| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 188/2019/1018/Э |
| Дугаар | 106 |
| Огноо | 2020-02-17 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.4.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 106
Б.Ш, Г.Г, Ц.Э
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Ч.Мөнхбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1023 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1203 дугаар магадлалтай, Б.Ш, Г.Г, Ц.Э нарт холбогдох 1808046460760 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Ч.Мөнхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн, Б овогт Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,
Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэгт,
Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Б овогт Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Б.Ш-ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Г.Гыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ц.Э-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Б.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Шд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750.000 төгрөгийн торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, торгох ялын нийт хэмжээг 1.350.000 төгрөгөөр тогтоож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,
Шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Ц.Э-ын урьдчилан хоригдсон 2 хоногийг торгох ялын нэг хоногийг арван таван нэгжээр тооцож, түүний эдлэх ялаас 30 нэгж буюу 30.000 төгрөгийг хасаж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж” шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Ч.Мөнхбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж. эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно. Мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт хэргийн зүйлчлэл. ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх хэмжээтэй боловч хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилж, хорих ялтай гэмт хэргээр зүйлчлэхийг шаардаж прокурорын хараат бус байдалд нөлөөлж, хөндлөнгөөс үүрэг чиглэл өгч ноцтойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор яллагдагч нарын үйлдэл нь олон нийтийг илтэд үл хүндэтгэж, үл ойшоосон шинжтэй үйлдэл хийгээгүй буюу яллагдагч нар нь гэмт хэргийг урьдаар төлөвлөж бүлэглэп хохирогч нарын бие эрх чөлөөнд халдах нэгдмэл санаа зорилго агуулаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогч нарын биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйлдэл хийсэн нь танхайрах гэмт хэргийн шинжгүй байх тул яллагдагч Б.Ш, Г.Г, Ц. Э нарт холбогдох зарим зүйл анги, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгсэхгүй болгосон байхад шүүх прокурорын хараат бус, бие даасан үйл ажиллагаанд нь халдаж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр буцааж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж үзэж байна.
Шүүгдэгч Г. Г-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгг заасан гэмт хэргүүд нь тус хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх дууссан.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1203 дугаартай магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийп 1.2-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Б.Ш-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан атлаа прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Б.Ш нарын 3 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Зөвхөн хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээр зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасныг орхигдуулсан нь ял завшуулсан байна. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Ч.Мөнхбаярын гаргасан гомдлыг үндэслэн Б.Ш, Г.Г, Ц.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Б.Шийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд хохирогч Э.Л-н “зүүн нүдэн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний эвэрлэгийн урагдал, зүүн нүдний алимны агуулагдахууны гоожилт, хараагүйдэл, зовхинд зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.Г-ыг хохирогч П.Ц-г зодож, эрүүл мэндэд нь баруун гарын богтос ясны дээд хэсэгт зөрөөтэй хөндлөн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.Г, Ц.Э нарыг хохирогч Ж.Ж-г бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь “зулайн хуйханд няцарсан шарх, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, хүзүү, цээж, хэвлий, зүүн дал, бугалга, тохойнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан хэмээн прокуророос Б.Ш-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ш-ийг иргэн Э.Л-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Г.Г-ыг иргэн П.Ц-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Г.Г, Ц.Э нарыг бүлэглэн иргэн Ж.Ж-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдлоо.
Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуульд заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзлээ.
Учир нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд Б.Ш, Г.Г, Ц.Э нар нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжид олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, уг үйлдлийг сонсоод гарч ирсэн иргэдэд хүч хэрэглэж, улмаар хууль бус үйлдэл хийж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байна.
Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн сэдэлт нь бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, өөрийн хүч чадал зэргээр бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх явдал бөгөөд үүнээс хальж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахыг зорилгоо болгосон үйлдлийг хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаагаа ухамсарлан, энэ үйлдлээс бусдын амь нас, эрүүл мэндэд хүнд хохирол учирч болохыг мэдсээр атлаа тийм хор уршиг бий болгохыг зориуд хүсч шууд санаагаа хэрэгжүүлсэн нь гэмт этгээдэд олон нийтийн аюулгүй байдлын эсрэг болон хүний амь явах эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт нэгэн зэрэг хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бол уг үр дагаврыг хүсээгүй боловч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа хүргэсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4-т заасан буюу нэг гэмт хэрэгт ял шийтгэх үндэслэл болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлэхийн тулд хуульд заасан бүхий л арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах эсхүл цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянаж, шүүгдэгч Б.Ш, Г.Г, Ц.Э нарын гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нэг мөр шалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Ч.Мөнхбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1203 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Ч.Мөнхбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР