Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/60

 

 

Э.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч О.Однямаа, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;  

Прокурор О.Анужин /цахимаар зайнаас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Э /цахимаар зайнаас/,

Шүүгдэгч: Э.Б,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж хийсэн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Э.Бийн давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч Э.Б холбогдох 2320000770052 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э.Б, 

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.Б нь Дорноговь аймгийн * албан тушаалд ажиллаж байхдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын * постод 2023 оны 05 дугаар сарын 22-оос 2023 оны 05 дугаар сарын 23-нд шилжих шөнө хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байх үедээ Говийн илч тээвэр ХХК-ийн өмчлөлийн LINGONG.MT86D маркийн өөрөө буулгагч төрлийн ачааны тов оврын 10 тээврийн хэрэгсэл MNS 4598:2020 стандартад заагдсан тээврийн хэрэгслийн хэмжээнээс хэтэрсэн хэмжээтэй, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд MNS 5345:2011 стандартын 6.7 дугаар зүйлд заасны дагуу олгосон чиглэл, зөвлөмжийн хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, тусгай дуут дохио болон овор ихтэй ачаа таних тэмдэг бүхий чиглүүлэгч тээврийн хэрэгслийг урд, хойно байршуулан зөвхөн өдрийн цагаар замын хөдөлгөөнд оролцох оролцуулах талаар зөвлөмжийг аваагүй, Зам тээвэр хөгжлийн төвөөс Монгол Улсын "Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавигдах ерөнхий шаардлага" хангасан тээврийн хэрэгсэл мөн болохыг тодорхойлсон. гэрчилгээ аваагүй шөнийн цагаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, тусгай дуут дохио болон овор ихтэй ачаа таних тэмдэг бүхий чиглүүлэгч тээврийн хэрэгслийг урд, хойно байршуулаагүй замын хөдөлгөөнд оролцож байх үед нь саатуулан зогсоож шалгахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.6 дугаар зүйл, мөн дүрмийн 24 дүгээр бүлгийн 24.6 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 14.7.17, мөн хуулийн 14.7.46-т тус тус заасны дагуу шалган шийдвэрлэхгүйгээр хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байж албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй дур мэдэн авто замаар ачаа тээвэрлэх үйл ажиллагааны чиглэлтэй Говийн илч тээвэр ХХК (РД:56205585)-ийн тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулан улсын төсөвт төвлөрүүлэх байсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 (нэг сая) төгрөгийг төлүүлээгүй давуу байдал бий болгон албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ. 

3.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос, шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бнийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болон эрхэлж байгаа ажил болох Нийслэлийн Баянгол дүүрэг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөлтэйгөөр эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Б оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасах ялын хугацааг зорчих эрх хязгаарлах ялыг эдлэх үеэс эхлэн тоолж,

Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

5.Шүүгдэгч Э.Б давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Э.Эгэдэг хүнийг 4 тээврийн хэрэгсэлтэй явж байхад нь зогсоогоод та тээврийн хэрэгслээ буцаагаад оруул гэдэг шаардлагыг тавьсан. “Говийн илч тээвэр” ХХК-ийн талаар би огт мэдэхгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр Э.Эгэдэг хүнд давуу байдал үүсгэсэн зүйл байхгүй. Тухайн асуудалд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах ёстой байтал эрүүгийн хэрэг үүсгэсэн дээр гомдолтой байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа. Анх прокурорын газраас Э.Э давуу байдал бий болгосон гэдэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Тэгээд Э.Э ямар давуу байдал үүсгэсэн талаар шалга гээд шүүх хуралдаан 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Тэгээд Э.Э давуу байдал олгоогүй байна. “Говийн илч тээвэр” ХХК-д давуу байдал бий болгосон. Тухайн компани оногдуулсан торгуулийн мөнгө улсын төсөвт ороогүй давуу байдал бий болгосон гэж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар энэ компанид ямар давуу байдал бий болгосон юм, үнэхээр тухайн хэргийг үйлдсэн юм уу гэдгийг огт тогтоогоогүй. Тухайн компани нь нэг хүний эзэмшил гадаадын хөрөнгө оруулалттай компани байгаа. Тухайн компанийн эрх бүхий субъектийг огт тодруулж асуугаагүй. Үнэхээр тухайн компанид давуу байдал олгосон гэж байгаа бол энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах байсан. Тэгэхээр шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаад хэргийн материалтай танилцсаны дараа компанийн өмч байна гэж мэдсэн байдаг. Прокуророос 15 тээврийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэж буруутгадаг. Яг шалгасан нь 4 тээврийн хэрэгсэл л байдаг, гэтэл 15 тээврийн хэрэгслийг шалгахгүй нэвтрүүлсэн гэдэг. ...Замын цагдаагаар томилогдож очсоны дараа цахим болон танхимын сургалт оруулах, дээд шатны офицерыг дагалдуулах зэрэг цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмаар зохицуулагдсан харилцаа байгаа. Тэгэхээр анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл тухайн компани зөрчил гаргасан байна уу, түүнийг жолоодож явсан жолооч зөрчил үйлдсэн байна уу гэдэг ажиллагааг шалгаагүй. Зөвхөн эрүүгийн хэргийг л шалгасан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй учраас тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зарчимд нийцүүлэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

7.Прокурор О.Анужин шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анх Э.Эгэж хүнд давуу байдал бий болгосон байна гэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс Э.Э давуу байдал бий болгоогүй, энэ компанийн асуудлыг шалгах ёстой гэдэг байр суурьтайгаар оролцсон. Шүүхээс хэргийг 60 хүртэлх хоногоор хойшлуулаад ажиллагаа хийлгэсэн. Уг ажиллагаа хийхдээ компанийн жолооч, захирал нараас мэдүүлэг авсан, компанийн үйл ажиллагаатай нь танилцах зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн. Үүний үндсэн дээр 10 ширхэг тээврийн хэрэгсэл байна “Говийн илч тээвэр” ХХК-ийн эзэмшлийн Э.Э хариуцуулж өгсөн нөхцөл байдал тогтоогддог. Ингээд “Говийн илч тээвэр” ХХК-д давуу байдал бий болгосон байна гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг. Шүүгдэгч нь Э.Э давуу байдал бий болгоогүй, түүнд итгэл үзүүлсэн гэж яриад байдаг. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид төрийн алба чинь итгэл үзүүлдэг алба биш шүү дээ гэж хэд хэдэн удаа хэлсэн. Хэрэгт авагдсан баримтаар тухайн компанид давуу байдал бий болгосон нь хөтөлбөргүй тогтоогдсон. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Э.Боос гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүргээ зориуд хэрэгжүүлээгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

2.Цагдаагийн байгууллагад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагийн ахлах мөрдөгч Б.Жавхланбаяраас “ ...автожингийн хяналтын постоор 2023 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 10 ширхэг уул уурхайн хүнд машин механизм болох “Дамф”-г тухайн өдөр хуваарь, томилгоот үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид зохих зөвшөөрөлгүй нэвтрүүлэхдээ бусдаас шан харамж авсан байна “ гэх мэдээллээр Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

3.Хэрэгт авагдсан баримтуудаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Э.Б нь Замын-Үүд сумын 3-р багт орших автожингийн байнгын хяналтын постод 2023 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө албан үүргээ гүйцэтгэж байх үедээ “Говийн илч тээвэр” ХХК-ийн өмчлөлийн  Lingong MT86D маркийн өөрөө буулгагч төрлийн ачааны том оврын 10 тээврийн хэрэгсэл MNS 4598:2020 стандартад заагдсан тээврийн хэрэгслийн хэмжээнээс хэтэрсэн хэмжээтэй тээврийн хэрэгслийг Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд MNS 5345:2011 стандартын 6.7 дугаар зүйлд заасан “... олгосон чиглэл, зөвлөмжийн хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, тусгай дуут дохио болон овор ихтэй ачаа таних тэмдэг бүхий чиглүүлэгч тээврийн хэрэгслийг урд, хойноо байршуулан зөвхөн өдрийн цагаар замын хөдөлгөөнд оролцох, оролцуулах” талаарх зөвлөмжийг аваагүй, Зам тээвэр хөгжлийн төвөөс Монгол Улсын “Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавигдах ерөнхий шаардлага” хангасан тээврийн хэрэгсэл мөн болохыг тодорхойлсон гэрчилгээ аваагүй байж шөнийн цагаар замын хөдөлгөөнд оролцох гэж байх үед нь зөрчлийг илрүүлэн саатуулан зогсоосон боловч Замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлгийн 12.6 дугаар зүйл, мөн дүрмийн 24 дүгээр бүлгийн 24.6 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.17, мөн хууль, зүйлийн 14.7-ийн 46-д тус тус заасны дагуу зөрчлийг шалган шийдвэрлэхгүйгээр, илрүүлсэн 4 автомашины түлхүүрүүдийг буцаан өгснөөр “Говийн илч тээвэр” ХХК-ний том оврын 10 автомашин тусгай журам, нөхцөлөөр замын хөдөлгөөнд оролцох дүрэм, журмыг зөрчин шөнийн цагаар замын хөдөлгөөнд оролцож Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Даланжаргалан суманд орших Элдэвийн уурхайд хүрсэн ба уг зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн бол Зөрчлийн тухай хуулиар улсын төсөвт төвлөрүүлэх байсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн шийтгэл хүлээлгэх байсан боловч хүлээгээгүй “Говийн илч тээвэр” ХХК-д давуу байдал бий болгосон гэсэн үйл баримт болсон.

4.Энэ үйл баримтад холбогдуулан шүүгдэгч Э.Б Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

5.Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.Бийг цагдаагийн эрх бүхий албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон буюу “Говь илч тээвэр” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 17, 46 дугаар зүйлүүдэд зааснаар хариуцлага тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг хүлээлгээгүйгээс улсын төсөвт төвлөрүүлэх байсан 1000,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн боловч уг хохирлыг шүүгдэгч Э.Б болон “Говь илч тээвэр” ХХК-ны аль нэгээс гаргуулахаар прокуророос яллах дүгнэлтдээ тусгаагүй,  шүүх яллах дүгнэлтийн хүрээнд энэ талаар дүгнэлт хийлгүй шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

6.Шүүгдэгч Э.Бийн “Говийн илч тээвэр” ХХК-ны MNS 4598:2020 стандартад заагдсан тээврийн хэрэгслийн хэмжээнээс хэтэрсэн хэмжээтэй 10 тооны тээврийн хэрэгслийг Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд MNS 5345:2011 стандартын 6.7 дугаар зүйлд заасан “... олгосон чиглэл, зөвлөмжийн хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, тусгай дуут дохио болон овор ихтэй ачаа таних тэмдэг бүхий чиглүүлэгч тээврийн хэрэгслийг урд, хойноо байршуулан зөвхөн өдрийн цагаар замын хөдөлгөөнд оролцох, оролцуулах” талаарх зөвлөмжийг авалгүйгээр шөнийн цагаар замын хөдөлгөөнд оролцох гэж байсан зөрчлийг илрүүлсэн байж, шалгаж шийдвэрлэлгүйгээр явуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ ... зориуд хэрэгжүүлэхгүй байж ... бусдад давуу байдал бий болгосон бол” гэсэн шинжид нийцсэн.

 Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн хэр хэмжээ, хэлбэрт нь тохирсон буюу шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шүүх үзсэн.

7.Мөрдөн байцаалт, прокурорын шатанд “Говийн илч тээвэр” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 17, 46 дугаар зүйлүүдэд зааснаар хариуцлага хүлээлгэх боломжтой байсан боловч хүлээлгээгүй байна.

8.Эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч Э.Бийн “...ажлын туршлага дутсан, ...гэмт хэрэгт буруутгагдаж байгаа үндэслэл нь зөрчлийн хэргийг илрүүлсэн байж шалгаж шийдвэрлээгүй гэсэн байж эрүүгийн гэмт хэрэгт буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн агуулга бүхий үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/93 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.А

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ                                   О.ОДНЯМАА

ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС