Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар  2024/ДШМ/78      

 

 

 

 

 

 

  2024        11           14                                                      2024/ДШМ/78                                                

 

Ч.Бт холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Цэрэнтогтох /цахимаар/,

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Бын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ч.Бт холбогдох эрүүгийн 2209013330536 дугаар хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ч.Б, 1990 оны ........... өдөр .......... аймаг .............суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч, жүжигчин мэргэжилтэй, "........." ХХК-ийн захирал ажилтай, ам бүл ганцаараа, Улаанбаатар хот, ........дүүрэг, ...................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 730 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 601 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар: ............

2. Ч.Б  нь үргэлжилсэн үйлдлээр өөрийн үүсгэн байгуулсан "........." ХХК нь "Хаан буйдан" үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна гэж цахим орчинд зар байршуулсан ба уг зарын дагуу холбогдсон болон урьдын харилцааны явцад бий болсон хохирогч нарт буйдан, тавилга үйлдвэрлэх боломжгүй байснаа мэдсээр байж боломжтой мэтээр итгэлийг урвуулан ашиглаж, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч "........." ХХК-ийн Хаан банкны 5629011560, Төрийн банкны ......... дугаарын данснуудаар,

Зарын дагуу холбогдсон хохирогч .........буйдан үйлдвэрлэх боломжгүй байснаа мэдсээр байж боломжтой мэтээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хохирогч Т.Х2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр урьдчилгаа 960,000 төгрөгийг,

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт хохирогч Б.У2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн залилан авч 1,960,000 төгрөгийг,

Зарын дагуу холбогдсон хохирогч Б.Бөд буйдан үйлдвэрлэх боломжгүй байснаа мэдсээр байж боломжтой мэтээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт хохирогч Б.Бөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөгийг,

Төв аймгийн Зуунмод сумаас хохирогч С.Сувдаад гал тогооны тавилга үйлдвэрлэж өгнө гэж 2024 оны 01 дүгээр сарын 27-ноос 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 2,720,000 төгрөгийг,

Төв аймгийн Зуунмод сумаас хохирогч Б.Обуйдан үйлдвэрлэж өгнө гэж 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Хохирогч Б.Энь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Хаан буйдан үйлдвэрийн байранд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр буйдан захиалгаар хийж, орон нутгийн унаанд өгч явуулна гэж хуурч төлбөрийг Архангай аймгийн Тариат сумын нутгаас интернэт банкаар "........." ХХК-ийн 5629011560 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөнгө зээлээч гэж 1,500,000 төгрөг, мөн 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Имарт төвд хохирогч Б.Ттохиролцож буйдан хийж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны 5629011560 дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 7,000,000 төгрөг, нийт 8,500,000 төгрөгийг,

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Б.Отохиролцож
буйдан хийж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг
төөрөгдөлд оруулж Хаан банкны 5629011560 дугаарын дансаар 1,650,000 төгрөгийг
шилжүүлэн авч нийт бусдад 17,130,000 төгрөгийн хохирол учруулсан
гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

3. Төв аймгийн прокурорын газраас Ч.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг
баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Ч.Быг 1 /нэг/ жил 5 /тав/
сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бт өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан ял болох Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 601 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ч.Баас 960,000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Х-д, 1,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.-д, 800,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бөд, 2,720,000 төгрөгийг гаргуулан хохирогч С.С-д, 500,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.О-д, 1,000,000 төгрөгийг гаргуулан Б.Э-т, 8,500,000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Б-д, 1,650,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.О- нарт тус тус олгож,

Эрүүгийн 22209013330536 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримтаар ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ч.Б нь 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өөрт холбогдох 2209093330536 дугаартай хэргээр хохирлын төлбөр болох 17,300,000 төгрөг төлөгдөөгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр 1  жил 6 сарын хугацаагаар хорих ял сонссон билээ. Одоо хохирлын төлбөрөө бүрэн барагдуулах болсон тул тус хэргийг шинээр дахин шийдвэрлүүлэхийг хүсэж байнагэжээ.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, хэргийн талаар маргаж, мэтгэлцэх зүйлгүй. Иймд Ч.Бт анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Цэрэнтогтох цахимаар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Бт оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Бын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн өмчлөх эрхийн эсрэг бусад төрлийн гэмт хэргүүд болон иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийг хэн, хэрхэн, ямар аргаар үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ зэрэг бусад шинжүүдээр нь хүндрүүлэн зүйлчилдэг.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.Х: “Би 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын үүд суманд гэртээ байхдаа фэйсбүүкийн зарын дагуу “Хаан буйдан” гэх үйлдвэрийн хүмүүстэй нь холбогдож ярилцаад... 1,200,000 төгрөгийн үнэтэй гэрийн буйданг худалдан авахаар болж урьдчилгаа 960,000 төгрөгийг “ХААН” банкны ......... гэх эзэмшигчтэй .......... дугаартай дансаар нь шилжүүлэн өгсөн. Ингээд надад хэлэхдээ буйдангаа 5 хоногийн дараа бэлэн болоод хүргэгдэнэ гэж хэлсэн. Гэтэл бэлэн болгож ...өгөөгүй...” /1хх-н 54-55/ гэх,

Хохирогч Б.У: “Энэ асуудал 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод явж байхдаа гар утсаар холбогдоод зарын дагуу очсон. ...Би уулзаад урьдчилгаа 1 сая төгрөг өгсөн. Миний уулзсан хүн өндөр бор залуу байсан. ...Мөнгө шилжүүлэхдээ урьдчилгаа гэж хэлээд 1,000,000 төгрөгийг .............. тоот ......... гэсэн нэртэй данс руу явуулсан...” /1хх-н 178-180/ гэх ,

Хохирогч Б.Б: “Би 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хаан буйдан гэсэн фэйсбүүк хаяг руу цахимаар холбогдож, 1,150,000 төгрөгийн үнэтэй буйдан авахаар болоод урьдчилгаа мөнгө болох 800,000 төгрөгийг Хаан банкны ......... дугаарын “......... ХХК” гэсэн данс руу шилжүүлсэн. Би анх 88966570 дугаарын утсаар холбогдож захиалга өгч ярихад, надад 7-14 хоногийн дотор буйданг үйлдвэрлэж вагоны тээшинд хийж явуулна гэсэн. Тэгээд би хэл чимээгүй байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр буйдангаа асуугаад чат бичихэд хариу                 ирээгүй. Мөн намайг 88966570 дугаарын утас руу нь залгахад утсаа бас авахгүй байсан.                      Тэгээд би 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр буйдангаа утсаар нэхээд чат бичсэн чинь надад манай компанийн жижиг, сажиг бараа урд хил дээр орж ирж байгаад гацчихсан байна. Хэд хоногийн дараа ирэх байх гэж хэлсэн. ...Тэгээд би тэрнээс хойш 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр буйдангаа нэхээд чат бичсэн чинь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс ажил эхэлнэ, тэгэхээр таны буйданг явуулна гэсэн. Тэгээд бас л таг болчихсон. Дахиад би 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр чат бичсэн. Тэгсэн ерөөсөө  хариу бичихгүй байсан. ...Тэгээд тэрнээс хойш утсаа авахгүй, чат бичихээр хариу бичихгүй өнөөдрийг хүрсэн. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм...” /2хх-н 6-7/ гэх,

Хохирогч С.С: “Би...91929335 дугаарын утсаар Ч.Бтай холбогдоод 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 06 цагийн үед манай нөхөр М.Э Улаанбаатар хот ороод Ч.Быг аваад Зуунмод суманд байх гэрт авчраад, тавилга хийлгэх хэмжээгээ өгөөд захиалгаа өгсөн ба 2,800,000 төгрөгөөр үнэ өртгөө тохиролцоод урьдчилгаа мөнгө болох 1,900,000 төгрөгийг Төрийн банкны ......... тоот данс руу шилжүүлээд, Улаанбаатар хотод Гранд плаза төвийн хажууд буулгасан. 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хэдэн юм авахад мөнгө дутчихлаа гээд тухайн данс руу 350,000  төгрөгийг шилжүүлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тавилга бэлэн болох ёстой байсан. Гэвч ирээгүй, дараа 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ирэхээр болсон ба тухайн өдрөө бас ирээгүй. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “одоо би гарах гэж байна аа машиндаа аччихсан байна, жоохон мөнгө дутаад байна үлдсэн мөнгөө явуулчих” гэхээр нь би тухайн данс руу 470,000 төгрөгийг явуулсан. Цагаан сарын үеэр ирнэ гээд ирээгүй ба мессенжерээр дуудлага хийж ярихад маргааш, нөгөөдөр очно гээд өдийг хүрсэн. Би нийт 3 удаагийн гүйлгээгээр 2,720,000 төгрөгийг шилжүүлсэн...” /2хх-н 81-82/ гэх,

Хохирогч Б.О: “Манайх буйдан авах гээд хайж байгаад ...С нь гал тогооны тавилга захиалж байгаа болохоор  хийлгэж байгаа хүн рүү нь манай нөхөр залгаад Ч.Б гэх хүний фейсбүүк хаяг руу залгаад ямар ямар материалаар тавилгаа хийлгэх талаар ярилцаад тухайн өдрөө буюу 2024 оны 02 дугаар 04-ний өдөр Төрийн банкны ......... тоот дугаарын данс руу урьдчилгаа гэж 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдөр залгахад “Би өгнө, надад хэцүү юм тохиолдоод байна” гэх зэргээр хариу хэлсэн...” /2хх-н 86-87/ гэх,

Хохирогч Б.Э: “...2021 оны 10 дугаар сард нөхөр бид 2 Улаанбаатар хот орж машин худалдаж авсан бөгөөд тухайн үед байшиндаа буйдан авах санаатай байсан  юм. Тэгээд 32-ын тойргийн замын урд талд байдаг “Хаан буйдан” гэх буйдангийн үйлдвэр дээр очсон юм. Захирал нь байхгүй гадуур явчихсан гэсэн ба ажилчид нь л байсан. Би захиралтай нь утсаар холбогдож 1,600,000 төгрөгийн үнэтэй буйдан захиалах гэсэн юм гэж хэлтэл урьдчилгаа 1,000,000 төгрөг шилжүүлчих, захиалгыг чинь ажлын 5 өдөрт гаргаад өгчихнө гэж хэлж байсан ба ...би ...жижиг машинтай юм чинь угаасаа багтахгүй араас ачааны машинаар ачуулъя гэж тохироод нутаг буцсан. Тэгээд хэд хоногийн дараа миний захисан ачааны машин явах гээд буйдангийн компани руу ярьтал арай гараагүй байна гэж хойшлуулсаар байгаад сүүл рүүгээ холбогдохоо болиод өнөөдрийг хүрсэн. ...3 жилийн хугацаанд байнга шалтаг хэлж худлаа үнэн нь мэдэгдэхгүй шалтгаан хэлж хойшлуулсаар байгаад ийм байдалд хүрсэн...” /2хх-н 129, 132-133/ гэх,

Хохирогч Т.Б: “Би Ч.Б гэх хүнийг 2015 оноос 2016 оны хооронд таньдаг болсон юм. ...Би ажлын байраа өөрчлөөд, шинэ буйдан хийлгэх шаардлагатай болоод Ч.Баар шинэ буйдан хийлгэхээр тохирсон. Тэгээд 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр би буйдан хийлгэх гээд Ч.Бт буйдангийн мөнгө 7,000,000 төгрөгийг ...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И-март дэлгүүрийн Хас банкны салбараас шилжүүлсэн. ...Тэрнээс хойш буйданг маргааш аваачиж өглөө гээд өнөөдрийг хүрсэн. ...Гэрээ хийсэн зүйл байхгүй урд нь таньдаг байсан болохоор итгэлцлийн үндсэн дээр мөнгө шилжүүлсэн...” /2хх-н 240-241/ гэх,

Хохирогч Б.О: “2021 оны 11 дүгээр сард манай хүү Э-ын хурим болох гэж байсан. Тэгээд ...гар утсаа үзээд байж байхад “Хаан буйдан” гэх нэртэй цахим хаяг байхаар нь би тухайн хаяг руу юм бичээд үзсэн чинь над руу буцаагаад шууд залгахаар нь би аваад ярьсан чинь нэг хүн надтай ярьсан. Тэгээд юу хэрэгтэй талаар надаас асуухад би хүүгийн хурим болж байгаа юм аа энэ зурган дээр байгаа буйдан хэдэн төгрөгийн үнэтэй вэ гэхэд 1,650,000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд ...би дотроо бодохдоо уг газар нь байгууллага юм байна, найдвартай юм байна гэж бодоод өөрийн 5863336272 дугаартай хаан банкны данснаас Хаан банкны ................ дугаартай ......... гэх эзэмшигчтэй байгууллагын данс руу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Харин энэ цагаас хойш надад ямар нэгэн хариу ирэхгүй байхаар нь би залгаад өөрийнхөө захиалсан барааны талаар асуухад хийгдэж дуусаагүй байгаа, ямар олон удаа залгаж асуудаг юм, хил хаасан учраас материал байхгүй манай үйлдвэр зогсоод 1 жил гаран болж байна гэх мэт  тайлбар гаргаж байсан...” /2хх-н 115-117/ гэх мэдүүлгүүд өгсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг нотолж, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд чухал ач холбогдолтой бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ч.Бт холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэлийг зөв тогтоосон эсэх нь эргэлзээтэй байна.

4. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг бүрэн бодитой тогтоосон эсэх, нотолбол зохих байдлыг нотолсон эсэх, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоосон эсэх зэрэг асуудлыг нягтлан шалгалгүйгээр хянан шийдвэрлэж, шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Ч.Быг зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж, залилан 15,630,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэхээр заасан.

Төв аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар “Эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” тогтоолоор эрүүгийн 2434001540166 дугаартай хэрэгт мөрдөн байцаалт хийлгэхээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт шилжүүлжээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаар тогтоолоор эрүүгийн 2434001540166 дугаартай хэргийг 2209013330536 дугаартай хэрэгт нэгтгэсэн. /2хх-н 47/

Улмаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ч.Бт холбогдох эрүүгийн 2209013330536 дугаартай хэрэгт 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 472 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Залилах гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар төгсдөг бөгөөд шүүгдэгч Ч.Б нь хамгийн сүүлд гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч С.С-аас 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тавилга хийлгэх урьдчилгаа мөнгө болох 1,900,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хэдэн юм авахад мөнгө дутчихлаа гэсний дагуу 350,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тавилга машиндаа ачаад гарах гэтэл мөнгө дутаад байна, үлдсэн мөнгөө явуулчих гэснээр 470,000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа шилжүүлж авсан талаар  мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч мэдүүлжээ. /2хх-н 81-82/

Гэтэл анхан шатны шүүх энэ үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр өөрөөр хэлбэл шүүхийн харьяалал зөрчин шүүгдэгч Ч.Бт холбогдох хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн байна.

Дээрх алдаа зөрчлүүд нь давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож улмаар шүүгдэгч Ч.Бт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

6. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Бын гаргасан “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүйг, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ч.Бт өмнө хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ч.Б хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.