Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 335

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,

улсын яллагч: З.Энхжаргал,

шүүгдэгч: А.Жаргал /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Адъяагийн Жаргалд холбогдох эрүүгийн 1709020200216 дугаартай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 247 дугаартай магадлалтай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын  07-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилтгүй, ам бүл 7, эх, дүү, эхнэр, 3 хүүхдийн  хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 171 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ЧЛ83041415 регистерийн дугаартай, Боржигон овогт Адъяагийн Жаргал.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч А.Жаргал нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 5 цагийн үед таксигаар үйлчлүүлж байгаад хохирогч Б.Мөнхчулууныг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Жаргал мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Б.Мөнхчулуун /хх-ийн 9/ мэдүүлэг, Д.Ууганбаярын гэрчээр мэдүүлсэн /хх-ийн 11-12/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13774 дугаартай дүгнэлт /хх-ийн 15/, А.Жаргалын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 20-27/, хохирогч Б.Мөнхчулууны хүсэлт /хх-ийн 33/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Жаргал нь 2017 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнийн 5 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт таксигаар үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Мөнхчулууныг “хурдан явсангүй, урд яваа машиныг гүйцэх хэрэгтэй” хэмээн хэл үгээр доромжилж, улмаар хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Мөнхчулууны /хх-ийн 9/: “…2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Метромолл” төвийн урд талд явж байхад үл таних 2 эрэгтэй гар өргөсөн. Би зогсоод тэр 2 хүнийг автал нэг нь “урагшаа эргээд урд талын машиныг гүйцэх хэрэгтэй байна, хурдан яваадах пизда минь” гэх мэтээр хэл амаар доромжилж эхэлсэн. Би хөдлөөд удаагүй байсан болохоор “та хоёрт үйлчилж чадахгүй ээ, буугаад өөр машинд суучих, тэглээ ч хүн хөөдөг машин биш гэж хэлсэн” чинь урьд талд суучихсан байсан залуу шууд намайг заамдаж аваад “чи муу ер нь юу юм бэ, чам шиг новшийг бол халхын хавтайд” гээд л дайраад хэл амаар доромжлоод байсан. Ард сууж байсан залуу болиулах гээд байсан. Би буух гээд бууж чадаагүй, цагдаа дуудах гээд утсаа гаргатал ноцолдоод нүүр лүү гаргаараа мангасдаж түлхээд байсан.  Тэгээд урьд талд сууж байсан залуу нь шууд миний хамар руу цохисон. Гэтэл миний хамарнаас цус гоожсон. Тэгээд би буугаад зугтаж цагдаа дуудсан”…гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Ууганбаярын /хх1-12/: “…Жаргал урд талын суудал дээр суусан байсан. Жаргал жолоочийг “хурдан яваарай” гэж хэлсэн чинь “2 пизда минь буучих” гэж хэлэхэд Жаргал жолоочийн хамар руу нэг удаа цохиод, жолооч машинаа зогсоогоод, буугаад замын нөгөө талд гараад “та 2 байж бай, ахыгаа дуудаж алуулна” гэж хэлсэн…” гэх мэдүүлгээр,

 

А.Жаргалын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 19/: “… “Метротолл” дэлгүүрийн  урдаас Приус маркийн машин бариад тэр таксины жолоочийг “урд талын машиныг дагаад яваарай” гэж хэлэхэд ард суусан Ууганбаяртай маргалдаад байсан. Тэгээд тэр таксины жолооч “хоёр пизда минь буучих” гэхээр нь би нүүрэн тус газар нь 1 удаа цохичихоод буусан…” гэх мэдүүлгээр,

 

А.Жаргалын буруутай үйлдлийн улмаас Б.Мөнхчулууны биед “хамар ясны хугарал, таславчийн мурийлт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13774 тоот дүгнэлт /хх-ийн 15/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч, гэрч нар хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг зодсоныг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны  улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

А.Жаргалын “…хурдан явсангүй, урд яваа машиныг гүйцэх хэрэгтэй…” хэмээн хохирогчийг буруутган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Жаргалын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.            

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Б.Мөнхчулуун “…1.000.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Адъяагийн Жаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жаргалыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.Жаргал цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Жаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ