Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/62

 

   

Ж.Б, М.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                            Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор: Б.Дашням,

Хохирогч: Г.М , түүний өмгөөлөгч: Э.Э ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.О, С.Э /цахимаар, зайнаас/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/196 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Г.М ы давж заалдсан гомдол, прокурор Б.Дашнямын эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Ж.Б, М.Э нарт холбогдох 2319000930202 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.1.М.Э,

1.2.Ж.Б,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн * тоотод Г.М ыг "гэрээсээ хөөлөө" гэх шалтгаанаар толгой хэсэгт нь өшиглөх, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн хацар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 

Шүүгдэгч М.Э нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн * тоотод Г.М ыг "Б муудалцлаа" гэх шалтгаанаар толгойн баруун хэсэгт нь элдүүр модоор цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

3.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос, шүүгдэгч Ж.Б, М.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “…Шүүгдэгч М.Э аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг 2 дахин багасгаж 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын хугацааг тогтоож,

шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж,

шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Б оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Хохирогч Г.М  давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчөөрөө гомдлыг танилцуулна.” гэв.

6.Хохирогчийн өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч нарт холбогдуулж прокурорын яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрчүүд, шүүгдэгч нартаа гэр бүлийн хамаарал садан төрлийн холбоотой хэрэгт нэгдмэл сонирхолтой хэргийн бодит байдлыг тогтоохдоо шүүх харгалзан дүгнээгүй гэж үзэж байгаа. Гэрч Т.У , хохирогч Г.М  нарын үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа өгсөн мэдүүлгүүдийг шүүх эмнэлгийн дүгнэлттэй харьцуулж бодитой үнэлээгүй гэрч хохирогчийн мэдүүлгүүд болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирогчид учирсан хөнгөн гэмтлийг ямар нотлох баримтаар хэрхэн үгүйсгэж байгааг хохирогчийн биед хөнгөн гэмтэл хэзээ хэний ямар үйлдлээр учирсанд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр зөвхөн гэрч Ялалттуяа, Болормаа нарын мэдүүлгээр хохирогчийн биед халдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн үндэслэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт зааж Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноор шийтгэх тогтоол хуулийн үндэслэлгүй шийдвэр болсон гэж хэлж байна.

...Дорноговь аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 22 өдрийн 196 дугаар шийтгэх тогтоол нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 зүйлийн 2 дахь хэсгийн 3.2-т шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заагаагүй. Шүүх шинжээчийн дүгнэлтийг баримтлахгүй байгаа шалтгаанаа шийдвэртээ дурдах ёстой. Ийм учраас хохирогчийн давж заалдсан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж дэмжиж тайлбар гаргаж байна.” гэв.

7.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлд заасан буюу хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нотлох баримтын хувьд бол хангалттай тогтоогдож байна гэж үзэж тооцож шийдсэн. Э хувьд хохирогчийн биед халдсан гэх нөхцөл байдал, үйл баримт тогтоогдохгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн. Үүн дээр өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хууль зүйн хувьд бодитой гэм буруугийн асуудал дээр бүрэн бодитоор үнэн зөв дүгнэлт хийсэн хууль зүйн хувьд үндэслэлтэй байна гэж үзсэн үндсэн дээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үндэслэлтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлд зааснаар бодит байдалд нийцсэний үндсэн дээр шийдвэр гаргасан хууль зүйн үндэслэл бүхий болсон гэж шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Э үйлдэлтэй холбоотой үйл баримт дээр товчхон эргэлзээтэй асуудлыг хэлэхэд өөрөө мэдүүлэгтээ Э цохисон гэдэг байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлдэг. Харин шүүх хуралдааны явцад би унахдаа цохичихсон байж магадгүй гэсэн байдлаар эргэлзээтэй мэдүүлэг өгдөг. Дээрээс нь гурилын элдүүр модоор хохирол учруулсан гэж мэдүүлдэг боловч хэрэгт эд мөрийн баримтаар гурилын элдүүр мод авагдсан зүйл огт байдаггүй. Үүнээс юу шалтгаалах вэ гэхээр үнэхээр энэ хохирогчид учирсан эрүүл мэндэд учирсан хохирол тухайн элдүүр модоор цохисон гэх хууль эрх зүйн дүгнэлт хийх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх мэтчилэн эргэлзээтэй нөхцөл байдал учирсан. Хэргийн үйл баримтыг хажуу талаас нь харж байсан гэрч Болормаа, Ялалттуяа нарын мэдүүлгээр Э хохирогчид халдсан зүйл огт байхгүй гэдэг талаар мэдүүлсэн. Хохирогчийн мэдүүлэг өөрөө хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн нөхцөл байдалтай нийцдэггүй тийм учраас анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байгаа.” гэв.

8.Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбар байхгүй байна.” гэв.

9.Прокурор Б.Дашням эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...хохирогчийн гомдол дээр нэмж тайлбарлах зүйл байхгүй байна эсэргүүцлээ шууд танилцуулчихъя. Хохирогч М бол Э баруун тал руу Бзүүн тал руу цохисон гэж мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүхээс  Б эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцчихож байгаа гэхдээ Эрдэнэтуяаг хэрэгсэхгүй болгочихож байгаа. Хохирогч болохоороо Э баруун тал руу цохисон гээд хэлээд байдаг. Тэгэхээр баруун талд учирчихаад байгаа хөнгөн зэргийн хохирлыг хэн учруулчихав гэдэг дээр ямар ч хууль зүйн дүгнэлт хийсэн зүйл байхгүй. Энэ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдчихсон хөнгөн зэргийн хохирол байдаг. Гэтэл энийг болохоор ямар нэгэн байдлаар тодорхойлсон зүйл байхгүй байна.

Хэргийн дугаарыг буруу биччихсэн байгаа. Хэрэг бол өөрөө 2319000930202 дугаартай хэрэг гэтэл шийтгэх тогтоол дээр  2319004290202 гэж буруу биччихсэн энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг бол зөрчиж байна гэж үзэж байгаа. Мөн Э холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл хэсэг заалтыг баримталж байгаа талаар шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт огт тусгаж өгөөгүй шууд цагаатгалаа л гэснээс биш хэдийг баримтлаад байгаа юм гэдгээ бичээгүй энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байна. Мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтууд шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт гэсэн хуулиараа энэ шаардлагыг тавьсан. Гэтэл энэ шаардлагыг хангахгүй ямар хууль зүйн дүгнэлт хийгээд энэ гэмтэл учраагүй юм уу аль эсвэл энийг зөвхөн Бучруулчхаад байгаа юм уу аль эсвэл Э учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа гэдэг үндэслэлээр хууль зүйн дүгнэлт хийж тайлбарлаж бичээгүй байна.

Мөн шүүгдэгч Э холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоход тодорхойлох хэсэгт хууль зүйн дүгнэлт хийж яллаж байгаа нотлох баримтыг үгүйсгээгүй, шинжээчийн дүгнэлт хохирогчийн мэдүүлгийг яг аль нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа нь эсвэл өөрөөр дүгнэж байгаа талаараа тодорхой дурдаагүй. Я, Б нар нь хууль сануулж мэдүүлэг өгсөн байгаа. Хохирогчийн энэ мэдүүлгээр яг аль хэсэг дээр нь ямар зөрөө гарч яаж няцааж байгаа талаар огт тусгаж өгөөгүй. Мөн шүүх шүүгдэгчийн овог эцгийн нэр өөрийн нэр түүнчлэн яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хуулийн зүйл хэсэг цагаатгах шийдвэрийг заана. Ингэхдээ шүүх гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй зэрэг хуульд заасан аль үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгасан болохыг тодорхой заахыг энэ шийтгэх тогтоолд баримтлаагүй байна гэж үзэж байгаа. Иймээс анхан шатны шүүхийн 196 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөх нь зүйтэй байна.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс хохирогч Г.М ы гомдол, прокурор Б.Дашнямын  эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хэргийн бүх ажиллагааг хянаж, үзвэл:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

2.Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн * тоотод Г.М ыг “гэрээсээ хөөлөө” гэх шалтгаанаар толгойн хэсэгт нь өшиглөж, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн хацар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нотлогдон, тогтоогджээ.

Тодруулбал хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрч Т.У ын “...намайг жижүүртэй байхад Г.М  хамт амьдардаг  Б “аяга таваг угаасангүй” талаар маргалдсан чинь намайг цохисон гэж хэлсэн, тэгээд эмнэлэгт үзүүлнэ гэж яваад 03 цагийн орчимд ганцаараа цагдаагийн газарт ирсэн, эмнэлгийн бичиг баримтаа та нарт үзүүлэхгүй гээд үзүүлээгүй, тэгж байгаад намайг зодсон хүн одоо манай гэрт байж магадгүй эсхүл Замын-Үүд рүү явчихсан байж магадгүй гэж хэлэхээр нь би жижүүрийн машинтай дэд ахлагч Э.Ууганбаярын хамт Сайншанд сумын 3 дугаар багт байх хашаанд очиход байшингаас эхнэр гэх эмэгтэй гарч ирээд “наад хүн чинь манай нөхөр, орой ажлаасаа согтуу ирсэн, манайх бөө буулгаад манай ач хүү түшээ хийсэн юм, тэгтэл би түшээ хийх байсан, чиний түшээ хийнэ гэж юу байдаг юм гэж хүү рүү аяга шидэж, хэрүүл үүсгэсэн, хүү нүүр лүү нь цохиж, өшиглөсөн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02/107 дугаартай “...Г.М ы биед зүүн хацар ясны хугарал, баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн шанааны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, зүүн хацар ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар шүүгдэгч Ж.Б гэм буруутай үйлдэл нотлогдон тогтоогдсон, эдгээр баримт нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл Анхан шатны шүүх  прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Б гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг, шүүгдэгч Ж.Б хохирогчийг цохиж, өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан талаар тус тус үндэслэлтэй тайлбарлан, хуулийг зөв хэрэглэжээ.

3.Мөн шүүгдэгч М.Э “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан прокурор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолд хохирогч Г.М ы эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шүүгдэгч М.Э учруулаагүй талаар үндэслэл бүхий дүгнэсний зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Түүнчлэн гэрч Т.У  “... Ж.Б цохисон гэж хохирогч хэлсэн, түүний эхнэр “...нөхөр хүү рүү аяга шидэж, хэрүүл үүсгэсэн, хүү нүүр лүү нь цохиж, өшиглөсөн гэж хэлсэн” гэж мэдүүлснээс үзэхэд гэрчээс мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн, түүнд  хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх, хэрвээ худал мэдүүлэг өгвөл хуульд зааснаар хариуцлага хүлээлгэхийг тайлбарлан өгч, мэдүүлгийг авсан байх тул мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй, хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Ж.Б өөр хүн хохирогчийг цохиж, өшиглөсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгайн ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэсэнд нийцнэ.

4.Шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд нь энэ хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой,  хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, бүрэн гүйцэд нотолж, тогтоосны зэрэгцээ шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний гэм буруу болон гэмт хэрэг үйлдэх үедээ 16 настай байсан зэрэг нөхцөл байдалд тохирсон байх тул прокурорын эсэргүүцэл, хохирогчийн гомдолд дурдсанаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаах  үндэслэлгүй.

Прокурорын “...хэргийн дугаар, шүүгдэгч М.Э эрэгтэй” гэж буруу бичсэн тухайд Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу улсын яллагч санал гаргах эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болохыг магадлалд тэмдэглэж байна. 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдол, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/196 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.А.САЙНТӨГС

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                          ШҮҮГЧ                                    О.ОДНЯМАА

                                          ШҮҮГЧ                                    Н.БОЛОРМАА