Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00713

 

Н.Тын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/00400 дугаар шийдвэртэй

Н.Тын  нэхэмжлэлтэй хариуцагч “З” О-т холбогдох

ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,095,134 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Тын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Би 2005 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Автобус нэгдүгээр баазад жолоочоор ажилд орсон. 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдөр баазын Үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдон ажилласан. Байгууллагын удирдлагаас үйлдвэрчний эвлэлийн даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгвөл жолоочоор ажилд эгүүлэн авна гэсний дагуу миний бие 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр сонгуульт ажлаа хүлээлгэн өгсөн. Гэвч байгууллагын зүгээс ажилд аваагүй, одоо тайлбарлахдаа мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй байсан гэж тайлбарладаг. Намайг жолоочийн ажилд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр томилж, тушаал гарсан гарсан боловч ажил хийлгэхгүй байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажиллуулсан. “З” О-т жолоочоор ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 24 сарын цалинг олгож, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1264 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн тэнхимийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 001/шхт2021/00762 дугаар тогтоол гарсан. Миний бие анх шүүхэд 4,529,038 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 566,096 төгрөгөөр нэмэгдүүлсэн тул хариуцагч “З” О-аас нийт 5,095,134 төгрөгийн цалин гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бгийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Н.Т нь 2005 оны 05 дугаар сарын 26-ны өдөр автобус нэгдүгээр баазад нийтийн тээврийн том оврын автобусны жолоочоор ажилд орж ажиллаж байх хугацаандаа 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлаар автобус нэгдүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон үндсэн ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “З” О-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус сонгогдон ажиллаж байсан. Нэгтгэлийн хэмжээнд 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ҮЭХ-ны бүх гишүүдийн хурал болж Ц.А ҮЭХ-ны даргаар сонгогдсон. Энэ өдрөөс эхлэн Н.Тын түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол өөрийнх нь зөвшөөрснөөр урьд авч байсан дундаж хөлсийг нь бууруулахгүйгээр ажил олгохоор заасны дагуу нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан нийтийн тээврийн том оврын автобусны жолоочоор ажилд авах үүргээ биелүүлсэн. Н.Тын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан ажилд орох өргөдлийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр цохсон. Авто тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2, Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу жолоочийн заавал бүрдүүлэх шаардлагатай баримт болох мэргэжсэн жолоочийн үнэмлэхийг Н.Т нь бүрдүүлээгүй 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн биеэр байгууллага дээр авчирч өгсөн тул 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр жолоочоор ажилд авах тушаал гарсан. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 4,529,038 төгрөгийг олгох боломжгүй. Учир нь байгууллагаас шалтгаалан Н.Тыг ажилд авахгүй, ажил үүргээр хангахгүй байгаа юм биш нэхэмжлэгч өөрөө холбогдох баримт буюу байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу жолоочийн өдөр тутмын шугамын үйлчилгээнд гарахад зайлшгүй хэрэг болдог мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг бүрдүүлж өгөхгүй 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүргэсэн нь захиргаанаас хамаарсан асуудал биш. Түүнчлэн байгууллагын жолооч нарыг шугамд ажилласан замын хуудсаар ажлын гүйцэтгэл нь тооцогдож цалин бодогддог. 2021 оны 06 дугаар сарын 17-ноос 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажил үүрэг гүйцэтгэж шугаманд ажилласан баримт байхгүй. Мөн нэхэмжилж буй хугацааг буруу тооцсон. 2021 оны 06 дугаар сарын 17-нд нэхэмжлэгч ҮЭХ-ны даргын сонгуульт ажилд ажиллаж байсан. 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр сонгуульт эрхийн хугацаа дуусгавар болсон. Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг ажилд авсан зүйл огт байхгүй, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд зааснаар ажилд нь авсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “З” О-аас ажилгүй байсан хугацааны цалинд 4,107,714 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Тад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 987,420 төгрөг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Н.Тын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “З” О-т даалгаж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бгийн давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлээгүй, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй. Нэхэмжлэгчийн Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажил 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон тул нэхэмжлэгчийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/674 дугаар тушаалаар сонгуульт эрхийн хугацаа дуусгавар болсон үндэслэлээр жолоочийн ажилд томилсон. Нэхэмжлэгч Үйлдвэрчний эвлэлийн хорооны ажлаа 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгч жолоочоор ажиллах өргөдлөө мөн өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан ба өргөдлийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр цохсон. Авто тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2, Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу жолоочийн заавал бүрдүүлэх шаардлагатай баримт болох мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг Н.Т нь бүрдүүлээгүй 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн биеэр байгууллага дээр авчирч өгсөн тул 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр жолоочоор ажилд авах тушаал гарсан. Энэ үйл баримтыг нотолсон 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай Үйлдвэрчний эвлэлийн хороодыг татан буулгах тухай бүх ажилчдын хурлын тогтоол, нэхэмжлэгчийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн сонгуульт ажлаас чөлөөлөгдсөн тул ажилд авна уу гэсэн өргөдөл, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны ажил хүлээлгэн өгсөн хуудас, нэхэмжлэгч 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мэргэшсэн үнэмлэхний хуулбарыг авчирсан хуудас зэрэг баримтыг огт үнэлээгүйд гомдолтой байна. Мөн хариуцагчаас шүүхэд нэхэмжлэгчийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн огноотой Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдсон тул ажлаас чөлөөлүүлэх тухай өргөдөл, 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/144 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалыг нотлох баримтаар гарган өгсөн. Хэрэв нэхэмжлэгч 2018 онд сонгуульт ажлаас чөлөөлөгдсөн бол 2021 онд яагаад дахин сонгуульт эрхийн хугацаа дууслаа ажилд эгүүлэн томилуулах тухай өргөдөл бичсэнийг энэ үйл баримтад шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Учир нь Нэхэмжлэгч 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Автобус нэгдүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр З О-ын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус сонгогдон ажиллаж байсан. Нэхэмжлэгчийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт эрхийн хугацаа 2021 оны 6 сарын 25-ны өдөр бүрэн дуусгавар болсон үүнийгээ ч нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Мөн нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, мөн хуулийн 154 дугаар зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Н.Тын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1264 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 762 дугаар тогтоол гараад ажилдаа орсон. Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хугацаагаа сунгасны дараа ажилдаа орсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгал төлөгдсөн. Үүнээс хойших хугацааг төлөхгүй гэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх цалин хөлсийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Өмнө нь шүүх Үйлдвэрчний эвлэлийн хороон даргаас чөлөөлөгдсөн гэдгийг тогтоосон. Мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байсан бөгөөд анх 3 жилийн хугацаатай байсан, 2015 онд 4 жилийн хугацаагаар сунгасан. 2021 оны 08 дугаар сард дахин үнэмлэх аваад 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр, мөн сарын 27-ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрүүдэд хариуцагч талд өгч байсан. 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгөхөд нотариатаар батлуул гэсэн шаардлага тавьсан учраас нотариатаар батлуулаад өгсөн. Өмнө нь мэргэшсэн жолоочийн үнэмлэх байхгүй учраас ажилд аваагүй гэж маргаагүй, харин Үйлдвэрчний хороон даргын ажлаа өгвөл ажилд авна гэж тайлбар гаргаж байсан. Ажилдаа орох гэж хүсэлт гаргасан боловч ажилд авахгүй байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангасан байна.  

3. Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч “З” О-т холбогдуулан ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,095,134 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2021/01122 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1264 дугаар магадлалаар Н.Тыг “З” О-ын автобус 1 дүгээр баазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27,174,304 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна. /хх.4-10/

5. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Н.Тын урьд авч байсан дундаж цалин хөлсний хэмжээг сард 1,132,262 төгрөгөөр, нэг өдрийн цалинг 52,663 төгрөгөөр тооцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлсний хэмжээг дахин нотлохгүй юм. 

6. “З” О-ын захирлын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/674 тоот тушаалаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Н.Тын үйлдвэрчний хорооны сонгуульт эрхийн хугацаа дуусгавар болж ажилд орох хүсэлт гаргасан тул 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тус нэгтгэлийн Нэгдүгээр баазын Тээвэрлэлт үйлчилгээний албанд нийтийн тээврийн автобусны жолоочоор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан байна. /хх.25/

7. Хэрэгт авагдсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1264 дугаар магадлалаар нэхэмжлэгч Н.Тын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг шийдвэрлэжээ. /хх.4-7/

8. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Тын ажилгүй байсан 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 4,107,714 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн байна.  

8а. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.5-т энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гаргасан маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/00400 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                     

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Д.ЦОГТСАЙХАН

                                               ШҮҮГЧИД                               Д.БЯМБАСҮРЭН

                                                      Ц.ИЧИНХОРЛОО