| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0082/э |
| Дугаар | 353 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
улсын яллагч: С.Эрдэнэтуяа;
шүүгдэгч: Г.Цэнгэлбаяр, түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ганхуягийн Цэнгэлбаярт холбогдох эрүүгийн 1709026890278 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Кредит” банкны Засгийн газрын ордны зүүн талын салбарт эдийн засагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж, 25 дугаар байрны 12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УШ94060116 регистерийн дугаартай, Бөгөгхөөн овогт Ганхуягийн Цэнгэлбаяр.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Г.Цэнгэлбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, хохирогч Б.Батхүүг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,
мөн 2017 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, хохирогч Б.Батхүүг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Цэнгэлбаяр мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын дунд үеэр 6 найзтайгаа “Чикэн хаус” гэх нэртэй газар сууж байсан. Маргааш нь 1 дэх өдөр байсан учраас бид нар найзынхруугаа очиж хонохоор шөнийн 00 цагийн үед гарсан. Манай найз “араас ирнэ” гээд гэрийн түлхүүрээ өгөөд явуулсан юм. Гэр рүү нь орох гэтэл үүдний хаалга гацаад байсан. Энэ талаар утас руу нь залгаж хэлтэл “наанаа байж бай, би өөрөө очьё” гэсэн. Тэгээд хүлээж байтал жижүүр нь ирээд “та нар юун хүүхдүүд вэ, энэ айл СӨХ-ийн мөнгөө өгөхгүй байгаа юм. “Мөнгөө өг” гээд бид нар руу дайрсан. Бид хоорондоо жоохон маргалдсан. Удалгүй манай найз ирээд байр түрээслэж амьдардаг гэдгээ тайлбарласан боловч хэрэлдээд байхаар нь би “наад эгчтэйгээ юу ярьдаг юм, явъя” гэж хэлсэн. Тэгтэл жижүүр эгч “цагдаа дуудна шүү” гэхээр нь бид нар “хүний амгалан тайван байдал алдагдуулсан биш, тэр цагдаагаа дууд” гэж хэлсэн. Гэр рүү нь орох гэж байтал цагдаа нар ирсэн. Би доошоо бууж 2 цагдаад болсон явдлын талаар тайлбарлах гэсэн боловч “хэлтэс рүү очиж мэдүүлгээ өгөөрэй” гээд дагуулан явсан. Гэтэл Цагдаагийн газарт биш эрүүлжүүлэх рүү дагуулж орсон. Би биеэ бүрэн хянах чадартай байсан. Эрүүлжүүлэхэд ороод эвтэйхэн ярилцах гэсэн боловч хэн ч сонсоогүй. Намайг “хувцасаа тайл” гэхээр нь “ямар ч байсан утсаар ярих хэрэгтэй байна” гэтэл “би чиний эрхийг 24 цагаар хязгаарлаж байна. Чамайг утсаар яриулах гэж улс мөнгө төлдөггүй” гэсэн. Цагдаагийн албан хаагчийг мөргөсөн нь миний буруу байсан. Энэ үйлдэлдээ уучлал гуйсан. Би тухайн үед биеэ барьж чадаагүй. Би хэнд ч гай учруулаагүй. Хүнтэй эвтэйхэн харьцдаг цагдаа гэж байдаггүй юм билээ. Өөр хэлэх зүйлгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Батхүү /хх-ийн 4, 22-23, 25-26/, гэрч Б.Өнөрнасан /хх-ийн 27/, Б.Даваажав /хх-ийн 28-29/, Б.Энхтамир /хх-ийн 30/ нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 17/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 161 дугаартай дүгнэлт /хх-ийн 33/, шинжээч эмч Б.Ундармаа, Б.Ариунзул нарын мэдүүлэг /хх-ийн 35-36, 40/, Г.Цэнгэлбаярын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 45-48/, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/40 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 49/, Цагдаагийн Ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5д/1922 дугаартай албан бичиг, хавсралтын хуулбар /хх-ийн 50-54/, Г.Цэнгэлбаярын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 55-61, 70/, Г.Цэнгэлбаярын өвчний түүх /хх-ийн 62-65/, хохирогчид хохирол төлсөн баримт /хх-ийн 73/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Цэнгэлбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд хууль сахиулагч Б.Батхүүг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Батхүүгийн /хх-ийн 14, 24/: “… 2017 оны 12 дугаар сарын 12-ны шөнө Тамир-120 буюу эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 00:45 цагийн үед Тамир-116 чиглэлийн эргүүлийн машинтай ахмад Өсөхбаяр, ахлах ахлагч Мөнхбаяр хоёр Цэнгэлбаяр гэгчийг эрүүлжүүлэх байранд авч ирсэн. Би Цэнгэлбаяр гэгчийг хувцас солих өрөөрүү дагуулж орох гэтэл эсэргүүцэл үзүүлсэн. Тэгэхээр нь чирээд хувцас солих өрөөнд оруулаад гутлаа тайлах шаардлага тавихад эсэргүүцэл үзүүлж “яахаараа гутлаа тайлах ёстой гэж, чам шиг цагдаа миний гутлыг тайлдаггүй юм, пизда минь, ямар сайндаа эрүүлжүүлэхийн цагдаа хийж байгаа юм” гэж хэл амаар доромжилсон. Гутлыг нь тайлах гэж нилээн зууралдсан. Тайлахгүй гэж нилээн байснаа миний нүүр рүү хүчтэй мөргөсөн. Би манараад нэг мэдсэн хамраас цус гараад хувцас нил цус болсон байхаар нь “00”-ын өрөө орж цусаа тогтоосон. “00”-оос гарч ирээд жижүүрт мэдэгдэж илтгэх хуудас бичиж өгсөн. … Миний үүдэн хоёр шүдний нэг нь эмтэрч, нэг нь хөдөлж гэмтсэн. Эмнэлэгт үзүүлэхэд эмчилгээний зардалд 1.800.000 төгрөг хэрэгтэй байсныг би Цэнгэлбаяраас нэхэмжилж авсан. Одоо нэхэмжилэх зүйл алга” гэх мэдүүлгээр,
хохирогч С.Сарнайгийн /хх-ийн 15/: “… Өчигдөр шөнө 01 цагийн үед дээд давхарын орцонд хүмүүс шуугиад байхаар нь би “битгий орцонд шуугиад тамхи татаад бай” гэсэн чинь нэг залуу нь “чамаар заалгахгүй, чиний насан дээр орцны жижүүр хийгүй” гэж хэл амаар доромжилсон. … 87 тоотын залуу гаднаас орж ирээд “би өөрөө гэртээ ороод зохицуулчихъя” гээд байж байтал нүдний шилтэй залуу нь бууж ирээд “наадахдаа хууль уншаад өгчих, надад хууль үйлчлэхгүй, цагдаагаа дууд” гээд байсан. Тэгээд би цагдаа дуудсан…” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Өнөрнасангийн /хх-ийн 27/: “... 2017 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө тус хэлтсийн эрүүлжүүлэх байранд цагдаа жолоочийн үүрэг гүйцэтгэж байхад эмч ахмад Ариунцэцэг надад “Батхүү, Даваажав хоёр /хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа/ нөгөө согтуутайгаа ноцолдоод эхэллээ” гэхээр нь би хувцас хадгалах өрөөнд очсон чинь дэд ахлагч Даваажав нөгөө согтуутай зууралдчихсан дэд ахлагч Батхүү наад талд хамраас нь цус гарсан байдалтай байсан. Батхүүг “ “00” орж цусаа цэвэрлэ” гэж явуулаад ахлах ахлагч Энхтамир нөгөө согтууд “чи цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлэхгүй биед нь халдлаа” гэсэн чинь нөгөө согтуу “би тэгээгүй” гэж хэлсэн…” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Даваажавын /хх-ийн 29/: “... Хувцас солих өрөө рүү ороод бид хоёр түүнд “тэлээгээ тайл, гутлаа тайл” гэх шаардлага тавихад “тайлахгүй, та нар зүгээр байсан хүнийг авч ирж эрүүлжүүллээ” гээд гараа алдлаад эсэргүүцэл үзүүлээд “битгий надад хүр, хүнд хүрэх хуультай байдаг шүү” гээд орилоод байсан. Батхүү “хэрэв тайлахгүй бол би өөрөө тайлж өгье, хэрэв та эсэргүүцээд байвал тусгай хэрэгсэл болон биеийн хүч хэрэглэнэ шүү” гэж хэлээд ойртоод тэлээнээс нь барьж авах гэтэл эсэргүүцээд гарыг нь цохих үед Батхүү тэлээнээс барьж аваад түүнийг хавирах гээд зүүн хөлөөрөө баруун хөлийн гуталруу нь хавирах маягаар хүрэх үед “чи надад гар хүрлээ” гээд Батхүүг барьж аваад мөргөсөн. Батхүү тэлээнээс барьсан чигээрээ хойшоо унасан. Би араас нь тэврээд автал миний баруун гарын ядам хурууны үен дээрээс хазсан болохоор миний хөдөлгөөн хязгаарлагдсан. Тэгээд бид гурав газар унаад 5 секунд орчим ноцолдсон. Цэнгэлбаяр Батхүүг тавих үед би араас нь татаж холдуулаад Батхүү босч ирэхэд шууд хамраас нь цус гоожсон. ... Цэнгэлбаярыг цохиж зодсон хүн бол байхгүй. Цэнгэлбаярыг өчсөнөөс өөр үйлдэл хийгээгүй. Цэнгэлбаяр нь миний гарнаас хазахаар нь би хүчээр татаж авсан ба тэр үед арьс нь зулгарсан байсан боловч тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээгүй …” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Энхтамирын /хх-ийн 30/: “... 2017 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө тус хэлтсийн эрүүлжүүлэх байранд саатуулах байрны цагдаагийн үүрэг гүйцэтгэж байхад машинт эргүүлийн офицер ахмад Өсөхбаяр “орцонд танхайрсан” гэх зөрчилтэй Цэнгэлбаяр гэгчийг авч ирсэн. Би үйлчлүүлэгчийн өрөөнд байж байтал хувцас хадгалдаг өрөөнд хүн ноцолдоод байгаа чимээ гарсан. Тэгтэл дэд ахлагч Батхүү “Тамираа ахаа” гээд дуудахаар нь хувцас хадгалах өрөөнд яваад очтол Батхүү нүүрээ дараад сууж байсан…” гэх мэдүүлгээр,
Г.Цэнгэлбаярын буруутай үйлдлийн улмаас Б.Батхүүгийн биед “баруун хацрын зулгаралт, дээд уруулын язарсан шарх, 1 шүдний эмтрэл” бүхий мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 161 тоот дүгнэлтээр /хх-ийн 32/
Дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Б.Ундармаагийн /хх-ийн 34-35/: “... Батхүүгийн биед учирсан баруун хацрын зулгаралт, дээд уруулын язарсан шарх, 1 шүдний эмтрэл бүхий гэмтлүүд нь нэг удаагийн мөргөлтөөр үүсч болно. Учир нь толгойгоороо хүчтэй мөргөхөд мөргөх талбай том учраас нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно…” гэх мэдүүлгээр,
Г.Цэнгэлбаярын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 46-47/: “... Намайг эрүүлжүүлэх байранд ирсэний дараа Батхүү намайг хавирч улмаар би буцаагаад мөргөсний дараа бүх цагдаа нар орж ирээд намайг газар хэвтүүлж байгаад хоёр гар дээшээ өчиж миний бүх хувцасыг тайлсан. Намайг хэн нэгэн цохиж зодсон зүйл байхгүй …” гэх мэдүүлгээр болон камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч согтуурсан үедээ орцонд хэрүүл маргаан үүсгэн, орцны жижүүрийг хэл үгээр доромжилсон, цагдаагийн алба хаагч нийтийн хэв журмыг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу дуудлагаар, шүүгдэгч нь цагдаагийн алба хаагчийг хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлж байхад хүч хэрэглэн зодсон зэргийг гэрч, хохирогч нар мэдүүлцгээсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү эрүүлжүүлэх байранд хуулиар хүлээсэн чиг үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг хүч хэрэглэн зодож хөнгөн гэмтээсэн шүүгдэгч Г.Цэнгэлбаярын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргүүдийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.Цэнгэлбаярын дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.
Г.Цэнгэлбаяр гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Б.Батхүүд 1.800.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн”, мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь, мөн прокурорын саналыг харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв. Ингэж ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.
Шүүх шүүгдэгч Г.Цэнгэлбаярын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Бөгөгхөөн овогт Ганхуягийн Цэнгэлбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэнгэлбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэнгэлбаярыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Цэнгэлбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн Г.Цэнгэлбаярын нийт эдлэх ялын хэмжээг 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэнгэлбаярын нийт эдлэх 3.150.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэнгэлбаяр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цэнгэлбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ