Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00758

 

Д.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2022/00287 дугаар шийдвэртэй

Д.Цгийн хүсэлттэй

Цагаатгалын нөхөн олговорт 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, түүний өмгөөлөгч А.Б, гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах Улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ц, түүний өмгөөлөгч А.Б нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Д.Ц миний буурал өвөө Мийн Б нь 1937 онд Улс төрийн хэргээр баривчлагдаж 1938 онд цаазын ялаар шийтгүүлж, 1989 онд цагаатгагдсан. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу 2018 оны 02 дугаар сард Б.Л нь Цагаатгалын комисст албан ёсоор бүртгүүлээд 80,000,000 төгрөг авах эрх нь нээгдсэн. Үүнээс хойш Б.Л нь нөхөн олговрын материалаа бүрдүүлж байх хугацаандаа буюу 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 97 настайдаа нас барсан. УТХХХЦТНООТ хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны өвлөгчид өвлөх эрх нь шилжих тул Д.Ц өвлөгч юм. Өвлөх эрх шилжихийн тулд Б.Л нь Д, Д гэсэн 2 хүүхэдтэй байсан бөгөөд энэ хоёр хүн нь нас барсан учраас нэгдүгээр үеийн өвлөгч байхгүй. Ийм учраас Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасны дагуу дараагийн үеийн өвлөгч буюу ач, зээ нарт өвлөх эрх нь шилжсэн. Үүний үндсэн дээр Д.Ц нь 80,000,000 төгрөгийн нөхөх олговор авах өвлөгчөөр сонинд зарлагдсан, бусад өв залгамжлагч нараас татгалзлыг нь авсан, өвлөх эрхийн гэрчилгээ авсан хууль ёсны өвлөгч болсон юм. Прокурорын зүгээс Б.Л гэдэг хүн нь н.Н гэдэг нэртэй байсан. Нэхэмжлэгч Д.Ц нь хэлмэгдэгч Мийн Бын охин Б.Лтэй төрөл садангийн холбоотой болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Шүүх шийдвэртээ 2008 онд шүүхийн шийдвэрээр Лг төрсөн охин гэж үзээд 1,000,000 төгрөгийн нөхөх олговрыг олгож байсан тул дахиж нотлох шаардлагагүй гэж дүгнэсэн. Иймээс Н гэгч хүн Л нэртэй болсон нь, Л нь Мийн Бын ганц хүүхэд болох нь нотлогдож байгаа юм. Мөн Цагаатгалын комиссоос ирүүлсэн баримтад Б.Лгийн амьд сэрүүн байх үедээ нөхөх олговроо авна гээд бүртгүүлж байсан бүртгэл нь нотлох баримтын шаардлага хангаад ирсэн. Прокурорын зүгээс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д төрсөн хүүхэдэд л олгоно гээд байхад яагаад ач зээ нь авах гээд байгаа юм бэ гэдэг тайлбар хэлдэг. Үндсэндээ ач зээ нь шууд авч байгаа юм биш. Хууль хүчин төгөлдөр болоход Л амьд сэрүүн байж байгаад холбогдох баримт бичгийг бүрдүүлж байх явцдаа нас барсан учраас нэхэмжлэгчийн 80 сая төгрөг шаардах эрх нь Иргэний хуулийн дагуу өвлөх эрхээр шилжсэн үйл баримт болох юм. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйл болон Иргэний хуульд заасан байгаа тул өвлөх эрхийг шилжүүлж авсан юм. Шилжүүлж авсан нь дээр дурдсан өвлөх эрхийн гэрчилгээгээр батлагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй тул ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн 13 дугаар зүйлд буюу 13.2 дахь хэсэгт “энэ хуулийн 23.1-т заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд дараах нөхөх олговрыг доорх нөхцөлийн дагуу олгоно” гээд 13.2.1 дэх хэсэгт “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр нөхөр, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг олгоно” гэж заасан. Нэхэмжлэгч нь 80,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн албан бичигт орон сууц авах эрх бүхий хэлмэгдсэн хүн биш гэж тусгагдсан байна. Тэгэхээр орон сууц авах эрх бүхий этгээд биш учраас 80,000,000 төгрөг гаргуулах эрхтэй биш юм. Мөн өвлөх асуудлыг ярьж байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд эрх шилжих асуудал байгаа бөгөөд гэрээслэлээр өв залгамжлалд шилжүүлнэ гэсэн баримт буюу Лгээс Д.Цд олголоо гэсэн баримт байхгүй гэж үзэж байна. Иймд дээрх хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байх тул Д.Цгийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн боломжгүй гэж үзэж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цгийн нөхөх олговорт 80 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Цгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

 4. Нэхэмжлэгч Д.Цгийн давж заалдах гомдлын агуулга: ...Хэлмэгдэгч М.Б агсны охин миний эмээ Б.Н /Л/ нь нөхөн олговрын материалаа бүрдүүлж байх хугацаандаа буюу 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 97 насандаа нас барсан юм. Б.Л /Б.Н/ нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсноос хойш нас барсан тул түүнд хуулийн дагуу нэхэмжлэх эрх нь нээгдсэн. Нэгэнт хууль хүчин төгөлдөр болсноор 80 сая төгрөг нэхэмжлэх эрх нь нээгдсэн. Тухайн харилцааг зохицуулсан илүү нарийвчилсан хэм хэмжээ буюу УТХХХЦТНООТХ-ийн 10-р зүйлийн 10.3-д “ Энэ хуулийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа нас барсан бол” эрх нь өв залгамжлагчид шилжихийг тодорхой зохицуулсан зохицуулалт байхад иргэний хуулийн үүрэг дуусгавар болох зохицуулалтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь түүний нөхөх олговорт 80,000,000 төгрөг нэхэмжлэх эрх Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх заалтын дагуу буюу өвлөгдөх ёстой тул түүний дагуу өвлөгчид харилцан ярилцаад бусад өвлөгчид нь өвлөх эрхээсээ татгалзсан бичгээ надад гаргаж өгөөд би түүний өвийг хүлээн авсан тул Зууны мэдээ сонины 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 209/6434 дугаарт Лгийн ач охин болох нэхэмжлэгч Д.Ц миний бие хууль ёсны өв залгамжлагчаар зарлагдсан байдаг. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдүүдийг хуульчилсан байна. Тус зүйлийн 10.3 Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ...гэж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөн олговрыг авах эрхийг өв залгамжлалаар шилжихийг хуульчилсан байхад энэхүү хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, миний давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах Улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Мийн Б 1938 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Онц бүрэн эрхт комиссын 3 дугаар тогтоолоор шийтгэгдэж, 1989 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 96 дугаар тогтоолоор цагаатгагдсан байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай 1998 онд батлагдсан хуулийн дагуу нэхэмжлэгч асан Б.Л нь 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 202 тоот тогтоолоор 1,000,000 төгрөгийн нөхөх олговор авсан байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-нд батлагдсан хуулийн дагуу 80,000,000 төгрөгийг нэхэмжлэхээр Б.Л нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ирж нэхэмжлэлээ гаргасан байна. Нэхэмжлэлээ гаргаж байх хугацаандаа 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нас барсан. Иймд нэхэмжлэгч Б.Л нас барсан учир Улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар нөхөх олговрыг нэхэмжлэх явцад нас барсан тул мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар 80,000,000 төгрөгийг нэхэмжлэхээр нийтэд зарласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахад татгалзах зүйл байхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

3. Хүсэлт гаргагч Д.Ц нь цагаатгалын нөхөн олговорт 80,000,000 төгрөг гаргуулахаар хүсэлт гаргаж, үндэслэлээ “...Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа эсхүл шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нас барсан бол.... түүний эрх өв залгамжлагчид шилжинэ гэж заасан тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасны дагуу өвлөх эрх шилжинэ” гэж тайлбарлажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаар хурлын тогтоолоор Мийн Б нь улс төрийн хилс хэрэгт буудан алах ял шийтгүүлж, 1989 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 96 дугаар магадлалаар цагаатгагдсан болох нь БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1989 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг 96 дугаар магадлалын хуулбар, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 05/4093 дугаар лавлагаа зэргээр тогтоогдсон байна.

5. Хэрэгт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн нөхөх олговор олгох тухай Гуравдугаар бүлэгт амины эрх зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлөх хэсэгт хамаарч байх тул хэлмэгдэгчийн эхнэр, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд нөхөх олговор шаардах эрхтэй байна.

6. Хэлмэгдэгч М.Б агсан нь Б.Г, Б.Ж /Ж/, Б.Л /Н/, Б.Д гэсэн дөрвөн хүүхэдтэй болох, М.Бын эхнэр А.Б, хүү Б.Г, хүү Б. Б.Ж /Ж/, охин Б.Л /Н/, охин Б.Д нар нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Үндэсний төв архивын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03-4/2272, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 03-9/3224, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 45/019630 тоот болон, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 0429/000408 тоот нас барсны бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

6б. Хууль тогтоогчоос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “энэ хуулийн зорилт нь... хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, ... хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах...-д оршино” гэсэн хуулийн зорилтын хүрээнд төр өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хэлмэгдэгч болон түүний гэр бүлийн гишүүдэд учирсан (эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус) хохирлыг арилгах нөхөх олговрын хэмжээ, боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 13 дугаар зүйлийн 13.2. дахь хэсгийг нэмсэн байна.

7. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй ... хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно”, гэж, 13.2.1-т "улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн ... хүүхдэд 80 сая төгрөг, 23 дугаар зүйлийн 23.1-т Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, ...хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, ...орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол ...Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно” гэж тус тус заасан.

8. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/02445 дугаар шийдвэрээр хүсэлт гаргагч Ашбагад овогт Дгийн Ц нь Бын Л агсантай садан төрлийн холбоотой болохыг тогтоож шийдвэрлэжээ. /хх.187-189/

9. Дээрхээс үзвэл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно”, 13.2.1-д “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг”, 13.2.2-т “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” гэснийг хууль тогтоогчийн хүсэл зоригоор тайлбарлавал, “уг нөхөх олговор нь зөвхөн тухайн зүйл, заалтад нэрлэн заасан этгээд болох хэлмэгдэгч, эсхүл түүний эхнэр (нөхөр), эсхүл төрсөн болон үрчилж авсан хүүхдэд хамаатай” гэж үзэхээр байна.

10. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдэд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.-10.1.3.-т заасан этгээд хамаарна, өөрөөр хэлбэл эдгээр зүйл, заалтад нэрлэн зааснаас бусад хүнийг, тухайлбал, 10.1.4-т заасан хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээг, эсхүл нөхөр олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд нас барсан тохиолдолд түүний “өв залгамжлагч”-ийг хамаатуулан ойлгохгүй буюу хуулийг дэлгэрүүлэн тайлбарлахгүй.

11. Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдааны 27 дугаар магадлалаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1. 13.2.2-т заасан зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж нэр бүхий иргэдээс хэлмэгдэгчийн ач, зээг Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын эрх зүйг зөрчиж, ялгаварлан гадуурхаж, нөхөх олговор авах эрхийг нь хассан гэсэн маргааныг Үндсэн хуулийн эрх зүйн маргааны шинжийг агуулаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдлоо гэж дүгнэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон байна.

12. Ийнхүү дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан этгээд гэснийг үгийн шууд утгаар тайлбарлах тул уг зүйл, хэсгийг хэрэглэхэд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3. дахь хэсгийг мөн хэрэглэхгүй буюу хуулийг системчлэн тайлбарлахгүй юм.

13. Дээрх үндэслэлээр хүсэлт гаргагч Д.Ц нь дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан нөхөх олговрыг авах 10 дугаар зүйлийн 10.1.3.-т заасан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдэд хамаарахгүй байна.

14. Иймд анхан шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цгийн нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд хүсэлт гаргагч Д.Цгийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2022/00287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг мэдэгдсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

       

  

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                             ШҮҮГЧИД                                    Д.БЯМБАСҮРЭН

 

                                                            Ц.ИЧИНХОРЛОО