Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2026/0506

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А******* п*******” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д,

Гуравдагч этгээд: “М ү” ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б******* нарын хоорондын Тендер сонгон шалгаруулалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Иргэдийн төлөөлөгч: М.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Өлзийдүүрэн,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Д, иргэдийн төлөөлөгч М.Ж  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч “А******* п*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаартай гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0******* дугаар албан бичгээр манай компанийн гомдлыг хянан үзэхээс татгалзсан хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын “М ү” ХХК-тай байгуулсан Б******* дугаар гэрээг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байгаад,

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа  “Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зарласан “Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаар мэдэгдэл,  Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын “М ү” ХХК-тай байгуулсан Б******* дугаар гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн байна. 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 60 жилийн хүрээнд шаардлагатай ном нийлүүлэлтийн ажил, БЗДХААА/20250201070 дугаартай тендер шалгаруулалтыг зарлажээ. 

2.2.Тус тендер шалгаруулалт 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нээж “М ү” ХХК, “С******* п*******инг” ХХК, “А******* п*******” ХХК-иуд тендерт оролцсон ба тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай шийдвэрээр “М ү” ХХК-ийг шалгаруулж, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 157 дугаартай мэдэгдлээр гэрээ байгуулах эрх олгож, мөн өдрийн 158 дугаар албан бичгээр шалгараагүй тухай мэдэгдлийг “С******* п*******инг” ХХК-д, 159 дүгээр албан бичгээр тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй тухай мэдэгдлийг “А******* п*******” ХХК-д тус тус хүргүүлсэн байна.  

2.3.Нэхэмжлэгч “А******* п*******” ХХК-аас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 05/095 албан бичгээр Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газар, мөн өдрийн 05/096 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт, 25/098 дугаар албан бичгээр Сангийн яаманд тус тус гомдол гаргажээ.  

2.4.Уг гомдолд Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 192 дугаар албан бичгээр, Сангийн яамнаас 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0******* дугаар албан бичгээр тус тус хариу өгсөн тул нэхэмжлэгч “А******* п*******” ХХК-аас 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.

2.5.Нэхэмжлэгчээс “... Тендерт оролцогчийн борлуулалтын орлогын мэдээллийг Сангийн яамны санхүүгийн тайлангийн www.ebalance.mof.gov.mn мэдээллийн систем дэх санхүүгийн тайлангаас шалгана. (2023, 2024 он) гэж тодорхой заасан бөгөөд манай компани 2024 оны санхүүгийн тайлангаа 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус системд баталгаажуулж илгээсэн...” гэх зэргээр маргаж,

2.6.Хариуцагч нараас “...А******* п******* ХХК нь 2024 оны санхүүгийн тайлангаа баталгаажуулсан эсэх, түүнчлэн цахим системийн аль үе шатанд баталгаажуулалт хийгдээгүй (тайлан буцаалт хийгдсэн эсэх) талаар тендер шалгаруулалтад материал илгээхдээ нягталж үзээгүй...” гэх зэргээр тайлбарлаж байна.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүхэд гаргасан  тайлбартаа: “А******* п*******” ХХК Баянзүрх дүүргийн 60 жилийн ойн ном хэвлэх тендерт оролцсон. Уг тендерийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нээсэн. 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “А******* п*******” ХХК 159 дүгээр тоот мэдэгдэл хүргүүлсэн. Тендер шалгараагүй талаарх мэдэгдэл ирсэн. Шалгараагүй шалтгааны тухайд бол тендерийн баримт бичгийн 17.2-т 2024 оны санхүүгийн тайлангаа ирүүлээгүй, энэ тайлан байхгүй байх тул шалгараагүй гэсэн.  Захиалагч Засаг даргын Тамгын газар нь “М ү” ХХК-тай 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан. Уг тендерт бага үнийн саналаар ялах зохицуулалттайгаар орсон. “А******* п*******” ХХК 79,420,000 төгрөгийн санал өгсөн. М Ү ХХК 79.500 төгрөгийн санал өгсөн. Оролцсон “С******* Т*******” ХХК 87,000,000 төгрөгийн санал өгсөн. Үндсэн 3 компани оролцсон. Манай компанийг 2024 оны санхүүгийн тайлангаа өгөөгүй цахимд байршуулаагүй байна гэсэн үндэслэлээр татгалзсан. Тендерийн баримт бичгийн 17-д санхүүгийн чадавхыг шаарддаг, 17.2-д санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох баримт бичиг, тендерт оролцогчийн борлуулалтын орлогын мэдээллийг Сангийн яамны ebalance.mof.gov.mn мэдээллийн систем дэх санхүүгийн тайлангаас шалгана гэсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргаж өгсөн тайлбараас Тендерийн үнэлгээний хороо тухайн тендерийг нээгээд шалгах явцдаа tender.gov.mn сайтаас үзэхэд 2024 оны санхүүгийн тайлангаа ирүүлээгүй байна гэсэн байдаг. Энэ талаар Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл болон бусад баримтууд дээр авагдсан байсан. 2023, 2024 оны санхүүгийн тайланг шаардсан. 2023 он болон 2024 оных байх гээд байна. Бодит байдал дээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд аж ахуй нэгж жил болгоны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өмнөх жилийн тайлангаа илгээж байршуулдаг. Үүний дагуу Сангийн яамнаас шүүхэд ирүүлсэн лавлагаанд дээр юу гэж байдаг вэ гэхээр “А******* п*******” ХХК нь 02 дугаар сарын 08-ны өдөр санхүүгийн тайлангаа илгээгээд 02 дугаар сарын 14-ний өдөр Сангийн яамны ebalance.mof.gov.mn сайтад бүртгэгдсэн байна гэсэн хариу өгсөн байдаг. Үүнийг харахад Тендерийн үнэлгээний хорооноос хийх ёстой ажиллагаануудыг хийгээгүй байна гэдэг нь харагдаж байгаа. Тендерийн үйл явцад шалгараад явагдаад өнгөрсөн оны 7 сард дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус байсан болохоор тогтоолгосон. Хариуцагч талаас цахим системд шилжсэн байгаа тул цахим дээр байгаа баримтыг  бид нар үндэслэнэ. Энэ үйл баримтыг аж ахуй нэгж болон Сангийн яам хариуцна. Бид нар tender.gov.mn хуудсан дээр байгаа мэдээллийг үндэслээд тендерийг шалгаруулдаг. Иймд байгууллагын хариуцлагагүй асуудлаас үүдэлтэй гэсэн тайлбар ирүүлсэн. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу нэхэмжлэгч 05 дугаар сарын 22-ны өдөр Сангийн яам, Засгийн газрын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны албанд холбогдох гомдлуудыг гаргасан. Энэ гомдлын хүрээнд Сангийн яамнаас Худалдан авах ажиллагааны газарт мэдэгдэл хүргүүлээд тендерийг түдгэлзүүлсэн. 05 дугаар сарын 22-ны өдрийн тендерийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэл хавтаст хэргийн 93 дугаар талд авагдсан байдаг. Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн байдаг. Тухайн тендер 05 дугаар сарын 22-ны өдөр түдгэлзсэн. Түдгэлзсэн байх хугацаанд буюу 05 дугаар сарын 26-ны өдөр М ү ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан үйл явдлаа хариуцагч тал юу гэж тайлбарладаг вэ гэхээр Сангийн яамны 05 дугаар сарын 26-ны өдрийн түдгэлзүүлэх тухай албан тоот нь өөрөө хуулийн хугацаа зөрчсөн. Ажлын 6 өдөр нь 25-ны өдөр дуусаад 26-ны өдөр бид нар гэрээ байгуулсан гэсэн үндэслэлгүй тайлбар ирүүлсэн. Энэ үйл баримтуудаас харахад Үнэлгээний хороо анхнаасаа “М ү” ХХК-нд уг тендерийг олгох зориулалтаар хийгдсэн юм болов уу гэсэн хардлагыг төрүүлж байгаа. Үнэлгээний хороо ebalance.mof.gov.mn руу орж оролцогчийн мэдээллийг шалгаагүй байсан. Энэ сайт руу орж шалгана гэсэн боловч tender.gov.mn сайтаас орж шалгаснаараа тайлангаа ирүүлээгүй байна гэсэн. Төрийн худалдан авах ажиллагааны газраас юу гэж зөвтгөдөг вэ гэхээр “А******* п*******” ХХК-ийн санхүүгийн 2024 оны буюу сүүлийн 3 жилийн тайлан цахимд байх ёстой. Энэ тайлан нь 05 дугаар сарын 19-ний өдөр tender.gov.mn сайт руу орж баталгаажсан байна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байдаг. Төрийн худалдан авах ажиллагааны газраас БЗД-ийн худалдан авах ажиллагааны албын хууль бус үйл ажиллагааг цуцалсан гэсэн. Үнэлгээний хороог тендерийн баримт бичигт заасан цахим системээс тендерт оролцогчийн мэдээллийг шалгах үйлдлээ хийгээгүй байна гэсэн. Энэ үйл баримтууд нь ирсэн баримтуудаар болон мэтгэлцээний явцад тогтоогдож байгаа. Үнэлгээний хорооны шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцсэн байх ёстой. Мөн хуулийн 24 дүгээр зүйлд захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасан байдаг. Тогтоохтой холбоотой шаардлагатай бүхий л ажиллагааг хийх үнэлэх үүргээ биелүүлээгүй байна гэж харагдаж байна. Үүнийг хариуцагч хариу тайлбараараа өөрөө нотолдог. 2022 оноос хойш цахимаар явж байгаа. Цахим дээр юу гэж байна түүгээрээ бид нар үндэслэнэ үү гэхээс “А******* п*******” ХХК-ийн 2024 оны тайлангаа ирүүлсэн гэсэн цаасан баримтыг бид нар үнэлэхгүй гэсэн. Бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь судлах үүргээ биелүүлээгүй байна гэж харагдаж байна. 2 дугаар хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан байгаа баримтыг харахад хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д ebalance.mof.gov.mn сайтаас шалгасан гэсэн нь 05 дугаар сарын 14-ний өдрийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээр харагдаж байгаа. ebalance.mof.gov.mn буюу Сангийн яамны мэдээллийг шалгасан байхад 2024 оны тайлан баталгаажаад очсон байсан. Үүнийг шалгаагүй гэдэг нь хариу тайлбараас нь харагдаж байгаа. tender.gov.mn сайтаар шалгахад байгаагүй. tender.gov.mn нь бусад холбогдох төрийн захиргааны байгууллагуудын сайт мэдээллийн системтэй холбогддог. Түүгээр дамжиж тэнд байгаа мэдээллийг үндэслэнэ гэдэг агуулгаас нь харахад энэ нь үндэслэлгүй тайлбар байна. Ажлын 6 хоногоор тендерийн үйл ажиллагаа дуусгавар болсон тул Сангийн яамнаас түдгэлзүүлсэн шийдвэр буюу Худалдан авах ажиллагааны албанд өгсөн бичиг дээр 05 дугаар сарын 22-ны өдөр түдгэлзүүлсэн гэх агуулга дээр юу гэж тайлбарладаг вэ гэхээр 05 дугаар сарын 26-ны өдөр ажлын 6 өдөр нь дууссан гэсэн. Хуульд заасны дагуу цахим систем нь ажлын 5 өдрөөр хязгаарлагдаж явдаг. 05 дугаар сарын 22-ны өдөр түдгэлзүүлсэн. 22, 23, 26, 27, 28-ны өдөр гээд ажлын 5 өдрөөр явж байхад 26-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Ийм учраас “А******* п*******” ХХК бусад оролцогч нарын адил тусгай зөвшөөрөлтэй хэвлэх үйлдвэрлэл олон жил хийж байгаа туршлагатай компани байгаа. Шударгаар худалдан авах ажиллагаанд оролцох боломжийг нь хязгаарласан Үнэлгээний хорооны болон захиалагчийн үйлдэл нь өөрөө хууль бус байсан гэж маргасан. Маргах явцад хэрэгжээд дууссан тул хууль бус байсан болохыг тогтоолгож Захиргааны процессын хуулийн 1.1-д заасан зөрчилдсөн эрхээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. 

3.2.Хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тус тендер шалгаруулалтад захиалагчаас Худалдан авах ажиллагааны албанд захиалга ирсний дагуу тендер шалгаруулалтыг 5 хүний үнэлгээний хорооны бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж эхэлсэн. Тус тендер шалгаруулалтыг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нээсэн. 05 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэл гарсан. 05 дугаар сарын 13-ны өдөр нээхдээ “А******* п*******” ХХК, “М ү” ХХК болон “С******* Т*******” ХХК гэсэн гурван компани оролцсон. Гурван компани оролцоод хянан үзэх шатанд бүх материалуудыг tender.gov.mn сайтаас татахад нэхэмжлэгч компанийн 2024 оны санхүүгийн тайлан татагдаагүй. 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдөр хүртэл буюу мэдэгдэл гарах хүртэл tender.gov.mn сайт 03 дугаар сараас 05 сар хүртэл маш их ачаалалтай гацалттай байсан. Иймд refresh буюу шинэчлэл хийсэн. Системийн алдаа байж магадгүй гээд санхүүгийн тайланг 2 өдрийн турш refresh хийхэд 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл “А******* п*******” ХХК-ийн санхүүгийн тайлан татагдаагүй. Хянан хэлэлцэх шатны буюу тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.2-т заасны дагуу борлуулалтын орлого 2023, 2024 онд тус бүр борлуулалтын орлого 100 хувь байна гэсэн шалгуур үзүүлэлтийнхээ дагуу шалгахад 2024 оны борлуулалтын орлого нь “А******* п*******” ХХК-ийх татагдаагүй. Тэгээд Үнэлгээний хороо хуралдсан. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл болон захиалагчид хүргүүлсэн зөвлөмж дээр энэ талаар дурдсан байдаг. Үнэлгээний хороо хуралдаад 2024 оны санхүүгийн тайлан татагдаагүй гэсэн шалтгаанаар тус тендер шалгаруулалтаас “А******* п*******” ХХК-аас татгалзсан. Бусад хоёр оролцогч хоёулаа шалгуур үзүүлэлтийг хангаж байсан тул хамгийн бага үнийн саналтайгаар тендер шалгаруулалт явагдсан. Тэгээд хамгийн бага үнийн саналтайгаар М ү ХХК шалгарсан. Хоёрт нь үнийн саналаар “С******* Т*******” ХХК орсон. 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэл гарсан. 16-ны өдөр буюу тав дахь өдрөөс эхлээд гомдол гаргах 6 хоног тоологдож эхэлж байгаа. Гомдол гаргах 6 хоног тав дахь болон нэг дэх дэх өдөр гээд, 19-ний өдрөөс хоёр дахь өдөр гэж явж байгаа. 23-ны өдөр гомдол гаргах 6 хоног дуусаж байгаа. 23-ны өдөр гомдол гаргах 6 хоног дууссан тул 26-ны өдөр буюу нэг дэх өдөр захиалагчид Худалдан авах ажиллагааны алба Үнэлгээний хороо гэрээ байгуулах материал хүргүүлсэн. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар 26-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа Монгол Улсын Сангийн яамнаас манайх руу утасдаж гомдол гарсан байгаа талаар мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дагуу манайх гомдол гаргах 6 хоног дууссан гэрээ байгуулагдсан байгаа гэж хэлэхэд хариу тайлбараа хүргүүлээрэй гэсэн. Үүний дагуу хариу тайлбар хүргүүлээд нотлох баримтаар албан бичгүүдээ хүргүүлсэн. Санхүүгийн тайлантай холбоотой тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгт дээр шалгуур үзүүлэлтүүд байдаг. Түүний дагуу шүүхийн шийдвэр, нийгмийн даатгал, татвар, холбогдох бүх төрийн байгууллагуудын сайтууд нь tender.gov.mn сайтдаа холбогдсон байдаг. Үнэлгээний хороо үнэлгээний хорооны нарийн бичгийн эрхээр зөвхөн tender.gov.mn сайт руу орж холбогдох талбаруудыг татаж авдаг. Түүнээс компанийн эсвэл оролцогчийн ирүүлээгүй материалыг бид нар сайт руу орж шалгах эрх байхгүй. Өнөөдрийн бодит цагийн горимоор бодит цагийн түүхээрээ Сангийн сайдын баталсан холбогдох журамд зааснаар бид нар tender.gov.mn сайт дээр ямар компани, ямар оролцогч, ямар материал илгээсэн байгаа дээр бодитоор үнэлгээ хийх үүрэгтэй. www.ebalance.mof.gov.mn сайтаас санхүүгийн тайлан татна гэдэг нь энэ сайт руу оролцогч, тендерт сонирхогч этгээд сүүлийн 3 жилийн тайлангаа байршуулсан байх үүрэгтэй. Энэ үүргийн дагуу нэхэмжлэгч компани 2021, 2022, 2023 оны 3 жилийн санхүүгийн тайлангаа байршуулсан байсан. Энэ нь тендерийн баримт бичиг болон шүүхэд өгсөн нотлох баримтаар нотлогдож байгаа. 3 жилийн санхүүгийн тайлан нь байршсан байдаг. Тухайн оролцогч тендерт оролцохдоо тендерийн өгөгдлийн хүснэгтээ харна. Тендер шалгаруулалт нь хэдэн оны санхүүгийн тайлан шаардсан байгаа эсэхийг харж байгаад 2 жил бол 2 жилээ өөрсдөө чеклэх ёстой. Хэрвээ 3 жил бол 3 жилээ өөрсдөө чеклэнэ. Энэ талаар Сангийн сайдын баталсан журамд заасан байдаг. Энэ журмын дагуу 2024 оноо нэхэмжлэгч компани чеклээгүй тендерт оролцсон байсан. Энэ нь Төрийн худалдан авах ажиллагааны 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/5056 дугаар албан бичгээр нотлогдсон. 05 дугаар сарын 15-ны өдөр тендерийн үр дүн цахимд нийтлэгдсэн. Түүнээс 4 хоногийн дараа нэхэмжлэгч компани өөрсдөө 19-ний өдөр 2024 оны санхүүгийн тайлангаа татаж байршуулсан нь tender.gov.mn сайтаас буюу Төрийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн албан бичгийн дагуу нотлогдож байгаа. 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба буюу захиалагчийн эрх шилжүүлсэн итгэмжлэлийн дагуу Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас Төрийн худалдан авах ажиллагааны албанд тухайн зөрөөтэй асуудал юунаас болсон эсэх талаар лавлаж албан бичиг хүргүүлсэн. Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А******* дугаар албан бичгээр “А******* п*******” ХХК 2024 оны борлуулалтын орлогоо 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5 цаг 43 минутад IP хаяг буюу 66181167231 гэсэн компьютероор нэвтрээд 5 цаг 55 минутад санхүүгийн тайлангаа татаж байршуулсан нь харагдаж байгаа. Өөрсдөө сүүлийн 3 жил гэснээ 2024 оноо татаж байршуулаагүй, тендерт оролцохдоо чеклээгүй нь нэхэмжлэгчийн өөрсдийн алдаа юм. Энэ нь Төрийн худалдан авах ажиллагааны газар болон tender.gov.mn системээс илгээснээр нотлогдож байгаа. “С******* Т*******” ХХК болон М ү ХХК-ийн 2022, 2023, 2024 оны буюу 3 жилийн санхүүгийн тайлан татагдсан. Иймд систем алдаагүй байна гэж үзэж байгаа. Сангийн яамны гомдол 26-ны өдөр ирсэн тул түдгэлзүүлэх боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл, 6 хоног нь дууссан байсан тул албан бичгийг хэрэгжүүлэх боломжгүй байсан” гэв.  

3.3.Гуравдагч этгээд “М ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай А******* п******* ХХК-ийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр "Баянзүрх дүүргийн 60 жилийн хүрээнд шаардлагатай ном нийлүүлэлтийн ажил", БЗДХААА/20250201070 дугаартай тендер шалгаруулалтыг зарлаж, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нээж, тендерийн баримт бичгийн ТШЗ 17.1, ТШЗ 17.2-т тус тус заасан шалгуурын үзүүлэлтийн Санхүүгийн чадавхын шаардлага буюу 2023, 2024 оны борлуулалтын орлогын мэдээллийг Сангийн сайдын баталсан Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам-ын 2 дугаар зүйлийн 2.5.3 дахь заалт Бүртгэл хөтлөх, мэдээллийг баталгаажуулах журам-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн санхүүгийн тайланг тендерийн баримт бичигт ирүүлсэн болон хүснэгтэн мэдээллээр ирүүлснийг үнэлгээнд харгалзан үзэхгүй, цахим системийн бодит цагийн горимыг баримтлан үнэлгээ хийж, нэхэмжлэгч болох “А******* п*******” ХХК-ийн санхүүгийн тайлан нь Сангийн яамны санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн систем дэх санхүүгийн тайлангаас шалгахад 2024 оны санхүүгийн тайланг баталгаажуулж ирүүлээгүй байсан тул тендерээс татгалзаж, 159 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай “А******* п*******” ХХК-д албан бичиг гарч, үр дүн оруулсан.

“А******* п*******” ХХК нь 2024 оны санхүүгийн тайлангаа баталгаажуулсан эсэх, тендер шалгаруулалтад материал илгээхдээ нягталж үзсэн эсэх, түүнчлэн цахим системийн аль үе шатанд баталгаажуулалт хийгдээгүй (тайлан буцаалт хийгдсэн эсэх) талаар болон санхүүгийн тайлангийн баталгаажуулалт нь оролцогчийн хариуцлага бөгөөд тус асуудалтай холбоотой албан байгууллагуудаас тодруулах нь зүйтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”

3.4.Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М ү” ХХК-аас 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1-1/134 дугаар бичгээр гаргасан  хүсэлтдээ: “...М ү ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар сарын 22.2 дахь хэт заасныг үндэслэн “А******* п*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдуулан гаргасан “...Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарыг 15-ны өдрийн 159 дугаартай гэрээ байгуулах эрх олгох мэдээллийг хүчингүй болгуулах”, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын “М ү” ХХК-тай байгуулсан Б******* дугаар гэрээг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй тул хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч М.Ж дүгнэхдээ: ““А******* п*******” ХХК 2021, 2022, 2023 оны тайлан илгээсэн 2024 оны тайлан илгээгүй нь илэрхий байна. Харин Сангийн яамны тендер түдгэлзүүлсэн цаг тооллын хувьд анзаарах шаардлагатай. Процессын алдаа хайж маргасан байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зарласан Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаар мэдэгдэл,  Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын “М ү” ХХК-тай байгуулсан Б******* дугаар гэрээг хууль бус байсан болохыг тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М ү” ХХК-аас 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1-1/134 дугаар бичгээр  эзгүйд шийдвэрлүүлэх хүсэл гаргасан байх бөгөөд шүүхээс гуравдагч этгээдийг байцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

2.Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарласан Б******* дугаартай Баянзүрх дүүргийн 60 жилийн хүрээнд шаардлагатай ном нийлүүлэлтийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад “М ү” ХХК, “С******* п*******инг” ХХК болон нэхэмжлэгч “А******* п*******” ХХК-иуд оролцож, тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэлээр “М ү” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулж, “А******* п*******” ХХК-ийн тендерээс татгалзаж шийдвэрлэжээ.

3.Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 157 дугаар албан бичгээр тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.1, 17.2-т заасан шаардлагыг хангаагүй тухай мэдэгдлийг “А******* п*******” ХХК-д тус тус хүргүүлснийг нэхэмжлэгч компани эс зөвшөөрч “...Үнэлгээний хороог тендерийн баримт бичигт заасан цахим системээс тендерт оролцогчийн мэдээллийг шалгах үйлдлээ хийгээгүй байна. Энэ үйл баримтууд нь ирсэн баримтуудаар болон мэтгэлцээний явцад тогтоогдож байгаа. Үнэлгээний хорооны шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцсэн байх ёстой. Мөн хуулийн 24 дүгээр зүйлд захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасан байдаг. Тогтоохтой холбоотой шаардлагатай бүхий л ажиллагааг хийх үнэлэх үүргээ биелүүлээгүй байна гэж харагдаж байна...” гэж, хариуцагчаас “... тендерийн материал хянан үзэх шатанд 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдөр хүртэл буюу мэдэгдэл гарах хүртэл нэхэмжлэгч компанийн 2024 оны санхүүгийн тайлан татагдаагүй, тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.2-т заасны дагуу борлуулалтын орлого 2023, 2024 онд тус бүр борлуулалтын орлого 100 хувь байна гэсэн шалгуур үзүүлэлтийнхээ дагуу шалгахад 2024 оны борлуулалтын орлого нь “А******* п*******” ХХК-ийн  2024 оны санхүүгийн тайлан татагдаагүй гэсэн шалтгаанаар тус тендер шалгаруулалтаас “А******* п*******” ХХК-аас татгалзсан...” гэж маргаж байна. 

4.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д “тендер шалгаруулалтын баримт бичиг гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгоно гэж”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална”, 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж тус тус заасан. 

5.Мөн тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.1-д “Санхүүгийн чадавхын шаардлага”: 17.2-т “Санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох баримт бичиг”: 1. Тендерт оролцогчийн борлуулалтын орлогын мэдээллийг Сангийн яамны санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн систем дэх санхүүгийн тайлангаас шалгана (2023, 2024 он) гэжээ. 

6.Нэхэмжлэгч компанийн 2024 оны санхүүгийн тайланг худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn-ээр шалгахад илгээгээгүй болох нь хэрэгт авагдсан худалдах авах ажиллагааны цахим системийн мэдээлэл болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “А******* п*******” ХХК нь сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлангийн мэдээллийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр цахим системд татаж байршуулсан байна гэх агуулга бүхий А-1/5056 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байх тул цахимд мэдээлэл илгээгдээгүй, бүртгэгдээгүй байсан болох нь тогтоогдож байх тул тендер шалгаруулалтын дараагийн шаттай маргах эрхгүй байна.  

7.Өөрөөр хэлбэл, Тендерийн үнэлгээний хорооноос оролцогчийн санхүүгийн тайланг цахимаар шалгахад нэхэмжлэгч нь 2024 оны санхүүгийн тайлангаа тендер нээхээс өмнө худалдан авах ажиллагааны цахим системд татаж байршуулаагүй, харин тендерийн үнэлгээний хорооны шийдвэр гарсны дараа буюу 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр баталгаажуулсан байх тул маргаан бүхий мэдэгдэл, гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ зэргийг хууль бус байсан гэж үзэх үндэслэлгүй. 

8.Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэл буюу зөвлөмжийн дагуу хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 157 дугаар албан бичгээр “М ү” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай, 159 дугаар албан бичгээр “А******* п*******” ХХК-д тус компанийн тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ” гэж заасныг зөрчөөгүй байна.

9.Сангийн яамнаас маргаан бүхий тендерийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн тухай шийдвэрийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчид хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж заасны дагуу тендерт оролцогч нарт мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 6 хоногийн дараа гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсныг мөн буруутгах үндэслэлгүй. 

10.Мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Захиалагч нь үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрийн дагуу 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр М ү ХХК-тай Баянзүрх дүүргийн 60 жилийн хүрээнд шаардлагатай ном нийлүүлэлтийн ажлын гэрээг байгуулан, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бараа материал хүлээн авсан тухай БЗД/07-08-08 дугаартай комиссын акт үйлдэж, гэрээнд заасны дагуу номыг бүрэн нийлүүлж гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зарласан "Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаар мэдэгдэл,  Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын “М ү” ХХК-тай байгуулсан Б******* дугаар гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж тодруулсан байх энэ шаардлагын хүрээнд нэхэмжлэгчид онцгой ашиг сонирхол байгаа тохиолдолд хангагдах боломжтой хэдий ч тендер сонгон шалгаруулалтын бичиг баримтын бүрдлийн шатнаас хасагдсан оролцогчийн тухайд түүнд тодорхой эрхийн хамгаалалт үзүүлж чадахуйц, үр дагавар үүсэхээргүй байна.

11.Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаартай гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, мөн өдрийн “М ү” ХХК-д эрх олгосон 157 дугаартай мэдэгдэл, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын “М ү” ХХК-тай байгуулсан Б******* дугаартай гэрээг  хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхлыг илэрхийлэхгүй, нэхэмжлэгчийн тендерээс тендерийн шаардлагад нийцээгүй үндэслэлээр татгалзсан  энэ тохиолдолд дээрх нэхэмжлэлийн шаардлага хангагдсан ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна.

12.Учир нь нэхэмжлэгч “А******* п*******” ХХК нь сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлангийн мэдээллээ худалдан авах ажиллагааны цахим системд 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 56 минутад татан байршуулсан болох нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн  А-******* дугаартай албан бичиг, хавсралтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч компани нь Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 17.2-т Санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох баримт 1.Тендерт оролцогчийн борлуулалтын орлогын мэдээллийг Сангийн яамны санхүүгийн тайлангийн www.ebalance.gov.mn мэдээллийн систем дэх санхүүгийн тайлангаас шалгана” гэж заасныг хангаагүй байхаас гадна гуравдагч этгээд “М ү” ХХК  Баянзүрх дүүргийн 60 жилийн хүрээнд шаардлагатай ном нийлүүлэлтийн ажлын тендер шалгаруулалтын гүйцэтгэгчээр шалгарч, гүйцэтгэгчийн гэрээ бүрэн хэрэгжсэн болох нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Ном нийлүүлэлтийн ажлын ажлыг хүлээн авах комиссын бүрэлдэхүүн томилох тухай” А/60 дугаар тушаал түүний хавсралт, Бараа материал хүлээн авсан комиссын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн БЗД/07-08-08 дугаартай акт, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протокол зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

13.Иймд Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зарласан Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаар мэдэгдэл,  Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын “М ү” ХХК-тай байгуулсан Б******* дугаар гэрээг хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгч “А******* п*******” ХХК-ийн онцгой эрх ашиг сэргээгдэхээргүй байх нөхцөл байдлаас гадна иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн харгалзан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 50 дугаар зүйлийн 50.2 дах хэт заасныг баримтлан “А******* п*******” ХХК-аас Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зарласан Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаар мэдэгдэл,  Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын “М ү” ХХК-тай байгуулсан Б******* дугаар гэрээг хууль бус байсан болохыг тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЧАНЦАЛНЯМ

                                                                                                                                                                   ШҮҮГЧ                                        С.ГАНБАТ

 

                         ШҮҮГЧ                                      Ц.МӨНХЗУЛ