| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/05715/И |
| Дугаар | 192/ШШ2025/07350 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/07350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.П-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 91 761 343.64 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А******* ХХК нь хариуцагч Э.П*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 91 761 343.64 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.А******* ХХК нь зээлдэгч Э.П*******тэй 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 620021002107012593 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулан 75 000 000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй олгож зээлдэгчийн А*******ан дахь 2107012588 тоот харилцах дансанд шилжүүлсэн. Талууд зээл, зээлийн хүү төлөх хуваарийг 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 30 сарын хугацаанд сар бүр тэнцүү дүнгээр 3 585 652.34 төгрөг төлөхөөр тохиролцож баталсан. Зээлдэгч нь зээлийн гэрээн үүргээ зөрчиж, эргэн төлөлтийн үүргийн төлбөр хуваарийн дагуу төлөлт хийгээгүй тул удаа дараа зээлийг төлөх мэдэгдэл өгч байсан боловч зээлийн төлбөр төлөөгүй байна. Зээлдэгч нь 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 75 000 000.00 төгрөг, зээлийн үндсэн хүү 16 336 042.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 425 301.51 төгрөг, нийт 91 761 343.64 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 91 761 343.64 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Зээлийн гэрээ байгуулсан зээл олгосон. Нийт 30 сарын хугацаанд төлөхөөр тохиролцож 75 000 000 төгрөгийг зээлсэн байдаг. Иймд үндсэн зээл 75 000 000 төгрөг, хүү 16 336 042 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 425 301 төгрөг, нийт 91 761 343 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь зээлийн үүрэгт 17 500 000 төгрөгийг төлсөн тул хасаад үлдэх 74 261 343 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна, шүүхээр шийдвэрлүүлэх саналтай байна гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулсан, зээл авсан талаар маргахгүй, нэхэмжлэлийг гардаж авснаас хойш төлбөрийг төлсөн. Хариуцагчийн зүгээс 5 сарын хугацаандаа төлөөд барагдуулчихья гээд байгаа. Уг мөнгийг төлөхийг зөвшөөрч байна, тиймээс тайлбар байхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024.07.25-ны өдрийн Бизнесийн зээлийн гэрээ, хавсралт, 2024.07.25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, барьцаалбар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205******* дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, зээл хүсэгчийн анкет, мемориалын баримт, зээлийн дансны хуулга, 2024.10.29-ний өдрийн Мэдэгдэл, холбоо барих тэмдэглэл гэсэн баримтуудыг,
хариуцагчаас иргэний үнэмлэхний лавлагаа, хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Э.П*******г зээлийн гэрээний үүргээ зөрчиж, ашигласан зээлээ хүүгийн хамт хугацаандаа төлж барагдуулаагүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 75 000 000.00 төгрөг, зээлийн хүү 16 336 042.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 425 301.51 төгрөг, нийт 91 761 343.64 төгрөгийг гаргуулж, үүргээ гүйцэтгэхгүй зохих ёсоор гүйцэтгэхгүй бол хариуцагч Э.П*******гийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 17 500 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 74 261 343 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь А******* ХКК-тай зээлийн гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаараа маргаагүй, санхүүгийн боломжгүй байдлаас болж зээлээ хугацаандаа төлөх боломжгүй болсон, зээлийн үүрэгт 17 500 000 төгрөгийг төлсөн, үлдэх мөнгийг 5 сарын хугацаанд төлөхөд татгалзахгүй гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч А******* ХХК нь хариуцагч Э.П*******тэй 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр №MN620021002107012593 тоот Бизнесийн зээлийн гэрээ байгуулж, хэрэглээний зориулалтаар 75 000 000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №MN620021002107012593 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр хариуцагч Э.П*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205******* дугаартай Б дүүрэг, 12 тоот хаягт байрлах, 61.96 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай гурван өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зээлийн болон барьцааны гэрээ, зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарь, барьцаалбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл хүсэгчийн анкет, хүсэлт, зээлийн дансны хуулга, мемориалын баримт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5.1.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451.2-т зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна, 156 дугаар зүйлийн 156.1-д барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-д үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж зааснаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
6.Нэхэмжлэгч А******* ХХК нь хариуцагчаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хэрэгт авагдсан зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлийн тооцооллоор хариуцагч Э.П*******гээс үндсэн зээлийн үлдэгдэл 75 000 000 төгрөг, зээлийн хүү 16 336 042 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 425 301 төгрөг, нийт 91 761 343 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй, хариуцагч зээлийн тооцооллыг хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 17 500 000 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээний үүрэгт 74 261 343 төгрөг үлдсэн талаар хэн аль нь маргаагүй.
6.1.Мөн талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №MN620021002107012593 тоот Бизнесийн зээлийн гэрээний хугацаа нь 30 сар буюу 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн төлбөрийг төлөх хуваарьт заасан хугацаандаа төлөөгүй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж байсан ч зээл хугацаандаа төлөгдөхгүй болсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д зааснаар хугацаанаас өмнө гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүргийг шаардсан шаардлагыг гаргасан, гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар хариуцагч нь хүлээн зөвшөөрсан болно.
6.2.Иймд нэхэмжлэгч А******* ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар 75 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн хуваарийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь гэрээг цуцлаж, хариуцагчаас үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй гэж үзэж, хариуцагч Э.П*******гээс зээлийн гэрээний үүрэгт 74 261 343 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А******* ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
7.Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд зохигч талууд 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №MN620021002107012593 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр хариуцагч Э.П*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205******* дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг, 12 тоот хаягт байрлах, 61.96 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай гурван өрөө орон сууцыг барьцаалжээ.
7.1.Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №MN620021002107012593 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 4.1-т Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, зээл, зээлийн хүүний төлбөрийг зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу удаа дараа төлөөгүй эсхүл зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бол Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагчид үүснэ гэж харилцан тохиролцжээ.
7.2.Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар хариуцагч Э.П******* нь үүргээ гүйцэтгэхгүй, зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгө болох хариуцагч Э.П*******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна гэж үзэв.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 686 957 /616 757+70 200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.П*******аас 599 456 /529 256+70 200/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э.П*******гээс зээлийн гэрээний үүрэгт 74 261 343 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А******* ХХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Э.П******* нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол Э.П*******гийн өмчлөлийн Б дүүрэг, 12 тоот хаягт байрлах, 61.96 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай гурван өрөө орон сууцыг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 686 957 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.П*******аас 599 456 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А******* ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН