| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/03318/И |
| Дугаар | 192/ШШ2025/07352 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/07352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э******* ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 100 426 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, түүний өмгөөлөгч Х.Б******* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ө******* ХХК нь хариуцагч Э******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 100 426 200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Манай Ө******* ХХК нь Э******* ХХК-тай 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1/19 дугаартай Угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Х дүүргийн нүхтийн аманд Аялал жуулчлалын цогцолбор барилга-ийн 7 хаусны барилгын каркас угсралтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээгээр суурийн ажлыг метр квадратыг 80,000 төгрөгөөр, каркас угсралтын ажлыг метр квадратыг 160 000 төгрөгөөр, паркет угсралтын ажлыг метр квадратыг 80 000 төгрөгөөр 60 000 төгрөгөөр тус тус хийхээр тохиролцсон. Захиалагч Э******* ХХК нь ажлын хөлсийг барилгын үе шат болгоны гүйцэтгэл дуусаж, ажлын гүйцэтгэлийг гаргасны дараа гэрээний 5.8 дахь заалтын дагуу 3 хоногт багтаан шилжүүлэх үүрэг хүлээсэн. Захиалагчийн 7 хаусны барилгын каркас угсралтын ажлыг урьдчилсан тооцооллоор 668 408 000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр төлөвлөж, үүний 10%-ийг гүйцэтгэлийн баталгаа, 5%-ийг чанарын баталгаанд авч үлдэж, үлдсэн 568 146 800 төгрөгийн санхүүжилтийг эхний, дундын, сүүлийн гүйцэтгэл гэж 3 хуваан олгоно гэсэн. Манай компанийн ажлын эхний гүйцэтгэл 215,840,000 төгрөг болсон ба үүнээс 214 511 600 төгрөгийг /1 328 400 төгрөгийг дутуу/ захиалагч төлсөн. Барилгын талбайд өндөр хүчдэлийн шугамаас чөлөөлөөгүй, мөн өвлийн улирал болсонтойгоор дундын гүйцэтгэлийн актыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр талууд үйлдэн баталгаажуулсан ба дундын гүйцэтгэлийн дүн нь өмнөх гүйцэтгэлийн дутуу төлбөртэй нийлээд 116 950 800 төгрөг болсон. Ингэж гүйцэтгэлийн акт үйлдсэнээс хойш 3 хоногийн дотор гүйцэтгэлийн ажлын хөлс 116 950 800 төгрөгийг захиалагч төлөх ёстой ч хугацаандаа төлөөгүй бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 50 000 000 төгрөгийг төлж, 66 950 800 төгрөгийг төлөхгүй үлдээсэн. Гэвч үлдэгдэл 66 950 800 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй гэрээнд заасан хугацааг 126 хоногоор /2024.12.01-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл/ хэтрүүлсэн байна. Э******* ХХК-аас үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа маш олон удаа шаардсан боловч төлөхгүй, гэрээгээ зөрчсөөр байгаа билээ. Угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 5.8-д захиалагч тал гүйцэтгэгчид ажлын хөлсийг 3 хоногт багтаах шилжүүлэх үүрэгтэй, мөн гэрээний 4.3-д гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсийг олгоогүй тохиолдолд хэтэрсэн хоног тутам 0.5%-ийн алданги төлөхөөр заасан. Гүйцэтгээгүй үүргийн дүн болох 66 950 800 төгрөгийн нэг хоногийн алдангийн хэмжээ 334 754 төгрөг бөгөөд хэтрүүлсэн 126 хоногоор үржүүлэхэд 42 179 004 төгрөгийн алдангийн тооцоо гарч байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтэрч болохгүй заалтын дагуу 33 475 400 төгрөгийн алданги шаардах эрхтэй. Иймд ажлын хөлсний үлдэгдэл 66 950 800 төгрөг, алданги 33 475 400 төгрөг, нийт 100 426 200 төгрөгийг Э******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч нь 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 7 хаусны барилгын карказ хийхээр болсон. Ажлын хөлсийг гүйцэтгэлийг дуусахаар шилжүүлэхээр гэрээний 5.8-д тохиролцсон. Гэрээний урьдчилсан тооцоогоор 668 408 000 төгрөг болсон, чанарын баталгаа 10 хувь авна гээд 3 хуваан өгөхөөр болсон. Эхний гүйцэтгэл 215 840 000 төгрөг болсон үүнээс 214 511 600 өгсөн 1 328 400 төгрөг дутуу өгсөн. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дундын гүйцэтгэл нь 116 950 800 төгрөг болсон. Дундын гүйцэтгэл 113 622 400+1 328 400+2 000 000 төгрөг байсан. Дутуу төлөгдсөн өмнөх гүйцэтгэлтэй холбоотой 116 950 800 төгрөг болсон. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 50 000 000 төгрөгийг төлсөн, 66 950 800 төгрөг үлдсэн. 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлөх байсан боловч төлөөгүй юм. Иймд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоод 33 475 400 төгрөг болсон, нийт 100 426 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д******* нь нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гардан авч хуульд заасан хугацаанд буюу 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хариу тайлбараа ирүүлэх байсан боловч хуульд заасан хугацааны дотор тайлбараа ирүүлээгүй болно.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шилжүүлгийн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2024.09.20-ны өдрийн №1/19 тоот Угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, компанийн дүрэм, дансны хуулга гэсэн баримтуудыг,
хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүд, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Э******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээнд заасан үүргээ биелүүлж ажил гүйцэтгэсэн боловч хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 66 950 800 төгрөгийг төлөөгүй, гэрээнд үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол алданги төлөхөөр харилцан тохиолцсон тул ажлын хөлсний үлдэгдэл 66 950 800 төгрөг, алданги 33 475 400 төгрөг, нийт 100 426 200 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Ө******* ХХК нь хариуцагч Э******* ХХК-тай 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр №1/19 тоот Угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гүйцэтгэгч Ө******* ХХК нь Х дүүрэг, Нүхтийн аманд байрлах, Аялал жуулчлалын цогцолбор барилгын 6 барилгын каркас угсралтын ажлыг гэрээнд заасан хугацаанд зургийн дагуу чанартай, бүрэн хийж гүйцэтгэх, захиалагч Э******* ХХК нь суурийн ажлыг 1 м.кв 90 000 төгрөг, каркас угсралтын ажлыг 1 м.кв 180 000 төгрөг, паркет угсралтын ажлыг 1 м.кв 60 000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.
4.2.Хариуцагч Э******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д******* нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэсэн үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна.
5.Зохигч талууд 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр №1/19 тоот Угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар хүлээн зөвшөөрч маргаагүй, хариуцагч нь хариу тайлбар ирүүлээгүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
5.1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-д ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заажээ.
5.2.Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн байхад хариуцагч нь гэрээнд заасан ажил үйлчилгээний хөлсийг төлөөгүй, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 50 000 000 төгрөгийг төлсөн боловч үлдэх 66 950 800 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлаад энэ нь хэрэгт авагдсан ажлын гүйцэтгэлийн баримт, дансны хуулгаар нотлогдоно гэсэн.
5.3.Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №1/19 тоот Угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т Ажлын хөлсийг талууд суурийн ажлыг 1 м.кв 90 000 төгрөг, каркас угсралтын ажлыг 1 м.кв 180 000 төгрөг, паркет угсралтын ажлыг 1 м.кв 60 000 төгрөг. Уг үнэнд, барилгын хэв хашмал тулаас /пум, сапуд/ орсон хөлс болно... гэж харилцан тохиролцжээ.
5.4.Хэрэгт авагдсан Улаанбаатар хотын Х дүүргийн Нүхтийн ам Э******* ХХК-ийн жуулчдын түрээсийн сууц 101-104 тоот, 201-207 тоот барилгын каркас угсралтын ажлын гүйцэтгэл №2 гэсэн баримт болон нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулгаар 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр орлого 50 000 000 төгрөг угсралтын ажлын хөлс Э ХХК гэсэн гүйлгээ, Хаан банкны Т*******ын Э*******ын 503 тоот дансны хуулгаар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр харьцсан данс 345 тоот данс, гүйлгээний утга угсралт ажлын хөлс Ж, 50 000 000 төгрөг гэсэн баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв.
5.5.Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэж гэрээнд зааснаар төлбөрийг шаардсан нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч нь гэрээгээр харилцан тохиролцсон ажлын хөлс төлөх үүргээ биелүүлэх үүрэгтэй байна гэж үзэв.
5.6.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхээ хэрэгжүүлээгүй, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн үүргээ биелүүлээгүй болно.
6.Иймд хариуцагч Э******* ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл 66 950 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө******* ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзэв.
7.Нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алдангид 33 475 400 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 5.8-д захиалагч тал гүйцэтгэгчид ажлын хөлсийг 3 хоногт багтаан шилжүүлэх үүрэгтэй, 4.13-д захиалагчаас гэрээнд заасны дагуу ажлын хөлсөө шаардах эрхтэй. Гэрээнд заасан хугацаанд ажлын хөлс олгогдоогүй тохиолдолд ажлыг зогсоож хугацаа хэтэрсэн хоног бүрд өдрийн 0,5 хувийн алданги нэхэмжлэх эрхтэй гэж харилцан тохиролцжээ.
7.1.Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алданги шаардсан нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.
8.Иймд хариуцагч Э******* ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл 66 950 800 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангид 33 475 400 төгрөг, нийт 100 426 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө******* ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 660 081 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 660 081 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
10.Тус дүүргийн шүүхээс 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутаас товлон зарласан шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******ид түүний 99 дугаарын утсаар нь зурвас бичиж мэдэгдсэн, мөн өмгөөлөгч Х.Б*******гийн 8808 дугаарын утсаар нь мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хэн аль нь хүрэлцэн ирээгүй, хүсэлт санал ирүүлээгүй, шүүхээс 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан боловч шүүх хуралдаан товлон зарлагдах хүртлэх хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Э******* ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 100 426 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө******* ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 660 081 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 660 081 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН