| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 102/2025/00166/И |
| Дугаар | 192/ШШ2025/07577 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/07577
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А******* ХХК-д холбогдох,
Өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.Н******* нь 2021 оны 3 сард фэйсбүүкт Х дүүргийн байгалийн цогцолбор газарт хаус захиалгаар, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барьж өгнө гэсэн зарыг харж утсаар нь холбогдож төслийн талаар мэдээлэл авч очиж үзсэн. Төсөл таалагдсан тул төслийг гүйцэтгэж байсан А******* ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Амины орон сууц захиалан бариулах гэрээ"-г иж бүрэн түлхүүр, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гардуулан өгөх нөхцөлтэйгөөр байгуулсан. Гэрээний нийт төлбөр 261 250 000 төгрөг. Төлбөрийг 50-100% төлсөн тохиолдолд нийт үнийн дүнгийн 5%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой гэсэн тул гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 50%-ийн төлбөр болох 130 625 000 төгрөгийг шилжүүлж гэрээний нийт үнийн дүнгээс 5%-ийн хөнгөлөлт гэж 13 750 000 төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр гэрээнд тусган гэрээг байгуулсан. Гэрээнд заасны дагуу миний бие 2021.03.10-нд 261 250 000 төгрөг 2021.06.24-нд 91 437 000 төгрөг 2021.09.28-нд 15 000 000 төгрөг тус тус шилжүүлж үлдсэн төлбөрийг хаусын 00-н ажил гүйцэтгэж байсан Цоомоо гэх залууд А*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ж*******ийн хэлсний дагуу шилжүүлэн өгч төлбөрийг 100% төлсөн. Анх "Б******* хотхон төслөө танилцуулахдаа бүх зүйл нь шийдэгдсэн цогц, сайхан хотхон болно. Юунд ч санаа зовох хэрэггүй. Айл бүхэн тусдаа эзэмшил газартай, дулаан гражтай, цэвэр бохир, цахилгаан нь бүрэн шийдэгдсэн цогцолбор хотхон болох юм. Барилгын баг маань туршлагатай найдвартай хүмүүс байгаа, дор нь 3 сарын дотор бариад түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй өгнө гэсэн тул тус хаусыг захиалахыг зөвшөөрч ийнхүү төлбөрийг 100% төлсөн. Уг хаусыг 2021 оны 2-р улиралд багтаан барьж дуусган хүлээлгэн өгөхөөр гэрээнд заасан ч уг барилгыг дуусгаагүй барилгын ажлыг зогсоосон. Барилгын ажил дэндүү удаашралтай явагдсан мөн зогсонги байдалд орсон тул сангийн бүх ажил, дээврийн дулаалга, усны хаялага, дотор хаалганууд, террас явган хүний зам гээд засварын бүхий л ажилруу орж, өөрөөсөө маш их зардал гаргасан. Гэтэл одоог хүртэл уг хаусын барилгыг актаар хүлээлгэж өгөхгүй, гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байна. Энэ хугацаанд А*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ж******* нь бичиг баримт хөөцөлдөж байгаа та түр хүлээж бай, санаа зоволтгүй удахгүй, нийслэл дээр бараг боллоо гэж хуурч явсаар гэрээний үүргийг гүйцэтгэлгүй өнөөдрийг хүрсэн байна. Иймд А*******" ХХК-тай 2021 оны 03 сарын 10-ны өдөр байгуулсан "Амины орон сууц захиалан бариулах №01/21 тоот гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийн дагуу **** ам С8 тоотод байрлалтай 110 мкв 4 өрөө Амины орон сууц-ны өмчлөгчөөр Б.Н*******г намайг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн манай зүгээс төлбөр төлсөн талаараа баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул хялбаршуулсан журмаар буюу шийдвэрлэхэд хариуцагчийн зөвшөөрлийг батлахад татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн талаар маргахгүй. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н******* нь хариуцагч А******* ХХК-д холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд хариуцагч А******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Б.Н*******гийн **хотхоны С8 тоотод байрлалтай 110 мкв 4 өрөө Амины орон сууц-ны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргуулахыг даалгах шаардлагыг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
Иймд хариуцагч А******* ХХК-ийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.Н*******гийн нэхэмжлэлтэй, А******* ХХК-д холбогдох өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийн хариуцагч А******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Б.Н*******гийн С8 тоотод байрлалтай 110 мкв 4 өрөө Амины орон сууц-ны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргуулахыг даалгах шаардлагыг маргаангүйгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН