| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/03809/И |
| Дугаар | 191/ШШ2025/06619 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/06619
| 2025 08 01 | 191/ШШ2025/06619 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 0 тоотод оршин суух, Б овогт Б-ын Н /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 0 тоотод байрлах, Ш ХХК /РД:000000/-д холбогдох,
Машин механизм түрээсийн гэрээний үүрэгт 25,299,544 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Ш ХХК-тай 2023 оны 05 сарын 15-ны өдөр Машин механизм" түрээслэх түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр 02733671 гэрчилгээний дугаартай "sintotruck ZZ3257" загварын өөрөө буулгагч автотээврийн хэрэгслийг 2023 оны 05 сарын 15-ны өдрөөс 90 хоногийн хугацаатай түрээсэлж, 30 хоногийн түрээсийн төлбөрт 11,000,000 төгрөг авахаар харилцан тохиролцсон. Хариуцагч Ш ХХК нь 2023 оны 06 сарын 27-ны өдөр гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг өгсөн ба үлдэгдэл 16,866,636 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй.
2025 оны 05 сарын 15-ны өдөр Машин механизм" түрээслэх түрээсийн гэрээний 6.3-т Түрээслэгч тал түрээсийн төлбөрийг гэрээгээр тохиролцсон хугацаанд түрээслүүлэгчид шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1% хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасан. Гэрээний дээрх заалтыг үндэслэн алдангийг тооцоход /2023 оны 08 сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаа хэтэрсэн 704 хоног, гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,1 хувиар тооцоход өдрийн алданги 16,866 төгрөг, хугацаа хэтэрсэн 704 хоногт харьцуулав/ нийт 11,837,664 төгрөг болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн 8,433,318 төгрөг болгон багасгаж байна.
Иймд хариуцагч Ш ХХК-иас гэрээний үүрэгт 25,299,544 гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Н-ийн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэгт 8,433,318 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ш ХХК-ийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-д дараах нөхцөлөөр эвлэрэх эрхийг олгож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Б.Н-д төлөх 8,433,318 төгрөгөөс 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 2,811,106 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 2,811,106 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,811,106 төгрөгийг тус тус шилжүүлж эвлэрч байгаа тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ш ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б нь тус шүүхэд 2025 оны 07 сарын 29-ний өдөр 25/17 тоот хүсэлт хүргүүлсэн байна. Хариуцагч нь 8,433,318 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд төлбөрийг 3 сарын хугацаанд хуваан төлөх хүсэлтийг нэхэмжлэгч Б.Н хүлээн зөвшөөрч байгаа тул тус хүсэлтийг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү. Хариуцагч Ш ХХК нь Б.Н-д 16,866,226 төгрөгийг төлсөн нь үнэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан машин механизм түрээсийн гэрээний үүрэгт 25,299,544 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш ХХК нь Б.Н-ийн нэхэмжилсэн 25,299,544 төгргөөс 16,866,226 төгрөгийг төлж, үлдэх 8,433,318 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 2,811,106 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 2,811,106 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,811,106 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг биелүүлсэн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлж, зарим хэсгийг хүлээн зөвшөөрснийг баталж, Ш ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ш ХХК нь Б.Н-ийн нэхэмжилсэн 25,299,544 төгрөгөөс 16,866,226 төгрөгийг төлж, үлдэх 8,433,318 /найман сая дөрвөн зуун гучин гурван мянга гурван зуун арван найм/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 2,811,106 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 2,811,106 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,811,106 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Ш ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,448 төгрөгөөс 142,224 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 142,224 төгрөгийг, хариуцагч Ш ХХК-иас 142,224 /хоёр зуун хоёр мянга хоёр зуун хорин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Н-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА