Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00712

 

О.Агийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2022/00518 дугаар шийдвэртэй

О.Агийн  нэхэмжлэлтэй хариуцагч С.Тт холбогдох

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 10 дугаар гудамж, 139а тоот хаягт байрлах, нэгж талбарын 1803105355 дугаартай 144 м.кв талбайтай газар болон 111 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг С.Тийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд хүүхдийн бага эмчээр ажилд орж, 2006 оны 5 сараас 2020 оны 9 сар хүртэл Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, орбитын 10 дугаар гудамж, 139а тоот хашаа байшинд амьдрах болсон. Гэтэл 2006 онд С.Тийн эгч С.Г нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажилд орж, манай нэг өрөөнд амьдрах болсон ба 2012 онд ажлаасаа гарч, 2013 онд нүүж явсан. Гэтэл түүний дүү С.Т нь хүүхдүүдийн хамт ирж миний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 10 дугаар гудамж, 139а тоот хашаа байшинд оршин суух болсон. Би тухайн байшин, газраас С.Тийг нүүхийг удаа дараа шаардсан боловч нүүнэ гэсээр өдийг хүрсэн. С.Т нь одоо болтол миний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 10 дугаар гудамж, 139а тоот хувийн байшин болон газраас нүүхгүй хэмээн маргалдах болсон. Миний бие өөрийн өмчлөлийн байшин болон газрыг өөрийн эрхийн хүрээнд захиран зарцуулж чадахгүй байдал үүсээд байна. Иймд С.Тийн хууль бус эзэмшлээч орон сууц, хашааг чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч С.Тийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: О.Аг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажилд ороогүй байхад манай эгч С.Г ажиллаж байсан бөгөөд 2004 онд хүүхдийн хэсгийн байр нэртэй хашаагүй, тог цахилгаангүй цонх хаалга нь эвдэрсэн, 4 талаасаа ордог хаалгатай цагаан байшингийн нэг талыг засварлан орж амьдарсан. Нэхэмжлэгч манай нэг өрөөнд амьдарч байгаа гэж худлаа хэлсэн. Харин нэг хаягтай хоёр өөр айл амьдардаг. О.А шүүхэд худал мэдүүлж чадаж байгаа юм чинь дүүргийн газрын албаны хүмүүсийг ямар аргаар эрхшээлдээ оруулж газрын өмчлөлийн гэрчилгээ гаргуулж авсныг мэдэх боломжгүй. Өрхийн бүртгэлийн дэвтэр болон бусад баримтад 2004 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 10 дугаар гудамж 139а гэсэн давхардсан бүртгэл одоог хүртэл байгаа. Иймд О.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хууль ёсоор амьдарч байна. О.Агийн хашаанд амьдраагүй. Хэрвээ шаардлагатай бол Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэл гаргах болов уу гэж бодож байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 10 гудамжны 139/а тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201058039 дугаарт бүртгэгдсэн 111 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-2201006860 дугаарт бүртгэгдсэн 144 м.кв талбай бүхий газрыг С.Тийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай О.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Агоос тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нгийн давж заалдах гомдлын агуулга: ... Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулсан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлдэг. Шүүх хариуцагч С.Т хэдийгээр сөрөг нэхэмжлэл гаргаагүй улсын бүртгэлд хандаж О.Агийн нэр дээрх бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул маргааны зүйл болж буй хөрөнгийг эзэмших, ашиглах, өмчлөх О.Агийн эрхийг С.Т эсэргүүцсэн буюу маргасан гэж үзнэ гэж дүгнэсэн атлаа О.Аг дээрх эд хөрөнгийг шаардах эрхгүй гэж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн шүүх “маргааны зүйл болж буй хөрөнгийн өмчлөгч нь Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв тухайн хөрөнгийг хэн нэгэнд хувьчлаагүй нягтлан бодох бүртгэлийн тайланд бүртгэлтэй болох нь Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1113 дугаартай албан бичгээр тогтоогдож байна” гэж дүгнэж байгаа боловч тухайн албан бичигт хаяг, байршил нь тодорхойгүйгээр барахгүй хэмжээ, фото зураг байхгүй яг ямар байр болох нь тодорхойгүй 2-р амбулатори 1 давхар хүүхдийн хэсгийн байр гэсэн эргэлзээтэй нотлох баримтыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь буруу байна. Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 10-р гудамж, 139а тоот хашаа, байшинг засварлаж хуулийн дагуу олж авсан ба О.Агийн өмч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэл хэлтсээс ирүүлсэн албан бичиг, үл хөдлөх эрхийн бүртгэлийн архивын баримтууд, Нийслэлийн өмчийн газрын хувийн хэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байхад эдгээр эрх бүхий байгууллагуудын баримтуудыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр улсын бүртгэлд бүртгүүлсэн, эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэл буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв байна” гэж заасан. Гэтэл одоог хүртэл хэн нэгэн этгээд уг бүртгэлийг буруу гэж эсэргүүцээгүй хууль ёсны өмчлөгч нь О.А мөн болохыг анхан шатны шүүх шийдвэртээ тусгасан байдаг. О.А нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд тухайн хашаа байшинд 2006 оны 5 сараас эхлэн амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан хорооны тодорхойлолт, хэрэглээний төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдож байдаг. Иргэний хуулийн 104, 105 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй. Мөн тухайн маргаж буй хашаа, байшин нь Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн өмч бол Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас тухайн хөрөнгийг хэн нэгэн этгээдэд өмчлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчин олгох боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Жы давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:... О.Агийн нэхэмжилж буй байшин нь хуучин Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн хэсгийн байр байсан. Нийслэлийн өмчийг удирдах газрын 1/1113 тоот албан бичигт заасан байршилд нэг байшин байна гэдэгт талууд маргадаггүй. О.А болон С.Т нар нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн газрын зөвшөөрөлтэйгөөр тухайн газар амьдарч байсан. О.А нь төрийн өмчийг ямар аргаар өөрийн өмчлөлд авсан бэ гэдэг нь тодорхой бус байдаг. С.Т нь өмчлөгч биш учраас сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүй байсан. Төрийн өмчийн эд хөрөнгө гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангажээ.

2. Нэхэмжлэгч О.А нь хариуцагч С.Тт холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 10 дугаар гудамж, 139а тоот хаягт байрлах, нэгж талбарын 1803105355 дугаартай 144 м.кв талбайтай газар болон 111 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд хүүхдийн бага эмчээр ажилд орж, 2006 оны 5 сараас 2020 оны 9 сар хүртэл Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, орбитын 10 дугаар гудамж, 139а тоот хашаа байшинд амьдрах болсон. Гэтэл 2006 онд С.Тийн эгч С.Г нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажилд орж, манай нэг өрөөнд амьдрах болсон ба 2012 онд ажлаасаа гарч, 2013 онд нүүж явсан. Гэтэл түүний дүү С.Т нь хүүхдүүдийн хамт ирж миний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 10 дугаар гудамж, 139а тоот хашаа байшинд оршин суух болсон” гэж,

хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...О.Аг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажилд ороогүй байхад манай эгч С.Г ажиллаж байсан бөгөөд 2004 онд хүүхдийн хэсгийн байр нэртэй хашаагүй, тог цахилгаангүй цонх хаалга нь эвдэрсэн, 4 талаасаа ордог хаалгатай цагаан байшингийн нэг талыг засварлан орж амьдарсан. Нэхэмжлэгч манай нэг өрөөнд амьдарч байгаа гэж худлаа хэлсэн. Харин нэг хаягтай хоёр өөр айл амьдардаг” гэж тус тус тайлбарлажээ.

4. Хэргийн 4-7 дугаар талд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 10 дугаар гудамж, 139а тоот хаягт байршилтай 111 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгч нь О.А, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр уг 144 м.кв газрын эзэмшигч нь О.А гэсэн бичгийн баримт авагдсан байна.

5. Мөн Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1113 тоот албан тоотод “Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байрлах 1 давхар хүүхдийн хэсгийн байр нь “Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв”-ийн 2 дугаар амбулаторийн балансад бүртгэлтэй, хувьчлагдаагүй байна” гэжээ. /хх.45/

6. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан. Хариуцагч С.Т нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргааны зүйл болж буй хөрөнгийг эзэмших, ашиглах, өмчлөх О.Агийн эрхийг С.Т эсэргүүцсэн тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээг үнэн зөв гэж үзэхгүй.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Аг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгосон нь талуудын хооронд үүссэн хөрөнгийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн буюу бүртгэл үнэн зөв гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, О.А нь улсын бүртгэлд өөрийн нэрийг бүртгүүлэх замаар маргааны зүйл болж буй хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан нь талуудын хувьд маргаантай гэж үзэх үндэслэл болно гэж дүгнэсэн нь буруу биш байна.

8. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Аг маргааны зүйл болж буй хөрөнгийн өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авсан гэж үзэхэд эргэлзээтэй байх тул О.А нь хөрөнгийг С.Тийн эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2022/00518 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ЦОГТСАЙХАН

                                    ШҮҮГЧИД                                 Д.БЯМБАСҮРЭН

                                                                                     Ц.ИЧИНХОРЛОО