Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 311

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

Хохирогч Э.Ганцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811008880306 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт Аюушдаваагийн Баярмаа, 1978 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, агротехникч мэргэжилтэй, Чулуут дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 21 дүгээр гудамжны 481а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/МХ78062404/,

 

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 17-360а тоотод хүү С.Чингүнжавыг дээрэлхэж гутлыг нь өмссөн гэх шалтгаанаар насанд хүрээгүй Г.Тамирыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, С.Ганцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ганц хүүхдээ л өмөөрч эх хүний үүргээ биелүүлсэн. Миний хүү биеийн тамирын спортын сургуульд боксийн ангид сурдаг. Хөлөрдөггүй хувцас, чийг татдаггүй гутал гэж байдаг. Тамирын мэдүүлгээс харахад миний хүүхэд Тамирын хувцасыг гуйгаад өмсчихсөн мэтээр ярьсан байсан. Энэ нь насанд хүрээгүй хүүхдийн худал мэдүүлэг. Тэнгис кино театр руу явахдаа миний хүүхдийн гутлыг өмсөөд, дугуй унаад явсан байсан. Би гэрт нь ороод Тамирааг загнаад гарсан. Гэрт нь удаан байх тухгүй, нохойнууд нь энд тэндээс хуцаад байсан. Би эргэж гараад үүдэн дээр нь зогсож байтал эгч нь гарч ирээд яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм гээд миний уруул руу цохиод намайг үсдэхээр нь би адилхан үсдэлцээд хоёулаа газарт унасан. Тэгээд намайг хашаагаар гараад явж байтал миний араас чулуу шидсэн. Ойр ойрхон шидээд байсан учраас Э.Ганцэцэг ганцаараа шидээгүй байх гэж бодож байна. Би буцаагаад чулуу авч шидсэн. Нэг нь манай хүүгийн шилбэн дээр, бас нэг чулуу миний дагзанд оносон” гэв.

Хохирогч Э.Ганцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ” 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байтал гадаа эмэгтэй хүний дуу гараад хүүхэд дуугараад байхаар нь гараад хартал энэ эмэгтэй манай дүүг загнаад алгадаад байсан. Юу болсон, яасан юм бэ гэхэд дахиад дүүгийн толгой руу цохиод алгадаад авсан. Тэгэхээр нь би боль гээд гарыг нь түлхтэл намайг үсдээд бид хоёр газар унасан. Нөхөр нь бид хоёрыг салгаад гарч явж байхдаа бид нарыг гуйлгачин амьдралтай энэ тэр гээд доромжлоод байсан. Тэгснээ газраас чулуу авч шидээд миний нүдэн дээр оносон. Ямар ч үгийн зөрүүгүй зодохоо урдаа бариад байсан. Миний нэг талын нүд бүрэлзээд юм муу харж байгаа. Хамар дотор талдаа хугараад, салст нь гэмтсэн. Толгой доргилттой, хамар дээр үүссэн сорви арилахгүй байгаа. Миний нэхэмжилсэн 128.000 төгрөг зөвхөн эмчид үзүүлсэн төлбөр. Цаашид эмчилгээний зардлыг зардал гарсан үед нь нэхэмжилнэ” гэв.   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ганчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн үед байгаагүй болохоор болсон явдлыг мэдэхгүй байна. Манай хүүхэд 7 дугаар ангид сурдаг. Толгой нь жаахан өвддөг болсон. Нэхэмжлээд байх зүйлгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Г.Тамир мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би гэрээ цэвэрлэчихээд 14 цагийн орчимд гадаа гарч найзуудтайгаа тоглох гээд гартал Чингүнжав надтай тоглох гээд хүрээд ирсэн. Тэгээд миний дугуйг аваад хашааны гадаа гарч тоглосон юм. Миний дугуй гар тормозгүй, хөлөөрөө тормозлож зогсдог дугуй байсан учир Чингүнжав миний дугуйг унахдаа пүүзний ул элэгдчихнэ гээд надтай гутлаа сольж өмссөн юм. Тэгээд тоглож байгаад дугуйгаа гуталтайгаа Чингүнжавд үлдээгээд би найзуудтайгаа Тэнгис кинотеатрт явж дугуй унаж байгаад 20 цагийн үед гэртээ иртэл Мөнхсаран, Чингүнжав хоёр миний дугуйг аваад манайд хүрээд ирсэн. Ингээд би гэртээ ороод галаа түлэх гэтэл шүдэнз байхгүй байхаар нь Мөнхсаранг дэлгүүр яваад шүдэнз аваад ир гээд хэлсэн чинь Чингүнжав хамт явъя гээд явсан. Тэгтэл Чингүнжавын ээж нь орж ирээд хүүхэд өдөржингөө авч дэмий тэнээд дээрэлхээд байгаа юм уу гэж загнаад гал тогооны шүүгээн дээр байсан цоожийг аваад миний толгой руу цохиод алгадсан. Энэ үед гаднаас Ганцэцэг эгч орж ирээд болиоч ээ гээд гарыг нь түлхтэл тэр эгч шууд жийгээд эгчийг үсдээд татсан. Тэгээд Ганцэцэг эгч Чингүнжавын ээжтэй зодолдоод …Чингүнжавын ээж нь гарахдаа чулуу шидээд Ганцэцэг эгчийн хацар хэсэгт нь оночихсон юм …Гомдолтой байна, би эмчилгээ хийлгүүлээгүй, цаашид эмчилгээ хийлгэж эмчилгээний мөнгө нэхэмжилнэ …” гэсэн мэдүүлэг. /хх-12-13х/,

Хохирогч Э.Ганцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 22:00 цагийн үед гэртээ байж байтал хашаагаар эмэгтэй хүн орилж, хашхичиж хүүхэд загнах дуу гараад эгчийн гэр лүү орох шиг болсон. Тэгэхээр нь юу болоод байгаа юм бол гэж бодоод эгчийн гэр лүү яваад ортол төрсөн эгчийн хүүхэд болох Тамирыг үл таних эмэгтэй хүн /Баярмаа гэдгийг сүүлд мэдсэн/ загнаад Тамир толгойгоо бариад уйлаад сууж байсан. Тэгэхээр нь юу болоод байгаа юм гэтэл надтай юу яриагүй, Тамирыг алгадаад цохиод авсан. Тэгэхээр нь болиоч гээд гарыг нь түлхсэн чинь намайг үсдээд гэрээс гаргаад газар зууралдаж унаж зодолдсон. Тэгтэл хүүхэд нь ирээд өшиглөсөн. Энэ үед тэр хүүхний нөхөр нь бид хоёрыг салгасан юм. Тэгээд салаад босож ирээд нөгөө танихгүй эмэгтэй маргалдаад тэр эмэгтэй хашааны хаалгаар гарахаар явах замдаа газраас чулуу аваад шидсэн нь миний нүүрний зүүн хэсэгт оносон юм …Миний зүүн нүд бүрэлзэж хараад байгаа, мөн нүдний алиман дотор цус хурсан, хамран дээр тогтсон сорви арилахгүй байгаа, Гомдолтой эмчилгээнээс гарсан зардал болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-16-17х/,

Гэрч Ч.Содмөрөн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 20:00 цагийн үед дэлгүүрээ хаах гээд байж байтал манай эхнэр Баярмаа “Чингүнжав Тамираагаас гутлаа авах гээд явсан ирдэггүй” гэсэн. Тэгээд нилээн хүлээж байгаад ирэхгүй болохоор нь эхнэрийн хамт Тамираагийн гэр лүү хүүгийнхээ араас явсан. Тэгээд Тамираагийн хашааны үүдэнд яваад очтол хүүтэйгээ тааралдсан. Тэгтэл эхнэр уурлаад чи яагаад ийм орой болтол алга болчихдог юм гэж хүүгээ загнасан. Хүү болохоор “Тамираа намайг шүдэнз аваад ир тэгвэл гутлыг чинь өгч явуулна гээд гутал өгөхгүй байна” гэтэл эхнэр уурлаад Тамираа хаана байна гээд гэрт нь орсон …гэрийн үүдэнд хаалгыг нь онгойлгоод зогсож байтал Баярмаа уурлаад Тамирааг загнаад нэг алгадсан. Тэгтэл арын гэрээс нь нэг эмэгтэй юу болоод яагаад байгаа юм гээд гэрт орсон. Энэ үед Тамираа өмсөж байсан гутлаа тайлаад Баярмаад өгөхөд Баярмаа дахиад хүүхдийн юм аваад үзээрэй гээд Тамирааг алгадтал нөгөө хүүхэн чи яахаараа хүүхэд алгаддаг юм гээд нүүр хавьд нь цохих шиг болсон. Тэгээд тэр хүүхэн манай эхнэр хоёр үсдэлцээд гараад ирсэн ...нөгөө хоёрыг арай гэж салгаад эхнэр, хүү хоёроо аваад хашааны үүд рүү явж байтал нөгөө хүүхэн араас чулуу шидсэн. Тэгэхээр нь хүүгээ хамгаалаад урдаа аваад хашааны хаалгаар гарах үед манай эхнэр Баярмаагийн толгойд чулуу оносон. Тэгтэл Баярмаа уурлаад газраас мөн чулуу авч шидээд хашааны хаалгаар бүгдээрээ гараад явсан ...” гэсэн мэдүүлэг /хх-18-19х/,       

            Яллагдагч А.Б мэдүүлэхдээ: “...Би Тамирааг хацранд нь хоёр удаа алгадаж нэг удаа толгойд нь цохисон. Ганцэцэгтэй үсдэлцэж зодолдсон нүүрэн тус газар нь нэг удаа чулуу шидэж оносон. Миний биед гэмтэл учраагүй ...Би Тамирын толгойг цоожоор цохиогүй, гартаа түлхүүр барьчихсан явж байсан түүгээр цохигдсон байх ... ” гэсэн мэдүүлэг. /хх-32-33/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №3840 тоот дүгнэлтэд: 

            1. Г.Тамирын биед толгойн хуйханд шархтай гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

            3.  ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно:

           4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт. /хх-25/

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №3839 тоот дүгнэлтэд:

          1. Э.Ганцэцэгийн биед тархи доргилт, хамар яс, гайморын хөндийн урд хананы хугарал, зүүн нүдний алимны дотор салстын цус харвалт зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын хажуу хэсгийн зураасан зулгаралт, хүзүү, зүүн хөлийн тавхайн дээд гадаргуун зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-26х/,

     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 17-360а тоотод хүү С.Чингүнжавыг дээрэлхэж гутлыг нь өмссөн гэх шалтгаанаар насанд хүрээгүй Г.Тамирыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, С.Ганцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед Э.Ганцэцэгийн нь гэм хорын хохирлын 128.000 төгрөгийн баримт гаргаж өгснийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ганчимэг нь гэм хорын хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй болно.

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 550 нэгжтэй тэнцэх, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.