| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 101/2016/05374/И |
| Дугаар | 210/мА2022/00678 |
| Огноо | 2022-04-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 210/мА2022/00678
+++ нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/00591 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч +++ нарын нэхэмжлэлтэй, хариуцагч **** ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 10,803,292,238 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч +++ НҮТББ-ын төлөөлөгч Ш.Жаргалсайхан, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг, өмгөөлөгч М.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхасүрэн, Б.Золзаяа, Ч.Лувсанцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: **** ХХК нь *** уурхайг эзэмшиж ашигладаг бөгөөд уурхайг ашиглах явцад хатуу хучилттай зам тавиагүйн улмаас байгаль орчинд ихээхэн хохирол учирч орон нутгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх болсон. 2013 онд Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас замаа тавиагүйгээс байгаль орчинд учруулсан хохирлыг сайдын тушаалаар батлагдсан аргачлал, журмын дагуу сонгон шалгаруулалт зарлан Байгал орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн зардал-ыг Газар дэлхий ХХК-аар тооцуулсан бөгөөд хохирлыг барагдуулах талаар **** ХХК ямар нэгэн үйл ажиллагаа хийхгүй байгаа тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хохирол, нөхөн сэргээлтийн зардал болох 10,803,232,289 төгрөгийг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 32 дугаар зүйлийн 32.1.1-т заасныг баримтлан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасны дагуу Байгаль хамгаалах санд оруулж өгнө үү.
Үзлэг хийсэн газар говийн цөлөрхөг газар байдаг, үзлэг бол нөхцөл байдлыг тогтоохоор хийгдсэн бөгөөд тухайн замын нөхцөл байдал, орчны нөхцөл байдлыг маш сайн тодорхойлсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд байгаль орчинд учирсан хохирлыг бүрэлдэхүүн тус бүрээр гаргана гэж заасан байдаг бөгөөд ой, ургамал, ан амьтан, усны нөөц, газар, газрын хэвлий, хөрсөнд учруулсан хохирлыг мэргэжлийн байгууллага тогтоосон. Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд н.Оюунаар ахлуулсан ажлын хэсэг тухайн газар дээр очиж үзээд 11 шаардлагатай албан бичиг хүргүүлсэн. Үүний дагуу тендер зарлахад Газар дэлхий ХХК шалгарч шинжээчийн дүгнэлт гаргасан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг иргэнд олгосон. Газар дэлхий ХХК нь хохирлыг тооцохдоо экологи, эдийн засгийн үнэлгээг тооцох аргалчлалын дагуу гаргасан бөгөөд агаар, газрын хөрс, газрын нөөц болон ургамалд учирсан хохирлыг бодитойгоор үнэлж 3,8 тэрбум төгрөгөөр тогтоосон. Бид шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4 дэх хэсэгт зааснаар нэмэгдүүлэн нэхэмжилсэн. Хариуцагчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсон боловч ноцтой алдаа гаргасан. Ашиг сонирхлын зөрчилтэй асуудал үүссэн, тухайн үед авлигатай тэмцэх газарт өгсөн. Итгэлт төгөл ХХК асуулт тавихдаа нэхэмжлэлийн шаардлагаас хальж өөр асуудлыг тавьсан байдаг. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэм хор учруулсан гэж нэхэмжилж байгаа гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 101 дүгээр зүйлд Байгаль орчны аудитыг байгалийн нөөц, баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь хоёр жил тутам хийлгэж, холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргуулан хэрэгжүүлэх бөгөөд зөвлөмжийг биелүүлэн ажиллана гэсэн байдаг. Уул уурхай хаагдсан, компанийн үйл ажиллагаа зогссон, нөхөн сэргээлтээ хийгээгүй бол Байгаль орчны улсын байцаагч хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах үүрэгтэй. Гэтэл **** ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд уул уурхайн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, жил бүр нөхөн сэргээлтийн ажлаа хийгээд явж байна. Хохирлын эхний үнэлгээ 2013 онд хийгдсэн. Газар дэлхий ХХК-аар хийгдсэн үнэлгээ байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн дагуу хийгдээгүй. Тухайн үед Улсын мөрдөн байцаах газрын захиалгаар Байгаль орчны яам, Байгаль хамгаалах сангаас зардлыг гаргуулж хохирлын үнэлгээ хийлгүүлсэн. Тэгэхээр өнөөдрийн байдлаар байгаль орчинд хохирол учруулсан, гэм буруу тогтоогдсон ямар нэгэн нотлох баримт байхгүй. Бүх уурхайн зам дайран өнгөрч байгаа бүх сумдын Засаг дарга, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ямар нэгэн хохирол тооцож нэхэмжилсэн зүйл байхгүй. Улсын мөрдөн байцаах газраас байгаль орчинд учруулсан хохиролтой холбоотой гэмт хэрэг байгаа эсэхийг шалгахын тулд хохирлын тайланг ашигласан. Тайлангийн дагуу шалгаад эрүүгийн хэрэг үүсээгүй, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаагүй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-д заасны дагуу нөхөн сэргээлтийн зардлаар аж ахуй нэгж хохирол учруулсан бол нөхөн сэргээгээд явдаг. Аж ахуй нэгж уул уурхайн үйл ажиллагаа, газар тариалан, барилга хот байгуулалт зэрэг үйл ажиллагаа явагдаж байх үед тухайн байгаль орчинд нөлөөлнө. Тухайн үед 2013 оны зам баригдаагүй байх үеийн асуудлаар хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.
Өнөөдрийн байдлаар ** уурхайгаас *** боомт чиглэлд 93 км зам хатуу хучилттай тавигдсан. Үүнээс цааш 76 км зам үлдсэн. Энэ үлдсэн зам нь улсын чанартай авто зам болох учраас техникийн нөхцөлөө Зам тээврийн яамтай тохиролцож байж ажил үргэлжилнэ. Байгаль орчны хяналтын улсын байцаагч өнөөдрийг хүртэл ямар нэгэн албан шаардлага тавиагүй байхад төрийн бус байгууллага шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. **** ХХК-д өнөөдрийг хүртэл Байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос ямар нэгэн шаардлага тавьж байгаагүй байж шүүхэд өгсөн. Гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг ямар тохиолдолд төрийн бус байгууллага нэхэмжлэх вэ гэдэгт **** ХХК гэм буруутай эсэх нь тогтоогдсон шүүхийн шийдвэр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа асуудал байдаггүй. Үйл ажиллагаа явуулж байгаа аймаг, сумын удирдлагаас хохирол нэхэмжилсэн зүйл байхгүй тухай тодорхойлолтыг гаргаад өгсөн. Шүүхийн санаачлагаар шинжээч томилж, шинжээчийн үнэлгээгээр байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ 1,800,000 төгрөг гарсан. Энэ хохирол бол хүлцэж болох хэмжээний хохирол юм. **** ХХК нь 2015 онд тогтворжуулах гэрчилгээ авсан бөгөөд уг гэрчилгээг олгохдоо байгаль орчны асуудалгүй, хөрөнгө оруулалт сайн хийсэн үзүүлэлтийг хангасан тохиолдолд олгодог. Хэрэв тухайн компани байгаль орчинд 10,8 тэрбум төгрөгийн хохирол учруулаад төлөхгүй байгаа бол энэ гэрчилгээг олгохгүй байсан гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: **** ХХК-ийн 168,8 км хатуу хучилттай зам тавих ажлаас болж их хэмжээний тоосонцор үүссэн байна. Уг замаар өдөрт 120 машин зорчдог энэ асуудал 5,6 жил үргэлжилсэн байна. Байгаль орчин бохирдоно гэдэг маш аюултай тул **** ХХК алдаагаа засах хэрэгтэй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4.3, 49.5.2, 49,7 дахь хэсэгт зааснаар хариуцагч **** ХХК-иас 10,803,232,289 төгрөг гаргуулан Засгийн газрын Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлмйн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч **** ХХК-аас 54,174,112 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ++++ нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
5а. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэж дурдсан байх боловч энэхүү нэхэмжлэл хамаарахгүй. Гэтэл шүүх улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлгүйгээр хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан нь хуульд нийцэхгүй байна.
5б. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааны зохицуулалт буюу Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийг баримтлан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Хэрэв анхан шатны шүүх бусдын эд хөрөнгөнд буюу төрийн өмчид хохирол учирсан гэж үзэж байвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т заасныг анхаарч үзэх ёстой. Энэ тохиолдолд нэхэмжлэгч +++ТББ болон ++ нарын хууль ёсны ашиг сонирхол, зөрчигдөөгүй хуульд зааснаар нэхэмжлэгчийг буюу төрийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд байна. Хэрэв Иргэний Хуулийн 497, 510 дугаар зүйлийг баримтлан шийдвэрлэж байгаа тохиолдолд хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирол учруулагчийн гэм буруу байгаа эсэх, гэм буруу нь учирсан гэм хортой шалтгаант холбоотой эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай. Гэтэл анхан шатны шүүх Хариуцагч *** ХХК нь байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгыг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдүйг хийсний улмаас ** аймгийн **сумын нутаг ** уурхайгаас ***н боомт хүртэлх 168,3 км цемент бетон хучилттай авто зам тавих үүргээ биелүүлээгүйгээс байгаль орчинд агаарын бохирдлын хохирол, газрын хөрс, нөөц, ургамлан нөмрөг зэрэгт хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн баримтаар тогтоогдож байна гээд Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013.01.08-ны өдрийн албан бичиг, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014.01.08-ны өдрийн албан шаардлага, гэрч +++ нарын мэдүүлэг гэх мэт баримтуудыг дурдсан байна. Гэтэл эдгээр дурдсан баримтуудын алинд нь ч авто зам тавиагүйгээс байгаль орчинд тодорхой хохирол учирсан талаар дурдсан зүйл байдаггүй бөгөөд уурхайн үйл ажиллагаатай л холбоотой шаардлагууд байдаг.
5в. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна, 49.2 дахь хэсэгт Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл төрийн бус байгууллага болон иргэнд нөхөн төлбөр ноогдуулах эрх олгогдоогүй байна. Өнөөдрийг хүртэл хугацаанд байгаль орчны хяналтын улсын байцаагч болон өөр эрх бүхий этгээдээс **** ХХК-д байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсаны нөхөн төлбөр ноогдуулсан зүйл байхгүй байгааг дурдах нь зүйтэй.
5г. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Итгэлт төгөл ХХК нь хохирлын хэмжээг 1,895,660 төгрөг гэж тогтоосон байх боловч шүүхийн зүгээс өөрийн томилсон уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж дүгнэж 2013 онд хийгдсэн Газар дэлхий ХХК дүгнэлтийг үндэслэл болгож шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2013 онд өөр нөхцөлд огт өөр шаардлагаар хийгдсэн Газар дэлхий ХХК-ийн дүгнэлт болон шүүхийн журмаар тухайн хэрэг маргаанд томилогдсон Итгэлт төгөл ХХК-ийн дүгнэлтүүд илт зөрүүтэй байхад хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн.
5д. Газар дэлхий ХХК-ийн гаргасан үнэлгээ нь өөрөө хохирол тооцох үндэслэл бүхий нотлох баримт болж чадахгүй. Хэдийгээр энэхүү үнэлгээг Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас захиалж хийлгэсэн гэх боловч энэхүү үнэлгээний дагуу ямар нэгэн хохирол нэхэмжилсэн зүйл төрийн захиргааны төв байууллага болон аймаг, сумын зүгээс байхгүй болохыг нотолсон тодорхойлолтууд хэрэгт авагдсан байдаг. Энэхүү нөхцөл байдлыг шүүх огтхон ч анхаарч үзээгүй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.11-д "байгаль орчинд учруулсан хохирол" гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг" хэлнэ гэж заасан бөгөөд энд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа яригдаагүй тул байгаль орчинд учруулсан хохирлыг тооцохын тулд байгаль орчны чадавхын тогтоосон хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлсэн эсэх, хэтрүүлсэн бол үүнийг хэрхэн тогтоох асуудал яригдах ёстой. Гэтэл шүүх хариуцагч **** ХХК нь байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, ... экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг хийсний улмаас ...авто зам тавих үүргээ биелүүлээгүйгээс ...хохирол учирсан болох нь тогтоогдож байна гэсэн нь хуульд нийцэхгүй байна. Түүнчлэн байгаль орчны чадавхын тогтоосон хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлсэн эсэх талаар материал хэрэгт байхгүй болохыг шүүх анхаарч үзээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч талаас гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гомдол гаргах эрхээ алдсан байхад өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгааг ойлгохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар гомдлыг хүлээж авах үндэслэлгүй. Хариуцагчийн гаргасан гомдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянан үзэв.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ЗТ2021/01309 дугаартай шүүхийн тогтоолоор хариуцагчаас гаргасан тус шүүхийн бүх шүүгчдээс татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч, тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ЕШ2021/02459 дугаар захирамжаар хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШЗ2022/00452 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрт хариуцагч талын давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж хэрэгт авагдсан /хэргийн 7 дугаар хавтасны 23-28, 42-47, 53-58, 83-89/ бөгөөд шүүх өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд дээрх ажиллагааг явуулсан байх тул нэхэмжлэгч тал шүүх үндэслэлгүйгээр хэргийг шилжүүлж, давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн гэх агуулгатай тайлбар гаргаж байгаа нь давж заалдах гомдлыг хэлэлцэхээс татгалзах үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3. Нэхэмжлэгч +++ нар нь хариуцагч **** ХХК-д холбогдуулан байгаль орчинд учруулсан гэм хорын хохирол, ургамлын нөмрөгт учруулсан хохирол 5,548,592,805 төгрөг, газрын хөрсөнд учруулсан хохирол 3,285,300,000 төгрөг, газрын нөөцөд учруулсан хохирол 549,600 төгрөг, агаарын чанарт учруулсан хохирол 1,596,394,884 төгрөг, техникийн нөхөн сэргээлт хийхэд 30,441,400 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 331,953,600 төгрөг, ажлын зардал 10,000,000 төгрөг, нийт 10,803,232,289 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч компани нь ** аймгийн **сумын нутаг ** төмрийн хүдрийн уурхайг ашиглах, олборлох, баяжуулах, тээвэрлэх үйл ажиллагаа явуулахдаа ** уурхайгаас *** боомт хүртэл баяжмал тээвэрлэх хатуу хучилттай зам тавих үүргээ биелүүлээгүйгээс байгаль орчинд хохирол учруулсан тул Газар дэлхий ХХК-ийн гаргасан байгаль орчны хохирлын үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар тооцоолон нэхэмжилсэн гэж, хариуцагч **** ХХК нь татгалзлын үндэслэлээ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээлт хийж байсан, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд нэхэмжлэл гаргасан гэж тус тус тайлбарлажээ.
4. Зохигчид **** ХХК-ийг *** уурхайг эзэмшиж, ашиглах явцдаа хатуу хучилттай зам тавиагүйгээс байгаль орчинд хохирол учирсан асуудлаар маргасан байх бөгөөд нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2013 онд хийгдсэн Газар дэлхий ХХК-ийн гаргасан *** уурхайгаас ***н боомт хүртэлх 168.3 км шороон автозамын байгаль орчны хохирлын үнэлгээний тайланг баримтаар гаргасан байна.
Уг үнэлгээний тайлангаас үзэхэд байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо ургамлан нөмрөг, газрын хөрс, газрын нөөц, агаарын мандлыг үнэлгээний зүйл буюу шинжилгээний объект болгож, нийт хохирлыг 3,801,396,645 төгрөгөөр тогтоосон байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 19-22/
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс **** ХХК-ийг байгаль орчинд хохирол учруулсан эсэх, учруулсан бол хохирлын хэмжээг тодорхойлох, ** аймгийн **сумын нутагт *** уурхайгаас ***н боомт хүртэлх 168.3 км зам болон 32 карьерд нөхөн сэргээлт хийгдсэн эсэх, 2013 онд хийгдсэн Газар дэлхий ХХК-ийн гаргасан *** уурхайгаас ***н боомт хүртэлх 168.3 км шороон автозамын байгаль орчны хохирлын үнэлгээний тайлан үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор Итгэлт төгөл ХХК-ийг шинжээчээр томилсноор тус компани 2018 онд дүгнэлт гаргаж, хохирлын хэмжээг 1,895,660.45 төгрөг гэж тодорхойлсон байна. /хэргийн 5 дугаар хавтасны 12-16, 50-121/
Уг дүгнэлтээс үзэхэд хөрс, ургамлан бүрхүүл, бэлчээрийн хомсдол зэрэг нь эзэмших эрхтэй газраас нь халиагүй, агаарын чанарт муугаар нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж, тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас буюу агаарын тоосжилт, автомашины хорт хийн ялгаруулалт зэргийг үндэслэн агаарт цацагдаж буй бохирдуулагч бодисоос 2014-2018 он хүртэлх хугацаанд 1,895,660.45 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн байна.
Эдгээр дүгнэлтийг харьцуулан үзэхэд өөр өөр зүйлийг шинжилгээний зүйл болгон дүгнэсэн, хохирлын хэмжээ илт зөрүүтэй, маргааны үйл баримт эргэлзээгүй, бүрэн тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх энэ байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар тусгай мэдлэг шаардсан асуудлыг тодруулахын тулд шинжээч томилдог бөгөөд анхан шатны шүүх Итгэлт төгөл ХХК-ийн дүгнэлтийг ямар үндэслэлээр үндэслэлгүй гэж дүгнэж байгаа нь өөрөө ойлгомжгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад хамааралтай дээрх нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим болох байгаль орчны хохирлын үнэлгээний талаарх хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/00591 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,174,112 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ЦОГТСАЙХАН