Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/61

 

 

Б.Г холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                            Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор: Б.Дашням,

Яллагдагчийн өмгөөлөгч: Ж.Х ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.Л ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: З.А ,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/435 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэлд үндэслэн яллагдагч Б.Г холбогдох 2319002040113 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.  

1.Яллагдагчийн биеийн байцаалт:

1.1.Б.Г,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Яллагдагч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а "Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэснийг зөрчиж, жолоодох эрхгүйгээр 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн орчим Дорноговь аймгийн * нутаг дэвсгэрт олон улсын чанартай А/102 дугаартай авто замын зорчих хэсэгт * улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар заалт "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрж, буцаж хөдөлгөөний чиглэлийг өөрчилсний улмаас зам тээврийн ослоос зайлсхийх зорилгоор эсрэг урсгал руу орсон байсан * улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Т.Б амь насыг хохироож, зорчигч насанд хүрээгүй Д.А эрүүл мэндэд аарцаг ясны хугарал, цээж, зүүн бугалганы зулгаралт гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Б.Г холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “…шинжээчийн 24/90 дугаартай дүгнэлтээр "...жолооч Д.Т /ЗХД-ийн 12.3.жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/ замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзэж байна” гэж, мөн шинжээчийн 06/158-1 дугаартай дүгнэлтээр “...жолооч Д.Т ЗХД-ийн 11.3-р заалт буюу эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн” гэсэн зөрүүтэй дүгнэлтүүд гарсан, мөн 24/90 дугаартай дүгнэлтэд шинжээч нь 2, 3 дахь асуултад бүрэн хариулаагүй, хариулт нь асуулттай нийцээгүй, "Тоёото Ланд круйзер маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь хөдөлгөөнд аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зогсоох арга хэмжээ авсан байх тул" гэж дүгнэсэн боловч хурд нь тодорхойгүй, мөн 06/158, 06/158-1 дугаартай дүгнэлтэд * улсын дугаартай цагаан өнгийн Ланд-78 маркийн /схем зургаар зам дээр мөр гарсан/ тээврийн хэрэгсэл, * улсын дугаартай цагаан өнгийн Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгслүүдийн хурдыг ямар үндэслэлээр тогтоох боломжгүйгээ тусгаагүй, 06/158-1 дугаартай дүгнэлтээр "* улсын дугаартай цагаан өнгийн Ланд-78 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Т нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. ЗХД-ийн 11.3-р заалт буюу эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн" гэж, 24/90 дугаартай дүгнэлтээр “Д.Т замын ослоос зайлсхийхийн тулд зогсоох арга хэмжээ авч, автомашины чиглэлийг өөрчлөн эсрэг урсгал сөрсөн бөгөөд энэ нь оновчгүй болсон” гэж үзэж дүгнэснээс үзвэл Д.Т зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэх нь тодорхойгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдлоо. 

Мөн 1 хавтаст хэргийн 51-52 талд гэрч Баярсайхан мэдүүлэхдээ "...намайг 100 км цагийн хурдтай явж байхад миний хажуугаар Цагаан өнгийн Лонг машин гүйцэт түрүүлсэн болохоор ойролцоогоор 110-120 км цагийн хурдтай явсан байх” гэж мэдүүлгийг үндэслэн тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжтой эсэх дээр шалгалтын ажиллагаа явуулаагүй,

Техникийн эвдрэлийн талаар шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг /1хх 121 ху/ шинжээчид танилцуулж, эрх үүргийг тайлбарлаж, хууль сануулаагүй, мөн хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг оролцогч нарт бүрэн танилцуулаагүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр 4 дэх хэсэгт "Яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжилгээ хийлгэх шийдвэрийг танилцуулна” гэснийг зөрчсөн,

Дээрхи нөхцөл байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүйгээс энэ шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй,

Яллагдагч Б.Г холбогдох эрүүгийн 2319002040113 дугаартай хэргийг прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

Энэ захирамжийг прокурор, оролцогч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор Б.Дашням эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Цагаан шонхрын жигүүр нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын 24/90 дугаартай дүгнэлт нь нэмэлт шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоолын дагуу гаргасан нэмэлт шинжээчийн дүгнэлт бөгөөд түүнийг дахин шинжээчийн дүгнэлт гэж үзэх нь үндэслэлгүй. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн дүгнэлтийг дахин шинжээчийн дүгнэлт гэж захирамжид тусгасан байх бөгөөд нэмэлт шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэмэлт шинжилгээ хийнэ" гэж заасан ба дахин шинжээчийн дүгнэлт нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар "Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ" гэж зааснаараа ялгаатай. 

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик инженерийн сургуулийн шинжээч нарын 06/158 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Б.Г замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнийг тогтоосон дүгнэлтэд Тоёота Лонг загварын * улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Т замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг хэрхэн зөрчсөн талаар тусгаагүй байсан ба 06/158-1 дугаартай дүгнэлтэд Д.Т замд учирсан аюул саадын талаар тусгаагүй байсан тул тухайн асуултыг шинжээчид нэмэлтээр тавьсны дагуу 24/90 дугаартай дүгнэлтийг гаргасан билээ. 

Шинжээчийн 06/158 болон 06/158-1 дугаартай дүгнэлтүүдэд тусгагдсанаар Д.Т Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-р заалт буюу эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрохоос бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэсэн байх бөгөөд Б.Г жолоодон явсан * улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг урсгал сөрөн эсрэг урсгалд орсноор замд аюул саад бий болгосон талаар ямар нэгэн хариулт өгөөгүй байсан тул нэмэлт шинжилгээ хийлгэн тухайн асуудлыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 27.2 дугаар зүйлд заасны дагуу хийгдсэн нэмэлт шинжээчийн 24/90 дугаартай дүгнэлтээр тодорхой болгосон байна. 

Иймд нэмэлт болон анхдагч шинжээчийн дүгнэлт нь хоорондоо ямар нэгэн зөрүүгүй, 24/90 дугаартай дүгнэлт нь 06/158 болон 06/158-1 дугаартай дүгнэлттэй холбоотойгоор үүссэн шинэ нөхцөл байдлыг тодруулж, дэлгэрэнгүй, тодорхойгоор хариулсан байна. 

Мөн шинжээч нь бусдын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхгүй бөгөөд яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг гагцхүү шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан шийдвэрлэх ёстой байхад шинжээчээр гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлүүлэх нь үндэслэлгүй юм. 

Гэтэл шүүхээс дээрх дүгнэлтүүдийг хоорондоо зөрүүтэй гэж үзэн түүнээс шалтгаалан шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байх бөгөөд шинжээчээр бусдын гэм буруутай эсэх асуудлыг тогтоолгохоор захирамж гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах ёстой атал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас давж * улсын дугаартай Тоёота Лонг загварын тээврийн хэрэгслийн хурдыг тогтоолгох мөрдөн шалгах ажиллагааг явуулахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй болох нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон билээ. 

Мөн гэрчийн мэдүүлэг болон * улсын дугаартай Тоёота Лонг загварын тээврийн хэрэгслийг зогссон газар болон осол болсон гэх газрын хоорондын зай, хугацаанд үндэслэн хурдыг тогтоох боломжтой гэж үзжээ. 

Гэтэл дээрх аргаар тээврийн хэрэгслийн хурдыг ойролцоогоор тогтоох боломжтой бөгөөд энэ нь хэргийн бодит байдлыг тогтоох шууд нотлох баримт болж чадахгүй байхад тухайн ажиллагааг хийлгэх нь үндэслэлгүй байна. 

Мөн ямар шалтгаанаар хурдыг тогтоох боломжгүй гэдгийг асуух шаардлагатай бол шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан тодруулах боломжтой юм. 

Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг оролцогч нарт бүрэн танилцуулаагүй бөгөөд энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчиж байна гэх боловч хэргийн оролцогч нараас шинжээчийн дүгнэлттэй танилцуулаагүй талаар гомдол, хүсэлт гаргаагүй бөгөөд хавтаст хэргийн материалыг бүрэн танилцуулснаар дээрх зөрчлийг арилгасан байна. Мөн шинжээчийн дүгнэлттэй танилцсаны үндсэн дээр яллагдагч Б.Г өмгөөлөгч Ж.Х  нь дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг прокурорт гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан байгаа болно. 

Дээрхээс гадна шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор Д.Т зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэх нь тодорхойгүй гэж үзсэн нь шүүгдэгч Б.Г гэм буруугийн асуудалд шүүхээс урьдчилан дүгнэлт хийж, гэм буруутай эсэхэд эргэлзээ бий болсныг илтгэж байх бөгөөд энэхүү эргэлзээний үндсэн дээр шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчиж байна. 

Иймд шүүгчийн 435 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Л  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргээ л хурдан шийдүүлмээр байна.” гэв.

7.Хохирогчийн хууль ёсны төлөөгчийн өмгөөлөгч З.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын зүгээс гаргаж байгаа эсэргүүцлийг өмгөөлөгчийн зүгээс үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хэдийгээр энэ хэрэг шинжээчийн дүгнэлтээр зөрүүтэй дүгнэгдсэн байгаа. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийг шинжээчийн дүгнэлттэй харьцуулан шинжлээд үзэхээр мөн зөрүүтэй байдаг. Зам тээврийн осол болсон шалтгаан нөхцөл буюу хуульд зааснаар тухайн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь юу гэдгийг шинжээчийн дүгнэлтээр бүрэн тогтоож чадаагүй. Анх гарсан шинжээчийн дүгнэлтээр Төгсбилэгтийг тухайн аюул саад бий болоход тойрч орж байгаа үйлдэл нь оновчгүй болсон байна л гэж дүгнэсэн байгаа. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг дүгнэх болохоос биш, оновчтой оновчгүй байдлыг дүгнүүлэхээр асуулт тавиагүй. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас харахад шинжээчийн дүгнэлт хэргийн газрын үзлэгээс зөрүүтэй нөхцөл байдлаар дүгнэгдсэн байгаа учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад мөргөлдсөн цэгийг А цэгээр тэмдэглэсэн. А цэг нь Б.Г зорчин явж байсан хэсэг байдаг. Энэ хэсгээс 7893 дугаартай машиныг хэмжилт хийхэд 8.7 метрийн хэмжээс гарсан байдал хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдчихсан. Тэгэхээр замын нийт өргөн 8 метр байгаа. Б.Г мэдүүлгээс харахад өөрийн эгнээндээ явж байсан болохоос биш эсрэг урсгал зорчсон гэсэн зүйл байдаггүй. Мөн Төгсбилэгтийн мэдүүлгээс харахад эсрэг урсгалаас приус маркийн машин ороод ирчихсэн нөхцөл байдал харагддаг. Тэгэхээр хэргийн газрын үзлэг, холбогдогч нарын мэдүүлэг хоорондоо ямар зөрүүтэй байгаа гэдэг нөхцөл байдал харагдахаас гадна хэргийн газрын үзлэг тухайн хэрэгт болсон нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тусгаагүй. Хэргийн газрын үзлэг нь энэ хэргийн хамгийн чухал эх сурвалж болох баримт байхад үүнийг дутуу хийсээр хэргийн нөхцөл байдал бүрэн бодитой тогтоогдох боломжгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байгаа учраас хэргийг прокурорт буцаасан захирамжийг хэвээр үлдээж өгөөч гэсэн хүсэлтэй байна.” гэв.

8.Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Х  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ осол нь Б.Г зорчиж явсан эгнээнд болсон байгаа. Шинжээчийн дүгнэлт хоёр удаа гарсан. Анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй тодорхой биш гарсан гэж үзэх үндэслэлтэй байгаа. Яагаад гэхээр 7398 дугаартай машины жолооч эсрэг урсгалд орж осол хийчхээд, зогсоох арга хэмжээ авсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Яаж зогсоох арга хэмжээ авсан гэж үзэх юм гэхээр тухайн аюул ослыг мөргөхгүйгээр өнгөрсөн байхыг л хэлнэ. Тэгсэн очоод мөргөчихсөн байгаа. Хурдны асуудал яагаад яригддаг вэ гэхээр харриер маркийн машины жолооч “машиныхаа хаазыг би 100 км цагийн хурд дээр түгжээд явж байсан” гэж гэрчээр мэдүүлэг өгдөг. 100 км цагийн хурдтай явж байхад хажуугаар нь гүйцэт түрүүлээд явсан гэхээр тухайн машины хурд тодорхой харагдаж байгаа. Аюул тохиолдсон үед баруун гарын дүрмийг бариад хөвөө рүү шахаж зогсоох ч гэдэг юм уу ийм үйлдэл хийгээгүй, эсрэг урсгалд ороод мөргөлдчихсөн. Энэ дээр нь 7398 дугаартай машины жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх дээр дүгнэлт гаргаад 5 өгөөч гэхээр ийм эргэлзээтэй тодорхой биш дүгнэлт гаргаад байгаа. Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шүүх гэм буруугийн асуудлыг шийдэх гэхээр эргэлзээ үүсээд байна гээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Захирамж дээрээ шинжээчийн дүгнэлтүүд тодорхой бус, асуултуудад хариулаагүй, хариулсан нь тодорхой бус байгаа учраас энэ шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гээд хэргийг буцаасан нь үндэслэлтэй байгаа. Тиймээс прокурорыг эсэргүүцэл үндэслэлгүй, анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдагдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд “Хэргийг прокурорт буцаасан тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан ослын талаарх техникийн шинжээчийн 24/90, 06/158-1 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй гарсан учраас хэргийн бодит байдал эргэлзээтэй байна гэж гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Учир нь:Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурорыг нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй байна гэж үзнэ.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн * нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт * улсын дугаартай “тоёота приус20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Г Д.Т жолоодож явсан* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас Б.Г автомашинд зорчиж явсан Т.Б амь нас хохирч, 4 настай Д.А эрүүл мэндэд аарцаг ясны хугарал, цээж, зүүн бугалганы зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт болсон байна.

3.Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд зурагдсан ослын зураг нь техникийн шинжээчийн дүгнэлт гаргахад чухал ач холбогдолтой ба ослын зураг үндэслэлтэй гараагүй талаар яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс маргаж байгаа тул хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор осол болсон нөхцөл байдлыг туршилтаар нөхөн тогтоох боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

Өөрөөр хэлбэл: Зам тээврийн ослын зурагт үндэслэн гарах техникийн шинжилгээ нь тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудал ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болох хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гол нотлох баримт болох учиртай.

Хэрэгт авагдсан 2 удаагийн техникийн шинжээчийн дүгнэлт нь хоорондоо зөрүүтэй, мөрдөгчөөс тавьсан асуултад шинжээч бодитой хариулаагүй орхигдуулсан шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлэх боломжгүй юм.

Мөн гэрч Баярсайханы мэдүүлэг нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдүүлэг болохыг мөрдөгч, прокуророос анхаараагүй ба техникийн шинжээчийн дүгнэлт гарахад мөн ач холбогдолтой мэдээлэл байна.

Иймд эдгээр үндэслэлүүдээр ослын нөхцөл байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд заасны дагуу мөрдөн шалгах туршилт хийх буюу болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн дүрслэхтэй холбоотой туршилтыг боломжит байдлаар хийх нь ослын зургийг үндэслэлтэй зөв гаргах, нэмэлт эсхүл дахин шинжилгээ хийлгэхэд ач холбогдолтой юм.

4.Хэргийн оролцогчид буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5, 8.2 дугаар зүйлүүдэд зааснаар яллагдагч болон хохирогчийн эрхэд “...мөрдөгчийн гаргасан шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн материалтай танилцах эрх, мөрдөгчөөс тэдгээрийг танилцуулах үүрэг тус тус хангалттай хэрэгжээгүй байгааг  хангаж ажиллахыг мөрдөгч, прокурор нь анхаарах ёстой.

5.Эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн яллагдагч Б.Г холбогдох хэрэгт шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “... яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд ... шүүх өөрийн санаачилгаар хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэсэнд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэл нийцсэн.

Эдгээр ажиллагаанууд нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй, зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдэх тул хэргийг хэргийг прокурорт буцаах нь зөв юм.

Иймд эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын “ ...анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэснийг зөрчсөн “гэсэн үндэслэлээр гаргасан эсэргүүцэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/435 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүхэд очтол яллагдагч Б.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ                       О.ОДНЯМАА

ШҮҮГЧ                       А.САЙНТӨГС