Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 125/ШШ2026/0021

 

 

 

 

 

 

 

 

 

      2026          06          03                                        125/ШШ2026/0021

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч С.Оюунгэрэл би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******од холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “49,795,225 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр *******од холбогдуулан “49,795,225 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг гаргасан.

 

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. ******* нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/41 дугаар тушаалаар тус тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга *******г, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар тус тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга *******ийг тус тус ажлаас чөлөөлсөн.

2.2. *******, ******* нараас ажлаас чөлөөлсөн тушаалыг эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 125/ШШ2024/0045 дугаар шийдвэрээр *******г, 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 125/ШШ2024/0031 дугаар шийдвэрээр *******ийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгаж шийдвэрлэсэн.

2.3. Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газраас  *******д 23,739,506 төгрөг цалин хөлсөнд, нийгмийн даатгалын шимтгэлд 3,746,556 төгрөг нийт 27,486,062 төгрөг *******т 19,177,523 төгрөг цалин хөлсөнд, нийгмийн даатгалын шимтгэлд 3,131,640 төгрөг нийт 22,309,163 төгрөг буюу нийт 49,795,225 төгрөгийг олгожээ.

 

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

 

3.1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны зөвлөл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д "Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй" гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж, 50.2-т "Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж тус тус заасан.

1. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга *******г төрийн албанаас чөлөөлсөнтэй холбоотой нэхэмжлэлийн тухайд: ******* нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/41 дүгээр тушаалаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга *******г төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна. Иргэн ******* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны Өдрийн 125/ШШ2024/0045 дугаар шийдвэрээр дээрх 2024 оны 5/41 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож, *******г аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/145 дугаар тушаалаар *******г эгүүлэн ажил, албан тушаалд нь томилж, 23.739,506 төгрөгийг цалин хөлсөнд, нийгмийн даатгалын шимтгэлд 3,746,556 төгрөг, нийт 27,486,062 төгрөгийг олгожээ. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 04/2057 дугаар албан бичгээр хариуцагч *******од төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй байна.

2. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга *******ийг төрийн албанаас халсантай холбоотой нэхэмжлэлийн тухайд: ******* нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга *******ийг төрийн албанаас халах шийдвэрийг гаргасан байна. Иргэн ******* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 125/ШШ2024/0031 дүгээр шийдвэрээр дээрх 2024 оны Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******ийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/130 дугаар тушаалаар *******ийг эгүүлэн ажил, албан тушаалд нь томилж, 19,177.523 төгрөгийг цалин хөлсөнд, нийгмийн даатгалын шимтгэлд 3,131,640 төгрөг, нийт 22,309,163 төгрөгийг олгосон байна. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 04/2056 дугаар албан бичгээр хариуцагч *******од төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй байна.

Иймд хариуцагч Б Ганболдын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 49,795,225 төгрөгийг Төрийн сангийн MN540090100900021501 тоот дансанд буруутай албан тушаалтан болох *******оос гаргуулахаар нэхэмжлэлийг Улсын Дээд шүүхийн 2024 оны 25 дугаар тогтоолын дагуу гаргаж байна.

 

3.2.Хариуцагч *******оос шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга *******, Хууль эрх зүйн хэлтсийн дарга ******* нарыг ажлаас чөлөөлсөнтэй холбоотой цалин хөлс нөхөн олгосныг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга *******г төрийн албанаас чөлөөлсөнтэй холбоотой нэхэмжлэлийн тухайд: Миний бие Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга *******г өөрийнх эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлийг нь үндэслэн үүрэг ажлаас нь чөлөөлсөн. Улмаар ******* шүүхэд хандсаны дагуу шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 125/ШШ2024/0045 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон.

Тус шүүхийн шийдвэрт иргэн *******г эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлттэй байгаа тул чөлөөлж өгнө үү гэсэн өргөдлөө өөрийн гараар бичсэн нь тогтоогдож байгаа бөгөөд харин уг өргөдлийг бичихэд Засаг дарга ******* дарамт үзүүлж, *******гийн өөрийнх нь хүсэл зоригийн эсрэг өргөдлийг нь бичүүлж авсан байна гэж дүгнэсэн байгаа. *******гийн өргөдлийг надад өгөхдөө Засаг дарга ******* дарамталж байгаад бичүүлсэн талаар мэдэгдээгүй, ******* миний бие уг өргөдлийг бичих, бичүүлэхэд ямар ч хэлбэрээр оролцоогүй, ямар нэгэн холбогдолгүй. *******г Засаг даргад өргөдлөө бичиж өгдөг өдөр буюу оны 2 дугаар сарын 29-ний өдөр намайг Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр гарч байсан ба тухайн өдөр аймгийн Засаг дарга *******гаас Б.Гомбосүрэнгийн өргөдлийг өгч, чөлөөлөх шийдвэр гаргах талаар өгсөн үүрэг даалгаврын дагуу *******гийн өөрийнх нь гараар өөрөө бичсэн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлийг нь үндэслэн тушаал гаргасан. Уг өргөдлийг намайг томилогдохоос өмнө Засаг дарга бичүүлж авсан байсан учраас надад хамааралгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1. "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж заасан бөгөөд шүүхийн шийдвэрт аймгийн Засаг дарга ******* *******г дарамталж, өөрийнх нь хүсэл зоригийнх нь эсрэг өөрийнх нь өргөдлийг бичүүлж авсан гэж тогтоосон байгаа учраас *******гийн төрөөс авсан нөхөн олговрыг би төлөх үндэслэлгүй гэж бодож байна.

Иймд тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан *******гаас нэхэмжилж, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ёстой. Харин би гэм буруугүй учраас хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой гэж үзэж байна.

Төрд хохирол учраагүй гэж бодож байна. Шинээр хүн томилж ажиллуулаагүй, ахлах мэргэжилтэн нь ажлыг нь түр орлон гүйцэтгэж байсан. Батлагдсан цалингийн сангаас хэтрэлт гараагүй. Харин ч бүх албан хаагчиддаа үр дүнгийн урамшуулал олгосон байгаа.

 2. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга *******ийг ажлаас чөлөөлсөнтэй холбоотой нэхэмжлэлийн тухайд:

Шүүхээс *******ийн буруутай үйлдэлд хариуцлага тооцох хугацаа дууссан байсан шалтгаанаар тушаалыг хууль бус болохыг тогтоосон байдаг.

Аймгийн Засаг даргаас Хууль эрх зүйн хэлтсийн дарга *******ийг ажлаас хал гэсэн үүрэг чиглэлийн дагуу судалж, үзэхэд тодорхой баталгаатай үндэслэл бүрдэхгүй, өмнөх бүрдүүлсэн материалын хэлэлцэх хугацаа дууссан байсан, үүнийг удаа дараа Засаг дарга *******д танилцуулсан боловч түүнийг ажлаас халах шийдвэр заавал өнөөдөртөө багтааж гарга гэсэн дарамт, шахалт үзүүлсэн.  Засаг дарга ******* өр төлбөрийг би өөрөө хариуцна гэсэн амлалтыг үндэслэн би тушаалд гарын үсэг зурж, баталгаажуулсан. Миний бие санаачлан *******т сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэрийн төсөл боловсруулах чиглэлийг Тамгын газрын холбогдох албан тушаалтнуудад өгөөгүй, харин аймгийн Засаг дарга *******гийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Эрдэнэбат, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн ******* нар хамтран боловсруулсан байдаг.

Иймд Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжилсэн аймгийн Засаг даргын Тамгын газраас *******т олгосон нөхөн төлбөрийг барагдуулах асуудлыг дараах үндэслэлээр тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан одоогийн УИХ-ын гишүүн ******* хариуцах ёстой гэж үзэж байна. Тушаалыг Засаг дарга *******гийн дарамт, шахалтан дор гаргасан. Хэрэв уг тушаалтай холбоотой төлбөрийн асуудал гарвал та хариуцахгүй, би хариуцна гэж амлалт өгсөн. Би тэр үед өвчтэй эмнэлгээр явж байсан. Тушаал гаргадаг өдөр хариад амарч байсан намайг ажлын бус цагаар гэрээс дуудан ирүүлж, эрүүл мэнд муу, зүрх савласан, сэтгэл санааны дарамттай, бодож, сэтгэх шийдвэр гаргах чадамж муу үед аймгийн Засаг дарга ******* заавал өнөөдөр гарга гэж дарамт, шахалт үзүүлж, баталгаажуулсан. ******* шийдвэрийг яг өнөөдөр, яг одоо гарга гэж дарамтлаагүй бол ******* өөрөө хүсэлтээ өгч, түүний хүсэлтийн дагуу ямар нэгэн маргаан үүсэхгүйгээр шийдвэрлэх боломж байсан.  Ганзориг нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсний дагуу *******ийг ажлаас халсан шийдвэрээ өөрчлөх боломжийг мөн л аймгийн Засаг дарга ******* надад олгоогүй.

Ийнхүү миний бие *******т сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг баталгаажуулахдаа анхнаас нь хууль ёсны, хууль зүйн үндэслэл бүрэн, шүүх дээр очиход даваад гарна гэдэг итгэл үнэмшилгүй байсан ба аймгийн Засаг дарга *******гийн дарамт, шахалт дор уг тушаалд гарын үсэг зурж, баталгаажуулсан байдаг. Тамгын газрын дарга нь Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх үүрэгтэй байгаа. Аймгийн засаг дарга ******* намайг тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилоод  2 хэлтсийн даргыг халах тушаал гаргуулсан байгаа. Энийг ******* дарга сонгуулийн сурталчилгаанд ашигласан байгаа.

Иймд шүүхээс төрийн жинхэнэ албан хаагч намайг ямар нэгэн гэм буруугүйг тогтоож Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар нийт 49,795,225 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож, аймгийн Засаг дарга асан, одоогийн УИХ-ын гишүүн *******гаас гаргуулж өгнө үү гэв.

 

3.3. Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 

Төрийн албаны зөвлөлийн *******од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. *******, ******* нарыг ажлаас чөлөөлсөн тушаалын хувьд тухайн үед Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан ******* дарамтлаад дуудаад гарын үсэг зур гээд зуруулсан. Мөн эдгээр тушаалтай холбоотой ямар нэгэн хохирол төлбөрийн асуудал гарсан тохиолдолд ******* өөрөө хариуцна гэж байсан. Тухайн үед Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан ******* нь одоо УИХ гишүүнээр ажиллаж байгаа. Уг асуудал нь ийм нөхцөл байдалд хүрсэн гэдгийг *******тай хамт засаг даргын тамгын газарт ажиллаж байсан хүмүүс мэдэж байгаа.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” 497.2-д Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан.

Мөн хуулийн 498 дугаар зүйлд байгууллага, албан тушаалтны бусдад учруулсан гэм хорыг арилгахтай холбоотой асуудлыг зохицуулсан байна. Тус хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж буй уг маргааны хувьд Ховд аймгийн Засаг даргын ажлын албан болох Засаг даргын тамгын газрын дарга нь Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу холбогдох албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой асуудал юм.

Өөрөөр хэлбэл, Засаг даргаас өгсөн үүргийг биелүүлэх явцад бусдад гэм хор учруулсан буюу ажлаас үндэслэлгүй халсантай холбоотой төрд хохирол учирсан гэж үзэн Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэл гаргаж байгаа.

Энэ тохиолдолд хариуцагч ******* нь өөрийн хүсэл сонирхлоор бус Засаг даргын шаардсанаар хэлтсийн дарга нарыг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан тул Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.5-д зааснаар дээрх тушаалыг гаргахад хариуцагчийн ямар нэгэн санаа зорилго байгаагүй гэж үзэх тул тухайн тушаалыг гаргахыг шаардан дарамталсан гэх *******гаас хохирлыг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Тухайн 2 хүнийг ажлаас халсан байх хугацаанд хэн нэгнийг томилж ажиллуулаагүй учраас төрд бодитой хохирол учраагүй гэж үзэж байгаа.

Иймд Төрийн албаны зөвлөлийн *******од холбогдуулан гаргасан “49,795,225 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

2. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 сарын 20-ны өдрийн “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолын тайлбарлах нь хэсгийн 1.3-т “Захиргааны байгууллагаа өөрт учирсан хохирлоо шаардаж буй тохиолдолд хариуцагч нь хувийн эрх зүйн этгээд /хүн, хуулийн этгээд/ бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Харин хариуцагч нь захиргааны байгууллага, албан  тушаалтан эсхүл захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч харьяалан шийдвэрлэнэ.” гэж хэргийн харьяаллыг тогтоосон ба нэхэмжлэгчийн шаардлага нь хариуцагчийг захиргааны албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсантай холбоотойгоор төрд учирсан хохирлыг гаргуулахтай холбоотой байх тул тус шүүхэд харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.

3.Нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчид төрд учруулсан хохирлыг төлж барагдуулах талаар 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 04/2056 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/2454 дүгээр албан бичгээр Ховд аймаг дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны12 дугаар сарын 08-ны өдрийн 319/ШЗ2025/03257 дугаар захирамжаар нэхэмжлэлийг харьяалал зөрчсөн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр тус шүүхэд хандсан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй. 

 4. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч *******ыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа гаргасан хоёр захиргааны албан тушаалтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг шүүхээс хууль бус болохыг тогтоож, ажилд нь эгүүлэн тогтоосноор цахин олговорт 49.795.225 төгрөгийг нөхөн олгосныг төрд учруулсан хохиролд тооцож түүнээс гаргуулахаар мэдэгдлийг хүргүүлсэн боловч хэрэгжүүлээгүй гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлаж,

Хариуцагчаас “... Өөрийн хүсэл зоригоор бус аймгийн Засаг даргын дарамт шахалтаар тушаал гаргасан тул  гэм буруугүй, ажлын байранд хүн томилж ажиллуулаагүй, шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн томилон ажиллуулсан тул  төрд хохирол учраагүй... “гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.

5. Хариуцагч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/41 дүгээр тушаалаар Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга *******г, 2024 оны 03 дугаар сарын 01-ний Б/43 дугаар тушаалаар Хууль эрх зүйн хэлтсийн дарга *******ийг тус тус ажлаас чөлөөлжээ.

6. *******, ******* нар ажлаас чөлөөлсөн үндэслэлийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 125/ШШ2024/0031 дугаар шийдвэрээр *******ийг, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 125/ШШ2024/0045 дугаар шийдвэрээр *******г тус тус ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон байх ба хэргийн оролцогчид давж заалдах журмаар гаргаагүй тул шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

7. Улмаар нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын  2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/130 дугаар тушаалаар *******ийг Хууль эрх зүйн хэлтсийн даргаар, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/145 дугаар тушаалаар *******г Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар тус тус эгүүлэн томилж ажиллуулсан байна. 

8. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна гэж тус тус зааснаар *******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 19.177.523 төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэлд 3.131.640 төгрөг нийт 22.309.163 төгрөг, *******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний 23.739.506 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 3.746.556 төгрөг нийт 27.486.062 төгрөг цалин хөлсний олговор бүгд 49.795.225 төгрөгийг  олговор төрөөс нөхөн олгожээ.

9. Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна. 103 дугаар зүйлийн 103.1.Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ. Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн цалин 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэж тус тус заасан.

10. Эдгээр хуулийн зохицуулалтуудаас үзвэл, захиргааны албан тушаалтны шийдвэр нь хууль бус бөгөөд түүний улмаас хохирол учирсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол эхний ээлжинд хохирлыг төр хариуцан барагдуулж дараагаар гэм буруутай этгээд буюу хууль бус захиргааны акт гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр байна.

11. Иймд төрд учирсан хохирлыг төрөөс барагдуулсан нь тогтоогдсон тохиолдолд Төрийн албаны зөвлөл нь гэм буруутай этгээдээс хохирлыг нөхөн төлөхийг шаардаж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.

12. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “...тушаалыг өөрийн хүсэл зоригоор гаргаагүй, гэм буруугүй болохоо нотолбол хохирлыг төлөх хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой” гэх тайлбарыг  хүлээн авах үндэслэлгүй.

13. Учир нь нэгэнт хариуцагчийн гаргасан захиргааны актыг хууль бус болохыг тогтоосон буюу түүний гэм бурууг тогтоосон Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 125/ШШ2024/0031 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 125/ШШ2024/0045 дугаар тус тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах үйл баримт юм.

14. Иймд хариуцагчийн 2 захиргааны албан тушаалтынг ажлаас чөлөөлсөн тушаал гаргах болсон шалтгаан, нөхцөл байдлын талаар буюу хариуцагчийн гэм буруугийн дүгнэсэн шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй.

15. Ажлаас чөлөөлсөн 2 албан тушаалтаны оронд хүн томилж ажиллуулаагүй, төрд хохирол учраагүй гэх тайлбарын тухайд: Шүүхийн шийдвэрээр хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн албан хаагчид ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговрыг улсын төсвөөс олгосон нь төрд учирсан бодит хохирол юм.

16. Түүнчлэн  ажлаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын эрх үүргээ хэрэгжүүлж цалин хөлс авах ,ажиллах нөхцөл баталгаагаар хангуулах, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж ажилласан жилээ баталгаажуулах зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн төдийгүй нөгөө талаас төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан нь хохиролд тооцогдоно.

17. Хариуцагчийн *******г ажлаас чөлөөлсөн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/41 дүгээр тушаал, *******ийг ажлаас чөлөөлсөн 2024 оны 03 дугаар сарын 01-ний Б/43 дугаар тушаал нь хууль бус болохыг шүүх тогтоосон, уг тушаалын улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан хугацааны төрийн албан хаагчдын цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож хохирлыг барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчаас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ.

 18. Иймд хариуцагч нь захиргааны албан хаагчийн хувиар гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг  хариуцах нь төрийн албаны зарчимд нийцнэ.   

 19. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 125/ШШ2024/0031 дугаар шийдвэрээр *******т ажилгүй байсан хугацаа 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацааны, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 125/ШШ2024/0045 дугаар шийдвэрээр *******д ажилгүй байсан хугацаа 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгож, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

20. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 08 дугаар сарын 05-ны өдрийн  Б/130 тушаалаар *******ийг, 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/145 дугаар тушаалаар *******г тус тус урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилон ажиллуулжээ.

21. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж зааснаас үзвэл ажилгүй байсан  хугацаа гэдэгт  ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа хамаарахаар байна.

22. Талууд төрд учруулсан гэх хохирлын мөнгөн дүнгийн талаар маргаагүй хэдий ч *******, ******* нарт олговор олгосон баримтуудаас үзвэл дээрх журамд зааснаар тооцож олгоогүй байх тул шүүхээс тооцооллыг хийж хохирлын бодит хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

23. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно:2.3.5.хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор; гэж зааснаар *******, ******* нарын цалингийн картад үндэслэн олговрыг тооцов.

24. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дугаар зүйлийн 101.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын  цалин, шагнал урамшууллаас бүрдэхээр заасан ба Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.4.2."нэмэгдэл" гэж ажилтан, албан хаагчийн мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага, мэргэшлийн түвшин, хөдөлмөрийн нөхцөл, ажлын гүйцэтгэл зэргийг харгалзан нэмэгдүүлэн олгож байгаа хөлсийг хэлнэ. Нэмэгдэлд хөдөлмөрийн нөхцөлийн, ажилласан хугацааны, албан ажлын онцгой нөхцөлийн, цолны, зэрэг дэвийн, мэргэшлийн зэргийн, эрдмийн зэргийн, ур чадварын нэмэгдэл болон хууль тогтоомж, хамтын  гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа тэдгээртэй адилтгах бусад нэмэгдэл” гэж зааснаас үзвэл орон нутагт ажилласны нэмэгдлийг цалингийн нэмэгдэлд хамааруулж ойлгохоор байх тул дундаж цалин хөлсийг тооцохдоо хасч тооцоогүй.

25. Мөн журмын 1.4.3-д "нэмэгдэл хөлс"-д  гэж ажилтан, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсэн, эсхүл ажил хослон гүйцэтгэсэн, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн, өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсэн зэрэг тохиолдолд нэмэгдүүлэн олгож байгаа хөлсийг хэлнэ...” гэж заасан тул *******т 2024 оны 01, 02 дугаар сард  ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс олгосныг цалин хөлснөөс хасч тооцоогүй.

26. Харин  журмын 1.5-д Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй.” гэж зааснаар  хоолны хөнгөлөлтийн дүнг олговрын дүнгээс хасч тооцсон. 

27. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө.”, 21.7-д “Энэ хуулийн 7.2.5-д заасан хүний шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрт заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос, хэрэв шүүхийн шийдвэрт цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг заагаагүй бол түүний уг ажлаас халагдахын өмнө авч байсан сүүлийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, буруутай этгээд нийгмийн даатгалын зохих санд нэг удаа төлнө.”, 24 дүгээр зүйлийн 24.1. Дараах тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ: 24.1.4.хууль бусаар ажлаас халагдсан тухай шүүхийн шийдвэр гарсан бол; гэж тус тус заасан тул ажилгүй байсан хугацааны олговроос ажилтан 11.5 хувиар төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дүнг шүүх хасаж тооцоогүй, ажил олгогчоос 12.5 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлөх, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй холбоотой гэж үзлээ.  

28. *******т олгох олговрын тухайд:

28.1. Ажил олгогчоос түүнд олговрыг тооцож олгохдоо ажилгүй байсан хугацааг ажлаас чөлөөлөгдсөн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг олгосон байна.

28.2. Ажлаас чөлөөлөгдсөн 2024 оны 03 сарын 01-нээс өмнөх ажилласан 3 сарын хувьд  2023 оны 12 дугаар сар, 2024 оны 01, 02 дугаар сар хамаарч байх ч 2023 оны 12 сарын хувьд гүйцэтгэлийн төлөвлөгөөний урамшуулалтай холбоотой бодогдсон цалин илт зөрүүтэй мөн 2023-2024 он дамжсан зэргийг харгалзан тухайн сарын ажлын хоног 20 хоногийн цалин хөлсийг 2024 оны 02 дугаар сартай адилтгаж авч үзсэн болно. 

 

 

 

 

 

 

 

 

 

28.3. Тооцооллыг хийсэн аргачлал:

№

Ажилласан сүүлийн 3 сар

Ажлын өдөр

1 сарын цалин хөлс

Хоолны хөнгөлөлт

1 өдрийн дундаж цалин хөлс

1.

2023 оны 12 дугаар сар

20

5,588,835 /4,404,650/

100,000

 

12,893,950:62 =207,966төг

2.

2024 оны 01 дүгээр сар

22

4,414,650

110,000

3.

2024 оны 02 дугаар сар

20

4,404,650

100,000

Дүн

 

62

13,223,950төг

330,000

12,893,950

Ажилгүй байсан хугацаа

 

2024.03.01-нээс 2024.08.03  /ажлын өдөр 104 хоног/

Ажилгүй байсан хугацааны олговор

207,966төг х 104 хоног= 21,628,464төг

Нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогчоос төлсөн 12,5%

3,131,640төг

Төрд учирсан хохирол

21,628,464 - 3,131,640= 18,496,824төг

 

 

29. *******д олгох олговрын тухайд:

29.1. Ажил олгогчоос түүнд олговрыг тооцож олгохдоо ажилгүй байсан хугацааг ажлаас чөлөөлөгдсөн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны хугацааны цалин хөлсийг олгосон байна.

29.2 Гэтэл ******* нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн байх тул 10 сард ажилгүй байсан ажлын 9 өдрийг нэмж тооцов.

29.3. 2024 оны 02 сарын 29-нээс өмнөх ажилласан 3 сар нь 2023 оны 12 дугаар сар, 2024 оны 01, 02 дугаар сар хамаарч байх ч 2023 оны 12 сард өөр байгууллагад ажиллаж байсан тухайн байгууллагад 2024 оны 01 сараас эхэлж ажилласан байх тул  тухайн сард ажилласан хоног 20 хоногийн цалин хөлсийг 2024 оны 02 дугаар сартай адилтгаж авч үзсэн  болно.  

29.4 Тооцооллыг хийсэн аргачлал:

 

№

Ажилласан сүүлийн 3 сар

Ажлын өдөр

1 сарын цалин хөлс

Хоолны хөнгөлөлт

1 өдрийн дундаж цалин хөлс

1.

2023 оны 12 дугаар сар

20

3,947,830

100,000

11,523,490:62

=185,862төг

2.

2024 оны 01 дүгээр сар

22

3,957830

110,000

3.

2024 оны 02 дугаар сар

20

3,947,830

100,000

Дүн

 

62

11,853,490төг

330,000

11,523,490

Ажилгүй байсан хугацаа

 

2024.02.29-нээс 2024.10.10  /ажлын өдөр 154 хоног/

Ажилгүй байсан хугацааны олговор

185,862төг х 154 хоног= 28,622,748төг

Нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогчоос төлсөн 12,5%

3,746,550төг+214191төг /10 сард ажилгүй байсан 9 хоногийн цалин ногдох шимтгэл/ =3,960,741

Төрд учирсан хохирол

 

28,622,748-3,746,550= 24,876,198төг

 

30. Дүгнэвэл *******т 18,496,824 төгрөгийн олговор, *******д 24,876,198 төгрөгийн олговорт нийт 43,373,022 төгрөгийг төрд учруулсанд тооцох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 49,795,225 төгрөгөөс үлдэх 6,422,203 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

31. Гэвч шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргаж шийдвэрийн тогтоох хэсэгт төрд учруулсан хохирлын дүнг 42,172,529 төгрөг гэж танилцуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, шүүхээс энэ алдааг залруулахгүй боломжгүй тул танилцуулсан дүнгээр тогтоох хэсэгт бичив.

32. Энэ талаар хэргийн оролцогчид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж зөвтгүүлэх боломжтой болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.7, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 103 дугаар зүйлийн 103.1, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 50 дугаар зүйлийн 50.2, Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******оос төрд учруулсан хохирол 42,172,529 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНГЭРЭЛ