2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/07903

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 23 191/ШШ2025/07903

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, Ш.Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.*******,

Гэрч С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

1. Нэхэмжлэгч Ш.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ш.******* миний бие нь 1985 оны 11 дүгээр сард Ардын армийн 016 дугаар ангид 1 жил 6 сарын алба хаагаад өвчний улмаас цэргийн албанаас чөлөөлөгдсөн.

Ингээд 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Авто тээврийн Барилга угсралтын трестийн Авто машин механизмын баазад жолоочоор тасралтгүй 6 жил ажилласан. Хөдөлмөрийн дэвтрээ авах гэсэн боловч тус байгууллагын бичиг баримт нь галд өртсөн учир бичиг баримт олдоогүй. Улсын архивт тус байгууллагын бичиг баримтыг шүүлгэсэн боловч олдоогүй.

Миний бие нь тэтгэвэрт гарах болж байгаа учир ажилласан жил хүрэхгүй байна. Надад өөр өгөх бичиг баримт олдоогүй. Хөдөлмөрийн дэвтрийг баазын хүмүүс ярихдаа баазын гадаа хураалттай байж байгаад галд шатсан гэдэг ч өөрийн нүдээр харж байгаагүй. Манай баазын ихэнх хүмүүс шүүхээр явж ажиллаж байсныгаа тогтоолгож байна. Ажиллаж байх хугацаанд байгууллагын нэр өөрчлөгдөөгүй, харин 1992 онд тарахад нь байгууллагаасаа Краз машин хувьчилж авч байсан, уг машинаа Заамарын уурхай нээгдэх үеэр бусдад худалдсан. Авто тээврийн Барилга угсралтын трест нь авто машины үйлчилгээг үзүүлж, барилгад ямар машин хэрэгтэй болно, тэр машин нь очиж ажилдаг байсан.

Иймд намайг дээрх байгууллагад 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд жолоочоор ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэв.

 

2. Гэрч С.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Миний бие 1983 оноос 1990 он хүртэлх хугацаанд Авто тээврийн Барилга угсралтын трестийн Авто машин механизмын баазад жолооч, краны жолоочоор ажиллаж байсан. Ш.******* нь самосвал, цистерний жолоочоор ажилладаг, бид хамтдаа хөдөө явцгаадаг байсан. Мөн Ш.*******гийн эхнэр н.Оюунчимэг нь тус байгууллагын 02 дугаар ангид барилгын мастер хийдэг бид хамт ажилладаг байсан...гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3а.Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ш.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024.05.27-ны өдрийн 892, Нийслэлийн архивын газрын 2024.05.17-ны өдрийн 447, Батлан хамгаалаг яамны Батлах хамгаалахын төв архивын 2024.05.28-ны өдрийн 06/1537 дугаартай албан бичиг, Нийслэлийн тойргийн нотариатч Ө.Мөнхтуяагийн 2025.05.14-ний өдрийн 0177 дугаартай гарын үсэг гэрчилсэн үйлдлийн хуулбар, гэрч С.*******ын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 1-9/,

3б. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Нийслэлийн архивын газрын 2025.06.12-ны өдрийн 01/546, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.06.13-ны өдрийн 9/7969 дугаартай албан бичиг, тэдгээрийн хавсралт, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025.06.17-ны өдрийн 02/666 албан бичиг /хх 17-32/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.******* нь Авто тээврийн Барилга угсралтын трестийн Авто машин механизмын баазад 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Тэрээр дээрх газарт ажиллаж байсан байдалтай холбоотой ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь холбогдох архивт хадгалагдаагүйгээс өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүйд хүрсэн гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхойлсон.

 

3. Үндэсний төв архив, Нийслэлийн архивын газрын сан хөмрөгт Авто тээврийн Барилга угсралтын трестийн Авто машин механизмын бааз-ын баримт шилжиж ирээгүй, хадгалагддаггүй болохыг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01/546, 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 02/666 тоот албан бичгээр тус тус ирүүлсэн байна. /хх 17-32/,

 

4. Дээр дурдсан архивын тодорхойлолт, холбогдох баримтаас үзэхэд Ш.*******гийн 1985.12.01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал зэрэг нь холбогдох архивт хадгалагдаагүй гэж үзэх үндэслэлтэй.

 

5. Нэхэмжлэгч ******* *******гийн, Авто тээврийн Барилга угсралтын трестийн Авто машин механизмын баазад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд жолоочоор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан дараах баримтаар тогтоогдож байна гэж үзэв.

 

6.Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн,

6а. БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №230-т ажилладаг байгууллага-Тээврийн яамны Барилга угсралтын трестийн авто бааз, ажилд орсон он-1986, эрхэлдэг ажил-автын жолооч гэх /хх-30/,

6б. Худалдааны 1 дүгээр контороос1977 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээ хэсэгт : 1984.05.22, Баазын даргын 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 76 тоот тушаалаар АТБУЗТ-ийн АММБаазад краны жолоочоор авч ажиллуулав гэх бичилт

1991.10.15, Баазын даргын 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 60 дугаар тушаалаар Өөр ажилд шилжсэн тул жолоочийн ажлаас халав гэх бичил /хх 9/ зэрэг баримтууд болно.

 

7. Иймд нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан баримтыг гэрч С.*******ын мэдүүлэг зэрэгтэй харьцуулан дүгнэхэд ******* овогт ******* ******* /рд:*******/ нь Авто тээврийн Барилга угсралтын трестийн Авто машин механизмын баазад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

 

8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан, ******* овогт ******* ******* /рд:*******/ нь Авто тээврийн Барилга угсралтын трестийн Авто машин механизмын баазад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ