2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/08031

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 26 191/ШШ2025/08031

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: байранд байрлах, Ө ******* ******* ******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: орцны хонгил /подвол/ хаягт оршин суух, Д.У-т холбогдох,

 

Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 2б байр, 1 орцны доод хонгил /подвол/-ын хэсгийг чөлөөлүүлэх, байрны түрээс болон цахилгааны төлбөрт 1,190,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

Хариуцагч Д.Уранчимэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг байлцуулахгүйгээр,

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад хариуцагчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од нь хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчээс татгалзаж байгааг мэдэгдэн шүүх хуралдааны танхимыг орхин явсан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хариуцагч Д.Уранчимэг нь "******* СӨХ-д 2024 оны 9 дүгээр сард үйлчлэгч, жижүүрээр ажиллах хүсэлт гаргаж ажилд орсон бөгөөд ажилд орсон цагаас хойш ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, эсэргүүцэх, элдэв шалтаг тоочин эрхэлсэн ажилдаа хариуцлага, сахилга бат, ёс зүйгүй хандаж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зан харилцаа, ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан.

Мөн ажил олгогчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эс зөвшөөрч ажлаа таслах, оршин суугчдыг турхирах, амар тайван байдлыг алдагдуулах зэргээр өөрийн дур зоргоор авирлаж, гэрээгээр хүлээсэн үүрэгтээ хүндэтгэлгүй хандаж ирсэн.

Д.Уранчимэг нь 2024 оны 9 дүгээр сард ажилд орсноос хойш дээрх зөрчилтэй холбоотойгоор тавьсан шаардлагыг эсэргүүцэж, улмаар 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.

Харин 2024 оны 11 дүгээр сард өөрийн алдаа дутагдлыг ойлгож, ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан үргэлжлүүлэн ажиллуулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, ажлын хариуцлага алдсаар ирсэн. Ажил олгогчийн зүгээс дээрх дутагдлын талаар уулзаж, эвийн журмаар асуудлыг шийдвэрлэхээр удаа дараа оролдсон хэдий ч үл тоодог байсан бөгөөд 3 удаа дээрх асуудлаар уулзаж ойлголцохыг эрмэлзэн тодорхойлолт гаргуулан авч үргэлжлүүлэн ажиллуулсан боловч үүрэг, хариуцлагаа зөрчсөөр байсан.

Ажил олгогчийн зүгээс 2025.03.22-ны өдрийн 01 тоот тушаалаар 2025.04.01-ний өдрөөр тасалбар болгон үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. ******* ******* холбоо нь орчны газрын цэвэр цэмцгэр байдал, аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй тул үйлчлэгч ажиллуулж байгаа бөгөөд орчны газарт тухайн орон сууцны байшингийн ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, автомашины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн хэлбэрийн газрыг хамруулсан байдаг. Эдгээр газрыг цэвэрлэх нь түүний ажлын чиг үүрэгт бүрэн хамааралтай байдаг. Тэрээр хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн болохоор байрыг чөлөөлж өгөхгүй гэсэн тайлбар гаргадаг боловч хөдөлмөрийн гэрээ байгуулагдаад дундын өмчлөлийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах хэлцэл хийгдсэн, уг хэлцлийг заавал бичгээр хийх шаардлага байхгүй учраас амаар тохиролцсон. Уг хэлцэл нь түүнийг 2025.03.22-ны өдөр ажлаас чөлөөлснөөр эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах хэлцэл дуусгавар болсон.

Тэрээр жижүүрийн үүргийг давхар гүйцэтгэж байсан, тэгэхдээ 1-р орцны подволын 3 өрөөнд оршин суухаар анх тохиролцсон хэдий ч өөрийн дураар 5, 6 өрөө болгож дотор нь байсан холбооны эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулж өрөөг суллаж, өөрийн тавилга хэрэгслээр дүүргэж цоожилсон. Гэвч уг подволыг өнөөг хүртэл суллаж өгөөгүй байна.

******* өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.5 дахь хэсэгт ...дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах эрхтэй гэж гүйцэтгэх захирлын эрхийг тодорхойлсон. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглуулах эрхийг хэлцлийн үндсэн дээрээс олгосон ба хэлцлээ цуцалсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Гүйцэтгэх захирлын эрхийн хувьд холбооны нэрийн өмнөөс болон 2-оос доошгүй сууц өмчлөгчдийн хүсэлтээр эрх бүхий байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх гэж заасан байдаг. Оршин суугчдаас хүсэлтийг амаар болон утсаар ирүүлж байсан.

Тус подвол нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйл бөгөөд Д.Уранчимэгт холбогдуулан уг подволыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, ажлаас чөлөөлөгдсөн буюу 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацаа буюу 2025 оны 4,5 сарын түрээсийн төлбөр, цахилгааны төлбөр болох 610,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь маргаан бүхий дундын өмчлөлийн байрыг чөлөөлж өгөхгүй, өөрийн хууль бус эзэмшилдээ байлгасаар байсан тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 6,7 сарын төлбөр болох 580,000 төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 1,190,000 төгрөг болгосон.

Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт ....Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж заасан. ******* өмчлөгчдийн холбоо нь Эрчим хүчний газарт төлбөр төлж алдагдал хүлээх эрсдэлтэй байсан учраас маргаж буй подволын цахилгааны төлбөрийг төлсөн тул түүнээс өөрийнх нь ашигласан хугацааны төлбөрийг шаардаж байна.

Түрээсийн 1 сарын төлбөрийг 280,000 төгрөгөөр тооцож бусдад түрээслүүлдэг тул уг үнээр тооцож 2025 оны 4,5,6,7 сарын түрээсийн төлбөр буюу олох ёстой орлогод тооцож 1,120,000 төгрөг, цахилгааны төлбөрт 2025 оны 5 сард 79,287 төгрөг гарсныг ******* өмчлөгчдийн холбоо төлсөн учраас 70,000 төгрөгийг шаардаж байгаа юм.

Иргэний хуулийн 331 дүгээр зүйлийн 331.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээд эд хөрөнгийг чөлөөлөөд өгсөн бол энэ хэмжээний хөрөнгийн хохирол учрахгүй байсан гэж үзэж байна.

Хариуцагч Д.Уранчимэг нь хариу тайлбартаа хөдөлмөрийн маргаантай холбоотой буюу ажилчдын байр, засвар хийсэн талаар сөрөг нэхэмжлэлийн шааардлага гаргана гэсэн боловч энэ талаар ямар нэгэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Тэрээр хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн талаар маргаан үүсгэдэг боловч энэ маргаан подволыг чөлөөлүүлэхтэй хамааралгүй. Учир нь түүнийг 2024.09.05-ны өдөр ажилд томилсноор уг подволыг үнэ төлбөргүй ашиглуулах хэлцэл хийгдсэн , уг хэлцлийг цуцлах мэдэгдлийг 2025.03.11-ний өдөр түүнд өгсөн, мөн дахин 4 сард мэдэгдсэн. Уг подвол нь сууцны бус зориулалттай бөгөөд ******* өмчлөгчдийн холбооны ажилчид амьдран суух зориулалтай байр биш юм.

Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1.1-т эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн этгээд нь эд хөрөнгийг тодорхой зорилгоор тодорхой бус хугацаагаар ашиглуулахаар тохиролцсон бол хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. Үүний дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн, ингэснээр түүнтэй байгуулсан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах хэлцлийг цуцалсан.

Иймд Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 2б байр, 1 орцны доод хонгил /подвол/-ын хэсгийг Д.Уранчимэгийн хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх, байрны түрээс болон цахилгааны төлбөрт 1,190,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д.Уранчимэг нь татгалзлын үндэслэлээ шүүхэд дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1. Д.Уранчимэг би ажил олгогч Наранханд гуайн зөрчлүүдийг ЗГ-1111 төвд 2 дахь удаагаа 2025.04.10-даар мэдэгдсэн. СБД 3 талт хорооны хурлаар Д.Уранчимэг албан тушаалгүй, хуулийн үндэслэлгүй ажлаас халагдсаныг ажил олгогч Наранханд гуайд мэдэгдсэн. 2025.4.30-нд мэдэгдсэнд Д.Уранчимэг би албадан гаргах нэхэмжлэлийг хуулийн дагуу эсэргүүцэж байна. Д.Уранчимэг би Хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаа үргэлжлүүлэн ажиллана.

2. Ажил олгогчтой-Түрээсийн гэрээ хийгээгүй. Энэ хонгил ажилчдын үнэгүй байр, засч сайжруулсан мөнгийг, 4, 5, 6 сарын цалин 2,250,000 хамт нэхэмжилнэ. Хуулийн дагуу.

3. 2б байрны 1 орцонд 2 түрээслэгч /хөөрөг, оёдол/ байдаг. 2 ажилчин байрлаж ажилладаг тул тогны мөнгийг ажилчин Д.Уранчимэг би төлөхгүй. Орон сууц, конторын төлбөрийн баримт тусдаа өөр байдаг.

4.Нэхэмжлэгч Л.******* нь 71 тоотын СӨХ-ийн Удирдах Зөвлөлийн-цэцэд ажиллаж тэтгэвэрт гарсан дарга дарга Наранчимэг гуайн хүүхэд. /СӨХ-д 2 удаа хандсан/.

Л.*******ад Д.Уранчимэг би 2025.5.20-нд утсаар-Хууль зөрчиж худлаа заалт гаргасныг мэдэгдэхэд Л.******* нь ...Тэр хамаагүй, гол нь мөнгийг нь нэхэмжилж байгааг утсаар мэдэгдсэн.

СӨХ-ийн дарга Наранханд гуай, УЗдарга нар /найзууд/, Л.******* нар Хөдөлмөрийн хууль зөрчиж, эвлэлдэн нэгдсэн гүтгэж байна. Нэхэмжлэлийн төлбөрийг хуулийн дагуу төлөхгүй гэжээ. /хх 33/

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, "*******" сууц өмчлөгчдийн холбооны захирлын 2024.09.05-ны өдрийн "Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай" 02 тоот тушаал, Д.Уранчимэгийн 2024.09.04-ний өдрийн "******* сууц өмчлөгчдийн холбоонд гаргасан ажилд орохыг хүссэн өргөдөл, "******* сууц өмчлөгчдийн холбоо, Д.Уранчимэг нарын хооронд байгуулагдсан 2024.11.01-ний өдрийн 02 тоот Хөдөлмөрийн гэрээ, "******* сууц өмчлөгчдийн холбооны захирлын 2024.11.01-ний өдөр баталсан "Үйлчлэгчийн ажил үүргийн хуваарь", 2024.09.04-ний өдрийн ******* сууц өмчлөгчдийн холбооны ажилчдын хурлын протокол хуудас; Д.Уранчимэгийн 2024.10.01-ний өдрийн ******* сууц өмчлөгчдийн холбоонд гаргасан хүсэлт, 2024.10.23-ны өдрийн ******* сууц өмчлөгчдийн холбооны ажилчдын хурлын протокол хуудас; Д.Уранчимэгийн 2024.10.23-ны өдрийн "******* сууц өмчлөгчдийн холбоонд гаргасан ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт хуудас; 2024.11.03-ны өдрийн ******* сууц өмчлөгчдийн холбооны ажилчдын хурлын протокол хуудас, "******* сууц өмчлөгчдийн холбооны захирлын 2025.03.22-ны өдрийн 01 тоот Ажлаас халах тухай" тушаал, "******* СӨХ-ноос Д.Уранчимэгт хүргүүлсэн 2025.03.11-ний өдрийн мэдэгдэл, "******* СӨХ-ноос Д.Уранчимэгт хүргүүлсэн 2025.04.16-ны өдрийн мэдэгдэл; "******* СӨХ-ноос СБД-ийн цагдаагийн 1-р хэлтэст гаргасан 2025.04.24-ний өдрийн өргөдөл, 2025.04.30-ны өдрийн СБД-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах зөвлөлийн гурван талт хорооны тэмдэглэл шийдвэр, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай 2025.08.11-ний өдрийн 0/25 тоот албан бичгийн хуулбар, ******* СӨХ-ны гэрчилгээний хуулбар, ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2008.06.20-ны өдрийн №6 тогтоолын хуулбар, ******* СӨХ-ны чадамжийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2025.08.07-ны өдрийн №45 дугаартай тодорхойлолтын хуулбар, 2025.05.13-ны өдрийн ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн гүйцэтгэх захиралд эрх олгох тухай тушаал, 2025.05.10-ны өдрийн ******* СӨХ-д Л.Дашболдын гаргасан өргөдөл, 2025.04.17-ны өдрийн С.Мөнхтуулын ******* СӨХ-д гаргасан хүсэлт, Аймаг, нийслэлийн ******* өмчлөгчдийн холбооны нэгдсэн бүртгэл мэдээлэл гэх сайт дах мэдээлэлийн хуулбар, 2025.04.16-ны өдрийн мэдэгдэл, 2025.03.17, 2025.05.19-ний өдрийн Төрийн банкны задаргааны баримт, 2024.04.05-ны өдрийн Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт Засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ, ихэсгэсэн шаардлага /хх 1-25, 46-50, 55-56, 87-93, 94-96/,

3б. Хариуцагчаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хариу тайлбар, 2024.09.12-ны өдрийн зарлагын баримт, 2024.10.25-ны өдрийн зарлагын баримт, 2024.11.01-ний өдрийн №94 дугаартай Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025.04.30-ны өдрийн тэмдэглэл, шийдвэр, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 33-45, 59-60/ зэрэг баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч Д.Уранчимэгт холбогдуулан,

Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 2б байр, 1 орцны доод хонгил /подвол/-ын хэсгийг чөлөөлүүлэх, байрны түрээс, цахилгааны төлбөрт 610,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 580,000 төгрөгөөр ихэсгэж, 1,190,000 төгрөг болгосныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Д.Уранчимэгийг 2024.09.05-ны өдөр үйлчлэгчээр томилсноор хонгил /подвол/-ыг үнэ төлбөргүй ашиглуулах хэлцэл хийгдсэн, уг хэлцлийг цуцлах мэдэгдлийг 2025.03.11-ний өдөр түүнд өгсөн, уг хонгил /подвол/ нь сууцны бус зориулалттай, тус холбооны эд хөрөнгө бөгөөд ажилчид амьдран суух зориулалтай байр биш, уг хонгил /подвол/-ыг суллаж өгөөгүйгээс 2025 оны 4,5,6,7 саруудад бусдад түрээслүүлэн олох ёстой орлого 1,120,000 төгрөг, 5 дугаар сарын цахилгааны төлбөр 70,000 төгрөг, нийт 1,190,000 төгрөг шаардсан гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлаас ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоосон тул хонгил /подвол/-ыг чөлөөлөхгүй, уг байранд 2 түрээслэгч /хөөрөг, оёдол/ байрладаг, ажилчдын үнэгүй амьдрах байр тул түрээсийн болон цахилгааны төлбөрийг төлөхгүй гэж тус тус тодорхойлсон.

 

4. Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 2б байрны оршин суугчдын байгуулсан ******* ******* өмчлөгчдийн холбоог 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн ******* өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, №37 дугаартай гэрчилгээ олгосон байгаагаас үзэхэд дээрх орон сууцны өмчлөгчид нэгдэн холбоо байгуулсан, тус байрны сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилготой байна. /хх 82/

 

4а. ******* ******* холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-т Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд ...орон сууцны байшингийн ...доод хонгил, ...хамаарна гэж заасан.

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч ******* ******* өмчлөгчдийн холбоог Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар өмчлөгч гэж үзнэ.

 

4б. Мөн ******* ******* холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.4-т заасны дагуу Удирдах зөвлөл, түүний даргаар Д.Доржбатыг, мөн хуулийн 10.8.2-т заасны дагуу 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №6 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар П.Наранхандыг тус тус сонгож, гүйцэтгэх захиралтай 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаагаас үзэхэд тэрээр мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.6-т:холбооны нэрийн өмнөөс буюу 2-оос доошгүй сууц өмчлөгчийн хүсэлтээр эрх бүхий байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх гэж заасны дагуу шаардах эрхтэй байна.

 

5. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж тус тус заасан.

 

5а. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Д.Уранчимэг нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд ******* ******* өмчлөгчдийн холбоонд үйлчлэгч, жижүүрээр ажиллаж байсан, энэ хугацаанд түүнд маргаж буй орон сууцны хонгил /подвол/-ыг тодорхой бус хугацаагаар үнэ төлбөргүй ашиглуулж байсан, түүнтэй байгуулсан энэхүү гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдож байх ба харин уг хонгил /подвол/ нь орон сууцны зориулалттай, мөн тус холбооны ажилтнууд амьдран суух зориулалттай болох нь тогтоогдсонгүй. /хх 5,15/

 

6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан зохицуулалтын урьдчилсан нөхцөл нь шаардах эрх бүхий этгээд хөрөнгийн өмчлөгч байх, тухайн хөрөнгийг эзэмшиж буй этгээд эзэмших эрхгүй байх явдал юм.

 

6а. Үүнээс үзэхэд Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 2б байр, 1 орцны доод хонгил /подвол/-ын өмчлөгч ******* ******* өмчлөгчдийн холбоо болох нь тогтоогдож байх ба Д.Уранчимэг нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу тухайн хонгилыг цаашид өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж байгаа болох нь тогтоогдохгүй байх тул уг эзэмшил хуульд заасны дагуу үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

 

6б. Нэхэмжлэгч нь орон сууцны хонгил /подвол/-ыг бусдад сарын 280,000 төгрөгөөр түрээслүүлснээр 2025 оны 4,5,6,7 сарын хугацаанд олох ёстой орлого 1,120,000 төгрөг, 2025 оны 5 сарын 70,000 төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр, нийт 1,190,000 төгрөг гаргуулах шаардлагаа,

хариуцагч нь эрхэлж байсан ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн тул орон сууцны хонгил /подвол/-ыг чөлөөлөхгүй гэх татгалзлаа баримтаар тус тус нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй. /хх 47-50/

7. Иймд нэхэмжлэгч ******* ******* өмчлөгчдийн холбооны өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 2б байр, 1 орцны доод хонгил /подвол/-ын хэсгийг хариуцагч Д.Уранчимэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,190,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-тХариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ, 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж заасныг,

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч нь хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан даргалагч шүүгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т ...уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал гэх үндэслэлээр татгалзсан татгалзлыг мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-т заасны дагуу тус шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн шүүх хуралдааныг цааш хэлэлцүүлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ. /хх 3-4, 56/

 

10. Хариуцагч Д.Уранчимэг нь Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 2б байр, 1 орцны доод хонгил /подвол/-ын хэсгийг засварласантай холбоотой зардлаа жич нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч ******* ******* өмчлөгчдийн холбооны өмчлөлийн, доод хонгил /подвол/-ын хэсгийг хариуцагч Д.Уранчимэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,190,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Уранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШЗ2025/32699 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ