Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/1187

 

   2024           10            24                                        2024/ДШМ/1187

 

Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

насанд хүрээгүй хохирогч Н.Э-н хууль ёсны төлөөлөгч Ц.Б,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/2211 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.А-д холбогдох 2403 00328 0494 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн Б-н А, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр ... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......./,                        

Яллагдагч Б.А нь 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 19 цаг 15 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 40 дүгээр гудамжны 574 тоот хашааны баруун замд “Тоёота Приус” загварын ... УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Н.Э-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б.А-д холбогдох хэрэгт өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлож, хэлэлцүүлэг явуулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.15 дахь заалтад заасан асуудлыг хэлэлцүүлж хэрэгт шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй зөрчилтэй гэж үзэж, дараах үндэслэлээр хэргийг прокурорт буцаав.

 Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, мөн зүйлийн 1.1 дэх заалтад “...арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу арван найман насанд хүрээгүй хүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих хүн байхгүй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй бол хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно” гэж тус тус хуульчилжээ. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааны талаар дараах эрх эдэлнэ”, 71.1.1 дэх заалтад “асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаарх мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргана” гэж заажээ. Тус хэргийн хохирогч Н.Э нь 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 8 настай насанд хүрээгүй байх ба түүний хууль ёсны төлөөлөгчөөр өвөг эцэг Ц.Б-г томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Тодруулбал, хуульд зааснаар тогтоогдох этгээд буюу насанд хүрээгүй хохирогч Н.Э-н төрсөн эцэг, эхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, түүний өвөг эцэг Ц.Б нь хохирогчийн асран хамгаалагчаар тогтоогдсон эсэх талаар эрх бүхий байгууллагын шийдвэр хэрэгт байхгүй бөгөөд тогтоогдвол зохих этгээдийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй, мөн хууль ёсны төлөөлөгчөөр хуулийн дагуу томилогдох этгээд байхгүй бол төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох хуулийг заалтыг хангаагүй, зөрчсөн байна. Нөгөө талаар насанд хүрээгүй хохирогчийн эцэг, эх, түүний хувийн байдал, бусад мэдээлэлтэй холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул хууль ёсны төлөөлөгчийг өөрчлөх эсэхэд болон шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүх дүгнэлт өгөх боломжгүй, шүүхийн шатанд уг зөрчлийг нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Мөн яллагдагчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа баримтад ургийн овог иргэний бичиг баримтаас зөрүүтэй бичигдсэн нь ял шалгасан лавлагаа үнэн, бодитой эсэхэд эргэлзээ бүхий байна.

Дээрх үндэслэлээр зөрчлийг арилгуулахаар хэргийг буцааж, прокурорт хэргийг очтол яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээн, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүйг дурдаж шийдвэрлэжээ.  

Прокурор Б.Одонтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн шийдвэр үндэслэлгүй, захирамжид дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно, мөн зүйлийн 1.1 “... арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг, тогтооно” гэж заасны дагуу түүний төрсөн эхийн эцгийг /өвөөг/ нь хууль ёсны төлөөлөгчөөр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Учир нь, Н.Э нь төрсөн эх Б.Н-р овоглодог ба Б.Н нь Монгол улсад байхгүй, БНСУ-д амьдардаг ба насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох боломжгүй нөхцөл байдал тогтоогддог. Улмаар Б.Н-н төрсөн эцэг Ц.Б нь насанд хүрээгүй Н.Э-г 3 наснаас хойш харж хандаж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Мөн Ц.Б-г насанд хүрээгүй хохирогчийн хууль ёс төлөөлөгчөөр томилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад маргаан гардаггүй ба насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны эрх ашгийг бүрэн хамгаалж оролцдог. Дээрх нөхцөл байдлаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаа хууль зөрчсөн үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн асуудал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн шалгаан нөхцөл, оролцогчдын эрхийг хангасан байдал зэрэгт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байтал хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/2211 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Н.Э-н хууль ёсны төлөөлөгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх Б.А-д холбогдох хэргийг “... хохирогч Н.Э нь 8 настай насанд хүрээгүй байх ба түүний хууль ёсны төлөөлөгчөөр өвөг эцэг Ц.Б-г томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж хууль зөрчсөн, яллагдагч Б.А-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаанд ургийн овог зөрүүтэй бичигдсэнийг зөвтгөх...” гэсэн үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь “... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх...” -д оршдог.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг, тогтооно” гэж заасны дагуу насанд хүрээгүй хохирогч Н.Э-г одоогоор асран хамгаалж байгаа төрсөн өвөг эцэг Ц.Б-г түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Үүнээс гадна, яллагдагчийн хувийн байдлыг тодруулах үндэслэл нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой байх ба дээрх үндэслэлүүдээр хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд зайлшгүй буцаах шаардлагагүй, мөн яллагдагч Б.А-д холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн бодит байдлыг шүүх хуралдаанаар тогтоох боломжтой гэж үзэв.  

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 Иймд прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/2211 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан яллагдагч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/2211 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР