугаартай “приус 30” маркийн автомашиныг зөвшөөрөлгүйгээр авч явсан хугацаанд жолооч талын цонхоор цээжээ оруулж уг үйлдлийг таслан зогсоох шаардлагыг тавьсан, автомашиныг унтраах үйлдэл хийхийг оролдох үед автомашины хурдыг нэмж хууль сахиулагчийг унагааж, тээврийн хэрэгслийг онхолдуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасанд нийцээгүй, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцэхдээ цагдаагийн автомашинд хохирол учруулсан” гэж үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

5.Гэмт хэргийн улмаас Дорноговь аймгийн * “Тоёота приус 30” машинд 41 төрлийн эвдрэл гэмтэл учруулж 13,595,000 төгрөгийн, * улсын автомашинд 8 төрлийн эвдрэл гэмтэл учруулж 3,720,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан ба хохирлын үнэлгээ болон техникийн шинжээчийн дүгнэлт гаргахад гарсан зардлууд, 2 автомашины хохирол зэргийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд заасан эд хөрөнгийн гэм хорын хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үндэслэлд нийцсэн.

6.Шүүгдэгч О.Д Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нэг жил гурван сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь буюу шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байна.

7.Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э ээс гаргасан “ ... шүүгдэгч О.Д нь цагдаагийн албаны автомашиныг зөвшөөрөлгүйгээр авч явах үедээ согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас хууль сахиулагчийн шаардлагыг хүлээн авах чадваргүй байсан тул Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлд зааснаар “...согтуурсан ... үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” ба шүүгдэгчийн архийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас хууль сахиулагчаас автомашиныг зогсоохыг шаардлагыг хүлээн авах чадваргүй байсан гэдэг үндэслэл нь үндэслэлгүй юм.

8.Иймд эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцно” гэж зааснаар шүүгдэгч О.Д шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 103 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/169 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 103 /нэг зуун гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.А.САЙНТӨГС

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ                                   О.ОДНЯМАА

ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС