Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00714

 

“И” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/00610 дугаар шийдвэртэй

“И” ХХК-ийн  нэхэмжлэлтэй хариуцагч У.Эд холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 19,066,562 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оы шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: “И” ХХК нь У.Этай 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 20190608 тоот зээлийн гэрээг байгуулж, 12,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлдэгч сар бүр 670,000 төгрөг, сүүлийн 24 дэх сард 708,256.68 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГ/20190608 тоот барьцааны гэрээ байгуулж гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 675 м.кв газрыг 10,000,000 төгрөгөөр, 88 м.кв бүхий хувийн сууцыг 10,000,000 төгрөгөөр тус тус барьцаалсан. У.Э нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 670,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 670,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлж, үүнээс хойш төлөлт хийгээгүй. Хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 01082 дугаар шүүхийн шийдвэр гаргасан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 5-р хороо, Эы өргөн чөлөө гудамж, 45/6 дугаар байрны 39 тоот хаягт оршин сууж байгаа болохыг тогтоосон. Иймд зээлдэгч У.Эаас үндсэн зээл 11,231,738.28 төгрөг, зээлийн хүү 5,701,266.03 төгрөг, алданги 2,133,558.00 нийт 19,066,562 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч У.Эы шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Ковидын нөхцөл байдлаас болж зээлээ хугацаандаа төлж чадахгүй хойшилсон. Гол хийдэг ажил маань “сургалт явуулдаг” байсан бөгөөд олон нийтийг цуглуулж болохгүй нөхцөл байдлын улмаас зогссон. Энэ хугацаанд олсон орлого байхгүй болохоор зээлээ төлөх боломжгүй байсан. 19,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, 14,000,000 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэг, 286-р зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг баримтлан Уртнасангийн Эгаас 19,066,562 /арван есөн сая жаран зургаан мянга таван зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж “И” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,283 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч У.Эгаас 253,283 /хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун наян гурав/ төгрөг гаргуулж И ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч У.Эы давж заалдах гомдлын агуулга: ... 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “И” ХХК-тай 12,000,000 төгрөгийг сарын 2.5%-ийн хүүтэй нэг жилийн хугацаатай зээлж авсан юм. Анхан шатны шүүх нь дээрх ковидын давагдашгүй нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй үндсэн зээл болох 12,000,000 төгрөгөөс гадна хүү, алданги тооцож гаргасан нь үндэслэлгүй байна. Зээлийн гэрээнд үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн тооцсон хүү, алданги нийт 7,066,562 төгрөгийг хүчингүй болгож, үндсэн зээл 12,000,000 төгрөг төлүүлэхийг даалгах, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг зөрчиж зээлийн гэрээний үүргийг хангуулах үл хөдлөх хөрөнгө барьцаалсан гэрээ БГ/20190608 тоот барьцааны гэрээ, улсын бүртгэлийн Г-2201015223 дугаарт бүртгэснийг хүчингүй болгож өгнө үү. Иймд хүү, алданги болох 7,066,562 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оы давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болохоор байсан. Хариуцагч нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хамгийн сүүлийн төлөлт болох 500,000 төгрөгийг төлсөн ба 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оныг хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй. Хариуцагч талаас “И” ХХК-д гаргаж байсан хүсэлт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбарын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч У.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,066,562 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч 14,000,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “И” ХХК нь У.Этай 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 20190608 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 12,000,000 төгрөгийг, сарын 2.5%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн. Гэрээний 2.3-т “Зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлнө” гэж заажээ.

5. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө болох 12,000,000 төгрөгийг хариуцагч У.Эд шилжүүлсэн, хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 1,840,000 төгрөг буцаан төлсөн асуудлаар зохигчид маргаагүй.

7. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

8. “И” ХХК, М.Цтэй 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр БГ/20190608 тоот “Барьцааны гэрээ” байгуулж, уг гэрээгээр М.Цгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 10-р гудамжны 5 тоот хаягт байрлалтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай  675 м.кв газар, М.Цгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 10-р гудамжны 5 тоот хаягт байрлалтай 88 м.кв бүхий хувийн сууцыг тус тус барьцаалжээ. /хх 8-11/

9. Анхан шатны шүүх “И” ХХК-ийн М.Цтэй 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр БГ/20190608 тоот үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан “Барьцааны гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “....Хариуцагчийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг багасгах боломжийг олгосон” гэсэн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 2,133,558 төгрөгийг хасч хариуцагчаас 16,933,004 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгох зүйтэй байна гэж үзэв.

Харин хариуцагчийн “...үндсэн зээлд 12,000,000 төгрөг төлөх” үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч У.Эгаас зээлийн гэрээний үүрэгт 16,933,004 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/00610 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...19,066,562 /арван есөн сая жаран зургаан мянга таван зуун жаран хоёр/” гэснийг “...16,933,004” гэж, “...олгосугай” гэснийг “...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,133,558 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “253,283 /хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун наян гурав/” гэснийг “...242,615” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,015 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ЦОГТСАЙХАН

                                          ШҮҮГЧИД                                  Д.БЯМБАСҮРЭН

                                                                                             Ц.ИЧИНХОРЛОО