Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/63

 

  

    Ч.Б, Н.С нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

   Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор: Г.Ганцэцэг /цахимаар зайнаас/,

Яллагдагч: Ч.Б /цахимаар зайнаас/, түүний өмгөөлөгч С.Ч /цахимаар зайнаас/,

Яллагдагч: Н.С , түүний өмгөөлөгч Б.Э /цахимаар зайнаас/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ууганзул нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж хийсэн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/244 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэлд үндэслэн яллагдагч Ч.Б, Н.С нарт холбогдох 2320001440139 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.  

1.Яллагдагч нарын биеийн байцаалт:

1.1.Ч.Б,

1.2.Н.С,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Прокуророос яллагдагч Н.С ийг эрүүгийн 232000000083 дугаартай хэрэгт шалгагдаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэргийг шалгаж байсан эрүүгийн мөрдөгч Ч.Б албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт түүнд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Цээндэр дэлгүүрээс 0.5 литртэй пиво 5 ширхэг, RAISON гэх нэртэй тамхи худалдан авсны 38,000 төгрөг, Түшиг авто угаалгын газраар приус 30 маркийн тээврийн хэрэгслийг угаалгасан төлбөр 30,000 төгрөг, эхнэрийн тээврийн хэрэгслийн угаалгын төлбөр 50,000 төгрөг, Булагт дэлгүүрээс тоглоомон гар буу худалдан авсны 80,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 26-ны шөнө Цээндэр дэлгүүрээс Сэнгүр нэртэй 0.5 литртэй пиво 6 ширхгийг авсны 34,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хүнс, барааны дэлгүүр гэх хаягтай хүнсний дэлгүүрээс Сэнгүр нэртэй 0.5 литртэй пиво 6 ширхэг, 0.75 литртэй Х нэртэй архи авсны 92,000 төгрөгийн төлбөрийг төлсөн, мөн Замын-Үүд сум Борхойн баг 8 дугаар гудамжны 17 тоотод байрлах гэрээс нь өмд худалдан авч, эхнэр Н.Ч хаан банкны 5374433409 тоот данс руу 80,000 төгрөгийг шилжүүлэх замаар хахууль өгсөн, 

Яллагдагч Ч.Б нь нийтийн албан тушаалтан буюу Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн хэсгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа 232000000083 дугаартай хэргийг шалгах албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Цээндэр дэлгүүрээс 0.5 литртэй пиво 5 ширхэг, RAISON гэх нэртэй тамхи авч 38,000 төгрөг, Түшиг авто угаалгын газраар приус 30 маркийн тээврийн хэрэгслийг угаалгасан төлбөрт 30,000 төгрөг, өөрийн эхнэрийн тээврийн хэрэгслийг угаалгах төлбөр 50,000 төгрөг, Булагт дэлгүүрээс тоглоомон гар буу худалдан авч 80,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 26-ны шөнө Цээндэр дэлгүүрээс Сэнгүр нэртэй 0.5 литртэй пиво 6 ширхгийг авч 34,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хүнс, барааны дэлгүүр гэх хаягтай хүнсний дэлгүүрээс Сэнгүр нэртэй 0.5 литртэй пиво 6 ширхэг, 0.75 литртэй Х нэртэй архи авч 92,000 төгрөг, мөн Замын Үүд сум Борхойн баг 8 дугаар гудамжны 17 тоотод байрлах өөрийн гэрт байсан өмдийг Н.С т худалдаж, Н.Ч Хаан банкны 5374433409 тоот данс руу 80,000 төгрөгийн төлбөрийг хэргийн оролцогч Н.С ээр хийлгэн, хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ч.Б, Н.С нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар 1, 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Мэдүүлэг авах хүмүүсийг тус тусад нь байлгаж мэдүүлэг авах ба мөрдөгч нэг хэрэгт мэдүүлэг авах хүмүүсийг өөр хоорондоо харилцахгүй байх арга хэмжээ авна." гэж, мөн хуулийн 25.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Мөрдөгч мэдүүлгийн эхэнд тухайн хүний хувийн бичиг баримтыг шалгаж, түүнд ямар зорилгоор мэдүүлэг авахаар хэзээ, хэн гэдэг прокурорын шийдвэрээр дуудан ирүүлсэн, түүнчлэн энэ хуульд заасан эрх, үүргийг нь танилцуулсан тухай тэмдэглэлд тусгана." гэж, мөн хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна." гэж хуульчилсан. 

Гэтэл мөрдөгч нь гэрч С.С, Н.Ч нараас мэдүүлэг авахдаа дээрх хуулийн заалтыг зөрчиж мэдүүлэг авсан болох нь яллагдагч Н.С ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...яг ийм өрөө байсан. С.С гэдэг хүн бид хоёр 2 тал руу харж сууж байгаад мэдүүлэг өгсөн, нэг өрөөнд... Бид хоёрын яриа хоорондоо сонсогдохгүй шахуу, 2 талд суулгачихсан мэдүүлэг авсан. Сүүлд нь зөрүүлж гаргаад дахиад мэдүүлэг авч байсан. Эхлээд С.С гэдэг хүн миний данс руу мөнгө төгрөг ороогүй гээд байсан. Тэгээд намайг дуудаж оруулж ирээд энэ хүний данс нь энэ байна. Энэ залуу очсон байна та таньж байна уу гэсэн чинь энэ залууг танихгүй, Ч.Б зүс танихгүй хүнтэй явж байсан гэх мэтээр зөрүүлж байсан..." гэсэн мэдүүлэг, С.С, Н.Ч нараас авсан мэдүүлгүүдээр тогтоогдож байна. 

Шүүх гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлгийг нь авч, нотлох Баримтаар гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэх үндэслэлгүй. Учир нь шүүх мөрдөгчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэх юм. 

Иймд яллагдагч Ч.Б , түүний өмгөөлөгч С.Ч "гэрч С.С, Н.Ч нараас хуульд заасны дагуу мэдүүлэг дахин авхуулах,

Яллагдагч Ч.Б болон түүний өмгөөлөгч С.Ч "гэрч 2.С , Н.Ч нараас хуульд заасны дагуу мэдүүлэг дахин авхуулах, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн хүсэлтийг хангаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар 1 дэх хэсэгт зааснаар аллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол ялагдагч Ч.Б д авсан хувийн баталгаа аргах тухай талсан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Н.С т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн өмд 1 ширхэг, Сиди диск 1 ширхгийг хэргийн хамт прокурорт хүргүүлж,

Шүүгчийн захирамжийг прокурор, шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор Г.Ганцэцэг эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...яллагдагч нарын үйлдлийг түүний гэр бүлийн гишүүн болох Ч гэрчээр өгсөн мэдүүлэг авагдсан эсэхээс үл шалтгаалан дээр дурдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан дүн шинжилгээ хийх, эх сурвалжийг нь магадлах, харин бусад нотлох баримтаар нотлогдсон баталгаажсан зэргээр нь бүхэлд нь дүгнэлт хийж шүүх хэргийн бодит байдлыг тогтоох байтал энэ ажиллагааг хийсэнгүй гэж үзэж байна. 2 дугаарт гэрч С , яллагдагч Ч.Б машиныг угаасны төлбөр болох 30,000 төгрөгийг яллагдагч Н.С  байгууллагын Хаан банкны 5374650231 тоот данс руу хийсэн талаарх үйл баримтыг гэрчлэн мэдүүлэг өгсөн байдаг. Гэрч Ч өмд зарсны 80,000 төгрөгийг яллагдагч Н.С ээс өөрийн хаан банкны дансаар авсан гэх 2 тусдаа болсон үйл баримтын талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Энэ хэрэгт харилцан эсрэг сонирхолгүй дээр шүүгчийн захирамжид заасан бид хоёрын яриа өөр хоорондоо сонсогдохгүй байсан гэж мэдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байгаа. ...Үүнд 1 дүгээрт шүүх гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлгийг авч нотлох баримтаар гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэх үндэслэлгүй. Учир нь шүүх мөрдөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг дүгнэж хэргийг шийдвэрлэнэ гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1-т заасан талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар гэрчийг дуудан ирвэл шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлэг авна. Ингэхдээ мөн хуулийн 35.8 дугаар зүйлийн 6-с 12 дахь хэсэгт заасан журмыг баримтлан гэрчээс мэдүүлэг авах, талууд асуулт асуухад нотлох баримтыг шинжлэн судлах замаар шүүх хуралдааны хэлэлцүүлэг явуулахаар үүрэг болгосон эрх зүйн хэм хэмжээг үгүйсгэсэн. 2 дугаарт мөрдөгч гэрч С , Ч нараас мэдүүлэг авахдаа хууль зөрчиж мэдүүлэг авсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн зэргийг тайлбарлаж байгаатай холбож Н.С ийн мэдүүлэг, Сумъяа, Ч нарын мэдүүлгээр тогтоогдож байна гээд гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, нотлох баримтыг үнэлж, дүгнэх харилцан зөрөөтэй нотлох баримтын зөрөөг арилгах ажиллагааг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үе шатанд хамааруулан дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.16 дугаар зүйлийн 1-т заасан хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын үед гэрчийн гаргасан мэдүүлэг нь шүүхэд гаргасан мэдүүлгээс зөрсөн тохиолдолд хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шинэчлэн тогтоохын тулд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт шүүх хуралдааны үед гэрчийн өгсөн мэдүүлгийг шүүх хуралдаанд уншиж сонсгож болно гэх заалтыг зөрчиж байна гэж үзэж байгаа.  Ингэхдээ хавтаст хэрэгт авагдсан 1 дүгээр хавтаст хэргийн 40-41 талд гэрч С г 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлэг авсан байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар талд гэрч Чойдогдуламаас 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлэг авсан байгаа. Яллагдагч Н.С ээс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсан мэдүүлэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр талд өөр өөр цаг хугацаанд эдгээр хэргийн оролцогч нараас мэдүүлэг авсан нь хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дүгээр тал, 26 дугаар тал, 48-49 дүгээр талд авагдсан байгаа. Гэтэл яллагдагч Н.С ийн мэдүүлгээр мөрдөгч С , Ч нараас хууль зөрчиж мэдүүлэг авсан нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд яллагдагч 5 төрлийн үүргийг хүлээж, хэргийн оролцогч болдог. Энэ 5 төрлийн үүрэгт яллагдагч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээгээгүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан эрхийг бүтэн тайлбарласан зүйл заалтыг бичсэн боловч хуульд зааснаар гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж, өгөөд мэдүүлэг авсан нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр энэ эрхийг шүүх хуралдааны шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой. Хэрэв үндсэн хуульд заасан эрхээр нь бүрэн хангаагүй байна үздэг. Ингэснээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон прокурор гэрч Ч шүүх хуралдаанд оролцуулах замаар дахин мэдүүлгийг нь авч хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд оролцуулъя гэдэг хүсэлтийг гаргаж тавьсан. Тийм учраас шүүхийн хэлэлцүүлгийн явцад нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгаа.” гэжээ.

6.Яллагдагч Ч.Б өмгөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрч С , Ч нараас мэдүүлэг авах энэ ажиллагаа хаана хийгдсэн мөн Н.С ээс мэдүүлэг авах ажиллагаа хаана хийгдсэн дээр нь нэмээд Ч.Б гэдэг манай үйлчлүүлэгчээс мэдүүлэг авахдаа хаана мэдүүлэг аваад байгаа юм гэхээр ердөө прокурорын байгууллагын туслах ажилтны өрөөнд эсвэл прокурорын байгууллагын нярав нягтлангийн өрөөнд орж ирээд мэдүүлэг аваад байдаг. Тэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын зөвшөөрсөн тухайн харьяа дүүргийн прокурорын ерөнхий прокурорын зөвшөөрсөн тусгай зөвшөөрөлтэй газар, дуу дүрсний камерын бичлэгтэй зориулалтын өрөөнд мэдүүлэг авах ёстой байсан. Гэтэл энийг зөрччихсөн. Дээр нь нэмээд гэрч Сумъяаг хэдэн цагийн үед авч гараад байгаа юм. Ямар ч байсан гэрээс нь унтлагын хувцастай баривчлах маягтай авч гараад гэрчид маш их нөлөөлсөн байдалтайгаар хөтөлсөн тулгасан байж болзошгүй байдлаар мэдүүлэг авчихсан. Мэдүүлгээ авахдаа мөн л адил яллагдагч Н.С ийг хажууд нь нэг өрөөнд байлгаж байгаад мэдүүлэг авсан. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд Н.С  та хоёрыг зэрэгцүүлээд мэдүүлэг авсан уу? гэдэг асуудал дээр хамт байлгасан уу, 1 өрөөнд байлгасан уу? гэж асуухад тийм, бид хоёр 1 өрөөнд байсан. Би гэхдээ тэр хүний яриаг сонсоогүй гэсэн хэр нь мэдүүлэг өгөх үедээ тэр хүн тэгж ярьж байсан гээд сонссон талаараа хангалттай мэдүүлчихсэн нөхцөл байдал хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хууль зөрчсөн үйл явдал хууль зүйн факт бий болчихоод байхад энийг зөвтгөх ямар нэгэн няцаалт байхгүй. Ийм нөхцөлд бид нар хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааг нүд аниад, зөрчлийг мартъя гээд энэ хэргийг яллах дүгнэлт үйлдсэн хэмжээнд нь шийдвэрлэе гэдэг нь үнэхээрийн байж болшгүй алдаа болно. Тийм учраас прокурорын эсэргүүцлийн хууль зүйн үндэслэл нь өөрөө хууль зөрчсөн утга агуулгаар бичигдэж байна. Өөрөөр хэлбэл нэгэнтээ хууль зөрчсөн баримтыг юугаар няцааж байгаа юм бэ? Ийм үндэслэлээр тодорхой зааж өгөх ёстой. Тэгтэл өөрсдөө хууль зөрчсөн үйлдлээ зөвтгөөд яриад байгаа нь үнэхээр байж болшгүй алдаа байна гэж үзэж байгаа юм. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Эсэргүүцлийг хүчингүй болгож, хүлээж авахгүй шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

7.Яллагдагч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Юуны өмнө эсэргүүцэлтэй холбоотойгоор миний бие болон өмгөөлөгчийн зүгээс өнгөрсөн 9 дүгээр сард давж заалдах шатын шүүх рүү хүсэлт явуулсан байдаг. Хүсэлт дээр дурдсанчлан прокурорын яриад байгаа асуудал дээр холбогдуулаад тайлбар хэлье гэж бодлоо. Миний эхнэрээс хууль зөрчиж мэдүүлэг авсан нөхцөл байдлыг хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч Болорчулуунтай хамтран ажиллах гэрээтэй байхдаа миний зүгээс хүсэлт тавьсан. Прокурорын байгууллагын ямар өрөөнд мэдүүлэг авсан бэ? Ингэж асуусан шалтгаан нь тухайн мэдүүлэг байцаалтын өрөөнөөс гараад манай эхнэр гэдэг чинь гэр бүлийн хүмүүс учраас надаас иймэрхүү байдлаар мэдүүлэг авлаа. Чиний дансны дугаарыг нэвтрэх нэр, нууц үгийг чинь нөхөр чинь мэддэг үү гэж асуухад би мэддэггүй болохоор мэддэггүй, миний онлайн дэлгүүрийн бизнес эрхэлдэг данс гэж хэлсэн чинь нөхөр чинь байж яахаараа мэддэггүй юм бэ? гээд айлгаж, ичээсэн байгаа юм. Тэгэхээр нь би мэддэг байж магадгүй гэж хариулсан чинь чи яагаад бөөрөнхийлж хариулаад байна гээд загнаж зандарсан байгаа юм. Энэ асуудлыг би мэдээд өмгөөлөгч Болорчулуунд дамжуулан прокурорын байгууллагын тухайн миний эхнэрээс мэдүүлэг авсан тэр өрөөний хяналтын камерын бичлэгийг үзье, хэргийн материал хавсаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг өмнө тавьсан байдаг. Мөн мөрдөн шалгах мэдүүлэг процессын үйл ажиллагаатай холбоотой хэрхэн яаж явагдсан талаар хэргийн материалд гарсан талаар энэ хүсэлтүүдийг удаа дараа тавьсан боловч прокурорын байгууллагаас үргэлж няцаадаг байсан. Няцаасаар байгаад шүүхийн шат руу нь явсан. Гэрчүүдэд хууль сануулалгүйгээр мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн байна гэдэг дээр манай өмгөөлөгч дүгнэлтийг өгчихлөө. Хууль сануулсан мэтээр прокурор ярихаар прокурор нэгэнтээ өөрсдийнхөө гаргасан алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөхгүй хэтэрхий нэг талыг баримтлаад яваад байгаа нь нээлттэй харагдаж байна. Учир нь прокурор тухайн үед хяналтын камерын бичлэг байхгүй, энэ үйл ажиллагаа прокурорын байгууллага дотор явагдсан учраас хууль зөрчөөгүй мэтээр үзээд байгаа юм. Мөн мэдүүлэг авах ажиллагаанд үнэхээр хяналтын прокурор хамтран хажууд нь байлцаж оролцсон бол мэдүүлгийн протокол дээр харагдана. Тэгээд гэрч Чойдогдуламд хууль тайлбарласан гэж ярьж байвал нэг өөр. Тэгтэл өөрөө байлцаагүй. Хаана ямар өрөөнд мэдүүлэг авсан нь тодорхойгүй. 1 давхрын бичиг хэргийн юм уу туслах ажилтны өрөө рүү эхнэрийг маань аваад орсон. Дээр нь Н.С  өөрөө хэлэхдээ 1 өрөөнд мэдүүлэг авсан гэж хэлдэг. Мөн гэрч С  1 өрөөнд байлцуулж мэдүүлэг авсныг гэрчилдэг. Тэгтэл яагаад энэ хоёроос авсан мэдүүлэг прокурорын тайлбараар өдөр хоног нь өөрчлөгдчихөв. Тэгэхээр энэ процессын ажиллагаа хэрхэн явагдсан нь үүгээр харагдаж байна гэж би дүгнэж байна.” гэв.

8.Яллагдагч Н.С ийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ерөнхийдөө анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл бүхэлдээ дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа 2 үндэслэл байгаа юм. Энийг маш тодорхой бөгөөд товч хэлье гэж бодож байна. 1 дүгээрт нь анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тодорхойлогдсоноор Ч Үндсэн хууль сануулаагүй гэр бүлийнхээ гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчиж мэдүүлэг авсан гэдэг асуудал яригдаж байгаа асуудал дээр дахиж мэдүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явах замаар холбогдох хууль сануулах замаар дахин мэдүүлэг авч болно. Энийг ямар нэгэн байдлаар эсэргүүцээгүй. Энэ нь тухай тухайн шатандаа хууль сануулаад мэдүүлэг авах бүрэн боломжтой. Харин ямар нэгэн байдлаар тулгаж асуусан уу, эрүүд эрүүдэн шүүх маягаар асуусан уу эсвэл хууль бусаар мэдүүлэг авсан уу? гэдэг асуудлыг яриад байна. Тэр асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар холбогдох бичлэг байдаг юм бол хавтаст хэрэгт зайлшгүй хавсаргах шаардлагатай тодорхой мөрдөн шалгах ажиллагаа хийх зайлшгүй шаардлага үүсэж байна гэж үзэж байгаа юм. 2 дугаарт нь С , Б хоёрыг нэг өрөөнд бие биенийхээ хэлж байгаа ярьж байгааг сонсогдохуйц нөхцөл байдалд мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн гэдэг асуудал бол яригдаж байгаа. Энийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр С мэдүүлгээр хоорондоо юу яаж байгаа нь сонсогдохгүй байсан. Хол зайтай мэдүүлэг авч байсан гэдэг асуудал шүүх хуралдаан дээр урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд яригдсан. 2 дугаарт С гаас дахиж мэдүүлэх авах асуудал нь өөрөө энэ хүний эрх зүйн байдлыг дордуулах эрүүгийн гэмт хэргийн шинжтэй болох өөрөөр хэлбэл худал мэдүүлэг өгүүлэх нөхцөл байдлыг хүндрүүлэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад үүсэж болзошгүй байгааг анхаарах ёстой гэж үзэж байгаа. Харин мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан тохиолдолд гэрч нартай нүүрэлдүүлэн мэдүүлэг авах тодорхой мөрдөн шалгах ажиллагаа хийх зайлшгүй шаардлага харагдаад байгаа юм. Хамгийн гол асуудал нь Санжпүрэв, түүний өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас 1 зүйл хэлэхийг хүсэж байна. Зүйлчлэлийн асуудлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл бүхэлдээ энэ эрүүгийн хэрэг дээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Хавтаст хэргийн цугларсан нотлох баримтуудаар аваад үзэхэд Эрүүгийн хуулийг бүхэлдээ буруу хэрэглэсэн нөхцөл байдал харагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5-д заасан харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн аль нэг нь өмгөөлөгчтэй байгаа тохиолдолд бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлөгчөөр хангах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл ажиглагдаж байгаа. Яагаад гэвэл Батзааны зүгээс тухайн үед Болорчулуун өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ явагдаж байсан. Тодорхой хүсэлтүүдийг гаргаж байсан гээд байна. Тэгэхээр Н.С ийн хувьд өнөөдрийн шалгагдаж байгаа энэ гэмт хэрэгт холбоотой асуудал дээр өмгөөлөгчгүй яваад байсан. Өөрөөр хэлбэл тодорхой зүйлчлэлийн юм уу эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой тодорхой хүсэлт гомдлыг гаргах боломжгүй хязгаарлагдмал өөрөөр хэлбэл хууль зүйн туслалцаа авч чаддаггүй өөрөө бас тодорхой хэмжээгээр анх хууль бус үйл ажиллагаа явуулж байсан гэсэн гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч байсан. Мөн авлигатай тэмцэх газарт өгч байсан хүн нь Н.С  байгаад байгаа. Тэгэхээр бүхий л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа чинь өөрөө хууль бус, хууль зөрчигдсөн шинжтэй байдал нөхцөл байдал харагдаад байгаа юм. Ийм байгаа учраас анхан шатын шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй буцаасныг дэмжиж оролцож байгаа.” гэв.

9.Яллагдагч Н.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Холбогдсон хэргийг эцэслэн шийдэгдэх хүртэл Ч.Б гэдэг хүнийг хориод өгөөч. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад өгөөч. Энэ хүн хараад байхад одоо ч гэсэн согтуу байх шиг байна.  Яагаад шүүх хуралд биечлэн ирээд оролцдоггүй юм бэ? Өмнө нь ч гэсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал дээр онлайнаар орно гээд гацаад 20 хоног хойшлуулаад дахиад сарын дараа би хорих ангиас 3 сард ирсэн. Энд цагдан хорих байранд 8 сарын хугацаатай байж байна. Энэ хугацаанд миний эрүүл мэнд, сэтгэл санааны байдал үнэхээр хэцүү байна. Энд хоригдоод байхаар агаар салхинд ч гарахгүй, чийгтэй байшинд байгаад байх үнэхээр хэцүү байна. Хэргээ хурдан шийдүүлмээр байна. Энэ хүнээс болж хохироод байна. Энэ хүнийг хэрэг эцэслэн шийдэгдэх хүртэл цагдан хориод өгөөч. Тэгвэл арай хурдан шийдэх байх.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Г.Батбаяраас гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудалд хязгаарлагдахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэрэгт гэрч С.Сумъяа, Н.Ч нараас мэдүүлэг авахдаа яллагдагч Н.С тэй нэг өрөөнд байлгаж байгаад мэдүүлэг авсан, гэрч Н.Ч мэдүүлэг авахдаа нөхөр Ч.Б эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулалгүй мэдүүлэг авсан зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 4, 5, 6-д  тус тус заасан “Мэдүүлэг авах” журмуудыг зөрчсөн нь нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авах гэснийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...баримтат мэдээлэлд ... гэрчийн мэдүүлэг тооцогдох”-г заасан ба мэдүүлэг авах журмыг мөн хууль, зүйлийн 16.3, 25 дугаар зүйлд тус тус заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д “... өөрийн болон гэр бүлийн гишүүд ...хээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг сануулалгүйгээр гэрч Н.Ч мэдүүлэг авсан нь хэрэгт авагдсан гэрч Н.Ч асуусан тэмдэглэлээр, гэрч С.Сумъяа, Н.Ч нараас мэдүүлэг авахдаа энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Н.С тэй нэг өрөөнд хамт байлцуулж мэдүүлэг авсан нь яллагдагч Н.С ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтогдсон зэргийг анхан шатны шүүх шүүгчийн захирамждаа тодорхой дүгнэсэн нь үндэслэлтэй.

Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж авсан гэж үзнэ.

2.Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжаас харахад яллагдагч Ч.Б өмгөөлөгч С.Ч хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан ба өмгөөлөгчөөс “...мөрдөгч нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн талаар гомдол гаргасан”-г хэлэлцсэн нь тогтоогдсон байна.

Өмгөөлөгчийн гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13-д заасан үндэслэлд хамаарах ба энэ тухай гомдол гарсан бол мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д “...гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах”-ыг заасанд нийцэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар гэрчүүдийн мэдүүлгүүдийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авахуулах зорилгоор урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 30 хүртэлх хоногоор хойшлуулах нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

3.Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн “Хэргийг прокурорт буцаах тухай” гэсэн шүүгчийн захирамжийг “ Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” болгож өөрчлөх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасанд хамаарна.

4.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж,  прокурорын “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/244 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” гэсэн шүүгчийн захирамжийг “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” гэж,

Захирамжийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Шүүх хэргийг хянан хэлэлцэхийг 30 хүртэлх хоногоор хойшлуулсугай.” гэж өөрчилж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүхэд очтол яллагдагч Ч.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, яллагдагч Н.С т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ                                   О.ОДНЯМАА

ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС