Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2026/0547

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч Д.Одонтуяа, шүүгч Х.Нямдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Э*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Х*******

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.А, Б.Г,

Гуравдагч этгээд: Д.Н, Д.Д

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н нарын хоорондын газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны нарийн бичиг  дарга П.Анхбаяр,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Б.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/ дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

Хоёр. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

2.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар захирамжаар иргэдэд газар ашиглах эрхийн үнэмлэх олгосны дотор тус дүүргийн 20 дугаар хороо Б******* 17-4 тоот хаягт газар ашиглах эрх олгосон,

2.2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/358 дугаар захирамжаар Д.Над 223 м.кв, Д.Дд 700 м.кв газрыг Б******* 12-4а, 12-4б тоот хаягаар эзэмшүүлснийг Ц.Э******* маргаж, тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийдвэрээр нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

2.3. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/ дугаартай захирамжаар Ц.Э*******ын ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

2.4. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар дүгнэлтээр захирамжийг хэвээр үлдээж, Ц.Э*******ын гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар:

3.1.Нэхэмжлэгчээс “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/ дугаар захирамжид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0 дугаар шийдвэрийг дурдсан байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэхүү газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон захирамжийг шүүхийн шийдвэрт дурдсан Д.Д, Д.Н нарт газар эзэмшүүлэхтэй холбоотой асуудлыг дахин шийдвэрлэж гаргасан захиргааны акт гэж үзэх боломжгүй...” гэх зэргээр маргаж,

3.2.Хариуцагчаас “...дүүргийн Засаг даргын 2001 оны дугаар захирамжаар Ц.Э*******ад 5 жилийн хугацаатайгаар газар ашиглах эрх олгосон. Энэхүү хугацаа дууссаны дараа Ц.Э*******аас маргаан бүхий газрыг ашиглах эрхийг сургуулах тухай хүсэлт огт гаргаж байгаагүй. Манай мэдээллийн сан /вэб/-д хүсэлт гаргаж байсан эсэх нь регистрийн дугаараар нь хайж үзэхэд гарч ирнэ. Мэдээллийн сангаас шүүж үзэхэд Ц.Э******* нь газар ашиглах эрхээ сунгуулах тухай хүсэлт гаргаж байгаагүй. Мөн газар дээрээ ямар ч ашиглалт байхгүй, газрын төлбөр төлөөгүй. Газрын төлбөрийн системээс мөн шүүж үзэхэд төлбөр төлж байгаагүй, тооцоо нийлсэн тухай акт үйлдээгүй...” гэх зэргээр тайлбарлан маргаж байна.

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э******* нь 2001 оноос маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянтөхөмийн 1-12-ын 04 тоот газрыг төрсөн эгч Ц.Х*******аас шилжүүлж авч, ашиглаж байсан. 2001 оноос хойш амьдарч, уг газарт хашаа байшингаа барьж байсан. Гэтэл уг газрыг 2019 онд 358 дугаартай захирамжаар Д.Дд 700 м.кв, Д.Над 223 м.кв-аар эзэмшүүлсэн байна. Эзэмшүүлсэн газрын давхцалтай холбоотой асуудлыг өмнө захиргааны хэргийн шүүх шийдчихсэн. Шүүхээр шийдсэн үед ямар нөхцөл байдал илэрсэн вэ? гэхээр, Д.Д, Д.Н нар өөр этгээдээс газар худалдаж авсан гээд, худалдаж авсан 500 м.кв газраас баталгаажуулахдаа Ц.Э*******ын ашиглаж байсан хажуугийн газрыг оролцуулж нийт 923 м.кв газрыг баталгаажуулсан нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан баримтаар Д.Д, Д.Н нар 500 м.кв газар худалдаж авсан хүмүүс. н.Дгээс авсан 500 м.кв газрыг н.Нын нэр дээр баталгаажуулж, н.Н нь н.Дгээс худалдаж авсан байшингийн газрыг шилжүүлэх өргөдөл дагуу газрыг хэмжээг том болгож байгаад, хажуу талын Ц.Э*******ын 932 м.кв газрыг нэмээд 700 м.кв, 232 м.кв аар хоёр хувааж өгсөн нь шударга ёс, тэгш байдалд нийцэхгүй байна. Гэтэл үндэслэлгүйгээр Ц.Э*******ын ашиглаж байсан газрыг оролцуулж, 2 хашаа болгож, талбайгаа томсгож, 2019 оны захирамжаар баталгуулж, эзэмшээд, Ц.Э*******ыг газар ашиглах эрхэд хандсан нөхцөл байдал үүссэн. Шүүх хуралдаан Д.Д, Д.Н нар 500 м.кв газрыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлснээ тайлбарлаж чаддаггүй. 500 м.кв-аар газраа эзэмшиж, баталгаажуулж авсан энэ газрын маргаан үүсэхгүй байсан. Тэгээд захиргааны хэргийн шүүхээс Д.Д, Д.Н нарт газар олгохдоо, газар шилжүүлэхээ, газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ, баталгаажуулахдаа өмнө нь мэдээллийн санд бүртгэлтэй байгаа Ц.Э*******ын газар ашиглах эрхийг шийдээгүй байна. 2019 онд газрын кадастрын мэдээллийн санд шинэчилсэн бүртгэлд Ц.Э*******ын газар ашиглах эрх нь бүртгэгдэж, орчихсон байдаг. Миний дээрх ярьсан зүйлс 2022 оны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байдаг. Нэгэнт шүүхээр тогтоогдсон зүйлтэй холбоотой дахин маргаж, хэлэлцэх шаардлага байхгүй. Гагцхүү нэхэмжлэгчийн газартай давхцалтай эсэх, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ?, өмнөх газар ашиглах эрхийг кадастрын нэгдсэн мэдээллийн санд оруулж, бодит байдалд энэ 3 хүн давхцалгүй газар ашиглах эрхтэй байсан. Гэтэл гуравдагч этгээд нарын худалдаж авсан 500м.кв газрыг баталгаажуулахдаа нэхэмжлэгчийн газрыг оруулж баталгаажуулснаас болж энэ маргаан үүссэн байгаа. Тус тусад нь эзэмшүүлэх боломжтой нөхцөл байдлыг тогтоох агуулгаар дугаар шүүхийн шийдвэр гарсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д зааснаар 6 сарын хугацаанд шинээр акт гаргах ёстой байсан. Гэтэл захиргааны байгууллагаас 6 сарын хугацаанд шинээр акт гаргаагүй байж байгаад 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр захирамж гаргасан. Захирамжийг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох, гуравдагч этгээд нарын эзэмшиж байгаа газар нь баталгаажуулалтад орохдоо худалдаж авсан газрын хэмжээ нь хүсэлтийн агуулгаас давж шилжүүлсэн нөхцөл байдал зэргийг захиргааны байгууллага тогтоогоогүй. Маргаан таслах зөвлөлийн дүгнэлтэд 2 удаа сонсох ажиллагааны мэдэгдэл явуулсан, сонсох ажиллагааны мэдэгдэл явуулсныг сонсох ажиллагаа хийсэнд тооцно гэх байдлаар дурдаж байна. Тэгэхээр дугаар захирамж нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн акт байх ёстой. Тиймээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0 дугаар шүүхийн шийдвэрт дурдсан нөхцөл байдлыг тодруулахгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргасан нөхцөл байдал үүсэж байна. Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох агуулгаар гарсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д зааснаар гарсан захиргааны акт гэж үзэхгүй. Тэгэхээр 2019 онд гуравдагч нар газар ашиглах эрх олгосон 358 дугаар захирамж хүчингүй болсон гэж үзнэ. Захиргааны байгууллагаас хуульд заасан үүргээ биелүүлэхгүйгээр гаргасан шийдвэр нь хуульд нийцэхгүй байгаа учраас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан” гэв.

3.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Э*******ын газар ашиглах эрх 2018 онд кадастрын мэдээллийн санд 900 м.кв-аар орчихсон байсан. Д.Д гуай Ц.Э*******аас газраа зарах уу гэж асуусан гэж байгаа. Ц.Э******* зарахгүй гэсэн. Тэрний дараагаар удалгүй Э*******ын газрыг оруулаад газрын гэрчилгээ гаргаад авчихсан байсан. Тэгээд үндэслэлийг нь харахаар газар ашиглагч Ц.Э******* нь ирээгүй, олдохгүй гэж тэмдэглэсэн байна. Газар ашиглагч Ц.Э******* олдохгүй байгаа бол цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж болно шүү дээ. Цагдаагийн байгууллагын Ц.Э******* олдохгүй байна гэсэн тодорхойлолт нь байна уу?. Мөн Засаг даргын захирамжаар газар ашиглах эрх хүчингүй болсон гэж байгаа. хэзээ хүчингүй болсон вэ?. Ц.Э*******ын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон захирамжийг үндэслээгүй. Мөн газрын албанаас уг газрын ашиглах эрхийг төлөөлөх эрх зүйн акт өгөөгүй учраас бид газрын төлбөр төлнө гэж ойлгоогүй. Хуульд иргэн бүр газрыг нэг удаа үнэгүй эзэмшинэ гэдгээр ойлгоод явж байсан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд манай газар орсон юм уу, орсон бол хэзээ ямар шийдвэрээр орсон вэ?, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж байж газар эзэмших эрх олгох журамтай. Тухайн газрын эрхийг хүчингүй болгосон, дуудлага худалдаа зарласан Засаг даргын захирамж гарсан уу?, Кадастрын мэдээллийн санд Ц.Э*******ын газар ашиглах эрхийг газрын алба өөрсдөө бүртгэсэн биз дээ, бидэнд бүртгэх эрх байхгүй. Тэрний дагуу бид Ц.Э*******ыг газар ашиглах эрх хүчинтэй гэж явж байсан. Мөн энэ газрыг хариуцаж ажиллаж байсан 4 байцаагч Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, ял авсан шүү дээ. Үүнд тайлбар байна уу?. Хэрэв газрын төлбөрөө төлөөгүй гэж буруутгаж байгаа бол 2001 оноос хойших бүр төлбөрөө төлөхөд бэлэн байна. Бидэнд актаа гараад өгчих, тэгээд нөхөн төлөлт хийнэ” гэв.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:дүүргийн Засаг даргын 2001 оны дугаар захирамжаар Ц.Э*******ад 5 жилийн хугацаатайгаар газар ашиглах эрх олгосон. Энэхүү хугацаа дууссаны дараа Ц.Э*******аас маргаан бүхий газрыг ашиглах эрхийг сургуулах тухай хүсэлт огт гаргаж байгаагүй. Манай мэдээллийн сан /вэб/-д хүсэлт гаргаж байсан эсэх нь регистрийн дугаараар нь хайж үзэхэд гарч ирнэ. Мэдээллийн сангаас шүүж үзэхэд Ц.Э******* нь газар ашиглах эрхээ сунгуулах тухай хүсэлт гаргаж байгаагүй. Мөн газар дээрээ ямар ч ашиглалт байхгүй, газрын төлбөр төлөөгүй. Газрын төлбөрийн системээс мөн шүүж үзэхэд төлбөр төлж байгаагүй, тооцоо нийлсэн тухай акт үйлдээгүй. Сонгох ажиллагааны хувьд манайхаас газар ашиглах эрхийг нь хүчингүй болгох гэж байгаа мэдэгдлээ Монгол шуудан ХК-иар явуулсан. Тухайн үед газрыг хариуцаж байсан газар зохион байгуулагчаас Ц.Э*******ын 9******* утасны дугаар луу нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 14:54 минутад залгасан байдаг. Мөн Монгол шуудан-аар явуулсан шуудан буцаагдаж ирсэн байдаг. Шуудангийн буцаагдаж ирсэн шалтгаан нь хаяг дээр байхгүй гэсэн тэмдэглэгээтэй ирсэн байдаг. Өөрсдийнх нь өргөдөл дээрээ бичсэн хаяг болох Ч******* дүүрэг, ....-хороо, .... дугаар д******* мянгатын .... дугаар байрны .... тоот хаяг руу нь мэдэгдэл болон хүчингүй болгосон захирамжийг явуулахад хаяг дээр байхгүй, хүлээн авахаас татгалзсан гэсэн тэмдэглэгээтэй ирсэн.

3.6.Хуучин мэдээллийн санд Ц.Э*******ын нэр дээр зөвхөн мэдээллийн сангийн зураг байсан. Захирамж, газар эзэмших тухай хүсэлт, эзэмшлийн гэрчилгээ, эзэмшүүлсэн захирамж байхгүй байсан. Зөвхөн нэгж талбарын дугаартай мэдээллийн сангийн зураг бүртгэлтэй байсан гэдгээр л шүүхэд маргаж байгаа. Мэдээллийн сангийн программ шинэлэгдэх үед хугацаа дууссан, шинэчилж бүртгүүлээгүй, эзэмших эрх баталгаажуулаагүй газрын бүртгэл шинэ программд бүртгэгдээгүй буюу устгагдсан байгаа” гэв.

3.7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар захирамжаар иргэн Ц.Э*******ад тус дүүргийн .... дугаар хороо, Баянтөхөмийн .... тоотод газар ашиглах эрхийг 5 жилээр олгож шийдвэрлэсэн байдаг. Иргэн Ц.Э*******ын 2001 оноос хойш газрын төлбөр төлсөн баримт авагдаагүй, системээс шүүж үзэхэд газрын төлбөр төлж байсан талаарх мэдээлэл гарч ирэхгүй байна. Сонсох ажиллагаа удаа дараа хийж байсантай холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 27.2-т сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэх хэлбэрүүдийг зааж өгсөн байдаг. Хавтаст хэрэгт шуудангаар болон цахим хэлбэрээр хүргүүлсэн баримт нь авагдсан байгаа. Шүүхийн 2022 оны дугаар шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал тайлбартаа газар эзэмших эрхтэй гэж тайлбарлаж байна. Ц.Э******* нь анхнаасаа газар ашиглах эрхтэй байсан, эзэмших эрхтэй байгаагүй. Мөн 2001 онд 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийн хугацаа 2006 онд дууссан, сунгуулах хүсэлт гаргаагүй” гэв.

3.8.Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Э*******ын Захиргааны хэргийн шүүхэд анх гаргасан тус дүүргийн 20 дугаар хороо, Б*******ийн 12 дугаар гудамжны 4 тоот газрыг Баянзүрх дүүргийг Засаг даргын 2019 оны А/358 дугаар захирамжаар Д.Д, Д.Н нарт газар эзэмших эрхийг Давхардуулан олгосныг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагад нь хууль зүйн үндэслэлгүйн тухайд. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн "Газар ашиглах тухай" дугаар захирамжаар Ц.Э*******ад ... дугаар хороо, Б*******ийн  .... дугаар гудамжны .... тоотод газар ашиглуулсан байна. Уг захирамжийн 2 дах хэсэгт "Олгосон газрыг зориулалтын дагуу ашиглах, хашаагаа цэвэр үзэмжтэй байлгахыг газар ашиглагч иргэдэд үүрэг болгосугай” гэж үүрэг болгосон захиргааны акт байхад Ц.Э******* нь захирамжид заасан үүргийг биелүүлээгүй, тухайн газартаа хашаа бариагүй, амьдарч байгаагүй, газар эзэмших гэрчилгээ байхгүй, газар эзэмших гэрээ байгуулж, гэрээний дагуу эрх эдэлж, үүрэг хүлээж байгаагүй, газрын төлбөр төлж байгаагүй байна. Ц.Э*******ад газар ашиглах эрх олгосон гэх 2001 оны дугаарp захирамжийн үндэслэл болгосон 1994 оны Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмшигч, ашиглагч үүрэг, нөхцөл болзлыг биелүүлж, газрыг зориулалтын дагуу ашиглах, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх хуулийн заалтуудыг Ц.Э******* Рогт хэрэгжүүлээгүй нь газар ашиглах хүчин төгөлдөр эрх үүсээгүй, газар ашиглах хүсэл зориг байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Баянзүрх дүүргийн газрын албанаас тус газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байсан Ц.Бид 2002 оны 298 дугаар захирамжаар анх эзэмшүүлсэн.

3.9.Иргэн Ц.Э*******ад газар ашиглах эрх олгосон БЗД-ийн Засаг даргын 2001 оны дугаар захирамжийн дараа 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Газрын тухай хууль батлагдаж 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр Монгол улсын иргэдэд газар ашиглуулах хуулийн зохицуулалт байхгүй болж, Монгол Улсын иргэнд Газрыг зөвхөн эзэмшүүлж, өмчлүүлэхээр заасан бөгөөд МУ-ын иргэнд газар ашиглуулах захирамж, шийдвэр гэрчилгээ 2002 оноос хойш гараагүй. Газраа зориулалтын дагуу эзэмшиж байсан иргэдэд дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч нар хяналт тавьсны үндсэн дээр газар эзэмшүүлэх захирамжаар газрыг эзэмшүүлж гэрээ байгуулж, гэрчилгээ олгодог.

3.10.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. Ц.Э******* нь 2001 оны тоот захирамжаар газар ашиглах эрх олгосон боловч зориулалтын дагуу газраа ашиглаагүй.

3.11.Газрын тухай хуулийн 31.3. Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. Ц.Э******* нь 2001 оны тоот захирамжаар олгосон газарт давхцуулан олгосон гэж нэхэмжлэл гаргасан боловч Газрын тухай хууль батлагдсанаас хойш одоог хүртэл газар эзэмшүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр, газар эзэмших гэрээ, гэрчилгээгүй, хуульд заасны дагуу газар эзэмших эрх үүсэж байгаагүй.

3.12.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох 40.1.5. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Д.Д болон Д.Н миний бие өөрийн нэгж талбар бүхий хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээг 2019 онд авсан боловч 2005 оноос хойш 17 жилийн турш уг газрыг эзэмшиж, амьдарч байгаа бөгөөд газрын төлбөр, тог, хогны мөнгийг тогтмол төлөх хууль ёсны дагуу өдийг хүртэл эзэмшиж байгаа.

3.13.Нэхэмжлэгч Ц.Э******* нь өөрийн газар, 2001 оноос хойш хашаагаа эргэж тойрч байсан гэх худал тайлбарыг гаргадаг боловч уг газарт огт амьдарч байгаагүй, нэг ч удаа газрын төлбөр, тог, хогны мөнгө төлж байгаагүй болно.

3.14.Гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй бол хүчингүй болгох үндэслэлтэй гэж заасан байхад Ц.Э******* нь 20 гаран жилийн турш зориулалтын дагуу ашиглаагүй байна.

3.15.Нийслэлийн Засаг даргын Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 02- дугаартай шийдвэрээр иргэн Ц.Э*******аас гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны А/ дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0 дугаар шийдвэрт "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/358 дугаар захирамжийн иргэн Д.Д, Д.Н нарт холбогдох хэсгийг нөхцөл байдлыг тодруулж дахин шийдвэрлэх хүртэл 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн"-ийг үндэслэж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/ дугаар захирамжаар иргэн Ц.Э*******ад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны дугаар захирамжаар газар ашиглуулж шийдвэрлэснийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3.16.Иргэн Ц.Э******* газартай холбоотой эрх ашиг нь хөндөгдсөн талаар нэхэмжлэл гаргасан боловч газар эзэмших эрх үүсээгүй, уг газартай холбоотойгоор эрх ашиг нь хөндөгдсөн гэх үндэслэлгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна.

3.17.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн, нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар өмнө шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/ дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж  шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгч Ц.Э******* өөрийн төрсөн эгч Ц.Х*******аас Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны Б*******ийн .... тоот хашаа байшинг шилжүүлэн авах хүсэлтийг  2001 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргаж, тус дүүргийн Засаг даргын 2001 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар захирамжаар Ц.Э*******ад Б*******ийн 17-4 тоот хаягт газар ашиглах эрхийг олгосон.

2.Мөн хаягт орших газрыг ашиглах эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамжаар Ц.Бид олгож, 4837 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээ  2004 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 20-605 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээ  олгожээ.

3.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар захирамжаар Д.Дд дээрх хаягт газар эзэмших эрх олгосон.

4.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/358 дугаар захирамжаар Д.Дд .... хаягт 700 м.кв, Д.Над 12-4а хаягт 223 м.кв газар эзэмшүүлсэн  бөгөөд ийнхүү эзэмшүүлсэн газар нь Ц.Э*******ын дүүргийн Засаг даргын 2001 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар захирамжаар Ц.Э*******ад ашиглах эрх олгосон Б*******ийн ..... тоот хаягт байрлах газартай давхцаж байна.

5.Тодруулбал, нэгж талбарын 1******* дугаар бүхий 922 м.кв талбайтай газар нь иргэн Ц.Э*******ын нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн.

6.Дээрх нэгж талбар 2 хуваагдан нэгж талбарын 13 дугаартайгаар Д.Нын нэр дээр, 13 дугаартайгаар Д.Дгийн нэр дээр бүртгэгдсэн гэж, харин 2006 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 18 дугаар бүхий 1623 м.кв газар нь ХБ******* регистрийн дугаартай иргэний нэр дээр /Ц.Э*******/... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар захирамжийг үндэслэн газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байна.

7.Б*******ийн 12-4 тоот хаягт байрлах хашаа нь Ц.Бийн хийлгэсэн нэгж талбарын 18 дугаар бүхий газрын кадастрын зургаар нийт 1623 м.кв хэмжээтэй бөгөөд үүнээс байшин байрлаж байгаа 700 м.кв газрыг Д.Н 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр өмчилсөн энэ үйл баримттай талууд маргаагүй бөгөөд тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0 дугаар шийдвэрээр дүүргийн Засаг даргын 2019 оны А/358 дугаар захирамжаар Д.Д, Д.Н нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхдээ Ц.Э*******ын ашиглах эрхтэй газартай давхардуулан олгосон хэмээх Ц.Э*******ын нэхэмжлэлээр хүчингүй болгуулах шаардлагыг шийдвэрлэхдээ гуравдагч этгээд Д.Д, Д.Н нарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхэд нэхэмжлэгч Ц.Э*******ын газар ашиглах эрх хүчинтэй байсан эсэх, мөн ашиглах эрхтэй газраа цаашид эзэмших талаар хүсэлт гаргаж байсан эсэхийг тогтоох шаардлагатай хэмээн захиргааны байгууллагаас тогтоовол зохих нөхцөл байдлыг зааж, маргаантай асуудалд дахин шийдвэр гаргах хүртэл 6 сарын хугацаа тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/358 дугаар захирамжийн Д.Д, Д.Н нарт холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн.

8.Тус шүүхийн шийдвэрийг үндэслэн дүүргийн Засаг даргаас маргаан бүхий 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/ дугаар захирамжийг гаргаж, уг захирамжаар Ц.Э*******ын Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Б******* 17-04 тоот газрыг ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн, ... гэж зааснаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, шүүхийн шийдвэрт тусгагдсан ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй” гэж заасантай нийцээгүй байна.

9.Харин дээрх газрыг нийтэд нь Д.Н, Д.Д, Д.Н нар Д.Дгээс худалдан авсан гэх боловч  Ц.Бийн Д.Дд шилжүүлсэн газрын хэмжээ нь газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээнд 700 м.кв, Д.Дгийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд 500 м.кв  хэмжээтэйгээр тусгагдсан байх тул Д.Дгээс хашааг нийтэд нь Д.Н, Д.Д, Д.Н нар худалдан авсан гэх тайлбар нотлогдохгүй байна.

10.1994 оны Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр, хууль тогтоомжийн дагуу ашиглуулж болно, мөн зүйлийн 3-т Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 30,31,З2 дугаар зүйлийн 1, З, 4 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-8, 10-т заасан журмыг баримтална” гэж зааснаар газар ашиглах эрх олгох, уг эрхийг шилжүүлэх, газар ашиглуулах шийдвэр гаргах журам нь газар эзэмших эрхийн нэгэн адил зохицуулагдах, газар ашиглах гэрээний хугацааг газар эзэмших гэрээний нэгэн адил гэрээгээр зохицуулж байжээ.

11.Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/358 дугаар захирамжаар Д.Дд эзэмшүүлсэн 700 м.кв, Д.Над эзэмшүүлсэн 223 м.кв газар нь Ц.Э*******ад мөн дүүргийн Засаг даргын 2001 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар захирамжаар ашиглах эрх олгосон газартай бүхэлдээ давхцалтай байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчжээ.

12.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны дугаар захирамжаар Ц.Э*******ад Б*******ийн 12-4 тоот хаягт газар ашиглах эрх олгосон, мөн хаягт орших газрыг ашиглах эрхийг 2002 оны 298 дугаар захирамжаар Ц.Бид олгож, газар ашиглах эрхийн 4837 тоот гэрчилгээ, 2004 онд эзэмших эрхийн 20-605 тоот гэрчилгээ олгосон, 2005 оны 10 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг Ц.Боос Д.Дд шилжүүлсэн, 2019 оны А/358 дугаар захирамжаар Д.Дд 12-4б хаягт 700 м.кв, Д.Над 12-4а хаягт 223 м.кв газар эзэмшүүлсэн нь Ц.Э*******ад ашиглах эрх олгосон 17-4 тоот хаягтай газартай бүхэлдээ давхцалтай нөхцөл байдлаас үзэхэд маргаан бүхий газрыг ашиглах эрх нэхэмжлэгч Ц.Э*******ад түрүүлж үүссэн болох нь тогтоогдож байна.

13.Хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нь хүчинтэй байх шаардлага хангаагүй, ашиглах эрхтэй газраа цаашид эзэмших тухай хүсэлт гаргаж байгаагүй, газрын гэрчилгээ байхгүй, дүүргийн газар зохион байгуулалтын албатай гэрээ байгуулагдаагүй, газраа улсын бүртгэлд бүртгүүлээгүй, газрын төлбөр төлөгдөөгүй зэргийг нэхэмжлэгч Ц.Э*******ын буруутай үйл ажиллагаа гэхээсээ илүү захиргааны байгууллагаас газар ашиглах эрхийн хүчин төгөлдөр байдлыг хангаагүй нөхцөл байдал Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “заасан газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор, гэрээний үндсэн дээр, зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх”-ээр заасан шаардлагыг хангуулаагүй байна.

14.Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.8, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан газар ашиглах эрх, газар ашиглах эрхийн гэрчилгээ гэх ойлголтод Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эрх олгох ойлголт хамаарахгүй, нөгөөтээгүүр Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд төрийн өмчийн газрыг гаргасан хүсэлтийнх нь дагуу, тодорхой журмын хүрээнд эрх бүхий Засаг даргын шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд тодорхой зориулалт, хугацаатайгаар, гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшүүлж, 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3-т зааснаар эрх бүхий Засаг даргын газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийг үндэслэн дүүргийн Газар зохион байгуулалтын алба газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулж, эзэмшилд олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулж, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх ажиллагааг хийхээр заажээ.

15.Нэхэмжлэгч Ц.Э*******ын хувьд маргаанд хамаарах газарт гэрээ байгуулаагүй, тул Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газрын төлбөр  төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд бодитоор маргаан бүхий газрыг ашиглах боломжгүй нөхцөл байдлыг захиргааны байгууллага үүсгэсэн байх тул түүнийг тухайн газрыг ашиглах эрхгүй гэж үзэхээргүй байна.

16.Захиргааны аль ч байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах тохиолдолд зайлшгүй тухайн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар тайлбар гаргах боломж олгож, сонсох ажиллагаа хийх шаардлага Захиргааны ерөнхий хуулиар тавигддаг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1-д захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын буюу шийдвэрийн үндэслэлийн талаар тайлбар, санал гаргах боломж олгож, ийнхүү тайлбар, түүнд хамаарах баримтыг гаргах боломжит хугацаа тогтоож мэдэгдэл хүргүүлэхээр хуульчилсан. Уг шаардлагыг хангаж гаргасан захиргааны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болно.

17.Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 02/07-1788 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлж, нэхэмжлэгчээс тус дүгнэлтийг эс зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

18.Түүнчлэн шүүхийн дээрх шийдвэрт заагдсан ажиллагааг хийж, дахин шинээр гаргасан актыг хүчингүй болгуулахаар маргасан байх тул тухайн маргааныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн гэж үзэхгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй.

19.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Э******* тухайн маргаантай газрын хувьд 2001 оны захирамжаар ашиглах эрх авсан байсан ч дээрх нөхцөлд  эрхээ тодорхой хугацаа, нөхцөл, болзолтойгоор, гэрээний үндсэн дээр, зөвхөн эрхийн гэрчилгээгээр газрыг эзэмших хуулийн үндсэн шаардлагад нийцүүлж хэрэгжүүлээгүй, түүнд тухайн газрыг эзэмших эрх хуульд зааснаар үүсээгүй байх тул хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу нөхцөл байдлыг тогтоож тухайн маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл, журмыг заасан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн холбогдох заалтуудыг баримталсан нь зөв биш ч энэ нь нэхэмжлэлийг хангахгүй байх үндэслэл болохгүй.

20.Иймд гуравдагч этгээдүүдийн хүсэлтийн дагуу газрыг эзэмших эрх олгосон шийдвэр газар эзэмшүүлэхэд тавигдах Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байх шаардлагыг хангаагүй захиргааны байгууллагыг буруутай гэж үзэж,

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/ дугаартай захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй нь  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

           21.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-т заасны дагуу хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/ дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаруулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЧАНЦАЛНЯМ

 

                                                        ШҮҮГЧ                           Х.НЯМДЭЛГЭР

 

                                                        ШҮҮГЧ                         Д.ОДОНТУЯА