Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2016/00091

 

Хөрх булаг ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 139/ШШ2016/00282 дугаар шийдвэр,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 218/МА2016/00012 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Хөрх булаг ХХК

Хариуцагч :  Р.Саасулмаа

Үндсэн нэхэмжлэл: Түрээсийн төлбөр 12.000.000 төгрөг, торгууль 6.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөг гаргуулах, Хөрх булаг ХХК-ийн Мандал худалдааны төвийн 1 давхрын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр, 3 агуулахыг суллаж өгөхийг хариуцагчид даалгах,

Сөрөг нэхэмжлэл: 2012.01.31-ний өдрийн 01 дугаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай

Хариуцагчийн төлөөлөгчийн Б.Минжүүрдоржийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөрхбулаг ХХК нь 2012.01.31-ний өдөр Дундговь аймгийн Мандал худалдааны төвийн 1-р давхарт байрлах 8 нэрийн хүнсний дэлгүүрийг 3 агуулахын хамт Р.Суусалмаад түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулсан.  Гэрээг нэг жилийн хугацаатай сарын төлбөрт 1.500.000 төгрөг, зуны улиралд 1.400.000 төгрөгийг тус тус төлж байхаар харилцан тохирсон. Гэвч 2012 оны 5 сараас хойш түрээсийн төлбөрийг төлөөгүй. Р.Суусалмаагаас төлбөрийг төлөх мөн дэлгүүрийг суллаж өгөхийг удаа дараа амаар болон албан бичгээр шаардсан ч биелүүлээгүй. 32 сарын түрээсийн төлбөр 46.4 сая төгрөг, алданги 23.2 сая төгрөг нийт 69.6 сая төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү. /хх1-ийн 1-2/ Р.Суусалмаатай байгуулсан гэрээний цаана түүний дүү Р.Энхбаяр дэлгүүрийн бүхий л үйл ажиллагаанд оролцдог бөгөөд энэ талаар Цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байсан. /хх1-ийн 22/. Анх нэхэмжлэлийг 2015.3.18-ны өдөр шүүхэд гаргасан боловч 8 сар өнгөрсөн учир түрээсийн төлбөрт 12 сая төгрөг, алданги 6 сая төгрөг нэмж шаардана. Иймд 40 сарын түрээсийн төлбөр 58.400.000 төгрөг, алданги 29.200.000 төгрөг нийт 87.600.000 төгрөг хариуцагчаас гаргуулах, гэрээний зүйлийг чөлөөлүүлэх шаардлага тавьж байна /хх1-ийн 172-173/ гэжээ. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. Хариуцагчаас 2012 оны 6 дугаар сараас 2013 оны 1-р сар хүртэл хугацааны түрээсийн төлбөр 12 сая төгрөг, алданги 6 сая төгрөг нийт 18 сая төгрөг, 2013.01.31-ний өдрөөс хойш дэлгүүрийг суллаж өгөөгүйгээс бий болох үр шим 69.600.000 төгрөг нийт 87.6 сая төгрөг гаргуулах, гэрээний зүйлийг чөлөөлүүлэхийг хүсэж байна /хх2-ын 47-48, 49-50, 132-133/. Шүүх хуралдаан дээр шаардлагаа багасгаж, хариуцагчаас 2012 оны 6 дугаар сараас 2013 оны 1-р сар хүртэл хугацааны түрээсийн төлбөр 12 сая төгрөг, алданги 6 сая төгрөг нийт 18 сая төгрөг гаргуулах, гэрээний зүйлийг чөлөөлүүлэх /хх 3-ийн 215/ шаардлага тавьж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг гаргасан Ц.Уранчимэг гэдэг хүнийг танихгүй бөгөөд дэлгүүр нь Ц.Уранчимэгийнх биш. Хөрх булаг дэлгүүрийн эзэмшигч нь Н.Батбаяр, Р.Энхбаяр гэсэн хүмүүс байдаг. Түүнчлэн, энэ нэхэмжлэл нь надтай биш, харин Р.Энхбаяр гэдэг хүнтэй холбоотой байна /хх1-ийн 13/ гэжээ. Гэрээг өөрийн төрсөн дүү Р.Энхбаярын санал болгосны дагуу хийсэн. Энэ дэлгүүрээс олж байсан бүх орлого Хөрх булаг ХХК-ийн орлогод орж байсан. Энэ маргааныг Р.Энхбаяр Хөрх булаг ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн маргаан шийдвэрлэгдэх хүртэл шийдэгдэх боломжгүй /хх1-ийн 192-193/ гэжээ. Нэхэмжлэгч шаардлагаа өөрчилсөн нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Нэхэмжлэгч 2015.3.18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ түрээсийн 46.400.000 төгрөгийн төлбөр, алданги 50 хувь хэтрүүлэхгүйгээр гэж байсан бол 2016.7.26-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ 2013.01.31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд дэлгүүрийг суллаж өгөөгүй, зориулалтын дагуу ашигласнаас болсон үр шимийг мөнгөн дүнгээр тооцож 69.600.000 төгрөгийг гаргуулах гэжээ. Нэхэмжлэлдээ дурьдсан 69.600.000 төгрөгийг түрээсийн төлбөр, алданги болж байсан бол сүүлдээ дэлгүүрийг суллаж өгөөгүй, зориулалтын дагуу ашигласнаас бий болсон үр шим болж өөрчлөгдөж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн нийт дүн адилхан мөртлөө агуулгаа өөр, өөр байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч шаардлагаа өөрчилж байгаа бол өмнө нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзаж байгаа эсвэл багасгаж, нэмэгдүүлж байгаа талаар огт дурьдаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэгтэй атал 69.600.000 төгрөгний үр шим хэрхэн тооцсон, үр шим гэдгийг нотолж байгаа нотлох баримт хавсаргаж өгөөгүй байна. 18 сая төгрөг гаргуулах шаардлагын хувьд 2015.3.18-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ "түрээсийн 46.400.000 төгрөг" гэж байсан бол 2016.7.26-ны өдөр нэхэмжлэлдээ 12 сая төгрөг, торгуулийн хамт 18 сая төгрөг гэсэн тодорхой бус, ямар нэгэн санхүүгийн баримт, тооцоо нийлсэн акт зэргээр нотлогдохгүй байна. Сүүлийн шаардлагын тухайд уг шаардлагаа мөн 2015.3.18-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ дурьдсан, мөн хэрхэн яаж өөрчлөгдсөн гэдэг нь тодорхойгүй, Иргэний хуулийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3-т заасан. Нэхэмжлэлд Хөрх булаг ХХК-ийн захирал Н.Батбаяр гэж дурьдсан ба Н.Батбаяртай түрээсийн гэрээ байгуулаагүй, харин Хөрх булаг ХХК хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх2-ын 148-150/

Хариуцагч Р.Суусалмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Р.Суусалмаа миний төрсөн дүү Р.Энхбаяр нь 2012.01.28-ны өдөр өөрийн эзэмшлийн Хөрх булаг ХХК-ийн Мандал худалдааны төвийн 1 давхарт байх хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт тавих, ашиг орлогыг нь бодитоор тодорхойлж мэдэх зорилгоор өөрөө ажиллуулах болсон байдаг. Дэлгүүрийн ашиг орлогыг бүрэн бодитой үнэн зөв тодорхойлохын тулд дээрх түрээсийн гэрээг миний нэрээр байгуулж түрээсийн орлого, дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлого зарлага ашгийг тооцож үзсэн юм. Тооцоо бүртгэлээр Хөрх булаг ХХК-ийн захирал Н.Батбаяр нь дэлгүүрийн орлого, зарлага ашгийн талаар Р.Энхбаярт худал хэлж, татварын байгууллагад тайлан мэдээг худал гаргаж хууль зөрчиж байсан нь илэрсэн байдаг. Миний бие тухайн түрээсийн гэрээг өөрийн хүсэл сонирхлынхоо дагуу хийгээгүй үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд л байгуулсан. Надад уг хэлцлийг хийх хүсэл зориг байгаагүй, тухайн дэлгүүрийг ажиллуулах, ашиг орлого олох сонирхол байгаагүй болно. Иймд 01 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх1-ийн 83-84, 85-86/

Нэхэмжлэгч Хөрх булаг ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2012.01.31-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуульд нийцүүлэн байгуулсан. Үнэн санаанаасаа бус хөнгөмсөгөөр найдсан гэх мөн хяналт тавих зорилгоор хийсэн гэдэг нь үндэслэлгүй юм. Хариуцагч нь гэрээний нөхцлийг зөвшөөрч гэрээ хийсэн бөгөөд гэрээний үүргээ биелүүлж төлбөр төлж байсан тухайгаа Цагдаагийн газар мэдүүлсэн байдаг ба төлбөр хийж байсан нь баримтаар нотлогдоно. Иргэний хуулийн 56.1.4-т заасан үндэслэл нотлогдоогүй байна. Н.Батбаярыг Р.Энхбаярын гомдлоор Цагдаагийн байгууллага шалгасан боловч гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдсон. Хариуцагч ИХШХШТХ-ийн 62 дугаар зүйлийн шаардлагыг хангаагүй сөрөг нэхэмжлэл гаргасан байхад шүүх хүлээн авсан нь буруу. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх1-ийн 105-107/ 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 06-иы өдрийн 139/ШШ2016/00282 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Суусалмаагаас 17.250.000 төгрөгийг гаргуулж, Хөрх булаг ХХК-д олгож, Мандал худалдааны төвийн 1 давхрын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр, 3 агуулахын хамт суллахыг Хөрх булаг ХХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгч 69.600.000 төгрөгийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг баримтлан Р.Суусалмаагийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 753.900 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, РСуусалмаагаас 244.200 төгрөг гаргуулж Хөрх булаг ХХК-д олгосон байна. /хх2-ын 222-230/

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 218/МА2016/00012 дугаартай магадлал гаргаж, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 139/ММ2016/00282 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээжээ. /ххЗ-ын 13-19/

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Р.Суусалмаа дэлгүүр агуулахыг өөрийн хууль бус эзэмшилдээ байлгаж байгаа гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад суллахыг даалгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх дэлгүүрийг Р.Энхбаяр ажиллуулж байгаа нь нотлогдсон гэх мөртлөө Р.Суусалмаагаас нэг жилийн түрээсийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй .Түүнчлэн давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг нотолгооны хэрэгсэл болгон дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. /ххЗ-ын 234/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолд өгсөн хариу тайлбартаа: Гомдлыг зөвшөөрөхгүй. Хариуцагчаас түрээсийн төлбөр гаргуулсан нь үндэслэлтэй. Дэлгүүр агуулахыг эзэмшилдээ байлгаж байгаа тул чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Түрээсэлсэн "хүнсний дэлгүүр" гэдэг нь 8 нэрийн бараа худалдах зөвшөөлөртэй, лангуу зэргийг тавьсан дэлгүүр юм. Худалдах бараагаа түрээслэгч өөрөө авч ирж, тавьж зардаг юм. 3 "агуулах" нь дэлгүүрийн гадна талд тусдаа байралдаг. Шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Хөрх булаг ХХК нь Р.Суусалмаад холбогдуулан 2012 оны 6 дугаар сараас 2013 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөр 12.000.000 төгрөг, алданги 6.000.000 төгрөг нийт 18.000.000 төгрөг гаргуулах, Дундговь аймгийн, Сайнцагаан сумын 7-р баг, Мандал худалдааны төвийн 1 давхрын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр болон 3 агуулахыг суллуулах нэхэмжлэл гаргаж, шаардлагаа зохигчдын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан 01 дугаартай "Түрээсийн гэрээ"-г үндэслэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө сөрөг нэхэмжлэл гаргаж, Хөрх булаг ХХК болон Р.Суусалмаа нарын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан 01 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас түрээсийн төлбөр 11.500.000 төгрөг, торгууль 5.750.000 төгрөг нийт 17.250.000 төгрөг гаргуулж, хүнсний дэлгүүр болон 3 агуулахыг суллахыг Р.Суусалмаад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 1.     Түрээсийн төлбөрт 12.000.000 төгрөг гаргуулах шаардлагын талаар

Зохигчид 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр "Түрээсийн гэрээ" байгуулж, Хөрх булаг ХХК нь Дундговь аймгийн, Сайнцагаан сумын 7-р баг, Мандал худалдааны төвийн 1 давхрын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр болон 3 агуулахыг түрээслүүлэх, харин Р.Суусалмаа нь эд хөрөнгийг түрээслэн авч, сар бүр 1.500.000 төгрөг, зуны улиралд 1.400.000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээжээ. Хоёр шатны шүүх зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд нийцсэн байна. Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ зохигчдын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч гэрээнд заасан эд хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн тул Р.Суусалмаагаас түрээсийн төлбөр шаардах эрхтэй байна.

Р. Суусалмаа Дундговь аймгийн, Сайнцагаан сумын 7-р баг, Мандал худалдааны төвийн 1 давхрын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр болон 3 агуулахыг түрээсэлсэн бөгөөд 2012 оны 6 дугаар сараас 2013 оны 01 дүгээр сар дуустал хугацааны төлбөрийг төлөөгүй нь тогтоогдсон тул шүүх хариуцагчаас түрээсийн төлбөрт 11.500.000 төгрөг гаргуулсан Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1,318.5, 292 дугаар зүйлийн 292.4-т нийцсэн гэж үзнэ. 

2. Түрээсийн гэрээний 6.2-т заасан үндэслэлээр 6.000.000 төгрөг гаргуулах шаардлагын талаар

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн ч энэ нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

Түрээсийн гэрээний 6.2-т "...түрээслэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хэтэрсэн хоног тутам үнийн дүнгийн 0,5 хувиар торгууль хүлээнэ..." гэж талууд тохиролцсон бөгөөд уг заалтыг үндэслэн нэхэмжлэгч 6.000.000 төгрөг шаарджээ.

 Иргэний хуулийн 232 дугаар зүйлд "...хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ... анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна... Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ... хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ..." гэж заасан байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2 дахь хэсэгт "торгууль" гэж бичсэн ч зохигчид мөнгөн төлбөрийг хоног тутам тооцохоор тохиролцсон байх тул түрээслэгч нь торгууль бус, харин алданги төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчихгүй гэж үзлээ.

Хариуцагч гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр мөнгөн төлбөр төлөх үүрэг хүлээсэн, энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4,232.6 дахь хэсгийг зөрчөөгүй тул шүүх Р.Суусалмаагаас 5.750.000 төгрөг гаргуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

З. Дундговь аймгийн, Сайнцагаан сумын 7-р баг, Мандал худалдааны төвийн 1 давхрын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр болон 3 агуулахыг чөлөөлүүлэх шаардлагын талаар

Зохигчдын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан гэрээний 4.3 дахь хэсгийн заалтаас гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дууссан байна.

Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзнэ.

4. Сөрөг нэхэмжлэлийн талаар

Талууд 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр "Түрээсийн гэрээ" байгуулж, Хөрх булаг ХХК нь Дундговь аймгийн, Сайнцагаан сумын 7-р баг, Мандал худалдааны төвийн 1 давхрын 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр болон 3 агуулахыг түрээслүүлэх, Р.Суусалмаа нь эд хөрөнгийг түрээслэн авч, сар бүр 1.500.000 төгрөг, зуны улиралд 1.400.000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээсэн, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд нийцсэн байна.

Дээр  дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын удиртгал хэсэгт ...шүүх бүрэлдэхүүний нэрийг заахдаа хоёр өөр шүүхийн нэр зааж бичсэн нь зохижмгүйг тэмдэглэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 139/ШШ2016/00282 дугаар шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 218/МА2016/00012 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Минжүүрдоржийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2.  Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 244.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ