Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 342

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Н.Мөнгөнсүх;

хохирогч: Н.Чингүүн, түүний өмгөөлөгч С.Одгариг;

шүүгдэгч: Д.Галбадрах, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэмиддоржийн Галбадрахад холбогдох эрүүгийн 1809011150160 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн Цог гудамжны  5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ИТ92012715 регистерийн дугаартай, Мижгээ овогт Дэмиддоржийн Галбадрах.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Д.Галбадрах нь 2018 оны 02 дугаар сарын 25-нд шилжих шөнө
Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "Шибуяа"
рестораны хувцас солих өрөөнд хохирогч Н.Чингүүнтэй маргалдаж улмаар түүний
эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Галбадрах мэдүүлэхдээ: Н.Чингүүн намайг сиймхий  гарвал “торгуулна шүү” гээд сүрдүүлдэг байсан. 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цэвэрлэгч эгч цэвэрлэгээ хийж байхдаа надад “чамайг будаа муутгасан байна гээд Чингүүн зургийг нь аваад, торгуулна гээд яваад байсан” гэж хэлсэн. Тэр будааг нь би тавиагүй. Энэ байдлаас болж Н.Чингүүн бид хоёр “00”-ын өрөөнд муудалцсан. Бие биеэ заамдсан. Намайг “чадваргүй тогооч” гэж доромжилсон. Би хохирогчийг цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Чингүүн мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр манай ажил дээр Япон хоолны өдөрлөг болсон. 11 цагаас 17 цаг хүртэл буфет хоол үргэлжилсэн. Тухайн өдөр Д.Галбадрах ажилдаа согтуу ирсэн байсан. Галбадрах нь хамт олонтойгоо таарамжгүй харьцдаг. Ажиллах хугацаандаа ихэнхдээ согтуу ирдэг. Намайг янз бүрээр доромжилсон. Тэгээд хүлээн авалт дуусах үеэр намайг “уулзаадахъя” гээд “00”-ын өрөө рүү дагуулан явсан. Юу болсон талаар асуутал “хүний бөгс ухахаа болиоч, надад торгууль тавиулсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “торгууль тавиулаагүй хүмүүсээс асуу” гэсэн. Тэгтэл миний хамар хэсэг рүү 1 удаа мөргөсөн. Би хамраа бариад доош суутал цээж хэсэг рүү өвдөглөсөн. Надад “чиний захирлын дүү гэдэг чинь огт хамаагүй шүү” гэсэн. Гаднаас Эрдэнэсүх орж ирээд салгах гэсэн боловч дахиад намайг цохисон. Манай менежер орж ирээд Д.Галбадрахыг “одоо хүртэл яваагүй байгаа юм уу?, яваач” гэж хэлсэн. Би ийм залуугаараа харааны түвшин маань муудсан. Одоо эмчийн хяналтад байна. Иймд хохирлын 6.951.800 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Чингүүн /хх-ийн 5-6/, гэрч Б.Эрдэнэсүх /хх-ийн 9-10/, Б.Мөнхзаяа /хх-ийн 11-12/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3035 дугаартай дүгнэлт /хх-ийн 15/, Н.Чингүүний эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-ий 16-18, 27-29/, шинжээч Ц.Нандинцэцэгийн мэдүүлэг /хх-ий 21-22/, Д.Галбадрахын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/, Д.Галбадрахын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 30-35/, Н.Чингүүний шүүхийн шатанд өгсөн хохирлын тооцоо 2 хуудас, “Орбита” эмнэлгийн тодорхойлолт 1 хуудас, хохирлын баримтууд 12 хуудас, “Интер Кюзин” ХХК-ийн тодорхойлолт 1 хуудас, эмнэлгийн хяналтын карт 12 хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Д.Галбадрах нь “Н.Чингүүн чам дээр торгууль тавиулна гээд явж байна лээ” гэх бусдаас сонссон үгээр шалтаглан Н.Чингүүнийг 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Шибуяа” рестораны ажилчдын хувцас солих өрөөнд зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

хохирогч Н.Чингүүний /хх-ийн 6/: “... Би “Шибуяа” ресторанд тогоочийн ажил хийдэг юм. 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байхад Галбадрах намайг “гараад ир” гээд дуудахаар нь гарсан чинь хувцас солих өрөө рүү дагуулж оронгуутаа “хөгшөөн чи яасан их хүний бөгс ухдаг юм, чи над дээр торгууль тавиуллаа, хоёуланд нь ярьсан юм байсан байхаа” гэхээр нь би “юу яриад байгаа юм, би чамд торгууль тавиулаагүй” гэсэн чинь шууд баруун нүдрүү мөргөөд, 2 удаа гараараа цохиж аваад, цээж рүү өвдөглөөд заамдаж аваад “чиний захирлын дүү байх чинь ямар ч хамаа байхгүй шүү” гэсэн. Тэгээд би Эрдэнэсүхийг дуудсан чинь Эрдэнэсүх бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Эрдэнэсүхийн /хх-ийн 10/: “... Би ажлаа хийгээд байж байсан чинь Чингүүн “Сүхээ” гээд орилоод байсан. Тэгэхээр нь ариун цэврийн өрөө рүү ороход Чингүүний зүүн талын шанаа хавьд улайчихсан, шалан дээр цус шиг юм болсон байсан ба хажууд нь Галбадрах тогооч хаалга хашаад зогсож байсан. ... Намайг харж байхад Галбадрах Чингүүний зүүн нүд орчимд нь гараа зангидаж байгаад нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Мөнхтуяагийн /хх-ийн 11/: “ … Тухайн үед Чингүүний зүүн талын нүд орчимд нь улайчихсан, цохиулчихсан юм шиг байсан…” гэх мэдүүлгээр,

 

Д.Галбадрахын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 24/: “... Би гарч тамхи татах гээд байж байтал манай ажлын Болороо, үйлчлэгч Чимгээ нар надад “чамайг будаа муутгасан байна гээд Чингүүн зургийг нь аваад, торгууль тавиулна гээд яваад байна лээ шүү” гэж анхааруулж хэлсэн. … Би Чингүүнд хандаж “чи яах гээд хүний бөгс ухаад яваад байдаг юм бэ?, хэлэх юм байвал нүүрэн дээр хэлчихэж бай, тэр будаа манай будаа биш” гэж хэлэхэд Чингүүн намайг “чи бол чадваргүй тогооч, би чамаас илүү хоол хийж чадна, дуугуй эндээс зайл” гээд доромжлоод байхаар нь би Чингүүний нүүрэн тус газар нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр,

 

Н.Чингүүний биед “нүдний ухархайн дотор ханын хугарал, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зовхи, хүзүүнд цус хуралт” бүхий  мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №3035 тоот шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 15/,

 

Дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн /хх-ийн 22/: “...Чингүүний нүүрэнд учирсан гэмтэл нь нэгээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр, хүзүүний цус хуралт нь боолтоос үүсгэгдэнэ…” гэх мэдүүлэг зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Хохирогч нь Д.Галбадрахад зодуулснаа тодорхой мэдүүлсэн, гэрч нар хохирогчийг Д.Галбадрахад цохиулж байхыг харсан, зодуулсан байдалтай байсан зэргийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас биед нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

             

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Д.Галбадрах нь 2018 оны 02 дугаар сарын 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Шибуяа” рестораны ажилчдын хувцас солих өрөөн дотор “торгууль тавиулах гэлээ” хэмээн Н.Чингүүнийг буруутган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.

             

              Дээрх шалтаг, шалтгааны улмаас хохирогчийг зодож, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хөнгөн гэмтээсэн Д.Галбадрахын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Д.Галбадрахын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх талуудаас гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, уг хэлэлцүүлгээр хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх буюу “дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах” тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15 дахь заалтад заасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэлэлцэхгүй орхин, анхан шатны шүүх хуралдаанаар уг хүсэлтийг шийдвэрлэхээр тогтсон.

 

Гэвч анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх буюу “дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах” тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурьдаж байна. 

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Н.Чингүүнээс хавтаст хэрэгт тусгуулсан зардлын баримтаас нотлох баримтын шаардлага хангахгүй шатахууны 626.000 төгрөгийн (ямар зорилгоор, хэний  автомашинд бензин хийсэн нь тодорхойгүй) нэхэмжлэлийг, баримтгүйгээр нэхэмжилсэн толгой бариулсан 35.000 төгрөг, нүдний шилний 10.000 төгрөг, үзлэгийн 30.000 төгрөг зэрэг нийт 701.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Шүүх хуралдаан хүртэл баримтаар нотлогдсон, гаргуулах үндэслэл хэмжээ нь бүрэн тогтоогдсон Орбита эмнэлгийн мэс заслын төлбөр 3.500.000 төгрөг, Гялс төвийн шинжилгээ 19.100 төгрөг, томограф зураг 120.000 төгрөг, Орбита эмнэлгийн үзлэгийн төлбөр 30.000 төгрөг, эм тариа, витамин, дусал, нүдний дусаагуур, эрүүл мэндийн даатгалын төлбөр нийт 173.700 төгрөг, бүгд нийлээд 3.842.800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Харин хохирогч Н.Чингүүний нэхэмжлэлээс авах ёстой цалин 2.100.000 төгрөг, харааны нүдний шилний 308.000 төгрөг, бүгд 2.408.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Д.Галбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу нийт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Мижгээ овогт Дэмиддоржийн Галбадрахыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Галбадрахыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Галбадрахад оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Галбадрах нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Галбадрахаас нийт 3.842.800 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Чингүүнд олгож, хохирогч Н.Чингүүний нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангаагүй 701.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2.408.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Галбадрахад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ