Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 852

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: “Т*******” ХХК

Хариуцагч: Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгүүдийн “Т*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, 2016-2/5 дугаар гэрээг хэвийн үргэлжлүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*******, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э*******, Х.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Терра Сийд” ХХК нь геологийн зөвлөх үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд Уул уурхайн яамнаас 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зарласан “Улсын төсвийн хөрөнгөөр “1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил”-ын 10 төсөл, “Монгол орны К хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:20000-ны масштабын иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажил”-ын 1 төсөл, “Агаарын геофизикийн 5-н сувгийн судалгааны ажил”-ын 1 төсөл хэрэгжүүлэх зөвлөхийн сонгон шалгаруулах тендерийн Багц-5-д оролцон, “хамгийн сайн үнэлэгдсэн” тендерээр шалгарсан.

Ийнхүү хуульд заасан журмын дагуу 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр захиалагч Уул уурхайн яамтай 2016-2/5 дугаар “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээ”-г 55******* /Таван зуун тавин сая таван зуун найман мянга найман зуун гучин зургаан/ төгрөгийн үнийн дүнтэйгээр байгуулж уг гэрээ хүчин төгөлдөр болсноор гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж эхэлсэн. 

Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 4/63 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг манай компанид ирүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд “Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд шинээр хэрэгжүүлэх геологийн судалгааны ажлын 12 багц, төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалт болон ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээтэй холбогдуулан зарим аж ахуйн нэгжүүд гомдол гаргасан байна. Гомдлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага авч хэлэлцээд хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1.-д заасны дагуу тухайн тендерийг бүхэлд нь хүчингүй болгож захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй гэсэн байна. Иймд 2016 оноос хэрэгжүүлэхээр танай байгууллагатай байгуулсан геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний..2016-2/5... дугаар гэрээ нь хүчин төгөлдөр бус бөгөөд тендер бүхэлдээ хүчингүй болсон" гэжээ. Энэхүү мэдэгдэлд дурдагдсан “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн Яамнаас “тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон” гэх ямар шийдвэр байгаа талаар тодруулсны эцэст тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Г*******ийн гарын үсэг бүхий 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаартай “Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.А*******т хандсан “Тендер шалгаруулалтын тухай” гэх захиргааны акт байгааг олж мэдсэн болно. Уг албан бичигт дээрх тендерт ялагдсан компаниуд гомдол гаргасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Сангийн Яаманд “холбогдох баримт, материалыг ирүүлээгүй байх бөгөөд хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.-т заасны дагуу тухайн гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон тул хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1.-д заасны дагуу тухайн тендерийг бүхэлд нь хүчингүй болгож байна" гэсэн байна. 

Дээрх бүхнээс үзэхэд холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд заасны дагуу тендерт ялж, гэрээгээ байгуулан, гэрээнд заасан үүргээ хэвийн гүйцэтгэж байх үед ялагдсан аж ахуйн нэгж гомдол гаргаж, уг гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбоотой баримт, материалыг нь бүрдүүлэх, шалгах, шийдвэрлэх эрхтэй байгууллага, албан тушаалтнууд нь холбогдох ажлаа хийж гүйцэтгээгүй байгаагийн төлөө тухайн тендерийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн тухайн тендер шалгаруулалтад манай “Терра Сийд” ХХК нь оролцохдоо ямар зөрчил гаргасан, хуулийн ямар зүйл заалтыг зөрчиж тендерт ялсан, эсхүл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай байгуулсан “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээ”-ний үүргээ зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй, энэ талаар ямар нэгэн шалгалт ч хийгдээгүй байхад ийнхүү тендерийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Сангийн Яамнаас Уул уурхайн яаманд 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар “Тендер шалгаруулалтын тухай” дээрх тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон захиргааны актаас манай компанитай холбогдох хэсгийг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Терра Сийд” ХХК-д 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар “Мэдэгдэл” гэх захиргааны актуудыг тус тус хүчингүй болгож, 2016-2/5 дугаар гэрээг хэвийн үргэлжлүүлэхийг захиалагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгуулах хүсэлттэй байна” гэжээ.

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд шинээр хэрэгжүүлж геологийн судалгааны ажлын гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай захиалагчийн байгуулсан зөвлөх үйлчилгээний №2016-2/7 дугаар гэрээг цуцалсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг судалж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. 

Уул уурхайн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/38 дугаар тушаалаар шинээр хэрэгжүүлэх 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн 10, Улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрдэл зургийн нэгтгэл 1, 1:200000-ны масштабын агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны 1, нийт 12 төслийн төсөв, төлөвлөгөөг баталжээ. 

Шинээр 2016 оноос хэрэгжүүлэх 12 төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаар тушаалаар байгуулж үйл ажиллагааг эхлүүлсэн. 

Сонгон шалгаруулах үнэлгээний хороо 12 төслийн гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу шалгаруулж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр захиалагчид гэрээ байгуулах тухай зөвлөмжийг хүргүүлсэн байна. 

Үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн захиалагч төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагад гэрээ байгуулах мэдэгдэл, тендер шалгараагүй аж ахуйн нэгж, байгууллагад шалгараагүй үндэслэлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлжээ. 

Уг сонгон шалгаруулалтын үнэлгээ, захиалагчийн мэдэгдлийг эс зөвшөөрч “Геологийн судалгааны төв” ТӨҮГ, “Г*******” ХХК, “Ге” ХХК, “Ж” ХХК, “Л” ХХК, “Найманбат” ХХК, “Г” ХХК-иуд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу гомдлыг захиалагч болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан. Дээрх аж ахуйн нэгж, байгууллагад тендерийн хуульд заасны дагуу гомдол гаргахдаа нотлох баримтыг хавсаргаагүй бөгөөд гомдлын хариуг захиалагч талаас хянан үзээд хариуг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3/1297 дугаар албан бичгээр мэдэгджээ. 

Дээрх аж ахуйн нэгж, байгууллага нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яаманд гомдол гаргасан байна. Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гүйцэтгэгчийг сонгох үйл ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, гомдлыг хянан үзэхэд шаардлагатай материалыг 07 дугаар сарын 08-ны өдрийн дотор ирүүлэх тухай албан бичгийг 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 дугаар албан бичгээр захиалагчид ирүүлсэн байна. 

Сангийн яамны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 дугаар албан бичиг Уул уурхайн яамны бичиг хэргийн цахим бүртгэлд 07 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 12 минутад бүртгэгдэж Төрийн нарийн бичгийн дарга Д.А*******т танилцуулагдсан бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Д.А******* “Гэрээ байгуулагдсан тул хуулийн дагуу дараагийн шатанд хандах нь зүйтэй” гэсэн хариуг Сангийн яаманд уламжлах үүргийг холбогдох албан хаагчид өгсөн. 

Энэ хугацаанд буюу 07 дугаар сарын 08-ны өдөр захиалагч, гүйцэтгэгч тал тендерийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасны дагуу гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

Уул уурхайн яамнаас 07 дугаар сарын 22-ны өдрийн 3/1323 дугаар албан бичгээр гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээг Сангийн яаманд хүргүүлж, Сангийн яамнаас 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичгээр геологийн судалгааны ажлын тендертэй холбоотой гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай материалыг захиалагч байгууллага заасан хугацаанд ирүүлээгүй нь шийдвэр гаргах боломжгүй нөхцөлийг бий болгосон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт заасны дагуу тендерийг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр гаргаж захиалагч болон гомдол гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдсэн байна. Сангийн яамнаас ирүүлсэн 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичгийг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.А*******т танилцуулж, улмаар тус албан бичигт “Манай яамнаас зохион байгуулсан сонгон шалгаруулалттай холбоотой гомдол гаргах этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу гомдлоо гаргах нь зүйтэй” гэсэн хариу өгөхөөр төлөвлөн албан бичгийн төсөл боловсруулан хүргүүлэх үед Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж Уул уурхайн яамны тамга, тэмдэг хураагдан хариу өгөх боломжгүй болсон байна.

Сангийн яамны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дугаар албан бичгээр Уул уурхайн яамнаас 07 дугаар сарын 22-ны өдрийн 3/1323 албан бичгээр хүргүүлсэн гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй болохыг мэдэгдэж буцаасан бөгөөд “Г” ХХК Уул уурхайн яамнаас 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зарлагдсан геологийн судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний үр дүнтэй холбоотой оролцогч компаниудаас 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан “Маргаан үүсгэх тухай” албан бичигт тус компани нь албан ёсоор оролцож гарын үсэг, тамга тэмдгээ дарж баталгаажуулаагүй болохоо мэдэгдэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 25/016 дугаар албан бичгээр тайлбар ирүүлсэн байна. 

Сангийн яамнаас 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708, 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914, 08 дугаар сарын 09-ний өдрийн 5/5048 дугаар албан бичгээр тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, захиалагчийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй болохыг мэдэгдсэн. Сангийн яамнаас ирүүлсэн дээрх албан бичиг, шийдвэрийн дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээнүүдийг хүчингүй болгож, энэ тухай мэдэгдлийг тендерт шалгарч гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагад 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичиг, Сангийн яаманд мөн өдрийн 4/64 дүгээр албан бичгээр тус тус мэдэгдсэн” гэжээ. 

Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тус хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7 дахь хэсэгт тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэдэг болно. Уул уурхайн яамнаас зарласан “1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил” 10 төсөл, “Монгол орны К хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажлын төсөл, агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажлын төсөл хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах тендерт оролцсон “Г*******” ХХК, “Геологийн судалгааны төв” ТӨҮГ, “Ге” ХХК, “Найманбат” ХХК, “Г” ХХК, “Ж” ХХК, “Л” ХХК-иас 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан заалтын дагуу гомдол гаргасныг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 дугаар “Гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичгээр Уул уурхайн яаманд холбогдох баримт бичиг, материал ирүүлэхийг шаардсан ба хариуцсан ажилтанд утсаар мэдэгдсэн байна. Түр түдгэлзүүлсэн хугацаанд гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлгүй байдаг. 

Уул уурхайн яам нь тус тендер шалгаруулалтын баримт бичиг, холбогдох материалыг Сангийн яаманд ирүүлэхгүй хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллах нөхцөл бололцоогоор Сангийн яамыг хангаж ажиллаагүйн улмаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт заасны дагуу тендерийн шалгаруулалтыг хүчингүй болгосон байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичгийн шаардлагыг хүчингүй болгуулах нь зөвхөн нэг хуулийн этгээдийн тухай эрх ашиг, сонирхол хөндөгдөөгүй бусад хуулийн этгээдийн эрх ашиг, сонирхол зөрчигдөхөөр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“Т*******” ХХК-иас Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдуулан “Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар бичгийн “Т*******” ХХК-д холбогдох хэсэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны 4/63 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, 2016-2/5 дугаар гэрээг хэвийн үргэлжлүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* шүүх хуралдаан дээр “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны 4/63 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай” шаардлагыг “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 20016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгийн “Т*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсны дагуу “Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 20016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгүүдийн “Т*******” ХХК–д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, 2016-2/5 дугаар гэрээг хэвийн үргэлжлүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Уул уурхайн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/38 дугаар тушаалаар Уул уурхайн сайдын багцад батлагдсан улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх геологийн судалгааны ажлын төсөв, хийгдэх ажлын төлөвлөгөөг баталсныг үндэслэн тус яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаар тушаалаар 2016 онд шинээр хэрэгжүүлэх геологи хайгуул, судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог байгуулжээ. 

Дээрх үнэлгээний хорооны шийдвэрээр “1:50000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын-10 төсөл, Монгол орны “К” хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:200000-ны масштабтай иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажлын 1 төсөл, агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажлын-1 төсөл, “УУЯ-2016/2” хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтын Багц-5-д нэхэмжлэгч “Т*******” ХХК “хамгийн сайн” үнэлэгдсэн зөвлөхөөр шалгарсны дагуу захиалагч Уул уурхайн яамны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3/1251 дүгээр албан бичгээр гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлжээ. 

Тус тендерт оролцсон “Геологийн судалгааны төв” ТӨҮГ, “Г*******” ХХК, “Ге” ХХК, “Найманбат” ХХК, “Г” ХХК, “Ж” ХХК, “Л” ХХК-иуд хамтран /Багц 5-д “Найманбат” ХХК оролцсон/ 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сангийн сайд Б.Болорт гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 дугаар албан бичгээр гомдлыг шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг ирүүлэхийг Уул уурхайн яаманд мэдэгдсэн байна. Улмаар 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичгээр “холбогдох баримт материалыг ирүүлээгүй байх бөгөөд хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.-т заасны дагуу тухайн гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон” гэсэн үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /цаашид “хуулийн” гэх/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1.-д заасны дагуу тухайн тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон нь хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэрийг гаргана” 55.3.1.-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх” гэж заасныг тус тус зөрчсөн байна. 

Хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7.-д “энэ хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх” гэж зааснаар Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яаманд гомдлыг хянан шийдвэрлэх эрхийг олгосон боловч захиалагч хууль зөрчсөнийг тогтоолгүйгээр хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу тендерийг хүчингүй болгох эрхгүй юм.

Сангийн яам хуулиар олгосон эрхээ хэтрүүлэн захиалагч буюу Уул уурхайн яам /тухайн үеийн нэрээр/ хууль зөрчснийг тогтоолгүйгээр тендерийг хүчингүй болгосон нь хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичгийн “Т*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хуульд заасан эрхээ хэтрүүлсэн Сангийн яамны албан бичгийн дагуу 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгээр геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний 2016-2/5 дугаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж, тендер бүхэлдээ хүчингүй болсон гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байх тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 20016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгийн “Т*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2016-2/5 дугаар гэрээг хэвийн үргэлжлүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгаж шийвэрлэлээ. 

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 дугаар албан бичгээр гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түдгэлзүүлсэн байхад гэрээ байгуулсан, хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах заалт зөрчигдсөн гэж, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 дугаар албан бичгийг 7 дугаар сарын 08-ны өдрийн 16:12:54 цагт хүлээн авсан бөгөөд үүнээс өмнө гэрээ байгуулагдсан байсан гэж маргаж байгааг хүлээн авч, дүгнэх боломжгүй байна. 

Учир нь Сангийн яам тендерийг хүчингүй болгохдоо дээрх үндэслэлийг гаргаагүй, аливаа төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо, мэдээлэл солилцоход хугацаа алдсан байдалд нэхэмжлэгч буруугүй бөгөөд төрийн байгууллагын хууль зөрчсөн үйлдлийн улмаас хүн, хуулийн этгээд хохирох ёсгүй юм. 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3., 55.3.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгүүдийн “Т*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, 2016-2/5 дугаар гэрээг хэвийн үргэлжлүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тус бүрээс 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т*******” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.ДАМДИНСҮРЭН