| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00515/И |
| Дугаар | 302/ШШ2025/00765 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 302/ШШ2025/00765
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 01 дүгээр багт оршин суудаг, утас 9*****, М.Ж;
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 01 дүгээр багт оршин суудаг, утас 9******, Х.Ш;
Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч М.Жийн Ө сумын 1 дүгээр баг ******** хаягт байрлах, нэгж талбарын *******0 дугаар бүхий 1148 м.кв эзэмшлийн газрын баруун талд байршилтай хариуцагч Х.Ший зөвшөөрөлгүй блокоор барьсан амбаар, баруун хойд буланд хураасан төмрийн хаягдлуудыг болон эзэмшил газрын зүүн талд байршилтай төмрөөр хийгдсэн вагончикийг тус тус албадан нүүлгэх, мөн эзэмшил газрын баруун талын захад байршилтай өөрийн эзэмшлийн амбаарын баруун талын үзүүрээс зүүн тал руу эгц 15 метр, хашааны хаалганы урьд баруун талын босгоноос хойд тал руу эгц 16 метр газарт тус тус хашаа татахад саад хийхгүй байхыг хариуцагч Х.Шд үүрэг болгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: М.Ж,
Хариуцагч: Х.Ш
Хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай,
Орчуулагч Т.Хуаныш,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.Ж хариуцагч Х.Шд холбогдуулан анх шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Эзэмшлийн газраас хариуцагч Х.Ший зөвшөөрөлгүй барьсан амбаар, байршуулсан вагончикийг тус тус албадан нүүлгэж, Х.Ший хувийн сууцанд зэргэлдээ байршилтай өөрийн эзэмшлийн газрын хилийн заагт хашаа татахад саад хийгүй байхыг Х.Шд үүрэг болгож өгөхийг хүссэн байна.
Хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Ж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн нэмэгдүүлж Ө сумын 1 дүгээр баг ******** хаягт байрлах, нэгж талбарын *******0 дугаар бүхий 1148 м.кв эзэмшлийн газрын баруун талд байршилтай хариуцагч Х.Ший зөвшөөрөлгүй блокоор барьсан амбаар, баруун хойд буланд хураасан төмрийн хаягдлуудыг болон эзэмшил газрын зүүн талд байршилтай төмрөөр хийгдсэн вагончикийг тус тус албадан нүүлгэх, мөн эзэмшил газрын баруун талын захад байршилтай өөрийн эзэмшлийн амбаарын баруун талын үзүүрээс зүүн тал руу эгц 15 метр, хашааны хаалганы урьд баруун талын босгоноос хойд тал руу эгц 16 метр газарт тус тус хашаа татахад саад хийхгүй байхыг хариуцагч Х.Шд үүрэг болгох тухай нэхэмжлэл шаардлага тодорхойлсон болно. Нэхэмжлэгч М.Ж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие Б аймгийн Ө сумын 1 дүгээр баг Хуст арал буюу У-4, 418 хаягт байршилтай 1148 м.кв газрыг Ө сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16/тоот захирамжаар 38 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-0213007479 дугаарт бүртгэж, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Түүнчлэн уг газарт 120 м.кв талбайтай миний өвлийн сууц, амбаар байдаг юм. Миний эзэмшлийн хил залгаа иргэн Х.Ший хувийн өвлийн сууц байдаг юм. Харин миний эзэмшлийн газар дотор Х.Ший өмчлөлийн амбаар, вагончик байрладаг юм. М.Ж би өнгөрсөн хугацаанд Х.Шд хандаж Миний эзэмшлийн газраас амбаар, вагончикийг нүүлгэж аваарай би шинээр байшин барих гэж байна., түүнчлэн би өөрийн эзэмшлийн газрыг зааг шинээр хашаа татна.Та саад болж болохгүй гэж олон удаа хэлсэн боловч тэр миний шаардлагыг хүлээн авахаас татгалзсан. Түүнчлэн Х.Ш нь А.Ж миний эзэмшлийн хашаанд дотор хог үнс хаях, нохой барих зэргээр орчныг маш их бохирдолтой байдалд хүргэж байна. М.Ж миний одоо амьдарч байгаа өвлийн сууцыг 1990 онд аав ээж барьсан, одоо маш их элэгдэн хуучирсан, хүчтэй байдаг бөгөөд цаашид хүн амьдрах боломжгүй байдалтай байдаг юм. Тиймээс би өөрийн эзэмшлийн газарт шинээр өвлийн сууц барих зорилготой байна.
1.2.Гэтэл миний өвлийн сууц шинээр барих газарт Х.Ший амбаар, вагончик байгаа нь маш их саад болж байна. Нөгөө талаас миний бие өөрийн эзэмшлийн газрыг заагт шинээр хашаа татаж авъя гэхэд бас л Х.Ш саад хийж бариулахгүй байна.
Иймд миний Ө сумын 1 дүгээр баг ******** хаягт байрлах, нэгж талбарын *******0 дугаар бүхий 1148 м.кв эзэмшлийн газрын баруун талд байршилтай хариуцагч Х.Ший зөвшөөрөлгүй блокоор барьсан амбаар, баруун хойд буланд хураасан төмрийн хаягдлуудыг болон эзэмшил газрын зүүн талд байршилтай төмрөөр хийгдсэн вагончикийг тус тус албадан нүүлгэх, мөн эзэмшил газрын баруун талын захад байршилтай миний эзэмшлийн амбаарын баруун талын үзүүрээс зүүн тал руу эгц 15 метр, хашааны хаалганы урьд баруун талын босгоноос хойд тал руу эгц 16 метр газарт тус тус хашаа татахад саад хийхгүй байхыг хариуцагч Х.Шд үүрэг болгох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч Х.Ш нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрч зарим шаардлыг эс зөвшөөрсөн хариу тайлбартаа:
2.1.Миний бие гэр бүлээрээ энэ маргаантай гэх газарт 2007 оны 4 дүгээр сард нүүж ирснээс хойш нийт 19 дэх жилдээ амьдарч байгаа юм байна. Энэ хугацаанд эхнэр нас бараад 5 жил болж байгаа бөгөөд одоо хоёр хүүхдийн хамт амьдардаг. Миний бие Хаан банкны Баян-Өлгий салбарын 2007 онд Ө сумын 1 дүгээр багт байдаг 1175 м.кв талбайтай газар, үл хөдлөх хөрөнгийн худалдана гэсэн зарын дагуу зар өгсөн Хаан банкны холбогдох албан тушаалтантай очиж уулзахад тэд Ө сумын 1 дүгээр багийн иргэн Малтайн Х гэгч Ө сумын 1 дүгээр багт байршилтай 1175 м.кв талбай бүхий газар, мөн газарт баригдсан 120 м.кв талбайтай байшинг хамтад манай банканд барьцаалж 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 347 дугаартай гэрээ хийж манай банкнаас сарын 2,9 хувийн хүүтэй 1,800,000 төгрөг зээлдэн авсан боловч М.Х гадаад улс руу оргон төлбөр зээлээ төлөхөөс зайлсхийж тус банкийг хохироосон тул бид барьцаалсан хөрөнгийг нь худалдаж байгаа юм гэж хэлснээр миний бие уг газар байшинг авахаар тохирч 2007 оны 4 дүгээр сард М.Хгийн бүх төлбөрийг банканд төлж өгч дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг авсан юм. Энэхүү 1175 м.кв талбайтай газар шинээр одоогийн блок хашааг барьж босгосон бөгөөд хашаан тодор амьдарч буй өвлийн сууцыг шинээр барьж гүний худаг ухаж ашиглаж амбаар гараажыг 2008 онд бусад үйл хөдлөх хөрөнгүүдийг барьж босгосон байсан. Энэ хашаанд 18 жил амьдарч эдгээр барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгө барьж ашиглаж байхад М.Ж болон гаднын хэн нэг нь Манай хашаанд Ш гэгч нь ирж газрыг минь ухаж үл хөдлөх хөрөнгө маань халдлаа гэж гомдол гаргаагүй байна. Харин М.Ж нь дээрх 1175 м.кв талбай бүхий газраас Х.Шийг албадаж нүүлгэж өг гэж тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Шд холбогдох нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг анхан болон давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэн боловч Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхээс анхан болон давж заалдах шатын шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183 дугаартай тогтоолоор магадлал болон шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.
2.2.Нэхэмжлэгч М.Ж болон түүний төрөл нь гэх Я.С нь 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 183 дугаартай тогтоолыг уншиж танилцсаны дараа ялагдахаа мэдээд Х.Ш надтай дотночилж ярилцаад тухайн үед М.Жийн гэрт эмээ нь А байсан болохоор тэдний хүсэлтээр 1175 м.кв газрыг адил хэмжээгээр тэнцүү болгох хувааж авахыг санал болгож харилцан зөвшөөрснөөр нэхэмжлэгч М.Ж нь тус шүүхэд 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгсөн 1175 м.кв газраас Х.Шийг нүүлгэн зайлуулах, албадан нүүлгэж өгнө үү гэсэн шаардлагатай нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг. Энэ талаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 375 дугаартай шүүгчийн захирамж гарсан ба одоо хүртэл хуулийн хүчин төгөлдөр болно. Гэтэл уг 1175 м.кв газрыг М.Ж бид хоёр хувааж авах ёстой байтал одоо хүртэл тохироогүй шалтгаан нь Ж элдэв маргаан ярьж, хүч түрэмгийлсэн тул миний бие газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж олон жил хөөцөлдсөн бөгөөд Газрын алба, аймгийн Засаг даргад хүртэл, бүр сүүлд нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан.
2.3.Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацааны эцсийн хугацаа 10 жил болсон бөгөөд 1175 м.кв хэмжээтэй газрын маргаан нь 2007 оноос 18 жил явж ирсэн боловч тус шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн өдрийн 375 дугаар шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэсэн байдаг ч М.Ж миний газар ашиглах өмчлөх эрхэд халдаж өдий хүрсэн. Одоогийн байдлаар миний бие 1175 м.кв талбайтай газрыг тойруулсан өөрийн хөрөнгөөр блок хашаа татаж, мөн хашаан дотор 13 метрийн гүний худаг ухаж дотор, гадаргууг нь бүрж босгон янзалсан бөгөөд эдгээр ажлыг хийгээд 14 жил болсон ч М.Жээс ямар ч хөрөнгө мөнгө туслалцаа болоогүй байна. Мөн миний бие энэ 18 жилийн хугацаанд хуучин олон жил болсон нурах дөхсөн байсан байшинг 2013 онд бүрэн нурааж одоогийн сууж байсан байшинг 8 өрөө тасалгаатай болгон барьж шинэчлэн одоо тэнд амьдарч байна.
2.4.Миний бие тус шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Олон жил маргаан болсон гэр бүлийн зориулалтын 1175 м.кв газрыг Х.Ш, М.Ж бид хоёрт тэнцүү хувааж өгөхийг хүсье гэж нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 802/ШЗ2025/00424 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм. Үндэслэл нь Газрын тухай хуулийн 21, 22, 27 дугаар зүйлүүдийн холбогдох заалтууд 21.4.5, 22.1, 27.1-ийг дурдаж газрын тухай маргааныг орон нутгийн Засаг дарга шийдвэрлэхийг хуульчилсан, урьдчилан шалгуулаагүй, шийдвэрлүүлээгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангалтгүй гэсэн байна. Энэхүү шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 424 тоот захирамжийг үндэслэн аймгийн Засаг дарга Е.Зангарт өмгөөлөгчийн хамтаар Газрын маргааныг урьдчилан хянан шалгаж шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт гаргахад Засаг даргын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Бахытгүл Ө сумын Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 82 дугаартай захирамжаар М.Ж, А.А, М.Р, М.Х нарт уг маргаан бүхий газрыг эзэмшүүлжээ гэсэн хариуг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 8-03/488-16 тоот хариу хүргүүлэх албан бичгээр өгсөн.
2.5.Ер нь 1175 м.кв газраас намайг албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч М.Ж татгалзаж байсан тухай тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 375 дугаартай захирамж одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Уг захирамжид: Иргэн М.Ж, М.М бид шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна. Х.Шийг албадан нүүлгэх шаардлагагүй гэж үзэж байна. Бидний татгалзсанаар хэргийг хэргийг шийдвэрлэж өгнө үү.Энэ асуудлаар дахин гомдол гаргахгүй гэж гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх М.Ж нарын Ө сумын 1 дүгээр багт оршин суух Х.Шийг албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж тусгасан байгаа. Тиймээс 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тус шүүхийн 375 дугаартай захирамж нь бидний маргаад буй 1175 м.кв хэмжээтэй газрын маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн хамгийн сүүлчийн болох хүчин төгөлдөр болсон шийдвэр мөн болно. Энэ захирамж гарсны дараа М.Ж бид хоёр газрын албанд очиж газрыг адил тэгш тэнцүү хэмжилт хийлгэж байгаад хувааж авъя гэж тохирсон байсан ч нэг хэсэг зав гаралгүй явж байснаа сүүлд нь би хэд хэдэн удаа газрын албанд очиж хүсэлт тавихад М.Ж очихгүй гэж сүүлдээ маргаан гаргаж байснаар бид газрын өөртөө оногдох хэсгийг хуваан авч чадаагүй болно.
2.6.Гэтэл М.Ж надад мэдэгдэхгүйгээр газрын гэрчилгээ авсан гэж надад хэл хэл ам гаргаж асуудал үүсгэснээр би анх шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийг маань хүлээн авахаас татгалзсан. Улмаар Засаг даргын зүгээс урьдчилан шалгуулсан үед М.Ж энэ тухай дуулж мэдээд өмгөөлөгч авч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Түүнээс гадна М.Ж нь намайг уг газраас хөөж туухаас гадна одоо миний харьяаны болох энэ газарт дур мэдэн барилга барина гэж дээрэлхэж байна. Би тэр 1175 м.кв газарт М.Жийн хамт нэг хашаан дотор гэр бүл үр хүүхдүүд, орон байр үл хөдлөх хөрөнгийн хамт 2007 оноос өнөөдрийг хүртэл нийт 18 жил хамт амьдарч байна. Хэдийгээр олон жил болж амьдарсан гэсэн утгаар энэ 1175 м.кв хэмжээтэй газрыг хоёр гэр бүл бид 587,5 м.кв хэмжээгээр хувааж авах аль алинд давуу эрх байгаа юм. Гэвч энэ маргааныг газрын албаны том нөлөө бүхий албан тушаалтан этгээд мэдсээр байгаад М.Жт давуу байдал бий болгон түүнд газрыг эзэмшин авахад нь тусалсаар өдий хүрлээ. М.Ж нь Засаг даргын дээрх газрын албаны албан тушаалтантай үгсэн тохирч байж 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 82 дугаар болон дараа нь өөрийнхөө ганц хүний өмч гэж өөрчлөн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 369 дугаартай захирамжуудыг гаргуулан авахдаа хүчин төгөлдөр бус болсон байсан тус аймаг дахь Сум дундын анхан шатын шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 719 дугаар шийдвэрийг нотлох баримт болгон хуурамч баримт материал бүрдүүлж аймгийн Засаг даргад өргөдөлд нь хавсарган өгч маргаантай 1175 м.кв газрын бүрэн эзэмших эрхийн захирамжийг гаргуулж гэрчилгээг авсан нь тодорхой байна. Энэ үйлдэл нь Засаг даргыг хууран мэхэлж залилж хуурамч баримт материал бэлдэн өгч байгаад газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан гэмт хэрийг шинжтэй гэж үзэж байна. Энэ талаар цагдаагийн газарт гомдол гаргасан байгаа. Мөн Ө сумын Засаг даргад ч гарын маргааны асуудлаар гомдол гаргаж 1175м.кв газрыг хууль бусаар эзэмшихэд нь гарсан зөрчилтэй захирамжуудыг хүчингүй болгуулахаар өргөдлөө бэлдсэн.
2.7.Иймд миний бие 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдөр хүртэл 18 жил энэ 1175 м.кв газарт М.Жийн хамт амьдрахдаа би өөрийн хөрөнгөнөөс 600 м.кв талбайд 2м өндөр блок хашааг татсан, 8 метрийн гүний худаг ухаж, хуучин 3 өрөө байшинг нурааж шинээр 8 өрөө бүхий модон байшин барьсан. Энэ бүгдийг 2009 оноос 2010 оны хооронд барьж дууссан. Одоо энэ хашаанд ус ууж М.Ж бид хоёр амьдарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч М.Жийн эзэмшлийн газрын баруун баруун хойд буланд хураасан төмрийн хаягдлуудыг болон эзэмшил газрын зүүн талд байршилтай төмрөөр хийгдсэн вагончикийг тус тус албадан нүүлгэхийг зөвшөөрч байна. Харин эзэмшил бүхий газрын баруун талын захад байршилтай М.Жийн эзэмшлийн амбаарын баруун талын үзүүрээс зүүн тал руу эгц 15 метр, М.Жийн эзэмшлийн хашааны хаалганы урьд баруун талын босгоноос хойд тал руу эгц 16 метр газарт тус тус хашаа татахыг зөвшөөрөхгүй энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэсэн байна.
3.Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаартай шийдвэр, Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 69 дугаартай тогтоол, 1999 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Иргэний газар эзэмших гэрээ, Б аймгийн Ө сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/28 дугаартай тодорхойлолт, 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №0305775 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн Ө сумын 1-р баг У-4 гудамж, 418 тоот, 1148 м.кв, нэгж талбарын *******0 дугаартай эзэмших газрын кадастрын зураг, Баян-Өлгий аймгийн тойргийн нотариатч Т.Зулайгийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 36 минутад үйлдсэн 0022 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр олгосон CVL2483000001000169 дугаартай Төрөл садангийн лавлагаа, М.Жийн Монгол Улсын Иргэний үнэмлэх, А.Агийн №8301000167 дугаартай Нас барсны гэрчилгээ, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр олгосон №000162531 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн тойргийн нотариатч Е.Халибекийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цаг 49 минутад үйлдсэн №0308 бүртгэлийн дугаартай Өмчлөгч өөрт ногдох хэсгээ худалдах гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр олгосон №001182559 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр олгосон №228301002218 дугаартай М.Хийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, М.Ргийн Монгол Улсын Иргэний үнэмлэх, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр олгосон К.Гы №228301001270 дугаартай дугаартай Нас барсны гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр олгосон М.Мын №228301001269 дугаартай дугаартай Нас барсны гэрчилгээ, 2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр олгосон №0088063 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олгосон №0 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн Ө сумын 1-р баг У-4 гудамж, 418 тоот, 1148 м.кв, нэгж талбарын *******0 дугаартай эзэмших газрын кадастрын зураг, 2024 оны 01 дүгээр сарын 36-ны өдөр олгосон №001100457 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус шүүхээс Б аймгийн Ө сумын 1-р баг Хуст арал буюу У-4, 418 хаягт байршилтай, 1148 м.кв талбайд хийсэн үзлэгийн схем зураг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
4.Хариуцагчаас Х.Ший Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны Баян-Өлгий салбарын захирлын 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 651 дугаартай Тодорхойлолт, 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхэд нэхэмжлэгч М.Жийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мийн гаргасан хүсэлт, Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 375 дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 8-03/488 дугаартай Хүсэлтийн хариу хүргүүлэх тухай албан бичигт, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 302/ШЗ2025/00424 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан нэхэмжлэл, Х.Ший 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үйлдсэн Ө сумын 1-р багт байршилтай 1318,9 м.кв эзэмших газрын кадастрын зураг, Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхээс үйлдсэн Х.Ш, М.Ж нарын оршин сууц буй Ө сумын 1-р багт байрлах маргаантай газрын схем зураг, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 491 дугаартай Ө сумын 1-р багийн иргэн Х.Ш танаа гэсэн албан бичиг, Төрийн банкны Баян-Өлгий салбарын захирлын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 218 дугаартай албан бичиг, 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдөр олгосон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183 дугаартай тогтоол, Хаан банкны Баян-Өлгий салбар болон М.Х нарын 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 854 дугаартай Хавсралт гэрээ, 2007 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн М.Х, Х.Ш нарын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ, 2007 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ, 2007 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №0005886 дугаартай Газар эзэмших гэрчилгээ, Хаан банкны Баян-Өлгий аймгийн салбарын захирлын 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Тодорхойлолт, 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргад гаргаж байсан өргөдлийн хувь зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
5.Тус шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 302/ШЗ2025/02223 дугаартай Хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Маргаан бүхий газарт үзлэг хийсэн тухай-ийн тэмдэглэл, схем зургийг шүүх бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.
7.Нэхэмжлэгч М.Ж дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Ө сумын 1 дүгээр баг Хуст арал буюу У-4, 418 хаягт байршилтай 1148 м.кв газрыг Ө сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16/тоот захирамжаар 38 жилийн хугацаатай эзэмшүүлж, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Миний эзэмшлийн газар дотор Х.Ший өмчлөлийн амбаар, вагончик байрладаг юм. М.Ж би өнгөрсөн хугацаанд Х.Шд хандаж Миний эзэмшлийн газраас амбаар, вагончикийг нүүлгэж аваарай би шинээр байшин барих гэж байна., түүнчлэн би өөрийн эзэмшлийн газрыг зааг шинээр хашаа татна.Та саад болж болохгүй гэж олон удаа хэлсэн боловч тэр миний шаардлагыг хүлээн авахаас татгалзсан. Миний өвлийн сууц шинээр барих газарт Х.Ший амбаар, вагончик байгаа нь маш их саад болж байна. Нөгөө талаас миний бие өөрийн эзэмшлийн газрыг заагт шинээр хашаа татаж авъя гэхэд бас л Х.Ш саад хийж бариулахгүй байна. Иймд миний Ө сумын 1 дүгээр баг ******** хаягт байрлах, нэгж талбарын *******0 дугаар бүхий 1148 м.кв эзэмшлийн газрын баруун талд байршилтай хариуцагч Х.Ший зөвшөөрөлгүй блокоор барьсан амбаар, баруун хойд буланд хураасан төмрийн хаягдлуудыг болон эзэмшил газрын зүүн талд байршилтай төмрөөр хийгдсэн вагончикийг тус тус албадан нүүлгэх, мөн эзэмшил газрын баруун талын захад байршилтай миний эзэмшлийн амбаарын баруун талын үзүүрээс зүүн тал руу эгц 15 метр, хашааны хаалганы урьд баруун талын босгоноос хойд тал руу эгц 16 метр газарт тус тус хашаа татахад саад хийхгүй байхыг хариуцагч Х.Шд үүрэг болгох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэсэн байна.
8.Хариуцагч Х.Ш нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрч, зарим шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбар гаргасан байна. Үүнд: Миний бие гэр бүлээрээ энэ маргаантай гэх газарт 2007 оны 4 дүгээр сард нүүж ирснээс хойш нийт 19 дэх жилдээ амьдарч байгаа юм байна. Миний бие Хаан банкны зарын дагуу зар өгсөн Хаан банкны холбогдох албан тушаалтантай очиж уулзахад тэд Ө сумын 1 дүгээр багийн иргэн Малтайн Х гэгч Ө сумын 1 дүгээр багт байршилтай 1175 м.кв талбай бүхий газар, мөн газарт баригдсан 120 м.кв талбайтай байшинг хамтад манай банканд барьцаалж 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 347 дугаартай гэрээ хийж манай банкнаас сарын 2,9 хувийн хүүтэй 1,800,000 төгрөг зээлдэн авсан боловч М.Х гадаад улс руу оргон төлбөр зээлээ төлөхөөс зайлсхийж тус банкийг хохироосон тул бид барьцаалсан хөрөнгийг нь худалдаж байгаа юм гэж хэлснээр миний бие уг газар байшинг авахаар тохирч 2007 оны 4 дүгээр сард М.Хгийн бүх төлбөрийг банканд төлж өгч дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг авсан юм. Энэхүү 1175 м.кв талбайтай газар шинээр одоогийн блок хашааг барьж босгосон бөгөөд хашаан тодор амьдарч буй өвлийн сууцыг шинээр барьж гүний худаг ухаж ашиглаж амбаар гараажыг 2008 онд бусад үйл хөдлөх хөрөнгүүдийг барьсан. Иймд миний бие 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдөр хүртэл 18 жил энэ 1175 м.кв газарт М.Жийн хамт амьдрахдаа би өөрийн хөрөнгөнөөс 600 м.кв талбайд 2м өндөр блок хашааг татсан, 8 метрийн гүний худаг ухаж, хуучин 3 өрөө байшинг нурааж шинээр 8 өрөө бүхий модон байшин барьсан. Энэ бүгдийг 2009 оноос 2010 оны хооронд барьж дууссан. Одоо энэ хашаанд ус ууж М.Ж бид хоёр амьдарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч М.Жийн эзэмшлийн газрын баруун баруун хойд буланд хураасан төмрийн хаягдлуудыг болон эзэмшил газрын зүүн талд байршилтай төмрөөр хийгдсэн вагончикийг тус тус албадан нүүлгэхийг зөвшөөрч байна. Харин эзэмшил бүхий газрын баруун талын захад байршилтай М.Жийн эзэмшлийн амбаарын баруун талын үзүүрээс зүүн тал руу эгц 15 метр, М.Жийн эзэмшлийн хашааны хаалганы урьд баруун талын босгоноос хойд тал руу эгц 16 метр газарт тус тус хашаа татахыг зөвшөөрөхгүй энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэсэн байна.
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
9.1.Өмнө хариуцагч Х.Ш нь Б аймгийн Ө сумын Засаг даргад холбогдуулан 2007 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 031301931 дугаар бүхий 1175 м.кв газрыг 50 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгосон Ө сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 137 тоот захирамжийг хүчингүй болгуулахыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаартай шийдвэр, Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын Давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаартай магадлал, Монголд Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 69 дугаартай тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.
9.2.Улмаар нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч Х.Шд холбогдуулан Ө сумын 1 дүгээр багт байршилтай 1170 м.кв эзэмшил газраас албадан нүүлгэхийг хүсэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 719 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183 дугаартай тогтоолоор хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч Х.Шд холбогдуулан гаргасан Ө сумын 1 дүгээр багт байршилтай 1170 м.кв эзэмшил газраас албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсан Баян-Өлгий аймаг дах Сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 375 дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр байна.
9.3.Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 491 дугаартай албан бичигт: Ө сумын 1 дүгээр багт байршилтай маргаан бүхий газарт анх иргэн Малтай М болон Малтай Х нар хамтран амьдарсан ба 2 тустай гэрчилгээтэй байсан. Иргэн Х.Ш нь тус газрыг М.Хгаас шилжүүлэн авч 2007 оны 83 дугаар захирамжаар эзэмшсэн бол М.Ж нь 2011 оны 82 дугаар захирамжаар аав нь болох М.Мартаас шилжүүлэн авсан байна. Гэвч иргэн Х.Ш болон М.Ж нар нь маргаан бүхий газарт таарч, тохирч сууж чадахгүйд хүрч шүүхэд хандсан боловч эцсийн шатны шийдвэр гараагүй байхад нэхэмжлэлээсээ татгалзаж 1175 м.кв газрыг 587,5 м.кв-аар хувааж авахаар тохиролцсон боловч одоо хүртэл шийдвэрлэгдээгүй иргэн тус бүр давхар гэрчилгээтэй байна. Иймээс маргаан бүхий газрыг шүүхийн байгууллагад хандаж 1999, 2000, 2003 онуудад Малтай, М, Х нарт анх газар эзэмшүүлсэн захирамжуудыг дахин авч хэлэлцээд шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байна.
Иймээс хариуцагч Х.Ш нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр М.Ж холбогдуулан Маргаан бүхий гэр бүлийн зориулалттай 1175 м.кв газрыг тэнцүү хувааж өмчлүүлэх тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 302/ШЗ2025/00424 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Улмаар хариуцагч Х.Ший өмгөөлөгч С.Алтай 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 8-03/488 дугаартай албан бичгээр хариу хүргүүлэхэд: Газрын нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий газрыг шүүхийн шийдвэрийн дагуу Ө сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар иргэн М.Ж, А.А, М.Р, М.Х нарт гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн байна. Түүнчлэн хүсэлт гаргаснаар Ө сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/369 дүгээр захирамжаар хамтран эзэмшигчээс нэр хасаж иргэн М.Ж, А.А нарт эзэмшүүлжээ. Улмаар иргэн А.А нас барснаар мөн сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/16 дугаар захирамжаар иргэн М.Жт эзэмшүүлсэн байх бөгөөд уг газрыг өмчлүүлэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй гэсэн байна.
9.4.Энэхүү Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 8-03/488 дугаартай албан бичиг тусгасан үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон №0305775 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэвлэсэн №0 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ-ний бичилттэй тохирч байна.
Тодруулбал, нэхэмжлэгч М.Жт Ө сумын Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 82 дугаартай захирамжийг үндэслэн нэгж талбарын 031304617 дугаартай, Ө сумын 1-р баг Каримханы хашааны доод талаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1175 м.кв газрыг 18 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон №0305775 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ-ээр нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч Х.Ж эмээ нь болох А.Ад Ө сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/369 дугаартай захирамжийг үндэслэн Ө сумын 1-р баг У-4, 418 тоот хаягт байрлах, нэгж талбарын *******0 дугаар бүхий 1148 м.кв гэр орон сууцны хашааны зориулалтаар 42 жилийн хугацаатай эзэмшүүлэн, эрхийн улсын бүртгэлийн Э-0213001273 дугаарт бүртгэж 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр №000162531 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон ба энэхүү гэрчилгээнд хамтран эзэмшигчээр М.Жийг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн байна.
Нэхэмжлэгч Х.Ж А.Агийн ач хүү мөн болох нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр олгосон CVL2483000001000169 дугаартай Төрөл садангийн лавлагаа-аар, Хожа овогт Аманбайн А (РД:БЮ30090109) нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан болох нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон №8301000167 дугаартай Нас барсны гэрчилгээ-ээр тус тус нотлогдож байна.
Иймээс талийгаач А.Агийн ач хүү болох М.Ж нь өвлүүлэгчийн эзэмшилд байсан Ө сумын 1-р баг У-4, 418 тоот хаягт байрлах, нэгж талбарын *******0 дугаар бүхий 1148 м.кв эзэмшил газрыг өвлөж авсан нь Баян-Өлгий аймгийн тойргийн нотариатч Т.Зулайгийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 36 минутад үйлдсэн 0022 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-ээр нотлогдож байна.
Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэвлэсэн №0 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ-ээр нэхэмжлэгч М.Жт Ө сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/16 дугаартай захирамжийг үндэслэн Ө сумын 1 дүгээр баг ******** хаягт байрлах, нэгж талбарын *******0 дугаар бүхий 1148 м.кв газрыг гэр орон сууцны хашааны газрын зориулалтаар 38 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн Э-0213007479 дугаарт бүртгэж эзэмшүүлсэн байна.
9.5.Дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болон бусад нотлох баримтуудаар хариуцагч Х.Шд Ө сумын 1 дүгээр баг ******** хаягт байрлах, нэгж талбарын *******0 дугаар бүхий 1148 м.кв газрыг хуваан эзэмшүүлсэн эрхийн акт байхгүй болох нь тогтогдож байна.
Мөн хариуцагч Х.Ший өвлийн сууцны зориулалттай найман өрөө байрны байрлах 130 м.кв талбайтай газар Х.Шд эзэмшиж байгаа, үүнд нэхэмжлэгч маргахгүй анхны 1175 м.кв эзэмшлийн газраас хасуулж тооцуулсан гэсэн боловч тухайн газрыг Х.Шд эзэмшүүлсэн эрхийн акт байхгүй байна.
9.6.Гэхдээ Ө сумын 1 дүгээр баг ******** хаягт байрлах, нэгж талбарын *******0 дугаар бүхий 1148 м.кв эзэмшил бүхий газарт татсан хашаанд нэхэмжлэгч М.Ж, хариуцагч Х.Ш нар нь өөр өөрсдийн хувийн байшин байшин, амбаараа бариад, худаг гаргаж, нийтийн нэг жорлон, үнсний саваа ашиглан 2007 оноос хамт амьдарч байгаа гэдэгт талууд маргаагүй ба энэ нь дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд, мөн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн Ө сумын 1-р баг У-4 гудамж, 418 тоот, 1148 м.кв, нэгж талбарын *******0 дугаартай эзэмших газрын кадастрын зураг болон 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн Ө сумын 1 дүгээр баг ******** хаягт байрлах, нэгж талбарын *******0 дугаар бүхий 1148 м.кв эзэмшил бүхий газрын кадастрын зураг, мөн тус шүүхээс 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Маргаан бүхий газарт хийсэн үзлэг-ийн тэмдэглэл, схем зургаар тус тус нотлогдож байна.
9.7.Хариуцагч Х.Ш шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч М.Жийн эзэмшил газрын баруун хойд буланд хураасан төмрийн хаягдлуудыг болон эзэмшил газрын зүүн талд байршилтай төмрөөр хийгдсэн вагончикийг тус тус албадан нүүлгэхийг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч М.Ж өөрийн эзэмшлийн газрын баруун талд байршилтай хариуцагч Х.Ший зөвшөөрөлгүй блокоор барьсан амбаарыг албадан нүүлгэхийг хүссэн боловч энэхүү үйл баримттай холбоотой Баян-Өлгий аймаг дах Сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 375 дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий газраас албадан нүүлгэхтэй холбогдолтой асуудлыг шүүхээр дахин нотлох шаардлагагүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
9.8.Мөн нэхэмжлэгч М.Ж өөрийн эзэмшлийн амбаарын баруун талын үзүүрээс зүүн тал руу эгц 15 метр, миний эзэмшлийн хашааны хаалганы урьд баруун талын босгоноос хойд тал руу эгц 16 метр газарт тус тус хашаа татахад саад хийхгүй байхыг хариуцагч Х.Шд үүрэг болгохыг хүссэн боловч энэ газарт Х.Ший эзэмшлийн амбаар, ухаж гаргасан худаг, ухсан жорлон, үнсний цэг зэрэг хөрөнгүүд байрладаг байна. (тус шүүхээс 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Маргаан бүхий газарт хийсэн үзлэг-ийн схем зураг)
Мөн дээрх хуулийн хүчин төгөлдөр Баян-Өлгий аймаг дах Сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 375 дугаартай шүүгчийн захирамж гаргахаас өмнө буюу 2007 оноос хойш энэхүү хариуцагч Х.Ший гаргасан гаргасан худаг, ухсан жорлон, үнсний цэг зэргийг нэхэмжлэгч М.Жтэй хамт ашиглаж байгаа байдал, зайлшгүй шаардлагатай одоо ашиглаж байгаа хашааны орох гарах хаалгыг өөрчлөх бодит үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
9.9.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж заасан тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч (эзэмшигч) М.Ж нь эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч М.Жийн Ө сумын 1 дүгээр баг ******** хаягт байрлах, нэгж талбарын *******0 дугаар бүхий 1148 м.кв эзэмшлийн газрын баруун хойд буланд хураасан төмрийн хаягдлуудыг болон эзэмшил газрын зүүн талд байршилтай төмрөөр хийгдсэн вагончикийг тус тус албадан нүүлгэж хариуцагч Х.Ший хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
9.10.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 35,100 төгрөгийг хариуцагч Х.Шээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Жийн Ө сумын 1 дүгээр баг ******** хаягт байрлах, нэгж талбарын *******0 дугаар бүхий 1148 м.кв эзэмшлийн газрын баруун хойд буланд хураасан төмрийн хаягдлуудыг болон эзэмшил газрын зүүн талд байршилтай төмрөөр хийгдсэн вагончикийг тус тус албадан нүүлгэж хариуцагч Х.Ший хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Шээс 35,100 (гучин таван мянган нэг зуун) төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Жт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК