Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 314

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Ч.Мөнх-Эрдэнэ;

шүүгдэгч: Б.Давааням (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Батхуягийн Даваанямд холбогдох эрүүгийн 1809014290316 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дугаар сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын армотурчин мэргэжилтэй, “БАТИС ӨРГӨӨ” ХХК-д барилгын арматурчин ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 23а гудамжны 622а тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд байрлах “ЖИГҮҮР” ХХК-ийн ажилчдын байрны 00 тоотод амьдарч байгаа, ял шийтгэлгүй, НМ94091910 регистерийн дугаартай, Боржгон овогт Батхуягийн Давааням.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Давааням нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 8 дугаар байрны 1 дүгээр орцон дотор иргэн Н.Отгонбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт гар болон хөлөөрөө цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Давааням мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Отгонбаяр /хх-ийн 8-11/, гэрч Т.Амаржаргал /хх-ийн 12-13/, Э.Энхбаатар /хх-ийн 15/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2778 дугаартай дүгнэлт /хх-ийн 17/, Б.Даваанямын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24/, Б.Даваанямын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 25-31/, хохирогч Н.Отгонбаярын хүсэлт /хх-ийн 32-33/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Давааням нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 8 дугаар байрны 1 дүгээр орцон дотор  Н.Отгонбаярыг “найзыг дээрэлхэж байна” хэмээн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Н.Отгонбаярын /хх-ийн 10-11/: “... Тэр залуу намайг “манай найзыг яагаад зодож байгаа юм бэ” гээд надтай барьцалдаж аваад миний цамцыг дээрээс доош дарсан. ... Намайг дараад байсан залуу (Давааням) миний зүүн хөмсөгний дээр хөлөөрөө нэг удаа өшиглөөд, хамар руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Энхбаатарын /хх-ийн 15/: “... Би Дүүрэнжаргалтай юм яриад зогсож байтал Дүүрэнжаргалын ах орж ирээд намайг шалтгаангүйгээр цохисон. ... Давааням өөрөө надад ярихдаа “тухайн үед Дүүрэнжаргалын ахыг нэг удаа цохисон” гэж ярьж байсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Даваанямын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 24/: “... Би Энхбаатарыг өмөөрөөд Энхбаатар, Дүүрэнжаргалын ах хоёрын дундуур ороод салгасан ... Дүүрэнжаргалын ах (Н.Отгонбаяр) араас ирээд намайг бариад авахаар нь би доошоогоо дарж байгаад зүүн талын хөмсөг, хамар хэсэгт нь тус тус хальт цохисон...” гэх мэдүүлгээр,

 

Б.Даваанямын буруутай үйлдлийн улмаас Н.Отгонбаярын биед “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал” бүхий хэрэг гарсан цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2778 тоот дүгнэлт /хх-ийн 17/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

 Н.Отгонбаярыг “манай найзыг дээрэлхэж байна” хэмээн буруутган зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Б.Даваанямын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Б.Даваанямын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Н.Отгонбаяр “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 32/” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржгон овогт Батхуягийн Даваанямыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваанямыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ