Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 900

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Хохирогч Д.Гансүх,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /ҮД:0690/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ат холбогдох 1806 03478 0854 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол улсын иргэн, Х аймгийн М суманд 19 оны 0 дугаар сарын -ний өдөр төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Б дүүргийн  дугаар хороо, А  дүгээр гудамжны  тоотод хаягт оршин суух, “Онц тээвэрчин”, “Осолгүй манлай”, “Засгийн газрын жуух бичиг” зэрэг шагналтай, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Б.А /РД:ПИ/,

   Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн оршин суух Б дүүргийн -р хороо, Алтан-Өлгийн  дүгээр гудамжны  тоотын гадаа иргэн Д.Г Солонгос улс руу явуулж өгнө, визэнд оруулж өгнө хэмээн хуурч 1,000,000 төгрөг бэлнээр авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Гансүхийн өгсөн: “...Бид нар шугаманд явдаг найзууд юм. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б.А нь Солонгос улсруу хүн явуулж байгаа  манай нэг найзын бичиг баримт гарсан гэж хэлсэн учир нэг сая төгрөг авч ирж өгсөн. Хэд хонох вэ гэхэд цагаан сараас өмнө бүтнэ гэж хэлсэн. Цагаан сар өнгөрөөгөөд яасан их удаж байна гэхэд манай найзаас асуу гээд 80585858 гэсэн дугаар өгсөн ба асуухад манай бичиг баримт ихтэй байна та түр хүлээж бай бид бичиг баримтыг чинь бүрдүүлээд өгчихсөн байгаа гэж хэлсэн. 2 удаа асуугаад сүүлд нэг удаа асуухад нөгөө хүүхэн надруу ууралсан Б.А надад мөнгө өгөөгүй намайг тэгж хэлээд өгөөч гэж хэлэхээр нь би тэгж хэлсэн та нар өөрсдөө тэр Б.Атэйгээ учираа ол гэсэн. Б.Атэй уулзахад ийм зүйл болсон гэж хэлсэн. Чи мөнгө даруйхан олоод өг гэж эхнэртэйгээ  хамт очиж хүнээс хүүтэй зээлсэн мөнгө гэж хэлсэн. Сар бүр 100.000 төгрөгний хүү төлдөг гэж хэлэхэд Б.Алатнцэцэг надад мөнгө төгрөг алга шүүх цагдаагаар яв гэж хэлсэн учир цагдаад хандсан. Одоо нэг сая төгрөг нэхэмжилнэ. Нялх хүүхэдтэй гэж хэлсэн учир өгөөрэй гэж хэлсэн. 2 сарын хугацаанд өгчих юм бол заавал цагдаа шүүх гэх зүйл байхгүй. 2 сарын хугцаанд өгч чадах эсэхийг л мэдмээр байна. Өөр гомдолгүй” гэх мэдүүлэг,

“ХААН” банк дахь хохирогч Д.Гансүхийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.3/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Гансүхийн өгсөн: “... Би 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22-р хороо, Алтан-Өлгийн 9-434 тоотод Б.А гэх хүнд гэрт нь 1 сая төгрөг өгсөн. Тухайн хүн намайг Солонгос явуулж өгнө, визэнд оруулж өгнө гэж хэлээд надаас мөнгө авсан... Нийгмийн даатгалыг 6 сараар бөглөж өгнө, Солонгос явуулж өгнө гэж хэлээд надаас 1 сая төгрөг залилсан...” гэх мэдүүлэг /хх.8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Баярхүүгийн өгсөн: “... Алтанцэцэг нь 2018 оны ойролцоогоор 3 сард миний утас руу үл таних хүнээр над руу яриулсан. Тухайн үед Алтанцэцэг нь “Манай нэг найз залгана. Виз аягүй удаж байгаа гээд хэлээд өгөөч миний утасны цэнэг дуусах гээд байна гэсэн. Тэгээд үл таних эмэгтэй хүн 80825666 гэх дугаараас залгаад “Виз удаж байгаа юм уу?” гэхээр нь би “Виз удаж байгаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Мөнхтөгсийн өгсөн: “... Д.Гансүх нь Б.Ат 1 сая төгрөгийг бэлнээр 2018 оны 01 дүгээр сарын 15-ны орой Баянзүрх дүүргийн 22-р хороо, Алтан-Өлгийд байх гэрт нь аваачиж хашааных нь гадаа машин дотор сууж байгаад өгсөн. Алтанцэцэг нь Солонгос гаргаж өгнө гэж хэлээд Гансүхээс мөнгө авсан...” гэх мэдүүлэг /хх.10/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсхийг шалгах хуудас /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.29/,

Б.Аийн хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар, хохирол төлөх хүсэлт гэх шинээр гаргасан 2 хуудас баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 22-р хороо, Алтан-Өлгийн 29 дүгээр гудамжны 434 тоотын гадаа иргэн Д.Гансүхийг Солонгос улс руу явуулж өгнө, визэнд оруулж өгнө хэмээн хуурч 1,000,000 төгрөг бэлнээр авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

“ХААН” банк дахь хохирогч Д.Гансүхийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.3/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Гансүхийн өгсөн: “... Би 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22-р хороо, Алтан-Өлгийн 9-434 тоотод Б.А гэх хүнд гэрт нь 1 сая төгрөг өгсөн. Тухайн хүн намайг Солонгос явуулж өгнө, визэнд оруулж өгнө гэж хэлээд надаас мөнгө авсан... Нийгмийн даатгалыг 6 сараар бөглөж өгнө, Солонгос явуулж өгнө гэж хэлээд надаас 1 сая төгрөг залилсан...” гэх мэдүүлэг /хх.8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Баярхүүгийн өгсөн: “... Алтанцэцэг нь 2018 оны ойролцоогоор 3 сард миний утас руу үл таних хүнээр над руу яриулсан. Тухайн үед Алтанцэцэг нь “Манай нэг найз залгана. Виз аягүй удаж байгаа гээд хэлээд өгөөч миний утасны цэнэг дуусах гээд байна гэсэн. Тэгээд үл таних эмэгтэй хүн 80825666 гэх дугаараас залгаад “Виз удаж байгаа юм уу?” гэхээр нь би “Виз удаж байгаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Мөнхтөгсийн өгсөн: “... Д.Гансүх нь Б.Ат 1 сая төгрөгийг бэлнээр 2018 оны 01 дүгээр сарын 15-ны орой Баянзүрх дүүргийн 22-р хороо, Алтан-Өлгийд байх гэрт нь аваачиж хашааных нь гадаа машин дотор сууж байгаад өгсөн. Алтанцэцэг нь Солонгос гаргаж өгнө гэж хэлээд Гансүхээс мөнгө авсан...” гэх мэдүүлэг /хх.10/,

Шүүхийн хэлэцүүлэгт хохирогч Д.Гансүхийн өгсөн мэдүүлэг,

Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Б.Аийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Б.Аийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хуурч залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Гансүхэд учирсан хохиролын 1,000,000 төгрөгийг шүүгдэгч Б.Аээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Аийг “Бусдын эд хөрөнгийг хуурч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Аийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Ат оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:       

1. Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хуурч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ат оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Б.Ат оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 5 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

5. Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Аээс 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Гансүхэд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР