| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 156/2024/00445/И |
| Дугаар | 192/ШШ2025/07348 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/07348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р******* ХХК-иийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.З-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 43 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц******* /цахимаар/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Р******* ХХК нь хариуцагч Г.З*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Г.З*******ийн хүсэлтээр зээлийн гэрээ байгуулж, 29,000,000 төгрөгийн үнэ бүхий хүнсний дэлгүүрийн барааг сарын 0 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээг нийт 3 хувь үйлдэн, нотариатчаар гэрчлүүлж, нэг хувийг нотариатын товчоонд, бид тус бүр нэг хувийг авсан. Зээлийн гэрээ байгуулсан дор нь миний бие дэлгүүрийн барааг тоолон өгч тооллогын дүн барааны тоо баримтыг Г.З*******ийн u******* и-мэйл хаягаар илгээж баримтжуулсан. Зээлийн гэрээнд заасан хуваарь ёсоор иргэн Г.З******* нь эхний нэг сар төлөхгүй, дараа сараас эхлэн зээлийн нийт дүнг тав хуваан төлөх бөгөөд гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Зээлдэгч эхний төлөлт хийх хуваарьт хугацаандаа төлбөрийг өгөөгүй тул түүнтэй утсаар холбогдон шаардахад тэрээр ...энэ сард манай орлого маш муу байлаа дараа сард яг өгнө гэсэн. Дараа сард дахин холбогдоход ...удахгүй бөөн мөнгө орж ирнэ, түр хүлээж байгаарай, ёстой уучлаарай гэдэг тайлбарыг өгсөн. Миний бие тухайн үед нь түүнд итгээд тийм бол яах вэ гээд хүлээсэн. Гэвч зээлээ төлөхгүй байсан учир зээлийн алданги тооцно шүү гэж сануулахад тэрээр ...удахгүй манай нөхрийн барилгын компаниас бөөн мөнгө орно тэгэхээр зээлээ бүрэн даръя гэх тайлбар өгсөөр байв. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч зээлийг төлөөгүй бөгөөд шаардахад ...та хэд хоног хүлээж байгаач гэдэг тайлбарыг өгсөн. Ингээд дахин нэг сар хүлээсэн ч зээлийг өгөөгүй. Миний бие түүнд итгээд ямар ч барьцаагүй, ямар ч хүүгүй бараагаа зээлдүүлсэн байхад миний итгэлийг алдсанд гомдолтой байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 29 000 000 төгрөг, зээлийн алданги 14 500 000 төгрөг, нийт 43 500 000 төгрөгийг Г.З*******ээс гаргуулж өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би хүнсний дэлгүүр ажиллуулж байсан юм. Ажлын хажуугаар ажиллуулахад хэцүү байсан учраас дэлгүүрээ буулгахаар болсон юм. 32 000 000 төгрөгийн бараа үлдсэн байсан. Хариуцагч нь нөхөртэйгээ ирээд үзээд 32 000 000 төгрөгийн бараа байсныг тоолсон, мөн код байхгүй бараа байсан. Тэгээд хямдруулаад өгье гээд 29 000 000 төгрөгт тооцоод өгсөн. Бүх барааг тоолоод хүлээж аваад гэрээ хийсэн юм. Үлдэх мөнгийг нь төлөөд өр барагдуулах болно гээд гэрээ байгуулсан юм. Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан юм. Би мөнгөө төлчих байх гээд л бодсон, тухайн үед Г.З******* нь өөрөө дэлгүүр ажиллуулдаг байсан. Мөн вакум цонхны үйлдвэртэй байсан болохоор удахгүй өгчих байх гэсэн юм. Гэтэл өгөөгүй, дараа гэсээр байгаад л би хүлээж байсан, шүүхэд өглөө, алданги нэхээд мөнгөө нэхнэ гэсэн, нэхэмжлэл гаргаснаас хойш үндсэн зээлээ л төлчих гэсэн боловч төлөөгүй, удаа дараа хуралдаан зарласан. Би шүүхэд өгөхөөс өмнө болон өгчхөөд мөн л үндсэн мөнгөө төлчих гээд боломж олгож байсан ч төлөөгүй. Иймд 43 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авсан нь үнэн. Тухайн бараа зарагдах эсэх асуудал яригдана. Тиймээс ямар нэгэн байдлаар хүү, алданги тооцогдохгүй гэсэн байдаг. Бид өнөөдөр 29 000 000 төгрөгийн бараа авсан учраас төлчихнө. Харин алдангийг төлөхгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа төлөөгүй бол алданги төлөх гэж байгаа учраас бид мөнгөн хөрөнгө биш бараа хүлээлцсэн учраас алданги төлөхгүй, тийм үүрэг үүсээгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, хуулийн этгээдийн гэрчилгээ, 2024.01.17-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, хавсралт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас оршин суугаа хаягийн лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүд гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Г.З*******т холбогдуулан бараа зээлээр өгч, зээлийн гэрээ байгуулсан боловч үнийг эргүүлэн төлөөгүй, үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 29 000 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангид 14 500 000 төгрөг, нийт 43 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь Р******* ХХК-иас бараа зээлээр авч зээлийн гэрээ байгуулсан, гэрээний зүйл болох бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авсан талаар маргаагүй боловч бараа хүлээн авсан тул үнийг төлнө, алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Р******* ХХК, хариуцагч Г.З******* нар нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч буюу нэхэмжлэгч нь 29 000 000 төгрөгөөр хүнсний барааг худалдан авагчид худалдаж, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээлгэн өгөх, худалдан авагч буюу хариуцагч нь 29 000 000 төгрөгийг 6 сарын хугацаанд худалдагчид төлж барагдуулахаар, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.
5.Талуудын маргааны зүйл нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги төлөх эсэх талаар байна, зээлээр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулсан, барааг хүлээлгэн, хүлээн авсан талаар маргаагүй байна.
6.Нэхэмжлэгч Р******* ХХК нь хариуцагч Г.З*******тэй 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хүнсний барааг хүлээлгэн өгсөн талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
6.1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
6.2.Иймд нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 29 000 000 төгрөгний хүнсний барааг хариуцагч Г.З*******т шилжүүлсэн, хариуцагч нь зээлийн гэрээний зүйл болох хүнсний барааг хүлээн авсан боловч 29 000 000 төгрөгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй, хариуцагч нь хүлээн авсан барааны мөнгийг буцаан өгөх үүрэгтэй болно.
6.3.Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид эд хөрөнгө шилжүүлсэн тул хариуцагч нь шилжүүлэн авсан эд хөрөнгийн мөнгийг төлөх үүрэгтэй тул хариуцагчаас 29 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р******* ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
7.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 14 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-т мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа төлөөгүй бол алданги төлөх гэж заасан, зохигч талууд мөнгөн хөрөнгө биш бараа хүлээлцсэн учраас алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
7.1.Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.5-т Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж харилцан тохиролцсон, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
7.2.Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан боловч энэ нь нэхэмжлэгчийн үүргээ хугацаандаа төлөөгүй гэж алданги шаардсантай хамааралгүй, хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж харилцан тохиролцсон, гэрээний 3.1-д хэсэгчлэн төлөх төлбөрийн хугацааг 6 сар, 2024 оны 03 дугаар сарын 17-ноос эхлэн 5 800 000 төгрөгөөр сар бүрийн 30-ний дотор төлж байна гэсэн болох хариуцагч нь дээрх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй байна.
7.3.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ гүйцэтгээгүй алдангид 14 500 000 төгрөгийг нэхэмжилсэн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэлгүй.
8.Иймд хариуцагч Г.З*******ээс зээлийн гэрээний үүрэгт 29 000 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 14 500 000 төгрөг, нийт 43 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р******* ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.З*******ээс 375 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г.З*******ээс зээлийн гэрээний үүрэгт 29 000 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 14 500 000 төгрөг, нийт 43 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р******* ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.З*******ээс 375 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН