Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00759

 

“Ш” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/00402 дугаар шийдвэртэй

 “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “И” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх цуцлагдсанаас учирсан хохиролд 127,546,972.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, түүний өмгөөлөгч С.Э нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: “Ш” ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “И” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу хариуцагч нь Шангрила худалдааны төвийн Б1 давхрын гаражийн нэвтрэх хэсэгт автомашины дугаараар танин оруулах систем хийх гэрээнд заасан төхөөрөмжүүд суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээнд заасан ажил үйлчилгээг хариуцагч тал 60 хоногийн дотор хийж дуусгана гэж тохиролцсон. Нэхэмжлэгч тал урьдчилгаа төлбөр болгон гэрээний үнийн дүнгийн 60 хувь болох 59,729,511.9 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч талд төлж, ажил гүйцэтгэх хугацаа тоологдож эхэлсэн бөгөөд ажлыг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх байсан. Гэвч хариуцагч тал бүрэн автомат үйлдэлтэй гаражийн системийн ажлыг гэрээнд заасан хугацаан хийж дуусгаагүй тул нэхэмжлэгчийн зүгээс хэд хэдэн удаа ажил гүйцэтгэх хугацааг сунгасан боловч хариуцагч тал системийн суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй. Тус компанийн захирал 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн pmo/19/340 тоот албан мэдэгдлээр ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан. Гэрээний дагуу ажил үйлчилгээг хийж гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч талд хохирол учирсан. Гэрээ байгуулснаас хойш хариуцагч талаас аливаа ажлын үр дүн хүлээж аваагүй тул урьдчилгаа болгон төлсөн 59,729,511.9 төгрөг, гэрээний 2.2-т зааснаар ажил гүйцэтгэж дуусах 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс гэрээ цуцлагдсан 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 249 өдрийн алданги 19,830,111 төгрөг, ажил гүйцэтгэж дуусах хугацаанаас гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны тасалбарын цаас худалдаж авсан 25,115,770 төгрөг, авто зогсоолын тасалбар түгээгч эвдэрсний улмаас дахин шинээр худалдаж авсан 2 ширхэг принтерийн үнэ 5,400,000 төгрөг, Шангри-Ла аюулгүй байдлын албаны ажилчдын илүү цагийн цалин 17,471,580 төгрөг, нийт 47,987,350 төгрөгийн бодит хохирол учирсан. Иймд хариуцагч “И” ХХК-иас урьдчилгаа төлбөр 59,729,511.9 төгрөг, алданги 19,830,111 төгрөг, гэрээнээс үүдэн гарсан бодит хохирол 47,987,350 төгрөг, нийт 127,546,972.9 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Ажил гүйцэтгэх гэрээнд заасан “...дугаар таних систем”-ийг хүлээлгэж өгсөн зүйлгүй байгаа нь шүүхээс хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдлоо. Авто машины дугаар таних төхөөрөмжийг хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас “Ш” ХХК цаасан тасалбар болон түүнийг хэвлэдэг принтерийг авсан. Иргэний хуулийн 350 дугаар зүйл, мөн хуулийн 352 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ гэж заасан. Бидний зүгээс “И” ХХК-ийг гэрээгээ зөрчсөн гэж үзсэн тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дах хэсэгт зааснаар хохирлыг шаардаж байна. Илүү цагаар ажилласан ажилчид байдаг. Хэдийгээр хавтаст хэрэгт 9,10,11 гээд огноо тодорхойгүй байдлаар гарган өгсөн ч гэрч Ц.Хын мэдүүлгээр тухайн 10, 11 дүгээр сард ажилчид ажиллаж байсан гэж тайлбарладаг тул энэ зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.  

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Талууд 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу хариуцагч нь Шангрила худалдааны төвийн Б1 давхрын гаражийн нэвтрэх хэсэгт автомашины дугаараар танж оруулах систем хийх гэрээнд заасан төхөөрөмжүүд суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч “И” ХХК нь тус гэрээний гүйцэтгэлийг хангах зорилгоор Тайвань улсын ACTi LLC-тэй хамтран үйлдлийн систем хийлгэхээр мөнгөө шилжүүлсэн боловч тухайн компани нь хэл сураггүй алга болсон. Мөн ажил гүйцэтгэх гэрээ биелэгдэх явцад “И” ХХК-ийн зүгээс автомат хурдан хаалт, автомашин мэдрэгч, улсын дугаар таних камер, ALPR сервер, MAS сервер, кабель, дүүргэлтийн мэдээлэл ба улсын дугаар харуулах дэлгэц зэрэг бараа материалыг нэхэмжлэгчийн гэрээнд заагдсан байранд суурилуулсан байсан. Тухайн үед нийт 15,300 ам.доллар буюу 43,605,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг суурилуулсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гэрээний нийт үнийн дүнг хариуцагчаас нэхэж байгаа нь хууль зөрчсөн асуудал болоод байгаа юм. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон. Өмнө шилжүүлсэн төхөөрөмжүүдийн үнийг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 43,605,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.

Гэрээний хавсралтаар үнийн дүнгээ тооцвол нийт 71,006,753 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлсэн. “И” ХХК-ийн хувьд дугаарыг таниулахад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжүүдийг байршуулсан, туршилт хийж байсан. Гэвч программ хангамжийг хийх Тайвань улсын ACTi LLC-с холбогдож байсан хүн алга болсон. Цаас худалдан авсан 25,000,000 төгрөг болон 2 ширхэг принтер авсан үнийн дүнгийн хувьд манай байгууллагаас суурилуулсан тухайн тасалбар түгээгч хэзээ, ямар шалтгааны улмаас эвдэрсэн болон ямар үндэслэлээр тухайн үнийг “И” ХХК-иас нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Манай байгууллагаас нэг нь цаасаар билет гаргадаг, нөгөөх нь автомашины дугаарыг таньдаг 2 төхөөрөмж суурилуулж өгсөн. Цаасаар билет гаргадаг төхөөрөмжид цаас шаардагдах нь тодорхой тул гарах байсан урсгал зардал гэж ойлгож байгаа. Түүнчлэн ажилчдын илүү цалингийн хувьд дугаар таних систем, программ хангамж ажиллаж байгаа эсэхээс үл хамааран байнга ажиллаж байдаг. Учир нь нэхэмжлэгч 24 цагаар зочид буудлын үйл ажиллагаа эрхэлдэг. Тэгэхээр өдөр болон шөнийн ээлжээр бүх ажилчид хуваарийн дагуу ажиллаж байдаг. Тухайн компани ажилчдын хувьд өөрсдийн ажил үүргийг хийн гүйцэтгэж цалингаа авч буй харилцаа нь дугаар танилтын систем доголдсонтой шалтгаант холбоогүй. Гэрчүүдийн мэдүүлгээс иш татаж үзэхэд Ц.Г тухайн үед туршилт хийж байсан, ажиллаж байсан, суулгаж байсан гэх мэдүүлгүүдийг өгдөг. Тэгэхээр “И” ХХК-ийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж, тооцох бүрэн боломжтой. Иймээс нэхэмжлэлийн үнийн тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчээс гарган өгсөн зарлагын падаануудаар тухайн хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг байхгүй тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Гэрээний үр дүн хугацаандаа гараагүй тул Иргэний хуулийн 355 дугаар зүйл заасан үндэслэлээр нэхэмжлэгч тал буюу “Ш” ХХК гэрээгээ цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр яривал хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхээс хийсэн үзлэг, гэрчийн мэдүүлгээр тодорхой хэмжээний тоног төхөөрөмж суурилуулсан. Эдгээрийг нэхэмжлэгч тал ашигласан, одоог хүртэл “Ш” ХХК-ийн эзэмшил ашиглалтад нь байгаа гэдэг нотлогдож байна. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дах хэсэгт зааснаар гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж заасны дагуу урьдчилгаанд авсан 59,729,559 төгрөгийг гүйцэтгэгч буюу хариуцагч нэхэмжлэгч талын мөнгийг өөртөө үлдээх эрхтэй гэж үзэж байна. Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч 86,759,622.90 /наян зургаан сая долоон зуун тавин есөн мянга зургаан зуун хорин хоёр төгрөг ерэн мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40,787,350 /дөчин сая долоон зуун наян долоон мянга гурван зуун тавин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 795,686 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 591,748 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эын давж заалдах гомдлын агуулга: ... Нэхэмжлэгчээс гэрээнд заасан ажлыг өөр компаниар гүйцэтгүүлэх хүртэлх хугацаанд объектын Б1 дүгээр давхрын зогсоолд хүмүүсийн оролцоотой авто машинд тасалбар олгон нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гэрээт ажлыг дуусгах ёстой 2018 оны 08 дугаар сарын 20-ний өдрөөс гэрээг цуцалсан 2019 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн хооронд нэхэмжлэгч байгууллага нь объектын Б1 дүгээр давхарт авто машиныг нэвтрэн оруулахдаа гар тасалбар тарааж, уг хугацаанд нийтдээ 180,000 ширхэг авто зогсоолын тасалбарын цаасыг “Штилл” ХХК-аас худалдан авсан. Мөн уг цаасыг хэвлэх зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр авто зогсоолын тасалбар түгээгч 2 ширхэг принтерийг “Тафа” ХХК-аас 5,400,000 төгрөгөөр худалдан авсан. Нэхэмжлэгчээс дээрх зардлууд гарсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогддог. Нэхэмжлэгчид бодит зардлууд гарсан талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн атлаа хуульд заасны дагуу хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудаас зөвхөн 2019 оны 1 дүгээр сарын 12-ний өдрийн баримтад холбогдох хэсгийг хангаж, хариуцагчаас 7,200,000 төгрөгийн хохирол гаргуулж шийдвэрлэсэн. Тухайлбал, анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн авто зогсоолын тасалбар худалдан авсан 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн, 3 дугаар сарын 27-ны өдрийн баримтууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр энэ баримтад үндэслэн нэхэмжилсэн 14,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хавтаст хэргийн 32-35 дахь талд байгаа баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан. Тухайн бичгийн баримтуудад эд зүйлийг буюу авто машины тасалбар түгээх цаас худалдаж байгаа “Штилл” ХХК-ийн тэмдэг дарагдсан, хүлээлгэн өгсөн эд хариуцагч гарын үсэг зурагдсан, огноо, дугаартай, худалдагч, худалдан авагч байгууллагын нэр, регистрийн дугаарын мэдээлэл бүрэн авагдсан зэрэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасантай нийцнэ гэж үзнэ. Хэрэгт цугларсан “Штилл” ХХК-ийн үйлдсэн эдгээр баримтуудыг санхүүгийн анхан шатны баримт биш гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “Штилл” ХХК-ийн зарлагын баримтуудад нэхэмжлэгч тал гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр тухайн баримтуудыг хүчин төгөлдөр бус гэж үзэн нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон. Мөн нэхэмжлэгчид дээрх хэмжээний зардал гарсан болох нь хэрэгт гэрч Ц.Х Ц.Г нарын мэдүүлгүүдээр давхар нотлогддог. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн бодит байдалтай нийцээгүй. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ 12 дахь заалтаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо хариуцагчаас шаардаж байгаа нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасанд нийцэж байна гэж дүгнэсэн атлаа хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагад хэрхэн холбогдон, хамаарч байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээрээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй. Иймээс, нэхэмжлэлийн шаардлагаас 40,787,350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн тус хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 19,800,000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нийн давж заалдах гомдлын агуулга: ... Хариуцагч “И” ХХК-ийн хувьд гэрээнд заасан үүргээ биелүүлж шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн. Ингэхдээ гэрээний хавсралтаар баталсан үнийн дүнгээр нийт 71,006,753 төгрөгийн үнийн дүн бүхий тоног төхөөрөмж, бараа материалыг нийлүүлсэн байдаг. Энэ нь гэрч Ц.Х, Ц.Г нарын мэдүүлэгээр тогтоогддог. Бид гэрээний хавсралт “Үнийн санал” хэсэгт автомат барриерийг Камер брендийг авахаар, Камер, MAS болон ACTI серверүүдийг АСТI компаниас авахаар тохиролцсоны дагуу дээрх бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг “Ш” ХХК-д нийлүүлсэн. Энэ нь дээрх гэрчийн мэдүүлэг болон “Шангрила-Улаанбаатар Хотел” ХХК-ийн Б1 болон Б2 давхарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, зурагт тусгагдсан хавсралтаар баталсан Камер брендийн барриер, дэлгэц, автомашин илрүүлэгч нь одоог хүртэл нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байгаагаар нь нотлогдож байна. Мөн хавтаст хэрэгт И-мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан бөгөөд Тайванийн АСТ1 гэх компаниас худалдан авалт хийсэн баримтаар нотлогддог. Талуудын дунд байгуулагдсан гэрээний 9.1-т заасныг үндэслэн гэрээний хүчин төгөлдөр хугацаа дуусаагүй бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгийг үндэслэн гэрээ цуцлагдсан. Иймд Иргэний хуулийн 355.6 дахь хэсэгт заасныг үндэслэн нийлүүлсэн бараа материалын үнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцох үндэслэлтэй юм. 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн баримтад “Штилл”ХХК-аас “Цаасан тасалбар” гэж бичигджээ. Гэтэл тухайн цаасан тасалбарыг “И” ХХК- ийн суурилуулсан автомат пос машинд суурилуулсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй шалтгаант холбоогүй байхад ийнхүү нэхэмжлэгчээс гаргуулж шийдсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 86,759,622.9 төгрөгийг гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:... Гомдолд дурдсан үндэслэл нь бараа материалыг хүлээлгэж өгсөн гэж ярьж байна. Гэвч бараа материалыг хүлээлгэж өгч төлбөр авах харилцаа биш. Өөрийн бараа материал, техник хэрэгслээр гэрээнд заасан ажил үйлчилгээг гүйцэтгэх, Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан. Тэгэхээр үүргээ биелүүлээгүй. Пос машин юунд ашиглагдсан талаар хангалттай хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Автомашин орж, гарах тасалбар болгох зорилгоор худалдаж авсан пос машины цаас байгаа. Энэ нь санхүүгийн баримт болон хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Хариуцагчийн тайлбарласнаар пос машиныг Б1 давхарт автомашин нэвтрүүлэхэд ашигласан эсэхийг өөрөөр тогтоох боломжгүй. Анх гэрээ байгуулагдсан 2018 оны 05 дугаар сараас гэрээ цуцлах 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх цаг хугацаанд нотлох баримтууд хамаарч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн гомдол гаргаагүй хэсэгт зөв дүгнэлт гаргасан гэж үзэж байна гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:... Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх зөв үндэслэлтэй дүгнэсэн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт үйлдсэн, зөвшөөрсөн, шалгасан ажилтан буюу нийт 3 хүн тухайн баримтад гарын үсэг зурах-аар заасан. Аливаа падаан баримтад 3 хүний гарын үсэг зайлшгүй шаардлагатай байдаг учраас бүгдийг нь оруулж өгсөн. Гэтэл “Ш” ХХК буюу нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн баримтад үйлдсэн этгээд гарын үсэг зурсан ба шалгасан болон хүлээн авсан хүмүүс нь гарын үсэг зураагүй. Иймээс шүүх үүнийг үндэслэлтэй дүгнэсэн. 19,800,000 төгрөгийн хувьд 7,200,000 төгрөгийн 03 дугаар сарын 27 болон 01 дүгээр сарын 27-ны өдрийн баримт, түүнчлэн 2 принтер авсан гэх 5,400,000 төгрөгийн баримт байдаг. Тэгэхээр тус 5,400,000 төгрөгийн принтер нь “Ш” ХХК-д суурилагдсан эсэх, мөн түүнчлэн “И” ХХК-ийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор принтерийг авсан эсэх асуудал нь тогтоогдохгүй эргэлзээтэй. Иймээс нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн 40,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцээгүй байна.

3. Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаас учирсан хохиролд 127,546,972.9 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

4. Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний урьдчилгаа төлбөрт хариуцагч 59,729,511 төгрөгийг хүлээн авсан асуудлаар маргаагүй байна.

5. Харин талууд гэрээг цуцлагдах хүртэл хугацаанд ажил гүйцэтгэгч “И” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил буюу тухайн гэрээний дагуу нийлүүлсэн тоног төхөөрөмжийг захиалагч “Ш” ХХК хүлээн авч, түүнийг суурилуулсан эсэх асуудлаар өөр өөр тайлбар гаргаж маргажээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт заасан гэрээ цуцлахаас өмнө гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагчийн ашиг сонирхол байгаа эсэх нь маргааны зүйл болжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хариуцагч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, хариуцагчийн зүгээс ...эхэлсэн ажил бол байсан, “И” ХХК-ийн тоног төхөөрөмжийг ашиглахгүй байгаа” гэж

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...“И” ХХК-ийн зүгээс автомат хурдан хаалт, автомашин мэдрэгч, улсын дугаар таних камер, ALPR сервер, MAS сервер, кабель, дүүргэлтийн мэдээлэл ба улсын дугаар харуулах дэлгэц зэрэг бараа материалыг нэхэмжлэгчийн гэрээнд заагдсан байранд суурилуулан ажиллуулж байсан” гэсэн тайлбар гаргасан байна.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас тоног төхөөрөмж суурилуулсан, уг тоног төхөөрөмж нь ажиллаж байсан болохыг нотлохоор гэрчээр Ц.Х, Ц.Г  нарыг асуулгасан, гэрч Ц.Х “...Шар өнгийн суурь анхнаасаа байсан. Камер болон хаалтыг сүүлд “IT Zone” ХХК-тай гэрээ хийж хийлгэсэн. “И” ХХК-ийн тоног төхөөрөмжийг ашиглахгүй байгаа. Түр туршилт хийсэн. Суурьлуулж тавиад ашигласан зүйл байхгүй. Манайд хүлээлгэн өгсөн зүйлгүй” гэж, /хх.159-163/

гэрч Ц.Г “...Эдгээр суурилуулсан баррерь камер, сервер ажиллаж байсан. Камерын машины дугаар харах болон гэрийн өнцөг таарахгүй тохиолдолд дугаар танихгүй байсан. Үүнээс нь шалтгаалан бидний хөгжүүлсэн программ хангамжид мэдээлэл нь ирэхгүй байх тохиолдолд байсан” гэж тус тус мэдүүлэг өгсөн байна. /хх.164-167/

7а. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2021/07353 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...манай байгууллагаас нийлүүлсэн тоног төхөөрөмжүүд байрлаж байгаа “Ш” ХХК-ийн байранд үзлэг хийж одоог хүртэл ашиглаж байгааг тодруулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ.

Шүүх дээрх захирамжийн дагуу 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн фото зургууд авч хэрэгт хавсаргажээ. /хх.133-144/ Гэвч дээрх үзлэгээр хэний нийлүүлсэн ямар тоног төхөөрөмжүүд байгаа, уг тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа эсэх нь тодорхойгүй болжээ. Өөрөөр хэлбэл дээрх үзлэгээр хэзээ, хаана үйлдвэрлэгдсэн ямар сер дугаартай ямар, ямар тоног төхөөрөмж байгаа, уг тоног төхөөрөмжөөс хэдийг суурилуулж ажиллуулж байгаа болон ямар сери дугаар тоног төхөөрөмжүүд нь ажиллахгүй байгаа болох нь үзлэгийн тэмдэглэлд тодорхой бус тусгагдсанаас үзэхэд үзлэг хийсэн ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт нийцээгүй байна.  

8. Нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан болохоо үгүйсгэж маргаагүй, уг тоног төхөөрөмжүүд агуулахад байгаа гэсэн тайлбар гаргажээ.

9. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус тоног төхөөрмжийн үнийг тодорхойлох зорилгоор Х@acti.com гэх хаягаас Х@gmail.com хаяг руу 2018 оны 05 дугаар сарын 31, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн и-мэйл хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүсэлтийг хангаж, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлд “...үлдэгдэл бараан дээр инвойс хүргүүлж байна, та хянаад эргээд зөвлөнө үү гэж бичээд pdf материал хавсралтаар явуулсан байна” гэсэн байна. /хх.115-116/

Дээрх үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг зөрчжээ.

10. Түүнчлэн, нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагчийн хийж гүйцэтгэх байсан ажлыг “IT Zone” ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд “IT Zone” ХХК нь хариуцагч “И” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг үргэлжлүүлэн хийсэн эсэх, шинээр хийж гүйцэтгэсэн эсэх үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтыг тодруулаагүй буюу хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байхад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй болно. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 19,800,000 төгрөг нэмж гаргуулах”-аар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-аар тус тус гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/00402 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт  зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 256,950 төгрөг, хариуцагч байгууллагаас төлсөн 592,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

    ШҮҮГЧИД                                   Д.БЯМБАСҮРЭН

                                                               Ц.ИЧИНХОРЛОО