Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2018/0146

 

О.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, гуравдагч этгээд А.Б нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, О.М-ын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурал, Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:
   Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.М-ын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурал, Баян-Өндөр сумын Засаг дарга нарт тус тус холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаартай тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн Оюут багийн Засаг дарга О.М-д холбогдох хэсэг, мөн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн А.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
   Гуравдагч этгээд А.Б давж заалдах гомдолдоо: “1. Тус багт харьяалалгүй 9 иргэн өгсөн гэх асуудлыг анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Дээрх 9 иргэн тус багийн харьяалалгүй гэх боловч Засаг даргыг сонгох сонгуульд ялангуяа 305 хүнээс үлдэж 226 хүн санал өгсөн иргэд дотор эдгээр 9 хүн санал өгсөн эсэх нотлоогүй, түүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад Засаг даргад нэр дэвшихээр хуралдаанд оролцохоор ирсэн 305 хүний бүртгэлд дүгнэлт хийж шийдвэрлээгүй нь үндэслэлгүй. Бүртгэл хаяг нь өөр боловч тухайн багт суурьшин амьдардаг эсэх, тухайн хуралдаанд санал өгсөн эсэх, ялангуяа Засаг даргыг сонгох саналд дээрх 9 иргэн оролцсон эсэх нотлогдоогүй байхад уг 9 хүний саналыг миний саналаас шууд хасч шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй.
2. Миний бие 8 хүний саналын зөрүүтэй ялсан. Засаг даргын санал өгсөн иргэдээс 8 хүчингүй саналын хуудас гарсан. Дээрх 16 хүний санал буюу хүчингүй санал өгсөн 8 иргэн, зөрүүтэй санал өгсөн 8 иргэн нийт 16 санал өгсөн иргэн дотор дээрх 9 хүн байгаа эсэх, санал өгөхөөр хуралдаанд ирсэн атлаа санал өгөлгүй явсан 79 хүн дотор байгаа эсэхийг шүүх дүгнэлт хийлгүй “оролцсон байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Эдгээр 9 хүн надад санал өгсөн 113 хүн дотор байгаа эсэх нь нотлогдоогүй байхад сонгуульд нөлөөлсөн гэж үзэх нь үндэслэлгүй.
3. Харьяалалгүй иргэн Засаг даргын сонгуульд санал өгсөн, ялангуяа миний төлөө өгсөн 113 хүний саналд 9 нь өөр харьяалалтай байсан мэт нотлогдож байна гэж дүгнэж санал өгсөн иргэдийн санал руу бүдүүлгээр халдсан шийдвэр гаргаж байна. Эдгээр 9 хүний 2 нь жирийн иргэд 7 нь нэр дэвшсэн О.М-ыг дэмжсэн Ш.М, н.А, Б.Г, Г.Ж, Г.Б, Х.О нар байх ба зориуд сонгуулийн үйл ажиллагаа унагаах гэж анхнаасаа зохион байгуулалттай хийсэн ажил байсан байна. Эдгээр хүмүүс нь намайг гар утас дээр дүрс  бичлэг хийн, миний хөдлөх ярих болгоныг бичиж авч байсан ба тухайн сонгуульд оролцогч нарын дэмжигч нар оролцож хянаж байна гэж бодож юм бодоогүй. Гэтэл эцэст нь сонгуулийн үйл ажиллагааг будлиулах зорилготой байжээ гэдэг нь ялгарч гарч ирсэнд харамсалтай байна. Энэ байдлыг шүүхээс анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан нь хэргийн бодит байдлыг анхаарсангүй гэж үзэх байна. Эдгээр хүмүүс хуучин хаягаар буюу иргэний үнэмлэх дээрх хаягтай байдаггүйг сонгуулийн хурлын дэгийн дагуу мэдэх боломжгүй байсан байдалд шүүх дүгнэлт хийгээгүй. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах комисс анхнаасаа эдгээр 9 хүн сонгуульд оролцох боломжгүй байсныг мэдэх боломжгүйг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болох эсэхийг шүүх анхаарч үзээгүй. Иргэний үнэмлэх дээр эдгээр хүмүүсийн хаяг тус багийн гэж бичээстэй байгаа байдалд шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Иргэний үнэмлэх дээр бичээстэй хаягаар бүртгэл хийсэн нь буруутгах үндэслэл болох эсэхэд шүүх анхаарч үзээгүй.
4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг шүүх буруу  хэрэглэж намайг 50.0 хувийн санал авсан гэж дүгнэсэн. Уг хуулийн заалт нь “санал хүчинтэйд тооцсон” хуудсаар “санал авсан” хүний тоог гаргадаг ба “хүчингүйд тооцсон санал”-ыг “санал өгөөгүйд” тооцдог. “Санал өгөөгүй хүний санал”-ыг санал өгсөн хүний тоотой харьцуулан хувь тогтоох нь хууль зөрчдөг. Учир нь дээрх хүчингүй саналын 4 нь надад санал өгсөн байсан ба үүнийг нь хүчингүй гэж үзэж “санал өгөөгүйд тухайн үед тооцсон”. Үүнийг би буруу гэж үзэж байгаа. Уул нь би 117 хүний саналаар тэргүүлсэн боловч 4 саналын дугаарыг дугуйлаагүй байна. Овог нэрнийн эхний А.Б гэсэн үсгийн А. Үсгийг дугуйлсан гэж сонгогчийг буруутган хүчингүй болгосон. Үүнийг шүүх анхаарч шийдвэрлээгүй атлаа “Санал өгөөгүйд тооцсон” саналын хуудсаа оруулж санал авсан иргэдийн хувь хэмжээг тогтоох үндэслэлгүй. Хэрвээ дээрх хүчингүй саналыг тооцох бол зөвхөн надад өгсөн хүчингүй саналыг миний санал авсан иргэний тоон дээр нэмж хувь тооцох үндэслэлтэй. Зөвхөн миний төлөө өгсөн “хүчингүй саналын хувийг” нэмж тооцох ёстой. Гэтэл 8 хүчингүй саналын хуудсыг бүхэлд  нь миний саналын тоон дээрх хасч хувийг тогтоож байгаа нь хууль зөрчсөн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалт нь “олохийн санал авсан” гэж “ санал авсан” иргэдээс хувь тогтоох заалт. Энэ нь “санал авсан гэж тооцох боломжгүй хүчингүй саналын хуудсыг” оруулж хувь хэмжээг тооцох хууль зүйн зохицуулалт биш юм.
Улсын бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар үнэлж, ирцийн бүртгэл бүхий нотлох баримтыг үнэлээгүй нь хэрэгт нэг талын нотлох баримтыг баримталж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ирцийн бүртгэл болон улсын бүртгэлийн лавлагаа зөрүүтэй байгаа шүүх анхаарч аль нотлох баримтыг үнэн зөв гэж үзэх вэ гэдгийг нягтлан үзэхийн тулд бусад нотлох баримтыг бүрдүүлж хэргийг шийдвэрлэх байтал биенээ үгүйсгэсэн дээрх хоёр баримтын нэгийг нь үнэн зөв гэж үзэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Нотлох баримтыг бүхэлд нь анхааралгүй шийдвэр гаргасан гэж үзэж байх тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 21-ний өдрийн 41 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
                                                                               ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч О.М нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурал, Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаар захирамжийн А.Б-д холбогдох хэсэг, Б/11 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... Засаг даргад нэр дэвшигч нь иргэдийн Нийтийн Хурлаас олонхийн санал аваагүй байхад түүнийг нэр дэвшүүлж, хууль зөрчсөн, өөр багийн иргэдийг хуралд оролцуулсан ...” гэж тодорхойлжээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанд тус багийн харьяалалгүй 11 иргэд оролцсон нь дээрх хуульд заасныг зөрчсөн, мөн нэр дэвшигч О.М, А.Б нарын саналын дүнд нөлөөлөхүйц байдлыг бий болгосон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанд 226 хүн оролцож, үүнд Оюут багийн харьяалалгүй 11 хүн багтсан, харин багийн Засаг даргыг сонгох санал хураалтад 226 хүн оролцсоноос нэхэмжлэгч О.М 105, гуравдагч этгээд А.Б 113 хүний санал авсан, хүчингүй 8 саналын хуудас тоологдсон болох нь хэрэгт цугларсан Тооллогын комиссын тогтоол, ирцийн бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хэдийгээр Оюут багийн харьяалалгүй 9 хүн багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцож хэнд санал өгсөн эсэх нь тодорхойгүй боловч нэр дэвшигчдийн авсан саналын зөрүү хуралд оролцсон тус багийн харьяалалгүй иргэдийн тооноос их байгаа нь багийн Засаг даргыг сонгох санал хураалтын дүнд нөлөөлөхөөр байх тул гуравдагч этгээдийн “... эдгээр 9 хүн надад санал өгсөн 113 хүн дотор байгаа эсэх нь нотлогдоогүй байхад сонгуульд нөлөөлсөн гэж үзэх нь үндэслэлгүй ...” гэх гомдол нь үндэслэлгүй байна.
Учир нь дээрх 9 иргэн нь Оюут багийн харьяалалгүй болох нь иргэдийн Нийтийн Хуралдаан болсон 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдээгүй, тухайн өдрийн хуралдаанд хэлэлцэгдээгүй, харин шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоосон бөгөөд шүүх маргаан бүхий тогтоолыг хянахдаа тухайн цаг хугацаанд болсон үйл баримтын хүрээнд дүгнэж, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянан шалгах зарчимтай.
Тиймээс маргаан бүхий Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр тогтоолоор А.Б-г сонгогчдын олонхийн буюу 50,8 хувийн саналыг авсанд тооцохдоо хүчингүй болсон 8 саналыг нийт саналаас хасч тооцсон, улмаар багийн Засаг даргад томилуулахаар сумын Засаг даргад уламжилж шийдвэрлэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “... уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасантай нийцээгүй бөгөөд хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул алдаатай шийдвэр гаргасан, багийн иргэдийн бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг шалгаагүй буруутай талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.
Харин шүүхийн шийдвэрийг ойлгомжтой, биелэгдэх боломжийг хангах үүднээс “Тогтоох” хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
                                                                            ТОГТООХ нь:
   1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дүгээр тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийн 1 дэх хэсгийн Оюут багийн Засаг дарга О.М-д холбогдох хэсэг, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаар захирамжийн А.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                  Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ                  Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ                  Э.ХАЛИУНБАЯР