Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 31

 

 

Б.*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Х.Еркебулан, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Б.Уянга нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар шүүгчийн захирамжтай Б.*******д холбогдох эрүүгийн 201621000060 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1993 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мөн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан ******* ******* ******* ******* ******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах 80 айлын орон сууцны гаднах авто машины зогсоол дээр байрлуулсан ******* ******* улсын дугаартай Ланд Крузер-80, улсын дугаартай Тоёото Прадо-150 маркийн тээврийн хэрэгслүүдэд нэвтрэн эд зүйл хулгайлж, хохирогч ид 236.000 төгрөгийн, хохирогч эд 3.171.000 төгрөгийн буюу бусдад нийт 3.407.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар захирамжаар “Хэргийг мөрдөн байцаалтанд буцааж” шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааны тэмдэглэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “ Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасан Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт сэлт, мэдээлэл нь гэрч, хохирогч, сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, эд мөрийн баримт, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад баримтаар тогтоогдоно мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт заасан тэмдэглэл үйлдэх үүргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хуралдааны явцад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээнэ, 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасан зөвлөлдөх тасалгаанд ямар тогтоол, захирамж гаргасан тухай шүүх хуралдааны тэмдэглэлд бичнэ.

Мөн 253.9 дэх хэсэгт заасан шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдээгүй шүүх хуралдааны ажиллагаа нотлох баримтын ач холбогдлоо алдана гэснийг тус тус зөрчсөн байна. Иймд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаартай шүүгчийн захирамж нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй, дээрх шүүх хуралдааны ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, хууль бус ажиллагаа байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс бол прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Гэхдээ шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын гаргасан алдаа бол Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг ноцтой зөрчсөн алдаа биш юм. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Б.*******д холбогдох хэргийг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 26 дугаартай “хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай” захирамж гаргажээ.

Гэтэл 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б.*******д холбогдох хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгч зөвлөлдөж орж ирээд шүүх хуралдаан үргэлжилж, шүүгдэгч Уйгар хотан ******* Авдалын Сарайг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулан, түүнийгээ тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгч зөвлөлдөх тасалгаанаас орж ирээд шүүх хуралдаанаа үргэлжүүлэхдээ Б.*******д холбогдох хэргийг биш д холбогдох хэргийг шийдвэрлэсэн гэж ойлгогдохоор байна.

Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 253 дугаар зүйлийн 253.2 дэх хэсэгт заасан “...зөвлөлдөх тасалгаанд ямар тогтоол, захирамж гаргасан ...тухай бичнэ, 253.9 дэх хэсэгт зааснаар “Шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдээгүй шүүх хуралдааны ажиллагаа нотлох баримтын ач холбогдлоо алдана” гэснийг тус тус зөрчсөн байна.

Иймд шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдээгүй асуудлыг шийдвэрлэсэн байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч захирамжийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Б.*******г бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Энэ магадлал нь нэн даруй заавал биелэгдэх бөгөөд Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                                М.НЯМБАЯР                                                                        

                                ШҮҮГЧИД:                                 Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                   Б.ДАМБА