Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 343

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: З.Энхжаргал;

шүүгдэгч: З.Амарсайхан (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Зэвэгийн Амарсайханд холбогдох эрүүгийн 1809012020281 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Глобал Ворлд Ваянд” ХХК-д пүүлэгч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А2 дугаар гудамжны 41 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УХ89112993 регистрийн дугаартай, Дайчин овогт Зэвэгийн Амарсайхан. 

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч З.Амарсайхан нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний орой Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ялгуун” нэртэй пабад хохирогч Ө.Буян-Очиртой хувийн таарамжгүй харилцааны асуудлаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Амарсайхан мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.Буян-Очир /хх-ийн 14-16/, гэрч Б.Буяндэлгэр /хх-ийн 17-18/ нарын мэдүүлэг, З.Амарсайханы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2836 тоот дүгнэлт /хх-ийн 20/, З.Амарсайханы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 27-40/, хохирогчийн эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-ийн 41-50/, Ө.Буян-Очирын хүсэлт /хх-ийн 54/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч З.Амарсайхан нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ялгуун” нэртэй пабад “эмэгтэй хүнд гар хүрч агсарлаа” хэмээн Ө.Буян-Очирыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Ө.Буян-Очирын /хх-ийн 14-16/: “... Би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний орой Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Ялгуун” нэртэй пабад очтол манай найз Буяндэлгэр, Амараа, нэг танихгүй эмэгтэй байсан. Тухайн пабад бид нар архи ууж сууж байгаад Амараа бид хоёр муудалцсан. Пабаас гараад ирсэн чинь Амараа миний баруун нүд хэсэгт 1 удаа цохисон. Миний хөмсөгнөөс цус гараад байхаар нь шууд такси бариад гэмтлийн эмнэлэг явсан. Согтуу байсан болохоор яг ямар шалтгаанаар маргаан эхэлснийг мэдэхгүй байна…” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Буяндэлгэрийн /хх-ийн 17-18/: “… Буян-Очир сандал дээр унтаж байгаад гэнэт босч ирээд Анударийн найтай маргалдаад, зодолдох гээд байсан. Би дундуур нь орж салгах гэтэл Анударийн найз Буян-Очирын нүүр рүү 1 удаа цохьсон. Ямар шалтгаанаар маргаан үүссэнийг мэдэхгүй байна…” гэх мэдүүлгээр,

 

З.Амарсайханы яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 26/: “... Буян-Очир гэнэт босож ирээд шүлсээ хаяад ширээний бүтээлэг татаад агсам тавьж “чи манай найз охиныг буудалд авч орох гэлээ” гээд намайг цохих гээд байхаар нь би гарыг нь барьж автал найз охин Анударь нь дундуур орж ирээд салгасан. Анударь Буян-Очиртой юм яриад зогсож байтал Буян-Очир Анударийн суганаас нь өргөөд газарт хүчтэй унагаасан. Би Буян-Очирт “чи түрүүнээс хойш эмэгтэй хүнд гар хүрээд агсраад байх юм, ямар арчаагүй залуу вэ” гэж хэлсэн  чинь “чи яах юм бэ” гээд намайг цохиод авахаар нь би бултаад түүний баруун нүд хэсэгт нэг удаа цохисон” гэх мэдүүлгээр,

           

З.Амарсайханы буруутай үйлдлийн улмаас Ө.Буян-Очирын биед “баруун хөмсөгний дор сорив, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2836 тоот дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

 “Эмэгтэй хүнд гар хүрлээ” хэмээн Ө.Буян-Очирыг буруутган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан З.Амарсайханы санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч З.Амарсайханы “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ө.Буян-Очир нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Дайчин овогт Зэвэгийн Амарсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Амарсайханыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Амарсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ