| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2310043440508 |
| Дугаар | 2024/ДШМ/1188 |
| Огноо | 2024-10-24 |
| Зүйл хэсэг | 28.3.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2024/ДШМ/1188
2024 10 24 2024/ДШМ/1188
Б.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Болормаа,
шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Чинбат,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/633 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Чинбат, хохирогч Ц.Х, Т.Н, Н.А, Б.Б, Н.Б, Б.А, Х.М, Х.А, М.У, Э.Т, Б.Б-с нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Т-д холбогдох 2310 04344 0508 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Т нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний .. дугаар ангид Артиллерийн дивизионы тагнуулын салааны байр зүйч-жолооч, салааны захирагчийн орлогчоор ажиллаж байх хугацаандаа “Цэргийн дотоод алба”-ны дүрмийн 7 дугаар зүйлд /Цэргийн алба хаагч хоорондын харилцаа/ заасныг үргэлжилсэн үйлдлээр зөрчиж,
- 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус ангийн 1 дүгээр батарейн 2 дугаар салааны байлдагч З.Б-н баруун чихнээс нь 2 удаа татсан, мөн тус ангийн 1 дүгээр батарейн 1 дүгээр салааны байлдагч А.Б-н цээж болон нүүрэн тус газар нь тус бүр хоёр удаа цохиж хүч хэрэглэсэн,
- 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөн ангийн 1 дүгээр батарейн 1 дүгээр салааны байлдагч Б.Б, Н.А, Ц.Х, Б.Б-с, Ү.Б, М.П, М.У, Б.Ц, Э.Т, Х.М, А.У, Х.А, Э.П, Н.Б, Б.А, Т.Н, Г.Г, М.Б, Э.Г, Н.Б нарыг тус ангийн цэргийн амрах байрны нэгдүгээр давхарт “цэвэрлэгээ муу хийлээ” гэх шалтгаанаар гартаа алчуур ороож, цээжин тус газар нь тус тус нэг удаа цохиж, хүч хэрэглэн дүрмийн бус байдлаар харьцсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Т-г “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-д 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн хохирогч З.Б-н “ЭМЖЖ” эмнэлгийн КТГ-ын шинжилгээний бичлэг бүхий нэг ширхэг сидиг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, энэ хэрэгт Б.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, хохирогч А.Б, Б.Б, Б.Б, Н.А, Ц.Х, Б.Б-с, Ү.Б, М.П, М.У, Б.Ц, Э.Т, Х.М, А.У, Х.А, Э.П, Н.Б, Б.А, Т.Н, Г.Г, М.Б, Э.Г, Н.Б нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Зэвсэгт хүчний ... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан нэр бүхий 21 хохирогч нар, дэд ахлагч Б.Т манай 1 дүгээр салааны цэргүүдийг “байраа муу цэвэрлэлээ” гэх шалтгаанаар жагсаагаад баруун гартаа нүүр гарын алчуур ороогоод цэргүүдийн цээж хэсэгт нэг нэг удаа цохисон. Миний биед ямар нэгэн гэмтэл, шарх учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, гэж хохирогчоор мэдүүлж, энэ талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн. Би гэмт хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний ... дугаар ангид тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байгаад энэхүү гэмт хэрэгт шалгагдаж байгаа нөхцөл байдлаасаа болоод ажлаасаа түр чөлөөлөгдсөн байгаа. Би үнэхээр ухаарсан. Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй байдал болон тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, нэр бүхий 2 хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэснийг болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Т-н өмгөөлөгч Б.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Б.Чинбат би Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/633 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Шийтгэх тогтоолын “Хэргийн талаар шүүхийн дүгнэлт” хэсэгт: “... гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүдэгчийн хувийн байдал, нэр бүхий 21 хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг болон улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хэмжээний дотор 8 сарын хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв” гэж хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Учир нь, тухайн гэмт хэрэг гарах үед ЗХ ... дугаар ангид хугацаат цэргийн албаа хааж байсан нэр бүхий 21 хохирогч нар “...дэд ахлагч Б.Т манай 1 дүгээр салааны цэргүүдийг “байраа муу цэвэрлэлээ” гэх шалтгаанаар орны голд жагсаагаад баруун гартаа нүүр гарын алчуур ороогоод цэргүүдийн цээж хэсэгт нэг нэг удаа цохисон. Миний биед ямар нэгэн гэмтэл, шарх учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж хохирогчоор мэдүүлж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байдаг. Шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, ...тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн хуулийн заалтуудын чухам аль хэсгийн яаж зөрчсөн, ямар үндэслэлээр хорих ял оногдуулах зайлшгүй шаардлагатай гэж дүгнээд байгаа нь тодорхой бус, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, илтэд яллах талыг барьсан шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид хорих ял онгогдуулахгүйгээр тэнсэх хуулийн заалтыг хэрэглэх бүрэн боломж байхад хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж, хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй илтэд яллах талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.
2. Шийтгэх тогтоолын “Хэргийн талаар шүүхийн дүгнэлт” хэсэгт: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан журмын зохицуулалтыг хэрэглэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байхаас гадна тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хэрэглэхээр зохицуулсан төдийгүй хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь шүүхэд үүрэг хүлээлгэсэн бус, харин эрх олгосон хэм хэмжээний зохицуулалт учир шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өнгө үү” гэсэн саналыг шүүх хангах боломжгүй” гэж хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Учир нь, “...тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзана” гэж уг гэмт хэргийн ямар нөхцөл байдлыг нь яаж дүгнээд байгаа, ямар үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан журмын зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнээд байгаа зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой дурдаагүй нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, илтэд яллах талыг барьсан шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ учруулсан хохирол, хор уршгаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан журмын зохицуулалтыг хэрэглэх бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Мөн “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь шүүхэд үүрэг хүлээлгэсэн бус, харин эрх олгосон хэм хэмжээний зохицуулалт учир шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг шүүх хүлээн авч, хангах боломжгүй” гэж хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт гаргасан байна. Учир нь “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь шүүхэд үүрэг хүлээлгэсэн бус, харин эрх олгосон хэм хэмжээ” гэж чухам ямар утга санааг илэрхийлж дээрх дүгнэлтийг гаргаад байгаагаа шийтгэх тогтоол тодорхой тусгаагүй, хуулиар олгогдсон шүүгчийн эрх хэмжээг хэн нэгэн этгээд үгүйсгээд, үүрэг хүлээлгээд байгаа ч юм шиг хууль зүйн үндэслэлгүй, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, илтэд яллах талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэгт холбогдох үедээ ЗХ ... дугаар ангид тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байгаад энэхүү гэмт хэрэгт шалгагдаж байгаа нөхцөл байдлаасаа болоод ажлаасаа түр чөлөөлөгдсөн байгаа тул тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, нэр бүхий 20 хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болсон байдал, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг нь харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулан хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ц.Х, Т.Н, Н.А, Б.Б, Н.Б, Б.А, Х.М, Х.А, М.У, Э.Т, Б.Б-с нараас: “... Дэд ахлагч Б.Т-с “байраа цэвэрлэ” гэсэн үүрэг өгсөн болвч бид нар түүний өгсөн үүргийг биелүүлээгүй. Бидний биед ямар нэгэн гэмтэл учраагүй бөгөөд Б.Т-д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.
Прокурор П.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг онцгойлон авч үзэх нь зүйтэй. Хүүхдээ цэргийн албанд явуулахгүй гэдэг хандлага нийгэмд түгсэн. Улс орноо хамгаалахаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлж, цэргийн албанд татагдан ирсэн байлдагч нартай захирагч нь дүрмийн бус байдлаар харьцсан. Захирагч нь байлдагч нартай зүй бус харьцвал хэн цэргийн албанд татагдах вэ. Иймд шүүгдэгч Б.Т-д оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Чинбат болон нэр бүхий 11 хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Т нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах ЗХ ... дугаар ангид Артиллерийн дивизионы тагнуулын салааны байр зүйч-жолооч, салааны захирагчийн орлогчоор ажиллаж байх хугацаандаа “Цэргийн дотоод алба”-ны дүрмийн 7 дугаар зүйлд /Цэргийн алба хаагч хоорондын харилцаа/ заасныг үргэлжилсэн үйлдлээр зөрчиж,
- 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус ангийн 1 дүгээр батарейн 2 дугаар салааны байлдагч З.Б-н баруун чихнээс нь 2 удаа татсан, мөн тус ангийн 1 дүгээр батарейн 1 дүгээр салааны байлдагч А.Б-н цээж болон нүүрэн тус газар нь тус бүр хоёр удаа цохиж хүч хэрэглэсэн,
- 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөн ангийн 1 дүгээр батарейн 1 дүгээр салааны байлдагч Б Б.Б, Н.А, Ц.Х, Б.Б-с, Ү.Б, М.П, М.У, Б.Ц, Э.Т, Х.М, А.У, Х.А, Э.П, Н.Б, Б.А, Т.Н, Г.Г, М.Б, Э.Г, Н.Б нарыг тус ангийн цэргийн амрах байрны нэгдүгээр давхарт “цэвэрлэгээ муу хийлээ” гэх шалтгаанаар гартаа алчуур ороож, цээжин тус газар нь тус тус нэг удаа цохиж, хүч хэрэглэн дүрмийн бус байдлаар харьцсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч З.Б-н “...Би Зэвсэгт хүчний ... дугаар ангид 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хугацаат цэргийн албанд Баянхонгор аймгаас татагдан ирсэн. ... 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн өглөө хоолондоо орчхоод хоолны дараа угаалгын өрөө орсон. Би угаалгын өрөөнд бие засаад удсан юм. Намайг угаалгын өрөөнд бие засаж байх хооронд салаан орлогч, дэд ахлагч Б.Т нь дивизионы цэргүүдийг гадаа жагсаалын талбайд жагсах команд өгсөн байсан. Тэр командыг нь би угаалгын өрөөнд байсан учраас би мэдээгүй. Тэгээд би угаалгын өрөөнөөс гараад явж байгаад би дэд ахлагч Б.Т-д илтгэл өгөлгүй яваад очтол намайг жагсаалын урд зогсож байхад “жагс гэсэн командыг сонсоогүй, угаалгын өрөөнд байсан” гэх шалтгаанаар миний баруун чихнээс хүчтэй 2 удаа татсан. Тэгээд жагсаалд намайг оруулсан. Тухайн үйл явдлаас хойш нэг хоногийн дараа миний баруун чихнээс хулхи гараад байхаар нь би ... дугаар цэргийн ангийн эмч Б.С-д хэлсэн. Намайг цэргийн ангиас гадуур авч гаран хувийн “Эм Жи Жи” гэх эмнэлэгт миний чихийг үзүүлж эмчилгээ хийлгэсэн. ... Миний баруун чихний хэнгэрэг хагарсан гэж эмч хэлсэн. ...” /2 хх 50-51/,
хохирогч А.Б-н “... Би тус ангийн 1 дүгээр батарейн 1 дүгээр салааны байлдагчаар томилогдсон, манай салааг ахлагч Б.Т хүлээж авсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өдрийн хоол идчихээд Б.Т манай батарейг ангийн хашаанд байх гадна 00-д бие засуулсан юм. Би бие засаад байж байхад удалгүй Б.Т жагс команд өгөхөд би хоцроод очсон чинь Б.Т баруун гараараа миний цээж хэсэгт 2 удаа, нүүр хэсэгт 2 удаа цохиод ангийн байр луу авч явсан. ... 29-ний өдрийн 13 цагийн үед манай салааг орны дэргэд зогсоож байгаад Б.Т гартаа алчуур ороож байгаад цэргүүдийн цээж рүү нэг нэг удаа цохисон. Тэгэхдээ намайг бол илүү хүчтэй цохисон. Бусад цэргүүдийг зүгээр хүрээд яваад байсан. Би шөнө унтаж байсан чинь хамраас цус гараад тогтохгүй байхаар нь 00-д ороод угаагаад цэвэрлэсэн юм. Маргааш өдрөөс нь би халуурч эхэлсэн, уушгиар хатгуулахаар нь эмчид үзүүлсэн чинь “зүрх чинь өвдөөд байна” гээд аспирин өгсөн. 8-9 хоногийн дараа халуураад, халуун буухгүй байхаар нь ангийн эмнэлэгт хандаад үзүүлж байхдаа би ухаан алдсан. Надад дусал хийгээд би сэргэсэн. Өдөр бүр халуураад дасгалд орж чадахгүй байж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цэргийн төв эмнэлэгт очиж хэвтэн эмчлүүлсэн. Миний уушги устсан гээд 1.7 гр ус авсан. Тэгээд энэ талаар ээж асуухаар нь би бүгдийг хэлээд цахим орчинд цацагдсан. Цэргийн төв эмнэлгээс гарч Халдвар судлалд 7 хоног хэвтээд эмнэлгээс гарсан. Намайг цэргээс өвчний учир чөлөөлсөн. ... Би цэргийн ангид байхдаа 2-3 удаа эмчид хандаж эмчилгээ хийлгэж байсан. ...” /4 хх 77-78/,
хохирогч Б.Б-н “... 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ангийн байрыг салаагаараа цэвэрлээд байж байсан чинь 19 цагийн үед шиг санагдаж байна, дэд ахлагч Б.Т манай салааг 1 дүгээр батарейн 1 дүгээр салааны цэргүүдийг орны голд жагсаагаад, баруун гартаа нүүр гарын алчуур ороогоод салааны цэргүүдийг цээж хэсэгт нэг нэг удаа цохисон. Учир нь цэвэрлэгээ муу хийлээ гэх шалтгаанаар цохисон. Тэгээд дахиад цэвэрлэ гэхээр нь бид нар цэвэрлэгээг дахин хийсэн. ...” /4 хх 198/,
хохирогч Н.А-н “... Ангийн байрыг салаагаараа цэвэрлээд байж байсан чинь 19 цагийн үед санаж байна дэд ахлагч Б.Т манай 1 дүгээр салааны цэргүүдийг ангийн байр муу цэвэрлэлээ гэх шалтгаанаар баруун гартаа цагаан өнгийн нүүр гарын алчуур ороогоод салааны цэргүүдийг цээж хэсэгт нэг нэг удаа цохисон. Миний цээж хэсэгт нэг удаа цохисон. ...” /4 хх 201/,
хохирогч Ц.Х-н “... 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ангийн байрыг салаагаараа цэвэрлээд байж байсан чинь 19 цагийн үед санаж байна дэд ахлагч Б.Т манай 1 дүгээр салааны цэргүүдийг “ангийн байр муу цэвэрлэлээ” гэх шалтгаанаар баруун гартаа цагаан өнгийн нүүр гарын алчуур ороогоод салааны цэргүүдийн цээж хэсэгт нэг нэг удаа цохисон. Тухайн үед миний цээж хэсэгт нэг удаа цохисон. ... Байлдагч З.Б, А.Б нарыг дэд ахлагч Б.Т цохиж зодсоныг хараагүй. ...” /4 хх 207/,
хохирогч Б.Б-н “... дэд ахлагч Б.Т манай 1 дүгээр салааны цэргүүдийг “ангийн байр муу цэвэрлэлээ” гэх шалтгаанаар баруун гартаа цагаан өнгийн нүүр гарын алчуур ороогоод салааны цэргүүдийн цээж хэсэгт нэг нэг удаа цохисон. Намайг бас нэг удаа цохисон, сүртэй чанга бол цохиогүй. ... Миний биед гэмтэл шарх учраагүй. ...” /4 хх 213/,
хохирогч Ү.Б-н “... тухайн үед гаднаас манай салааны орлогчоор ажиллаж байсан дэд ахлагч Б.Т орж ирээд манай салааны цэргүүдийг “муу цэвэрлэж байна” гэх шалтгаанаар уурлаад бид нарыг орны голд урд урдаас нь харуулж зогсоож байгаад гартаа алчуур ороогоод манай салааны бүх цэргүүдийн цээжний хэсэгт нэг нэг удаа цохиод “дараагийн ажилдаа орж, цэвэрлэгээгээ хий” гэж хэлсэн. Түүнээс өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. ...” /4 хх 219/,
хохирогч М.П-н “... Орой 19 цагийн орчим тус цэргийн ангийн артиллерийн дивизионы 1 дүгээр давхарт байх хэсэгт манай салааны цэргүүд шалаа цэвэрлэж байсан чинь тухайн үед гаднаас манай салааны орлогчоор ажиллаж байсан дэд ахлагч Б.Т орж ирээд манай салааны цэргүүдийг “муу цэвэрлэж байна” гэх шалтгаанаар уурлаад бид нарыг орны голд урд урдаас нь харуулж зогсоож байгаад гартаа алчуур ороогоод манай салааны бүх цэргүүдийн цээжний хэсэгт нэг нэг удаа цохиод, “дараагийн ажилдаа орж, цэвэрлэгээгээ хий” гэж хэлсэн. Түүнээс өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. ...” /4 хх 222/,
хохирогч М.У-н “... Тус цэргийн ангийн артиллерийн дивизионы 1 дүгээр давхарт байх хэсэгт манай салааны цэргүүд шалаа цэвэрлэж байсан чинь гаднаас манай салааны орлогчоор ажиллаж байсан дэд ахлагч Б.Т орж ирээд манай салааны цэргүүдийг “муу цэвэрлэж байна” гэх шалтгаанаар уурлаад, орны голд урд урдаас нь харуулж зогсоож байгаад гартаа алчуур ороогоод манай салааны бүх цэргүүдийн цээжний хэсэгт нэг нэг удаа цохисон. ...” /4 хх 225/,
хохирогч П.Ц-н “...Манай салаа оройн хоолны дараа амрах өрөөнд цэвэрлэгээ үйлчилгээ хийж байхад манай салааны орлогч дэд ахлагч Б.Т бид нар дээр ирээд “та нарын хийсэн цэвэрлэгээ дутуу байна” гэх шалтгаанаар манай салааг амралтын өрөөнд буюу орны дунд 2 эгнээгээр жагсаагаад, өөрөө дундуур нь явахдаа баруун гартаа цагаан өнгийн нүүр гарын алчуур ороогоод, цэрэг тус бүрийн цээжин тус газарт нэг нэг удаа цохисны дараа хэрхэн яаж цэвэрлэгээ хийх талаар яриа хийгээд, цаашид сэтгэл хатуужилтай байх талаар, өгсөн үүрэг даалгавар биелүүлэх талаар яриа хийгээд дууссан. ...” /4 хх 228/,
хохирогч Э.Т-н “... манай салааны орлогч дэд ахлагч Б.Т бид нар дээр ирээд “та нарын хийсэн цэвэрлэгээ дутуу байна” гэх шалтгаанаар манай салааг амралтын өрөөнд буюу орны дунд 2 эгнээгээр жагсаагаад өөрөө дундуур явахдаа баруун гартаа цагаан өнгийн нүүр гарын алчуур ороогоод, цэрэг тус бүрийн цээжин тус газарт нэг нэг удаа цохисны дараа “хэрхэн яаж цэвэрлэгээ хийх” талаар яриа хийгээд, цаашид сэтгэл хатуужилтай байх талаар, өгсөн үүрэг даалгавар биелүүлэх талаар тус тус яриа хийгээд дууссан. ...” /4 хх 231/,
хохирогч Х.М-н “... 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр намайг дээд давхарт байхад манай салааны орлогч дэд ахлагч Б.Т амралтын өрөөг цэвэрлэж байсан байлдагч нарын хийсэн цэвэрлэгээ дутуу байна гэх шалтгаанаар манай салааг амралтын өрөөнд буюу орны голд жагсаагаад өөрөө дундуур нь явахдаа баруун гартаа нүүр гарын алчуур ороогоод цэрэг тус бүрийн цээжин тус газарт нэг нэг удаа цохисны дараа хэрхэн яаж цэвэрлэгээ хийх талаар яриа хийгээд цаашид сэтгэл хатуужилтай байх талаар, өгсөн үүрэг даалгавар биелүүлэх талаар яриа хийгээд дууссан. Өөр ямар нэгэн зодоон хийсэн асуудал байхгүй. ...” /4 хх 234/,
хохирогч А.У-н “...Тухайн үед салаан орлогч дэд ахлагч Б.Т баруун гартаа алчуур ороогоод миний цээжинд 1 удаа зөөлхөн цохисон бөгөөд тус цохилт миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учруулаагүй. Би байлдагч А.Б, З.Б нарыг хэн нэгэнд зодуулж цохиулж байгааг хараагүй. ... хүмүүсийн яриагаар дэд ахлагч Б.Т байлдагч А.Б, З.Б нарыг цохисон гэж сонссон. Надад мэдэх зүйл байхгүй. ...” /4 хх 240/,
хохирогч Х.А-н “... Орой цэргийн ангийн унтлагын байранд он жавуудын хамт амрах гээд байж байсан юм. Дэд ахлагч Б.Т жагс команд өгөөд манай салаа салаагаараа жагсаж зогссон. Тэгээд бид нар жагсаад зогсож байтал Б.Т цагаан өнгийн гар нүүр угаадаг алчуураар гараа ороож байгаад манай салааны цэргүүдийг миний цээжин тус газар 1 удаа цохисон. ...” /4 хх 249/,
хохирогч Э.П-н “... Цэргийн байранд амраад, орныхоо хажууд байдаг сандал дээр сууж байсан чинь дэд ахлагч Б.Т “жагс” команд өгөөд манай салаа салаагаараа жагсаж зогссон. Бид нар жагсаад зогсож байтал Б.Т цагаан өнгийн гар нүүр угаадаг алчуураар гараа ороож байгаад манай салааны цэргүүдийг, мөн миний цээжин тус газар 1 удаа цохисон. ... миний биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй. ...” /5 хх 2/,
хохирогч Н.Б-н “... Орой цэргийн ангийн унтлагын байранд амрах гээд байж байсан. Тэгээд дэд ахлагч Б.Т “жагс” команд өгөөд манай салаа салаагаараа унтлагын орны голд жагсаж зогссон. Бид нар жагсаад зогсож байтал салаан орлогч, дэд ахлагч Б.Т “өгсөн үүрэг, даалгавар биелүүлээгүй, цэвэрлэгээ муу” гэх шалтгаанаар цагаан өнгийн нүүр угаадаг алчуураар гараа ороож байгаад манай салааны цэргүүдийг болон миний цээжин тус газар 1 удаа цохисон. ... дэд ахлагч Б.Т баруун гартаа алчуур ороогоод миний цээжинд 1 удаа зөөлхөн цохисон бөгөөд тус цохилт миний биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Би байлдагч А.Б, З.Б нарыг хэн нэгэнд зодуулж, цохиулж байгааг хараагүй. ...” /5 хх 5/,
хохирогч Б.А-н “... Тухайн өдөр тус ЗХ ... дугаар ангийн бокст буюу амрах байранд орой цагийг нь сайн санахгүй байна салаагаараа цэвэрлэгээ хийгээд байж байтал гаднаас дэд ахлагч Б.Т нь ганцаараа орж ирээд “цэвэрлэгээ хийхгүй байна” гэх шалтгаанаар бид нарыг жагсааж байгаад баруун гартаа цагаан өнгийн гар нүүрний алчуурыг ороож байгаад, бид нарын цээж хэсэг рүү нэг, нэг удаа цохиод байсан. ...” /5 хх 8/,
хохирогч Т.Н-н “... Гаднаас салаан орлогч дэд ахлагч Б.Т нь ганцаараа орж ирээд “цэвэрлэгээ хангалтгүй байна, та нар цэвэрлэгээ хийхгүй байна” гэх шалтгаанаар бид нарыг нэг эгнээ жагсааж байгаад баруун гартаа цагаан өнгийн гар нүүрний алчуурыг ороож салааны бүх цэргүүдийн цээж хэсэг рүү эхнээс нь нэг, нэг удаа цохисон асуудал болсон. А.Б, З.Б нарыг тухайн өдөр болон урьд өмнө зодож, цохиж асуудлын талаар сайн мэдэхгүй байна. зодуулж байсныг нь харж байгаагүй. Тухайн үйл явдлын дараа миний биед үүссэн ямар нэгэн гэмтэл шарх, сорви гэх зүйл огт байгаагүй. ...” /5 хх 11/,
хохирогч Г.Г-н “... Салаагаараа цэвэрлэгээ хийгээд байж байтал гаднаас салаан орлогч, дэд ахлагч Б.Т нь ганцаараа орж ирээд “цэвэрлэгээ хийхгүй байна, цэвэрлэсэн гэхэд хангалтгүй байна” гэх шалтгаанаар бид нарыг боксийн дунд буюу амрах байрны голд жагсааж байгаад баруун гартаа цагаан өнгийн гар нүүрийн алчуурыг ороож байгаад эхнээс нь цээж хэсэг рүү нэг, нэг удаа цохисон. Тухайн үед миний цээж хэсэгт мөн адил нэг удаа цохисон. ...” /5 хх 14/,
хохирогч М.Б-н “... Гаднаас салаан орлогч, дэд ахлагч Б.Т нь ганцаараа орж ирээд манай салааг “цэвэрлэгээ хангалтгүй байна” гэх шалтгаанаар бид нарыг амрах байрны дунд нэг эгнээ жагсааж байгаад баруун гартаа цагаан өнгийн гар нүүрний алчуурыг ороож байгаад бид нарын буюу манай салааны цэргүүдийг эхнээс нь цээж хэсэг рүү нэг, нэг удаа цохисон. Мөн адил миний цээж хэсэгт нэг удаа цохисон. ... Надад тухайн үед үүссэн гэмтэл шарх, сорви огт байгаагүй. ...” /5 хх 17/,
хохирогч Э.Г-н “... Салаан орлогч, дэд ахлагч Б.Т ганцаараа орж ирээд “цэвэрлэгээ хийхгүй байна” гэсэн цэвэрлэж байгаа талаар хэлэхэд “хангалтгүй байна” гэх шалтгаанаар бид нарыг амрах байрны дунд нэг эгнээ жагсааж байгаад баруун гартаа цагаан өнгийн гар нүүрний алчуурыг ороож байгаад салааны цэргүүдийг эхнээс нь цээж хэсэг рүү нэг, нэг удаа цохисон бөгөөд тухайн үед миний цээж хэсэгт мөн адил нэг удаа цохисон. ...” /5 хх 20/,
хохирогч Н.Б-н “... Салаан орлогч, дэд ахлагч Б.Т нь ... бид нарыг боксын дунд нэг эгнээ жагсааж байгаад баруун гартаа цагаан өнгийн гар нүүрний алчуурыг ороож байгаад салааны цэргүүдийг эхнээс нь цээж хэсэг рүү нэг, нэг удаа цохиод байсан. Тухайн үед миний цээж хэсэгт 1 удаа л цохисон. Надад ямар нэгэн гэмтэл шарх учраагүй, ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” /5 хх 52/,
гэрч Э.М-н “... Би ЗХ ... дугаар ангийн захирагчаар 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр томилогдсон. ... 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ангийн эмч дэслэгч Оюунтүлхүүр цэргүүдэд хуваарьт үзлэг явуулж, байлдагч З.Б-н баруун чихнээс булаг гарч байхаар нь тодруулахад “салааны ахлагч Б.Т биед нь халдсан гэж байна, харийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй байна” гэхээр нь би “яаралтай үзүүлээрэй” гэж хэлсэн. Тэгээд ангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлага дээшлүүлэх бэхжүүлэх хурлыг явуулж сахилгын зөрчил гаргасан байна гэж 1 дүгээр батарейны 1 дүгээр салааны дэд ахлагч Б-н Б.Т-г 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тушаалаар сахилгын арга хэмжээг авч, нэг сарын цалингаас 10% хасах шийтгэл оногдуулж, шинэ дайчидтай ажиллуулахгүйгээр сургалтын төвөөс өөр албанд шилжүүлсэн. ... 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Цэргийн төв эмнэлгээс эмч нарын бүлэг ирж, шинэ дайчдад эрүүл мэндийн хуваарьт үзлэг явуулахад байлдагч А.Б-г “уушгины хатгаатай байж болзошгүй” гэж Цэргийн төв эмнэлэг рүү эмчлэхээр авч явсан. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Зариг.мн сайтад А.Б-н ээж гэх хүн “миний хүүг зодсон” гэх мэдээлэл тавигдсан байсан. Үүний дагуу ангийн удирдах болон сургалтын төвийн бүрэлдэхүүнд үүрэг өгч хугацаат цэргийн алба хаагчдаас яаралтай судалгаа авах чиглэл өгсөн. Судалгааг бүх цэргийн алба хаагчдаас авахад “зодсон” гэх мэдээлэл байгаагүй харин “ёс зүйгүй харьцсан” гэж 10 алба хаагч мэдээлэл өгсөн байсан. ... З.Б нь 1 дүгээр батарейн 2 дугаар салаанд алба хаадаг бөгөөд одоо цэргийн байрлалд байгаа. 1 дүгээр батарейн захирагч ахлах дэслэгч Золжаргал, 2 дугаар салааны захирагч нь дэслэгч Лхагважав нар ажилладаг. Б.Т нь З.Б-н биед халдсан байгаа юм. А.Б нь 1 дүгээр батарейн 1 дүгээр салаанд алба хааж байгаа. 1 дүгээр салааны захирагч дэслэгч С, салааны ахлагч нь Б.Т байгаа юм. Б.Т цэргийн алба хаагч З.Б-н биед 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гадна 00-н ойролцоо халдсан гэж хэлсэн. З.Б-н биед эмч О үзлэг хийж эмчилгээ хийсэн. Мөн З.Б-г “Эм Жи Жи” нэртэй чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлсэн гэсэн. ...” /2 хх 53-54/,
гэрч Б.С-н “...Би тус ангид 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл шүдний их эмчээр ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус ангийн эрүүл ахуйн эмчээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Тус ангид 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд шинэ цэргийн алба хаагчид томилогдон ирэхэд би амны хөндийн үзлэгийг нийт 152 алба хаагчдад хийсэн. Би алба хаагчдын шүдийг үзэж үзлэгийн карт нээсэн. Шинээр ирсэн алба хаагчдын эрүүл мэндэд албаны дарга М болон, дотрын эмч Оюунтүлхүүр нарын хамт хяналт тавьж байсан. ... 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр салаа орлогч Б.Т байлдагч Б-н чихнээс шингэн зүйл гараад байна гээд надад үзүүлсэн. Үзэхэд баруун чихнээс булаг гарсан байсан. Тэгээд маргааш нь О эмчид үзүүлсэн чинь чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэж хэлсний дагуу манай ангитай ойрхон хамгийн том чих хамар хоолойн эмнэлэг нь “Эм Жи Жи” байсан тул Б.Т-н хамт З.Б-г дагуулаад эрэгтэй эмчид үзүүлсэн чинь чих хамрыг хамарсан архаг үрэвсэлтэй байна, энэ нь үрэвсээд чихний хөндийд идээт өрөвсөл үүссэн байна гээд эмчилгээ бичиж өгсөн. Эмийг Б.Т худалдан авч өгсөн. Зарим эмийг нь ангийн эмнэлгээс гаргасан. ... 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А-н А.Б 19 цаг өнгөрч байхад “халуураад байна” гээд ангийн эмнэлэгт орж ирэхэд сувилагч хүлээж аваад амин үзүүлэлтүүдийг үзээд зүрхний цохилт өндөр байсан тул Атинолол эм /пульс буулгагч/ хэл нь доор нь тавьсан гэж байсан. Би өөр байлдагч нарт эм олгоод байж байсан чинь сувилагч дуудаад байлдагч А.Б татаад уначихлаа гэхээр нь би яваад ороход орон дээр хэвтүүлсэн байхаар нь пульс үзэхэд 150 хүрсэн байсан болохоор нь Ренгер 500 гр дуслаар залгаад, мөн аналгин, демодрол судсаар тарьж пульсийг багасгаж, өвчин намдааж таталтыг зогсоож хүчилтөрөгчийн аппарат залгасан юм. ... 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр А.Б нь “биеийн байдал муудсан” гээд М эмчид үзүүлж байсан. Намайг орж ирэхэд А.Б нь “би хэвтэн эмчлүүлэхгүй аавынхаа найзыг дуудаж үзүүлнэ” гээд салбар руугаа явсан юм. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Цэргийн төв эмнэлгээс эмч нар ирж үзлэг хийх явцад цээжний рентгений эмч А.Б-г “уушгиндаа устай байна” гэж М эмчид хэлээд Цэргийн төв эмнэлгийн яаралтай түргэн тусламжийг дуудаад А.Б-г өгч явуулсан. ... Миний мэдэхээр Б.Т нь З.Б-г нэг удаа цохисон гэж өөрөө хэлсэн. Өөрөөр мэдэх зүйл байхгүй байна. ...” /2 хх 56-57/,
гэрч Т.М-н “... Би ЗХ ... дугаар цэргийн ангид 2009 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд одоо эрхэлж байгаа ажил маань сургалт хүмүүжил, сэтгэл зүйн албаны дарга юм. 2023 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар тус ангид 153 байлдагч ирсэн бөгөөд тус байлдагч нарын дэлгэрэнгүй судалгааг би авсан. ... Би дэд ахлагч Б.Т-н талаар сайн мэдэх зүйл байхгүй. ... Дэд ахлагч Б.Т-г 1 дүгээр батарейны 2 дугаар салааны байлдагч З.Б-г алагдаж хэнгэргийг нь хагалсан гэж батарейны захирагч ахмад Б.У-с 2023 оны 11 дүгээр сарын эхээр сонссон юм. Ахмад Б.У-с тухайн явдлыг сонсоод З.Б байлдагчтай 1-2 хоногийн дараа уулзахад байлдагч З.Б нь надад хандаж хэлэхдээ “урьд өмнө нь миний чихнээс булга гоождог байсан, хэд хоногийн өмнө дэд ахлагч Б.Т нь миний чих рүү нэг удаа алгадсан, алгадсан шалтгаан нь гэвэл намайг 00 өрөөнөөс удаан гарч ирсэн гэсэн шалтгаанаар алгадсан юм” гэж хэлж байсан. ... Би З.Б-той 2023 оны 11 дүгээр сарын эхэн үеэр уулзахад чихнээс нь ногоон өнгийн шингэн зүйл гарсан байдалтай байсан, сэтгэл санааны эмчилгээ авсан байсан. ...” /2 хх 62-63/,
гэрч Л.М-н “... 2023 оны 11 дүгээр сарын 18-наас 19-ний өдрийн хооронд шүдний эмч Б.С-н хамт хугацаат цэргийн алба хаагч нарт ил биеийн үзлэг хийсэн. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10-11 цагийн үед байлдагч А.Б нь орж ирээд миний зүрхээр өвдөөд байна, ухаан алдах гээд байна гэхээр нь орон дээр хэвтүүлээд даралтыг нь үзэхэд 110, 70-тай байсан. Зүрхний цохилт 109 билүү 110-тай байсан, биеийн халуун 39-тэй байхаар нь би дуслаар ренгер, аналгин, демодрол судсаар хийсэн. Атенолол 2/1-р уулгасан, аспирин уулгасан. ... 19 цагийн үед А.Б нь “би салбар руугаа очмоор байна” гэхээр нь би “чи өдөрт 1 ширхгээр уугаарай” гээд 5 ширхэг аспирин 100 өгөөд салбар руу нь явуулсан. ... 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ил биеийн үзлэг авч байхад А.Б-с “бие чинь яаж байна зүгээр үү” гэхэд би “зүгээр ээ” гээд хамрагдсан юм. Тэгэхээр нь би “маргааш Цэргийн төв эмнэлгээс эмч нар ирнэ, тэгэхээр нь чамайг үзүүлнэ” гэж хэлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр анги дээр Цэргийн төв эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн баг ирээд үзлэг эхлээд явж байхад рентгений эмч “А.Б-г зүүн талын уушгины 4-5 дугаар хавирганы түвшинд шингэнтэй байна” гээд дотрын эмчид чагнуулаад цэргийн төв эмнэлгийн яаралтай түргэн тусламж дуудаж, байлдагчийг цэргийн төв эмнэлэгт хүргэсэн. Цэргийн төв эмнэлгээс 2023 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө 00 цаг өнгөрч байхад утсаар холбогдоод “А.Б-с уушгины гялтан хальсанд хуралдсан шингэнээс шинжилгээ авахад ар гэрийн зөвшөөрөл хэрэгтэй байна, ар гэртэй нь холбогдоод цэргийн төв эмнэлэг дээр ир гэж хэл” гэхээр нь би дивизионы захирагч хошууч Жаргалсайханд хэлсэн. ...” /2 хх 59-60/,
гэрч А.Э-н “... Би ЗХ ... цэргийн ангид ... артиллерийн дивизионы захирагчийн 1 дүгээр орлогч, штабын даргаар ажиллаж байна. Тус цэргийн ангийн салаан орлогч, дэд ахлагч Б.Т нь хугацаат цэргийн алба хаагч байлдагч З.Б-н биед халдсан гэх асуудлаар сахилгын шийтгэл оногдуулсан. ...Байлдагч А.Б-н хувьд бол цэргийн төв эмнэлгээс эмч ирж үзлэг хийхэд уушгины хатгалгаа гэх оноштой эмнэлэгт хэвтсэн. ... 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Монгол Улсын ерөнхийлөгчийн 180 дугаар зарлигаар батлагдсан Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмүүдийн 3 дугаар бүлгийн 7 дугаар зүйлд “цэргийн алба хаагч хоорондын харилцаа”-г 7.1-7.11-д заасан байгаа юм. Ийм заалтаар харьцах ёстой бөгөөд үүнээс өөрөөр харьцвал дүрмийн бус харьцаа болно. Б.Т-н үйлдэл уг дүрмийн бус харьцаж, цохиж зодсон байгаа нь дүрмийн бус харьцаа юм. Шинэ цэргийн сургалтын төвд цэргийн алба хаагчдыг сурагчаар томилон ажиллуулдаг бөгөөд үүний дагуу ангийн захирагч хурандаа Э.М-н 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/454 дугаартай цэргийн мэргэжил олгох шатны сургалтыг зохион байгуулах тухай тушаалаар Б.Т-г 1 дүгээр батарейн 1 дүгээр салааны орлогчоор томилсон. ...” /2 хх 65, 5 хх 60/,
гэрч М.С-н “...Би ЗХ ... дугаар цэргийн ангид 2023 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Жанжин штабын даргын тушаалаар тийрэлтэд артиллерийн дивизионы нэгдүгээр батарейны 2-р салааны захирагчаар томилогдсон. Байлдагч А.Б нь миний хариуцсан салааны байлдагч байсан бөгөөд тухайн байлдагчийн зүрх нь өвддөг байсан учраас зүрхний эм уудаг байсан. ... 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цэргийн төв эмнэлгээс эмч нар ирж, тус цэргийн ангид 2 дугаар ээлжээр цэргийн алба хаахаар татагдсан байлдагч нарт үзлэг хийсэн. Тухайн үзлэгээр байлдагч А.Б-н зүрх нь өвддөг гэсэн онош гараагүй, харин уушги нь устсан байна гэж онош гарсан. Тэгээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж хэлсэн. ... Хугацаат цэргийн алба хааж байх үед дарамтлах дүрмийн бус харилцаа тийм зүйл болж байгаагүй. Бид нартай дүрмийн дагуу харьцдаг. А.Б нь сэтгэл санааны хувьд тогтворгүй байгаад байсан. Мөн түүний зүрх нь муу гээд эм уугаад байдаг байсан. Миний харснаар А.Б-н биед илт ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ...” /2 хх 68-69/,
гэрч Б.Ж-ны “... Би 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус цэргийн ангийн эмч дэслэгч Б.С-с мэдсэн юм. Тухайн эмч надад дэд ахлагч “Б.Т-г 1 дүгээр батарейны 2 дугаар салааны байлдагч З.Б-г алгадсан байна, чихнээс булаг гарчихсан байна” гэж хэлсэн. ... дэд ахлагч Б.Т-тэй уулзаад юу болсон талаар тодруулахад “намайг жоохон царайтай, нас ойролцоо болохоор миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, үл тоомсорлоод байхаар нь 00-оос гараад ирэхээр нь З.Б гэх байлдагчийг алгадчихсан” гэж хэлсэн. Тэгээд би Б.Т-д хандаад “чи тухайн цэрэгтэй уулзаад, эмнэлэгт үзүүлээд, биед нь хохирол учирсан бол эмчилгээг нь хийлгээрэй” гэж хэлээд орхисон юм. Харин 1 дүгээр батарейны 1 дүгээр салааны цэргүүдийг цохиж зодсон талаар би мэдээгүй. ...” /2 хх 80-81/,
гэрч Э.З-н “... Би 1 дүгээр батарейны 1 дүгээр салааны захирагчаар 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Тэр үед салаан захирагчийн орлогчоор дэд ахлагч Б.Т байсан юм. 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл миний бие 1 дүгээр батарейны захирагчаар ажиллаж байна. ... 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн ... хуралдаанаас 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болсон дэд ахлагч Б.Т-н харилцааны зөрчлийг хэлэлцсэн юм. Тэгээд дэд ахлагч Б.Т-г сургалтын төвөөс буулгаж, 1 сар 10 хувиар цалин хасах сахилгын арга хэмжээ авч, үлдсэн 3 хүнд сануулах арга хэмжээ авсан юм. ... Тухайн үед би Б.Т-с яагаад ийм үйлдэл гаргасан талаар асууж тодруулахад “З.Б намайг үл тоож, үүрэг даалгавар биелүүлээгүй юм” гэж хэлсэн. ...” /2 хх 83-84/,
гэрч Г.Ц-н “...Би 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус цэргийн ангийн эмч дэслэгч артиллерийн дивизионы захирагч Б.Ж-с дэд ахлагч Б.Т нь 1 дүгээр батарейны 2 дугаар салааны байлдагч З.Б-н биед халдаж цохисон гэх шалтгаанаар Б.Т-тэй уулзаад болсон асуудлын талаар тодруулахад Б.Т нь “цэргүүд нь өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй, нас чацуу гээд хэгжүүрхээд байхаар нь цохисон” гэж хэлсэн. Би өөрөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэг журам сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн даргаар ажилдаг бөгөөд тухайн дэд ахлагч Б.Т-г зөвлөлийн хурлаар оруулаад, сургалтын төвөөс чөлөөлж, сахилгын шийтгэл оногдуулах саналыг ангийн захирагч хурандаа Э.М-д уламжилж сахилгын шийтгэл оногдуулах тушаал гарсан. Мөн Б.Т-г хариуцаж, хяналт тавих ёстой албан тушаалтнууд болох Б.Ж, А.Э, Э.З нарт мөн сахилгын шийтгэл оногдуулсан. Би дэд ахлагч Б.Т-г 1 дүгээр батарейны 1 дүгээр салааны байлдагч нарын биед халдсан гэдгийг өнөөдөр л мэдэж байна. Бид нар тухайн байлдагч З.Б-г эмнэлэгт үзүүлэхэд “1-2 сарын өмнө үүссэн гэмтэл байна” гэх мэдээлэл өгсөн учраас дотооддоо сахилгын арга хэмжээ авсан юм. ... 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр офицер ахлагч нарыг явуулж байгаад бүх цэргүүдтэй ганцаараа уулзаад “дарга цэргийн дарамт, харилцааны зөрчил гаргавал штабын дарга дуудсан гээд шууд ирж уулзаад бодит байдлыг хэлээрэй, мөн зодуулж цохиулсан, дарамт шахалттай цэрэг байгаа эсэх” талаар асуухад бүгд “үгүй” гэж хариулж байсан. ...” /2 хх 73-74/,
гэрч Б.У-н “... 2023 оны 10 дугаар сарын 29-ний орой намайг ажил дээрээ байж байтал манай Баянхонгор аймгаас тухайн цэргийн ангид хугацаат цэргийн ангид алба хаахаар татагдан ирсэн байлдагч Б-О нь над дээр ирээд “манай Баянхонгор аймгаас цэрэгт татагдан ирсэн З.Б гэх байлдагчийн чихнээс нь хулхи гараад байна, тухайн байлдагчийн чихнээс нь салаан орлогч нь татсан учраас хулхи гараад байна, би тухайн цэрэгт санаа зовоод байна” гэж хэлсэн. Тэгээд би З.Б гэх байлдагчтай уулзахад “салаан орлогч дэд ахлагч Б.Т нь миний баруун чих рүү алгадсан” гэж хэлсэн. Тэгээд би энэ асуудлыг тухайн цэргийн ангийн эмч болох С-Э болон сургалтын төвийн дарга, ахмад Э нарт мэдэгдсэн. Тухайн байлдагч нь миний хариуцсан салбарын байлдагч биш байсан учраас мэдэгдэх ёстой хүмүүст нь мэдэгдсэн. Тухайн байлдагч З.Б-н баруун чихнээс нь юм гоожсон байдалтай байсан. Өөр ямар нэгэн юм надад ажиглагдаагүй. Би байлдагч З.Б-с юу болсон талаар асуухад салаан орлогч, дэд ахлагч Б.Т нь намайг алгадсан гэж хэлсэн. ...” /2 хх 76/,
гэрч Э.А-н “... Би ЗХ ... дугаар цэргийн ангид 2023 оны 10 дугаар сарын 18-нд хугацаат цэргийн албанд Баянхонгор аймгаас цэргийн албанд татагдан ирсэн. Тухайн цэргийн ангид 1 дүгээр батарейны 2 дугаар салааны байлдагчаар хуваарилагдсан. Манай салаа артиллерийн дивизионы 1 давхарт байрладаг. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цэргийн ангийн 2 дугаар ээлжээр татагдсан бүх байлдагч нарт Цэргийн төв эмнэлгээс эмч нар ирчихсэн эмчийн үзлэгээр орсон. ... Байлдагч З.Б нь надад хэлэхдээ “салаан орлогч Б.Т нь намайг нэг удаа алгадчихлаа” гэж хэлсэн. Өөр зүйл надад хэлээгүй. Мөн 1 дүгээр салааны байлдагч нарыг зодож цохисон гэдгийг би мэдэхгүй байна. ...” /2 хх 192/,
гэрч О.Б-н “... Би 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ЗХ ... дугаар цэргийн ангийн 1 дүгээр батарейны 2 дугаар салаанд байлдагчаар ирсэн. ... 2023 оны 11 дүгээр сарын эхэн үеэр манай салаа 14 цаг орчмын үед 00 орчхоод буцаад гараад жагстал манай салааны байлдагч болох З.Б нь жагсаалдаа хоцорч ороход 1 дүгээр батарейны 1 дүгээр салааны орлогч дарга дэд ахлагч Б.Т нь З.Б-н баруун чихийг гараараа 2 удаа татсан гэж З.Б нь надад хэлсэн юм. Тухайн өдрийн маргаашаас байлдагч З.Б-н баруун чихнээс булга гоожоод байгаа гэж хэлсэн бөгөөд З.Б нь чихээ эмнэлэгт үзүүлж байсан. Тухайн үед З.Б-н чихнээс дэд ахлагч Б.Т нь татахад өөр ямар нэгэн орлогч дарга болон салаан дарга байгаагүй. ...” /2 хх 196/,
гэрч О.Б-н “... Би 2023 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар өөрийн хүсэлтээр ЗХ ... дугаар ангийн 1 дүгээр батарейны 2 дугаар салаанд хуваарилагдаж ирсэн. ... Бид нар 1 дүгээр батарейны 1, 2, 3 дугаар салааны байлдагч нар бүгд 00 ороод байж байхад Б.Т дэд ахлагч бүгд “жагс” гэх команд өгсөн чинь З.Б гээд манай салааны байлдагч ганцаараа хоцроод гараад ирсэн чинь дэд ахлагч Б.Т тухайн байлдагчийн баруун чихнээс 2-3 удаа татаж харагдсан, түүнээс өөрөөр цохиж зодсон харагдаагүй. ...” /2 хх 224-225/,
гэрч Г.С-н “... Би Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалд хуулийн зөвлөх офицер ажилтай. ... Манай харьяа ... дугаар цэргийн анги дээр болсон асуудлыг сонсож мэдсэн. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Монгол Улсын ерөнхийлөгчийн 180 дугаар зарлигаар батлагдсан Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүдийн 3 дугаар бүлгийн 7 дугаар зүйлд заасан цэргийн алба хаагч хоорондын харилцах журмыг уг дүрмийн 7.1-7.11-д дэлгэрэнгүй заасан байдаг. Уг дүрэмд заасны дагуу харьцах ёстой бөгөөд үүнээс бусад, өөр байдлаар харьцах юм бол дүрмийн бус харьцаа болно. Б.Т-н үйлдэл нь дүрмийн бус харьцаж, цохиж зодсон гэх асуудал нь дүрмийн бус харьцаа юм. ...” /хх 197/,
шинжээч Б.Даваасүрэнгийн “...Цэрэг татлагын үед эмч нарын үзлэгээр эрүүл гэж гарсан ба баруун дунд чихний үрэвсэл, хэнгэргэн хальсны цоорол нь өвчний гаралтай байна. Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацааны өмнө үүссэн нь цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй болно. Дунд чихний үрэвсэл нь ясны цаанаас идээ үүсэж бугалаад хэнгэргэн хальсыг цоолсон байхыг үгүйсгэхгүй. ...” /5 хх 24/ гэсэн мэдүүлгүүд,
Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “... З.Б-н биед баруун талын дунд чихний цочмог идээт үрэвсэл, баруун талын хэнгэргэн хальсны цоорхой, баруун чихний дуу дамжуулах хэлбэрийн хөнгөн зэргийн сонсгол бууралт тогтоогдлоо. Дээрх өөрчлөлт нь гэмтлийн болон өвчний гаралтай, хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. ...” гэсэн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14755 дугаартай дүгнэлт /3 хх 81-83/,
Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “... З.Б-н биед хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун дунд чихний үрэвсэл, баруун хэнгэрэг хальсны цоорхой, баруун талд хөхлөг сэртэнгийн үрэвсэл тогтоогдлоо. Дээрх өөрчлөлт нь баруун дунд чихний үрэвсэл, баруун хэнгэрэг хальсны цооролт, баруун талд хөхлөг сэртэнгийн үрэвсэл нь өвчний гаралтай ба хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байна. Хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн муруйлт хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн, хуучин гэмтэл байна. Хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 248 дугаартай дүгнэлт /4 хх 112-115/,
Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн Хүний биед хийсэн хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “... А.Б-н биед гэмтэл тогтоогдсонгүй. ...” гэсэн 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 2688 дугаартай дүгнэлт /4 хх 82-84/,
Гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны хуудас /1 хх 2/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 3-10/,
хохирогч нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 49-50, 53-56, 59-72, 75-76, 215-216, 2 хх 29-30, 37-46, 77-78/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 хх 49-73/,
ЗХ ... дугаар ангийн захирагч хурандаа Э.М-н 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/454 дугаартай шинэ цэргүүдэд мэргэжил олгох анхан шатны сургалтыг зохион байгуулах тухай тушаал, хавсралт /3 хх 124-126/, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/1464 дугаартай дэд ахлагч Б.Т-г ЗХ ... дугаар ангийн артиллерийн дивизионы тагнуулын салааны байр зүйн тасгийн байр зүйч, жолоочийн албан тушаалд томилсон тушаал /3 хх 132/, ЗХ ... дугаар ангийн захирагчийн А/512 дугаартай цэргийн мэргэжил олгох сургалтын төвд ажиллуулах тухай тушаал /3 хх 133/, ЗХ ... дугаар ангийн захирагчийн Б/304 дугаартай дэд ахлагч Б.Т-д сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал /3 хх 134/, Цэргийн мэргэжил олгох шатны сургалтыг зохион байгуулах тухай ЗХ ... дугаар ангийн захирагчийн 2023 оны А/454 дугаартай тушаал, Сургалтын төвд гарах бие бүрэлдэхүүний албан тушаалын томилгоо /5 хх 70-72/, Цэргийн нийтлэг дүрмүүд номын хуулбар /5 хх 74-193/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-г “цэргийн дүрмийн бус байдлаар дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүхээс Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Б.Т-с “... Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй байдал болон тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, нэр бүхий 20 хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг мөн хувийн болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү...” гэсэн, түүний өмгөөлөгч Б.Чинбатаас “...Анхан шатны шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж үзээгүй, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй шийдвэр гаргасан, тухайн гэмт хэргийн нөхцөл байдал нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ учруулсан хохирол, хор уршигийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан журмын зохицуулалтыг хэрэглэх бүрэн боломжтой тул оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг хэрэглэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай.
Хэдийгээр шүүгдэгч Б.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нэр бүхий 11 хохирогчоос “Б.Т-д гомдол, саналгүй” гэсэн хүсэлт давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн боловч тэрээр олон тооны хохирогчид хүч хэрэглэсэн хэргийн нөхцөл байдал, цаашлаад улс орны батлан хамгаалах салбарт хүчин зүтгэхээр цэргийн албан татагдан ирсэн байлдагч болон тэдний ар гэрийнхний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж болохуйц эрсдэл үүсэх нөхцөл байдлыг бий болгосон буюу тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Т-д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.
Үүнээс гадна, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар цэргийн алба хаах үүрэг болон “Цэргийн дотоод албаны дүрэм”-ээр тогтоосон цэргийн алба хаагч хоорондын харилцааны хэм хэмжээний талаар, захирагч, захирагдагч хоёрын ялгаа, тэдний хоорондох дүрмийн бус харилцааг ямар журмаар хэрхэн зохицуулсныг, мөн захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн хангаж байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Чинбат болон нэр бүхий 11 хохирогчийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Т нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 51 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/633 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Чинбат, хохирогч Ц.Х, Т.Н, Н.А, Б.Б, Н.Б, Б.А, Х.М, Х.А, М.У, Э.Т, Б.Б-с нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш 51 /тавин нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.АЛДАР