Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 320/ШШ2025/01086

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Отгонбямба, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн *** дугаар гудамж *** тоотод оршин суух, М*** Л****-н А***,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүгийн хэргийн улмаас хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 50,000,000 төгрөг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон замын зардал 4,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 15,173,400 төгрөг, нийт 69,173,400 (жаран есөн сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуу) төгрөг гаргуулах тухай 155/2025/00018/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б**** (цахим)

Төрийг төлөөлж ахлах прокурор Л.Отгончимэг 

Иргэдийн төлөөлөгч: З.Б****

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л.А*** нь Эрүүгийн хэргийн улмаас хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 50,000,000 төгрөг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон замын зардал 4,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 15,173,400 төгрөг, нийт 69,173,400 (жаран есөн сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжиж байгаа ба нэхэмжлэлийн үндэслэл нь Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Г****-той үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж тус аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээг батлахаас өмнө хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Л.Г***** албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Б***-У*** ХХК-ийн захирал Ө.Б****-с гэрээний нийт үнийн дүн болох 1,125,563,867 төгрөгийг 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг удаа дараа хахуульд өгөхийг шаардаж, шаардсан мөнгийг өгөөгүй тохиолдолд гэрээг батлахаас татгалзах аргаар тендерийг хүчингүй болгуулж зарлуулна гэж хясан боогдуулж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны гадаа 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ө.Б*****с 10,000,000 төгрөгийг хахуульд авч дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэж үзэн Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Улмаар Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаараа хянан хэлэлцээд 492 дугаартай шийтгэх тогтоол гаргаж Л.А***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн гэм буруутайд тооцсон. Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч тухайн шүүхийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээж аваад 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцээд 17 дугаартай магадлал гаргасан. Энэ магадлалаар Л.А***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан холбогдох гэмт хэргийг үйлдээгүй байна. Гэм буруугүй гэсэн дүгнэлт гаргаж түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор тухайн нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6, мөн хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг мөн хуулийн 45.8 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэг, Иргэний хуулийн 230 дугаар зүйл, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгож тухайн нэхэмжлэлийг гаргасан. Тухайн хохиролтой холбоотой баримтын тухайд Л.А*** нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч хөлсөлж авсан. Тухайн өөрт нь холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнтэй холбоотой Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуульд заасны дагуу өөрийгөө өмгөөлөх, мэргэжлийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж өмгөөлөгч хөлсөлж авсан. Тухайн өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, гэрээний нийт үнийн дүн 50,000,000 төгрөг байхаар тохиролцож өмгөөлөгчид хөлс мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Түүнтэй холбоотой нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Өмгөөлөгчийн зардалд нийтдээ 50,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой Л.А***оос гарсан зардал байгаа. Тухайн үед Л.А***од холбогдох хэргийг Төв аймгийн шүүх рүү шилжүүлсэн. Мөн Авлигатай тэмцэх газар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдагтай холбоотойгоор тухайн этгээдийг Улаанбаатар хот руу дуудаж мэдүүлэг тайлбар авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ажиллагааг тухайн үедээ хуульд заасан журмын дагуу хийсэн гэж ойлгож байгаа. Ингээд Л.А*** тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор орон нутгаасаа өөр газар луу буюу Улаанбаатар хот, Төв аймаг руу нийтдээ 5 удаа явсан байгаа. Таван удаа явсан асуудал нь Хөвсгөл аймгийн анхан шатны шүүгчийн захирамжаар нотлох баримт цуглуулах ажиллагаатай холбоотойгоор ирсэн баримтуудаас тодорхой харагдаж байгаа. Жишээлбэл 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлтээ гардаж авсан. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн шүүх рүү хэргийг шилжүүлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн шүүх дээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болсон. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаан болж шийтгэх тогтоол гарсан. 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр давж заалдах шатны шүүх хуралдаан болсон гээд нийтдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд авагдсан баримтын хүрээнд 5 удаа наашаа, цаашаа ирж, очсон. Мөн энэ хугацаанд тайлбар мэдүүлэг өгөх, нотлох баримт гаргах, өмгөөлөгчтэйгээ уулзах гэх мэт маш олон ирж, явах ийм ажиллагаануудыг хийсэн байгаа. Өнөөдрийн байдлаар нотлох баримтаар 5 удаа ирж, очсон. Тухайн үедээ гэмт хэрэгт холбогдчихсон байсан учраас ирж очихтой холбоотой баримтуудыг хадгалаагүй ийм нөхцөл байдал үүссэн. Гэхдээ ирж, очсон тодорхой үйл баримтыг үндэслээд нэг ирж, очихдоо 1,000,000 төгрөг дунджаар зарцуулсан гэж үзэж байгаа. Үүнийг ямар үндэслэлээр тайлбарлаж байгаа вэ гэхээр Л.А***оос Төв аймаг руу очихдоо тэдэн төгрөгийн зардал гаргасан юм гэсэн баримтаа хадгалж авч үлдээгүй учраас Монгол Улсын Сангийн сайдын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан 52 дугаартай тушаал байгаа. Энэ тушаалаар төрийн албан хаагчийн томилолтын асуудлыг шийдвэрлэж өгсөн байдаг. Төрөөс нэг хүнийг орон нутагт ажиллахад зардал нь хэд байдаг юм, шатахууны зардал нь хэд байдаг юм гэдэг энэ агуулгаар тогтоосон ийм тооцооллын аргачлал байгаа. Энэ аргачлалыг үндэслээд шүүх шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байгаа учраас бидний зүгээс нэг удаагийн явалт нь 1,000,000 төгрөг гэж үзэж байгаа. Дараагийн нэг асуудал нь сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудал. Л.А***ыг гэмт хэрэг үйлдээгүй байхад нь гэнэт чи гэмт хэрэг үйлдсэн байна гээд яллагдагчаар татаад түүнд чиглэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Үүнтэй холбоотойгоор Л.А*** авлигал авчихсан юм гэдэг ийм үйл баримт, мессежийг олон нийт, хамт ажилладаг хүмүүс, ар гэрийнхэнд нь хүргээд Л.А*** шүүхээр ороод ял авах юм байна гээд анхан шатны шүүх гэм буруутай гэж үзээд шийтгэх тогтоол гаргаад ингээд явсан. Үүнтэй холбоотойгоор Л.А*** гэдэг хүн сэтгэл зүйн хувьд хохирол амссан гэж үзэж байгаа. Энэ хохирлыг Монгол Улсын Дээд шүүхээс баталсан аргачлалын дагуу 3 дугаар зэрэглэл гэж бид тооцоолсон. Энэ тооцооллын дагуу 15,773,400 төгрөг нэхэмжилж байгаа. Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу сэтгэл санааны хор уршгийн зэрэглэл тогтоохтой холбоотой асуудал үүсэх байх гэж ойлгож байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргаагүй. Учир нь юу вэ гэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа жаахан удаашралтай буюу нотлох баримт цуглуулах ажиллагаа жаахан удаашралтай явагдсантай холбоотойгоор мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн байсантай холбоотойгоор энэ талын хүсэлтээ энэ хугацаанд гаргаагүй. Гэхдээ нэгэнт энэ үйл баримт нь тогтоогдож байгаа учраас тухайн этгээдэд тодорхой хэмжээний сэтгэл зүйн үр дагавар үүссэн гэж үзэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Энэ зэрэглэл нь 2 байна уу, 3 байна уу, үүнийг хүлээн зөвшөөрөх хэмжээнд шүүх шийдвэрлэх боломжтой байна гэж үзсэн учраас энэ талын хүсэлтийг гаргаагүй. Ийм учраас Л.А***ын нэхэмжлэлийг тодорхой хэмжээнд хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2.Төрийн төлөөлж оролцсон ахлах прокурор хариу тайлбар татгалзал:

2.1 Л.А*** нь эрүүгийн хэрэгт шалгагдаж, анхан шатын шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаартай магадлалаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Л.А***ыг цагаатгаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна. Нэхэмжлэлийн шаардлагаас Л.А*** эрүүгийн хэрэгт шалгагдах явцдаа өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах гэрээг байгуулж, түүнд 50,000,000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, түүний хавсралт, мөнгөн шилжүүлгийн баримтууд хавсаргагдсан байгаа учраас дээрх мөнгийг өмгөөлөгчид төлсөн нь тогтоогдож байна гэж үзлээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн хохирол нөхөн төлөх буюу хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс нь хамаарахаар заасан учраас дээрх шаардлага үндэслэлтэй байна гэж үзэж байна. Харин замын зардал 4,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 15,173,400 төгрөгийг нэхэмжилж байгаа энэ хоёр шаардлагын тухайд нотлох баримтын шаардлага хангахгүй, үндэслэлгүй шаардлага байна гэж харж байна. Учир нь замын зардалд нотлох баримт байхгүй. Зөвхөн үйл баримт буюу Хөвсгөл аймгаас Төв аймагт болон Улаанбаатар хотод очиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж байгаа боловч Хөвсгөл аймгаас ямар тээврийн хэрэгслээр Төв аймаг юм уу, Улаанбаатар хотод очсон гэдэг нь тодорхойгүй. Өөрөөр хэлэх юм бол нийтийн тээврээр явсан юм уу, эсвэл хувийн тээврийн хэрэгслээр явсан юм уу, хувийн тээврийн хэрэгслээр явсан бол ямар маркийн, ямар дугаартай тээврийн хэрэгслээр ямар хэмжээний шатахуун зарцуулж явсан гэдэг нь тодорхойгүй байгаа учраас дээрх нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа Сангийн сайдын төрийн албан хаагчид албан томилолт олгох журмыг баримтлаад гаргаж болно гэж байна. Энэ журмыг баримталж дээрх зардлыг гаргах боломжгүй гэж харж байна. Сэтгэцэд учирсан хохиролд 15,173,400 төгрөгийг нэхэмжилж байна. Өөрөөр хэлэх юм бол сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу 3 дугаар зэрэглэл гэж үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 15,173,400 төгрөгөөр нэхэмжилж байна гэсэн. Энэ бол цаг хугацааны хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргаж мөнгөн хэлбэрээр тооцож олгох журмын хэрэгжилт эхлэхээс өмнөх үйл баримт байгаа учраас энэ журамд хамаарч гаргахгүй. Анх шүүх хуралдаанд тайлбарлахдаа сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилж байна гэж тайлбарлаж байх боловч энэ сэтгэл санааны хохирол учирсан буюу сэтгэцэд нь ямар нэгэн байдлаар өөрчлөлт орсон талаарх баримт байхгүй байгаа учраас дээрх шаардлагууд үндэслэлгүй байна гэж харж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б****-н гэм хорын хохирол 69,173,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авахад төлсөн төлбөр 50,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 19,173,400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж санал дүгнэлт гаргаж байна гэв.

3. Иргэдийн төлөөлөгч З.Б**** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бүх хохирлыг гаргах нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

4. Нэхэмжлэгчээс Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ДШМ/*** дугаартай магадлалын хуулбар, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, түүний хавсралт, Бэлэн мөнгө хүлээн авсан тухай баримт, Бэлэн мөнгөний зээлийн гэрээ гэх зээл олгогч П.О***, зээл авагч Л.А*** гэх баримт, ХААН банкны 2022 оны 11 сарын 7, 2023 оны 4 сарын 03-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл гэх баримтад ХААН банк гэх тэмдэг дарж баталгаажуулсан баримт, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 155/ШЗ2024/045*** дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 1084 бүртгэлийн дугаартай Л.А***оос Б.Б***-д олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б****-с нотлох баримт гаргуулах тухай хүсэлт зэргийг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 4-33, 64 дүгээр хуудас)

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б****-н нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор томилж оролцуулах тухай албан бичгийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт хүргүүлж, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2002002020007 дугаартай эрүүгийн хэрэгт үзлэг хийж, нотлох баримт цуглуулах ажиллагааг гүйцэтгүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, нотлох баримт гаргуулах тухай захирамжийг, мөн Нийслэлийн прокурорын газрын архивт хадгалагдаж буй Л.А***-д холбогдох эрүүгийн 2002002020007/Т дугаартай хэрэгт үзлэг хийж, тус хэргээс эрүүгийн хэрэг нээсэн тогтоол, нэхэмжлэгч Л.А***-оос түүний амьдарч байсан, байгаа бүс нутгаас болон орон нутгаас бусад орон нутагт түүнийг дуудан ирүүлж авсан мэдүүлэг, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх, нэхэмжлэгчийн амьдарч байгаа бүс нутгаас бусад прокурорын байгууллагад хэдэн удаа дуудагдсан талаарх дуудан ирүүлэх хуудас, тухайн дуудан ирүүлэх хуудсын дагуу хүрэлцэн очсонтой холбогдох баримт, хэргийн материалтай хэдэн удаа, хаана очиж танилцсан талаар үйлдэгдсэн хэргийн материалтай танилцуулсан баримт, шүүх хуралдаан хэдэн удаа явагдсан, хойшлогдсонтой холбоотой шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол зэрэгт үзлэгийг явуулж үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулан ирүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд даалгаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжийг тус тус явуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 64, 65, 66-68, 69-74, 79-145, 149-152, 175-229 дугаар тал)

ҮНДЭСЛЭХ нь

Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.А***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б**** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Л.А*** нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч хөлсөлж авсан. Тухайн өөрт нь холбогдуулан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэнтэй холбоотой Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуульд заасны дагуу өөрийгөө өмгөөлөх, мэргэжлийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж өмгөөлөгч хөлсөлж авсан. Тухайн өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, гэрээний нийт үнийн дүн 50,000,000 төгрөг байхаар тохиролцож өмгөөлөгчид хөлс мөнгийг бүрэн төлж барагдуулсан.

Мөн түүнийг бусдаас хахууль авсан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэн 5 жил хүртэл хорих ялтай зүйл заалт танилцуулан үүнээс болж сэтгэл санаа тогтворгүй, байнга зовнилтой, түгшүүртэй, шөнө нойр хүрэхгүй, түүний талаар элдэв мэдээлэл гарч, ажлын бүтээмж муудаж, хамтран ажилладаг хүмүүс болон таньж мэддэг хүмүүсийн хандлага өөр болсон нь илт мэдрэгдэж ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй, гэр бүл, төрөл садантайгаа уулзах нүүргүй болсон мэдрэмж төрж тэднээс зайгаа барих, чамгүй урт хүнд цаг хугацааг өнгөрөөсөн тул хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу түүний сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэл гэж үзэн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 15,173,400 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар миний үйлчлүүлэгч Л.А*** өөрийн амьдарч байгаа оршин байгаа газраас өөр орон нутаг руу нийтдээ 5 удаа явсан. Төр дуудаж байгаа болохоор явж байгаа, очихгүй бол албадлагын арга хэмжээ авах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хуульд заасан нөхцөл байдал үүсэх учраас зайлшгүй яваад байгаа. Нэгэнт төрийн буруутай үйл ажиллагаа байсан байна гэж үзээд төрөөс хохирол нэхэмжилж байгаа учраас төр энэ явж байгаа үйл баримт дээр өөрийн тогтоосон аргачлалын дагуу зардал гаргах боломжтой гэж үзсэн. Монгол Улсын Сангийн сайдын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан 52 дугаартай тушаалаар төрийн албан хаагчийн томилолтын асуудлыг шийдвэрлэж өгсөн. Орон нутагт ажиллахад зардал нь хэд байдаг юм, шатахууны зардал нь хэд байдаг юм гэдэг агуулгаар тогтоосон тооцооллын аргачлал бий. Энэ аргачлалыг үндэслээд шүүх шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байгаа учраас бидний зүгээс нэг удаагийн явалт нь 1,000,000 төгрөг гэж үзэж, нийт 5 удаагийн ирж очсон замын зардалд 5,000,000 төгрөгийг гаргуулна. Нэхэмжлэл анх гаргахдаа 4 удаагийн ирж очсон замын зардалд 4,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг 5 удаагийн ирж очсон замын зардал болгож 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэмж харин сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 15,173,400 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хасаж, 14,173,400 төгрөгийг нэхэмжлэн, нэхэмжлэлийн нийт шаардлагын үнийн дүнд өөрчлөлт оруулахгүй гэж тайлбарласан.

Төрийг төлөөлж оролцсон ахлах прокурор Л.О***** нэхэмжлэлийн шаардлагын захим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох талаар санал дүгнэлт гаргасан ба үндэслээ нэхэмжлэгч Л.А*** нь эрүүгийн хэрэгт шалгагдах явцдаа өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах гэрээг байгуулж, түүнд 50,000,000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, түүний хавсралт, мөнгөн шилжүүлгийн баримтууд хавсаргагдсан байгаа учраас дээрх мөнгийг өмгөөлөгчид төлсөн нь тогтоогдож байна гэж үзлээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн хохирол нөхөн төлөх буюу хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс нь хамаарахаар заасан учраас дээрх шаардлага үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хөвсгөл аймгаас Төв аймагт болон Улаанбаатар хотод очиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж байгаа боловч Хөвсгөл аймгаас нийтийн эсхүл хувийн ямар тээврийн хэрэгслээр зорчсон нь тодорхойгүй. Хувийн тээврийн хэрэгслээр явсан гэж байгаа бол ямар маркийн, ямар дугаартай тээврийн хэрэгсэлд ямар хэмжээний шатахуун зарцуулж явсан гэдэг нь тодорхойгүй байгаа учраас дээрх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа Сангийн сайдын төрийн албан хаагчид албан томилолт олгох журмыг баримтлаад гаргаж болно гэж байна. Энэ журмыг баримталж дээрх зардлыг гаргах боломжгүй гэж харж байна. Сэтгэцэд учирсан хохиролд 15,173,400 төгрөг гаргуулахаар шаардсанаа тайлбарлахдаа сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу 3 дугаар зэрэглэл гэж үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 15,173,400 төгрөгөөр нэхэмжилж байна гэсэн. Энэ бол цаг хугацааны хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргаж мөнгөн хэлбэрээр тооцож олгох журмын хэрэгжилт эхлэхээс өмнөх үйл баримт байгаа учраас энэ журамд хамаарч гаргахгүй. Анх шүүх хуралдаанд тайлбарлахдаа сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилж байна гэж тайлбарлаж байх боловч энэ сэтгэл санааны хохирол учирсан буюу сэтгэцэд нь ямар нэгэн байдлаар өөрчлөлт орсон талаарх баримт байхгүй байгаа учраас дээрх шаардлагууд үндэслэлгүй байна гэж харж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б****гийн гэм хорын хохирол 69,173,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авахад төлсөн төлбөр 50,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 19,173,400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Л.А***-ыг Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Г*****-той үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж тус аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээг батлахаас өмнө хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Л.Г***** албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Батжин-Ундрах ХХК-ийн захирал Ө.Б*****-с гэрээний нийт үнийн дүн болох 1,125,563,867 төгрөгийг 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг удаа дараа хахуульд өгөхийг шаардаж, шаардсан мөнгийг өгөөгүй тохиолдолд гэрээг батлахаас татгалзах аргаар тендерийг хүчингүй болгуулж зарлуулна гэж хясан боогдуулж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны гадаа 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ө.Б*****-с 10,000,000 төгрөгийг хахуульд авч дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоож, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 103/А дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 492 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.А***-ыг улс төрийн нөлөө бүхий этгээд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Улмаар дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.А***, түүний өмгөөлөгч Г.Б**** нараас гаргасан давж заалдах гомдлыг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэж 2023/ДШМ/1** дугаартай магадлалаар Л.А****-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдлоо.

Дээрх эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үед, хэргийг шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэхэд нэхэмжлэгч Л.А*** нь Улаанбаатар хот болон Төв аймгийн Зуун мод суманд нийт 5-н удаа очсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-рт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж зааснаар эрх бүхий байгууллага болох Авлигатай тэмцэх газраас нэхэмжлэгч Л.А****-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн хуульд заасан зохих ажиллагаа явуулсан боловч тэрээр гэм буруутай болох нь нотлогдоогүй учир түүнд холбогдох эрүүгийн хэргийг цагаатгасан байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.А*** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д Монгол улсын иргэн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж зааснаар нэхэмжлэгч Л.А*** нь хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүссэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах буюу сэтгэл санааны хохиролд 14,173,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч Л.А***-ыг хахууль авсан гэм буруутай гэж үзэн 5 жил хүртэл хорих ялтай зүйл заалт танилцуулан үүнээс болж сэтгэл санаа тогтворгүй, байнга зовнилтой, түгшүүртэй, шөнө нойр хүрэхгүй, түүний талаар элдэв мэдээлэл гарч, ажлын бүтээмж муудаж, хамтран ажилладаг хүмүүс болон таньж мэддэг хүмүүсийн хандлага өөр болсон нь илт мэдрэгдэж ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй, гэр бүл, төрөл садантайгаа уулзах нүүргүй болсон мэдрэмж төрж тэднээс зайгаа барих, чамгүй урт хүнд цаг хугацааг өнгөрөөсөн тул хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу түүний сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэл гэж үзэн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 14,173,400 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлд зааснаар хохирогч эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх тухай зохицуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1, 45.4 дүгээр зүйлд эд хөрөнгийн бус хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргах эрхийг зааж өгчээ.

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүх шинжилгээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан.

Нэхэмжлэгчийн холбогдож цагаатгагдсан гэмт хэрэг нь дээрх хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдэж, шийдвэрлэгдсэн байх ба Шүүх шинжилгээний тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан журамд гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоох аргачлалыг журамласан тул энэ нь цаг хугацааны хувьд болоод эрүүгийн хэрэгт хууль бусаар яллагдагчаар татагдсан нэхэмжлэгч Л.А***-д хамаарахгүй.

Харин Л. А*** нь эрүүгийн хэрэгт хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас сэтгэл санаанд учирсан үр дагаврыг мөнгөөр илэрхийлэн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-д заасан шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох журмын 3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.А***-ын сэтгэл санаанд учирсан хохирлын дүйцүүлэн нэхэмжилсэн гэж тайлбарласан ба шүүх нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан үр дагаврын хэр хэмжээг тогтоохдоо хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой эмнэлэг, эмнэлгийн байгууллагад хандсан, сэтгэл зүйчид хандаж үйлчилгээ тусламж авсан зэрэг сэтгэл санааны үр дагаврыг арилгах зорилгоор гарсан зардалд үндэслэн тооцох боломжтой юм.

Гэвч нэхэмжлэгч нь энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд нэхэмжилсэн 14,173,400 төгрөгийг төрөөс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

Мөн нэхэмжлэгч нь өөрийн амьдарч байгаа газраас өөр орон нутаг руу нийтдээ 5 удаа явсан замын зардлыг Монгол Улсын Сангийн сайдын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан **2 дугаартай тушаалаар төрийн албан хаагчийн томилолтын асуудлыг шийдвэрлэж өгсөн. Орон нутагт ажиллахад зардал нь хэд байдаг юм, шатахууны зардал нь хэд байдаг юм гэдэг агуулгаар тогтоосон тооцооллын аргачлал бий. Энэ аргачлалыг үндэслэн нэг удаагийн явах зардлыг 1,000,000 төгрөгөөр тооцож 5 удаагийн ирж очсон замын зардалд 5,000,000 төгрөгийг гаргуулна гэж шаардлага гаргасан.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас өөрийн оршин суугаа газраас өөр орон нутаг руу 5 удаа явсан үйл баримт тогтоогдсон боловч нэг удаа явахдаа ирж очсон зардалд 1,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнийгээ төрийн албан хаагчийн томилолтын зардлыг тогтоосон Монгол Улсын Сангийн сайдын тушаалыг үндэслэсэн нь хуульд нийцэхгүй.

Түүнчлэн дээрх томилолтын зардлыг тогтоосон тушаалд Улаанбаатар хот, бусад орон нутагт 1,000,000 төгрөгөөр тооцож тогтоосон зүйлгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх тушаалыг дүйцүүлэн тооцсон гэх боловч хэрхэн тооцож 1,000,000 төгрөг болсон талаар тайлбарлаагүй.

Төрийн албан хаагч өөрийн эрхэлсэн ажил үүргийн дагуу өөр орон нутагт томилолтоор ажиллахад тооцохоор тогтоосон зардлыг нэхэмжлэгчийн эрүүгийн гэмт хэргийн учир Авилгатай тэмцэх газарт очиж мэдүүлэг өгөх, яллагдагчаар татсан тогтоолтой танилцах, шүүх хуралдаанд оролцохоор өөрийн орон нутгаас өөр орон нутаг руу явсан зардалтай дүйцүүлэн олгох боломжгүй.

Зүй нь нэхэмжлэгч тухайн хугацаанд хувийн болоод нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зарцуулсан шатахууны баримт, зорчигчийн тийз, буудалласан буудлын баримт зэрэг баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох учиртай.

Нэхэмжлэгчээс хэрэгт замын зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг ирүүлээгүй учир шүүх нэхэмжлэгчийн замын зардалд 5,000,000 төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Л.А***-ын өмгөөлөгчид өмгөөллийн хөлсөнд төлсөн 50,000,000 төгрийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Л.А*** нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдах явцдаа өмгөөлөгч Э.Б****-ийг тухайн эрүүгийн хэрэгт өөрийн хүсэлтээр өмгөөлөгчөөр оролцуулж хууль зүйн туслалцаа авсан болох нь хэрэгт авагдсан Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, түүний хавсралт, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ДШМ/1** дугаартай магадлалын хуулбар, өмгөөлөгч Э.Б****-ийг байлцуулж гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Өмгөөлөгч Э.Б****-ий Төрийн банкны 108400172962 дугаартай дансанд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 10,000,000 төгрөгийг 5890546264 дугаар данснаас гэрээний төлбөр гэх утгатайгаар, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгийг өмгөөллийн хөлс гэх утгаар тус тус шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл баримтаар, мөн өмгөөлөгч Э.Б****-д 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн болох нь Бэлэн мөнгө хүлээн авсан тухай баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчээс өмгөөлөгч Э.Б****-д өмгөөллийн хөлсөнд 50,000,000 төгрөгийг төлсөн болох нь дээрх баримтууд болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас нэхэмжлэгч Л.А***оос гарсан зардал, гэм хорын хохирол гэж үзэн Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас 50,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.А***од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,173,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс бүх хохирлыг гаргах нь үндэслэлтэй гэх дүгнэлтийг гаргасан нь шүүхээс өгсөн эрх зүйн дүгнэлттэй тохирч байх хэдий ч шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Л.А***-ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг тус тус баримтлан Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас 50,000,000 (тавин сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.А****-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,173,400 (арван есөн сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуу) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА

Б.МӨНХТУЯА