| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/03398/И |
| Дугаар | 191/ШШ2025/08045 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/08045
2025 09 26 191/ШШ2025/08045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, Ц.Э-ын нэхэмжлэлтэй,
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Э,
Гэрч Ц.Э, Э.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Г.Баянжаргалтай 2018 оны 6 сараас хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр охин ******* төрсөн.
Г. өмнөх гэрлэлт цуцлагдаагүй байсан учир бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Тэрээр Америк болон Монгол улс хоёрын хооронд ирж очин ажиллаж амьдардаг байсан. Охин Б.*******г төрөх үед Г.Баянжаргал Америкт байсан учир би өөрийнхөө нэрээр овоглосон.
Тэгээд Г.Баянжаргал нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охиныгоо өөрийнхөө нэрээр овоглосон бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр АНУ явсан боловч 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зам тээврийн ослын улмаас нас барсан.
Бид хамт амьдарч байхдаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул-Алтай хотхоны 106 дугаар байр 72 тоот байрыг түрээслэн амьдарч байсан. Охин Б.******* тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч биднийг гэрлэлтийн баталгаа байхгүй тул хамтын амьдралтай байсан гэдгээ тогтоолгох хэрэгтэй гэсэн.
Иймд намайг Г.Баянжаргалтай 2018 оны 6 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хамт амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Гэрч Ц.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Г.Баянжаргал, Ц.******* нар 2018 оноос хойш хамт амьдарсан, тэдний дундаас 2019 онд охин Б.******* төрсөн. Эднийх Офицеруудын ордны ард байрлалтай хашаа байшинд олон жил амьдарч байгаад дараа нь байр түрээслэн амьдрах болсон. Г.Баянжаргал нь Америк явахаасаа өмнө охиныхоо овгийг солиулсан, энэ хүмүүсийн гэрлэлтээ батлуулсан эсэх талаар мэдэхгүй байна. Тэгээд Америк явж ажиллаж байгаад эхнэр, охиноо татаж авна гэж байсан боловч ослын улмаас нас барсан... гэв.
3. Гэрч Э.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Г.Баянжаргал 3 ахтай байсан. Хамгийн том ах нь нас барсан, удаах ахыг нь айлд өргүүлсэн, бага ах Эрдэнэхүү нь манай аав юм. Г.Баянжаргал болон Ц.******* нар Дотоод Хэргийн Их сургуулийн тэндэх байранд амьдардаг байсан, ахыг гэрт нь 2-3 удаа хүргэж өгч байсан. Мөн ах маань охиноо цэцэрлэгээс нь авна гэж байнга ярьдаг байсан. Энэ хүмүүсийг яг хэдэн оноос, хэдэн он хүртэл хамт амьдарч байсан талаар мэдэхгүй байна. Эдгээр хүмүүсийн дундаас Б.******* гэдэг охин төрснийг мэднэ. Г.Баянжаргал өмнө нь өөр гэр бүлтэй байсан түүнээсээ салсан, 2 хүүтэй. Г.Баянжаргал Америкт ажилладаг байсан бөгөөд 2024 оны 11 сард тэнд байхдаа зам тээврийн осолд орж нас барсан...гэв.
4. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болох :
4а.Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, охин Б.*******гийн иргэний улсын бүртгэлийн лавлагаа, Г. нас барсны гэрчилгээний хуулбар, гэрч Ц.*******, Б.Пүрэвсайхан, Э.******* нарын тодорхойлолт, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 1-11, 13-14/,
4б. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн улсын бүртгэлтэй холбоотой баримтууд /хх 19-32/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.******* нь Говь Ханлиг овогт Гэндэнгийн Баянжаргал /рд:/-тай 2018 оны 6 сараас 2024 оны 11 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ охин Б.******* тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэж тодорхойлсон.
3.Говь Ханлиг овогт Гэндэнгийн Баянжаргал /рд:/-ыг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нас барсныг бүртгэж, нас барсны бүртгэлд 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1179 дугаарт бүртгэсэн байна. /хх 6/
4.Нэхэмжлэгч Ц.******* нь 2018 оны 6 сараас Говь Ханлиг овогт Гэндэнгийн Баянжаргал /рд:/-тай түүнийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нас барах хүртэлх хугацаанд гэр бүлээ бүртгүүлэлгүй, охин Б.*******гийн хамт Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 8 дугаар гудамж, 312 тоот хаягт амьдарч байсан нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрч Ц.*******, Э.******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна. /хх 11/
5.Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн ******* овогт ******* ******* /рд *******/-ыг, 2018 оны 6 сараас 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд Говь Ханлиг овогт Гэндэнгийн Баянжаргал /рд:/-тай гэр бүлээ бүртгүүлэлгүй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
6.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан ******* овогт ******* ******* /рд *******/-ыг, 2018 оны 6 сараас 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд Говь Ханлиг овогт Гэндэнгийн Баянжаргал /рд:/-тай гэр бүлээ бүртгүүлэлгүй хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ