Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 926

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Улсын яллагч Ч.Алтансүх,

Хохирогч А.Дуламрагчаа,

Шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /ҮД:0690/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Уд холбогдох 2017 2501 2239 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол улсын иргэн, У хотод 19 оны 0 дүгээр сарын -ны өдөр төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Х дүүргийн  дүгээр хороо, Т 2 дугаар гудамжны  тоотод оршин суух,  дүүргийн  хороо, К  гудамжны  тоот оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, А.У /РД:

   Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

А.У нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моника” баарны гадна иргэн А.Дуламрагчааг түлхэж унагаан өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.У өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Дуламрагчаагийн өгсөн: “...Уг хэрэг гараад нэг жил болж байна. Гомдолтай байна, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү хэмээн хүсэж байна. Сэтгэл санааны хохиролд нийт 5 сая төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Дуламрагчаагийн  өгсөн: “... Шорлог зардаг Уянга гэдэг хүүхэн чамд ямар хамаатай юм бэ? чиний өмчилж авсан газар юм уу гээд намайг түлхэж унагаан өшиглөөд байсан, тэгээд би босоод замын боржуур дээр суугаад харсан чинь миний хөл эргэчихсэн байсан тэгээд цагдаа, түргэн дуудаад эмнэлэг рүү явсан. Шууд миний хөл рүү 3-4 удаа өшиглөж, гараараа түлхэж унагаасан. Тэгээд л миний хөл буруу хараад эргэчихсэн байсан. Тэгээд сэтгэл санааны болон ажилгүй байх хугацааны 4-5 сая төгрөг нэхэмжилж байна. Би 10 сая төгрөг нэхэмжилнэ гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх.20-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Батжаргалын өгсөн: “... Тэгээд хэн яасан гэхэд шорлог зардаг Уянга намайг түлхэж унагаагаад өшиглөсөн, тэгээд хөл хугарчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг /хх.27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Баасанжавын өгсөн: “... Тэгээд Уянга нь Дуламрагчаа эгчийг түлхэж унагаагаад хөл рүү нь өшиглөж харагдсан...” гэх мэдүүлэг /хх.29/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 8436 дугаартай дүгнэлтэд:

“1. А.Дуламрагчаагийн биед баруун шилбэний шаант, тахилзуурын гадна, дотно хавчаар ясны далд хугарал, тавхайн ар хэсгийн шарх, мэс заслын хагалгаа хийгдсэн байдал, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.

5. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх.32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Уянгын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.43/,

Шүүгдэгч А.Уянгын урьд нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.44/,

Шүүгдэгч А.Уянгын хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбарууд /хх.51/,

Шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирлын баримтууд,

Шүүгдэгч А.Уянгын хувийн байдлын талаарх шүүхэд шинээр гаргаж өгсөн 2 хуудас баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

А.У нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моника” баарны гадна иргэн А.Дуламрагчааг түлхэж унагаан өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Дуламрагчаагийн  өгсөн: “... Шорлог зардаг Уянга гэдэг хүүхэн чамд ямар хамаатай юм бэ? чиний өмчилж авсан газар юмуу гээд намайг түлхэж унагаан өшиглөөд байсан, тэгээд би босоод замын боржуур дээр суугаад харсан чинь миний хөл эргэчихсэн байсан тэгээд цагдаа, түргэн дуудаад эмнэлэг рүү явсан. Шууд миний хөл рүү 3-4 удаа өшиглөж, гараараа түлхэж унагаасан. Тэгээд л миний хөл буруу хараад эргэчихсэн байсан. Тэгээд сэтгэл санааны болон ажилгүй байх хугацааны 4-5 сая төгрөг нэхэмжилж байна. Би 10 сая төгрөг нэхэмжилнэ гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх.20-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Батжаргалын өгсөн: “... Тэгээд хэн яасан гэхэд шорлог зардаг Уянга намайг түлхэж унагаагаад өшиглөсөн, тэгээд хөл хугарчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг /хх.27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Баасанжавын өгсөн: “... Тэгээд Уянга нь Дуламрагчаа эгчийг түлхэж унагаагаад хөл рүү нь өшиглөж харагдсан...” гэх мэдүүлэг /хх.29/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 8436 дугаартай дүгнэлт /хх.32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Уянгын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.43/,

Шүүхийн хэлэцүүлэгт хохирогч А.Дуламрагчаагийн өгсөн мэдүүлэг,

Шүүгдэгч А.Уянгын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

А.Уянгын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Уянгыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.

А.Уянгын гэмт хэрэг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хуулийг даган мөрдөж байсан бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлд холбогдох заалт буюу Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” нь тухайн гэмт хэргийн зүйлчлэлд дүйцэх заалт буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах “хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял”-аас харьцангуй хөнгөрсөн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах хуучин Эрүүгийн хуулийг хэрэглэх шаардлагагүй юм.

Иймд А.Уянгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Хохирогч А.Дуламрагчаа нь сэтгэл санааны хохирол болон ажилгүй байх хугацааны олох байсан орлогод нийт 10.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнээс нотлох баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 254.189 төгрөгийг шүүгдэгч А.Уас гаргуулж хохирогчид олгон,  9.747.811 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь өөрт учирсан эрүүл мэндийн бусад хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж байна.

          Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан бөгөөд энэ талаар хуульд тусгайлан заагаагүй байх тул хохирогчийн сэтгэл санааны хохирол гэх 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангах боломжгүй юм.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

А.Уянгыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй: 1.1. энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж тус тус заажээ.

А.Уянгын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч А.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Б овогт А У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Уд холбогдох 2017 2501 2239 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. А.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Уас 254,189 төгрөг гаргуулж хохирогч М.Дуламрагчаад олгосугай.

5. Хохирогч М.Дуламрагчаа нь өөрт учирсан эрүүл мэндийн бусад хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох А.Уас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР