Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 322

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Н.Түвшинбаяр;

шүүгдэгч: Д.Орхон (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дэлгэрцэцэгийн Орхонд холбогдох эрүүгийн 1809002540148 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автомашины инженер мэргэжилтэй, “Моннис моторс” ХХК-д механик ажилтай, ам бүл 4, хадам ээж, эхнэр, хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 3 дугаар хотхон 75-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, УМ89111477 регистрийн дугаартай, Дарь эхч овогт Дэлгэрцэцэгийн Орхон.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Д.Орхон нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ОХУ-ын ЭСЯ-ны ард талын төв зам дээр 2999 УБЦ улсын дугаартай “Тоёота прадо” маркийн автомашины жолооч Д.Боролдойхүүтэй маргалдаж хэл амаар доромжилсон гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас цохиж түүний биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Орхон мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Боролдойхүү /хх-ийн 26-29/, гэрч Э.Урьхан /хх-ийн 32/, А.Сондор /хх-ийн 33-34/, П.Нямсүрэн /хх-ийн 35/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 848 дугаартай дүгнэлт /хх-ийн 39/, Д.Орхоны яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/, Д.Орхоны хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 51-66/, хохирогч Д.Боролдойхүүгийн хүсэлт /хх-ийн 67/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Орхон нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ОХУ-ын ЭСЯ-ны хойд талын автомашины зам дээр Д.Боролдойхүүг “хэл амаар доромжиллоо” хэмээн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Д.Боролдойхүүгийн /хх-ийн 27-28/: “... 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ОХУ-ын ЭСЯ-ны ард талын төв зам дээр 5103 УБЧ дугаартай “Тоёота приус-20” маркийн машин хажуунаас шахаж орж ирээд миний машины баруун урд талын крило, гуфер хэсгийг шүргэчихээд зогсохгүй, цаашаа үргэлжлүүлээд хөдөлсөн. Урд нь машин байсан болохоор хол явж чадаагүй юм. Тэгэхээр нь би машинаасаа буугаад өөрийнхөө машиныг хархад гайгүй байхаар нь ямар нэгэн гомдол гаргахгүй цаашаа явах гээд машинаа тойрч байхдаа жолоочийг нь хархад эмэгтэй хүн тэр машиныг жолоодож байсан. Тэгэхээр нь “чи яаж яваад байгаа юм бэ аятайхан, дүрмээрээ яваач, хүний машин шүргэчихээд уучлаарай ч байхгүй” гэсэн чинь “юун сүртэй өвгөн бэ, ингээд л яваад байдаг биз дээ” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Би тэр машины зүүн талын толийг нь цохьсон чинь хавтас нь салаад уначихсан юм. ... Би машиндаа суугаад хөдлөх гэтэл тэр машины жолооч эмэгтэй манай машины хаалгаруу ундааны сав шидчихсэн. Тэгэхээр нь бууж цонхон дээр нь очоод “чи яагаад байгаа юм бэ, уучлалт гуйхын оронд ингээд байдаг, сонин хүн бэ” гээд урд нь сууж байсан нөхөр нь гэх залуутай маргалдсан. Тэр залуу бууж ирээд шууд гараараа миний нүд рүү цохьсон. Би нүдээ дараад доошоо тонгойчихсон байхад тэр залуу миний дээрээс толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон...” гэх мэдүүлгээр, 

 

гэрч Э.Урьханы /хх-ийн 32/: “ … Би нөхөр Д.Боролдойхүүгийн хамт 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ОХУ-ын элчин сайдын яамны хойд талын зам дээр 2999 УБЦ дугаартай “Прадо-150” маркийн автомашинтай явж байсан. …Гэрэл дохио солигдоод манай машин урагшаа хөдлөхөд том ундааны сав манай машиныг оноод машины хамар дээр өнхрөөд унасан. Манай нөхөр уурлаж буугаад “яах гээд байгаа гичий вэ” гээд очсон чинь нөгөө “Приус” машинаас эрэгтэй хүн бууж ирээд манай нөхөртэй барилцаад авсан. Нөгөө залуу манай нөхрийг шууд зодоод эхэлсэн…” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Сондорын /хх-ийн 33/: “…Орхон буугаад тэр залуутай ноцолдоод эхэлсэн. Орхон тэр залуугийн нүүр рүү нь нэг удаа цохисон…” гэх мэдүүлгээр,

 

Д.Орхоны яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 44-45/: “... 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эхнэр Сондорын хамтаар өөрийн эзэмшлийн 5103 УБЧ дугаартай “Приус-20” маркийн автомашинтай Цэцэг төвийн баруун урд талын уулзвар дээр баруунаас зүүн чиглэлд явж байсан. 2999 УБЦ дугаартай “Тоёота прадо” маркийн машин шахаж орж ирээд крило хэсгээрээ миний машины толийг шүргэсэн. ...Тэр машинаас нэг ах гарч ирээд хэл амаар доромжилсон. Тэгээд машинаасаа буутал нөгөө ах над руу цохих гэж гараа далайхаар нь би хаагаад зөрүүлээд түүний нүд рүү цохьчихсон...” гэх мэдүүлгээр,

 

Д.Орхоны буруутай үйлдлийн улмаас Д.Боролдойхүүгийн биед “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 848 тоот дүгнэлт /хх-ийн 39/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, гэрч нар хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг мэдүүлсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

 Д.Боролдойхүүг “хэл амаар доромжиллоо” хэмээн буруутган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Д.Орхоны санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Д.Орхоны “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Д.Орхон нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд хохирогч “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.

                       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Дарь эхч овогт Дэлгэрцэцэгийн Орхоныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Орхоныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Орхонд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ