| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 2313000000157 |
| Дугаар | 2024/ДШМ/48 |
| Огноо | 2024-10-25 |
| Зүйл хэсэг | 17.3.3.2., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2024/ДШМ/48
М.Х-, М.Ж-, Ө.Г-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/398 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч М.Ж-, М.Х-, Ө.Г- нарт холбогдох эрүүгийн 2313000000157 дугаартай, 13 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, яллагдагч М.Ж-, М.Х-, яллагдагч нарын өмгөөлөгч С.Алтай, Х.Зулхаш, С.Нургайып, орчуулагч Т.Хуаныш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Алсу нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *** хүнтэй, эхнэр, ***** хамт ******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй Ж ургийн овогтой М-ын Ж- /РД: **********/,
2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны **дугаар сарын **-ны өдөр ****** төрсөн, **настай, эмэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **** хүнтэй, **** хамт ****** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Б ургийн овогтой Ө-ийн Г- /РД: **********/,
3. Бүгд Найрамдах А Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр **** улсад төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, **** хамт **** хотод оршин суудаг гэх, ***** түр оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй М.Х- гадаад паспортын дугаар: ***********,
4.Холбогдсон хэргийн талаар:
4.1.Яллагдагч М.Х- нь яллагдагч М.Ж-тэй бүлэглэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг /Ховд гол/-ийн нутаг дэвсгэрт байрлах “Вluе ckу” гэх барилгын 4 давхрын 404 тоот өрөөнд “Веstnm” гэх нэртэй “Бүгд Найрамдах Азербайжан Улс руу аялуулах, амраах, өөрөө элсэж, доороо хүн элсүүлэх замаар мөнгө өсгөх боломжтой” гэх сүлжээний ажлыг санал болгон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 4 сараас 2023 оны 5 сарын хооронд яллагдагч М.Ж-ийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот данс болон вальютын ченж нар болох Б.А-ий эзэмшлийн Хаан банкны ************ тоот, З.Ф-йн эзэмшлийн Хаан банкны ************, С.А-ын эзэмшлийн Хаан банкны ************* тоот, М.Т-ийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансаар хохирогч К.Ш- нарын 84 хохирогчоос нийт 227,712,671 төгрөгийг,
4.2. Яллагдагч Ө.Г-, М.Ж- нартай бүлэглэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг /Ховд гол/-ийн нутаг дэвсгэрт байрлах “Вluе ckу” гэх барилгын 4 давхрын 404 тоот өрөө, “Өркен” гэх зочид буудлын өрөө, Өлгий сумын ЗДТГ-ын хойно байрлах 1-24 айлын орон сууцны нэгдүгээр давхрын байранд, “57 соffее housе” гэх хаягтай ресторан зоогийн газарт “Веstnm” гэх нэртэй “Бүгд Найрамдах Азербайжан Улс руу аялуулах, амраах, өөрөө элсэж, доороо хүн элсүүлэх замаар мөнгө өсгөх боломжтой” гэх сүлжээний ажлыг санал болгон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 4 сараас 2022 оны 7 сарын хооронд яллагдагч М.Ж-ийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот данс болон вальютын ченж нар болох Б.А-ий эзэмшлийн Хаан банкны ************ тоот, З.Ф-йн эзэмшлийн Хаан банкны ************, С.А-ын эзэмшлийн Хаан банкны ************* тоот, М.Т-ийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансаар хохирогч С.Ф- нарын 10 хохирогчоос нийт 13,448,425 төгрөгийг авч залилах гэмт хэргийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар,
4.3. Яллагдагч М.Ж- нь яллагдагч М.Х--той бүлэглэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг /Ховд гол/- ийн нутаг дэвсгэрт байрлах “Вluе ckу” гэх барилгын 4 давхрын 404 тоот өрөө, “Өркен” гэх зочид буудлын өрөө, Өлгий сумын ЗДТГ-ын хойно байрлах 1-24 айлын орон сууцны нэгдүгээр давхрын байранд “Веstnm” гэх нэртэй “Бүгд Найрамдах Азербайжан Улс руу аялуулах, амраах, өөрөө элсэж, доороо хүн элсүүлэх замаар мөнгө өсгөх боломжтой” гэх сүлжээний ажлыг санал болгон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 4 сараас 2023 оны 5 сарын хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот, иргэн О.Г-ы эзэмшлийн Хаан банкны ************* тоот данс болон бэлнээр хохирогч К.Ш- нарын 84 хохирогчоос нийт 227,712,671 төгрөгийг,
4.4. Яллагдагч Ө.Г-, М.Х- нартай бүлэглэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг /Ховд гол/-ийн нутаг дэвсгэрт байрлах “Вluе ckу” гэх барилгын 4 давхрын 404 тоот өрөө, “Өркен” гэх зочид буудлын өрөө, Өлгий сумын ЗДТГ-ын хойно байрлах 1-24 айлын орон сууцны нэгдүгээр давхрын байран, “57 соffее housе” гэх хаягтай ресторан зоогийн газарт “Веstnm” гэх нэртэй “Бүгд Найрамдах Азербайжан Улс руу аялуулах, амраах, өөрөө элсэж, доороо хүн элсүүлэх замаар мөнгө өсгөх боломжтой” гэх сүлжээний ажлыг санал болгон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 4 сараас 2022 оны 7 сарын хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот, яллагдагч Ө.Г-ий эзэмшлийн Хаан банкны *************тоот данс болон бэлнээр хохирогч С.Ф- нарын 10 хохирогчоос нийт 13,448,425 төгрөгийг,
4.5. Яллагдагч Ө.Г- нь яллагдагч М.Ж-, М.Х- нартай бүлэглэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг /Ховд гол/-ийн нутаг дэвсгэрт байрлах “Вluе ckу” гэх барилгын 4 давхрын 404 тоот ерөө, “Өркен” гэх зочид буудлын өрөө, Өлгий сумын ЗДТГ-ын хойно байрлах 1-24 айлын орон сууцны нэгдүгээр давхрын байранд, “57 соffее housе” гэх хаягтай ресторан зоогийн газарт “Веstnm” гэх нэртэй “Бүгд Найрамдах Азербайжан Улс руу аялуулах, амраах, өөрөө элсэж, доороо хүн элсүүлэх замаар мөнгө өсгөх боломжтой” гэх сүлжээний ажлыг санал болгон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 4 сараас 2022 оны 7 сарын хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны *************тоот, яллагдагч М.Ж-ийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот данс болон бэлнээр хохирогч С.Ф- нарын 10 хохирогчоос нийт 13,448,425 төгрөгийг авч, залилах гэмт хэргийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
5. Прокурорын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 70 дугаар яллах дүгнэлтээр М.Ж-, Х.М, Ө.Г- нарын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/398 дугаар шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М.Ж-, Х.М, Ө.Г- нарт холбогдох эрүүгийн 2313000000157 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар, дараах үндэслэлээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцаажээ. Үүнд:
6.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6 дахь хэсгийн 6.1-д зааснаар мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба хохирогчоос мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол гаргасан тохиолдолд хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд тусгах талаар хуульчилсан байхад мөрдөгч нь нэр бүхий 40 /12 дахь хавтаст хэргийн 74 дэх тал/ хохирогчид хэргийн материалыг танилцуулаагүй, тэднээс гомдол, хүсэлт байгаа эсэхийг нь тодруулахгүйгээр хэрэгтэй танилцах боломжоор хангасан гэж тэмдэглэл үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зүйл, заалт болон 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг зөрчсөн гэж үзнэ. Иймээс хохирогч нарт хэргийн материалыг танилцуулах,
6.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хавсралтад бичигдэх зүйлийн талаар нэрлэн зааж, хохирол, хор уршгийн мэдээллийг тусгах талаар хуульчилсан. Яллагдагч М.Ж- нарт холбогдох эрүүгийн хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн талаар нэг бүрчлэн бичээгүй, 24,187,978,496 төгрөгийн хохирол учирсан гэж хохирлын хэмжээг зөрүүтэй бичсэн нь яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
6.3.Яллагдагч М.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой мөрдөгчийн тооцоо болон миний тооцоо зөрж байна. Миний дансанд 202,243,594 төгрөг шилжүүлсэн. 11,053,000 төгрөг бэлнээр өгсөн, 43,084,257 төгрөгийг хохирогч нарт буцааж шилжүүлж өгсөн.” гэж мэдүүлсэн байх тул түүний дансанд үзлэг хийж сүлжээнд элсэх зорилгоор бусдаас дансаар шилжүүлсэн буюу орсон орлогыг хэмжээг нэг бүрчлэн тогтоож, нэр бүхий 84 хохирогчоос өөр хүн мөнгө шилжүүлсэн эсэхийг шалгаж, өөр хохирогч байгаа эсэхийг тодруулах, мөн тэрээр бусдыг элсүүлсний төлөө урамшуулал авсан эсэхийг шалгах, хохирогч нар нь хэдэн төгрөгийг хэнд, эсхүл хэнээр дамжуулан бэлэн, бэлэн бусаар хэнд шилжүүлсэн, эсхүл бэлнээр өгсөн, үүнээс буцаан олголт, урамшуулал хэлбэрээр хэдэн төгрөгийг авсан, хэчнээн төгрөгийн бодит хохирол төлөгдөөгүй байгааг нарийвчлан шалгаж, бодитойгоор тогтоох,
6.4. Хэрэгт цугларсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч Ө.Г-, М.Ж-, М.Х- нарын холбогдсон гэмт хэрэг нь Бүгд Найрамдах Азербайжан Улсад үйл ажиллагаа явуулдаг гэх “Веstnm” гэх компанитай холбоотой байх ба компанийн үйл ажиллагааг сурталчилсан, хариуцсан А-, М- гэх хүмүүсийн дансанд мөнгийг шилжүүлсэн талаар болон өөр хэрэгт яллагдагчаар татагдсан Б.А нь яллагдагч Ө.Г-ийг сүлжээнд элсүүлсэн талаар яллагдагч мэдүүлсэн байна. Мөн “Веstnm” гэх компанийг яллагдагч М.Х--ын ах А- гэгч нь хариуцдаг талаар яллагдагч М.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд эдгээр нэр дурдагдсан А-, М-, “Веstnm” компанийн сүлжээг ашиглаж бусдыг залилсан гэх яллагдагч Б.А, Н.А- нарт холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэргийг нэгтгэж шалгах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийх нь яллагдагч нарын үйлдэл, оролцоонд хууль зүйн дүгнэлт хийх, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзлээ.
7. Прокурорын эсэргүүцэлд:
7.1. ...Шүүгчийн дээрх захирамжийг 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
7.2. Мөрдөгч нэр бүхий 40 хохирогчид хэргийн материал танилцуулаагүй гэх асуудлын хувьд мөрдөгч хохирогчоор тогтоогдсон нэр бүхий 94 хохирогч нартай нэг бүрчлэн биечлэн болон холбоо мэдээллийн хэрэгслээр холбогдож хавтаст хэргийн материалтай танилцах талаар мэдэгдэж, хохирогчийн хуульд заасан эрхийг хангаж ажилласан боловч нэр бүхий 40 хохирогч хэргийн материалтай танилцаагүй бөгөөд “хэргийн материалтай танилцах боломжгүй, танилцахгүй” гэснийг мөрдөгч тэмдэглэл болгон үйлдэж, хавтаст хэрэгт хавсаргасан. Түүнчлэн нэр бүхий хохирогч нар нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө гомдолтой, хохирлоо нэхэмжлэх талаар мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй. Иймд мөрдөгч хохирогч нарын хуульд заасан эрхийг хангаагүй гэж дүгнэх үндэслэлгүй байна.
7.3. Яллах дүгнэлтэд хэнд, хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар нэр бүхий 94 хохирогчийн нэрийг, хохирлын хэмжээтэй нэг бүрчлэн бичсэн. Тодруулбал яллагдагч М.Ж-, М.Х- нар нь бүлэглэн нэр бүхий 84 хохирогчид нийт 227,712,671 төгрөгийн, яллагдагч М.Ж-, М.Х-, Ө.Г- нар нь бүлэглэн нэр бүхий 10 хохирогчид нийт 13,448,425 төгрөгийн хохирол тус тус учруулсан талаар дэлгэрэнгүй бичигдсэн.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нар нь нэр бүхий 94 хохирогчид учирсан хохирлоос төлж барагдуулаагүй боловч хавтаст хэрэгт цугларсан хохирогч нарын мэдүүлэг болон тэдний дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар нэр бүхий 52 хохирогчид урамшуулал, буцаан олголт хэлбэрээр нийт 29,573,743 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогддог. /Судалгааг хавсаргав/
7.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж тус тус хуульчилсан.
7.5. Яллагдагч Ө.Г-ий хувьд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул түүний үйлдэл тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр холбогдох хэргүүдийг яллагдагч М.Ж- нарт холбогдох эрүүгийн 2313000000157 дугаартай хэрэгт нэгтгэсэн.
Харин яллагдагч Б.А- нарт холбогдох эрүүгийн 2013002680124 дугаартай хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн Ө.Г- иргэний хариуцагчаар тогтоогдсон бөгөөд тус хэрэг нь өнөөдрийн байдлаар шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагч нарт холбогдох хэргийг нэгтгэхээр хуульчилсан тул яллагдагч Ө.Г-д холбогдох эрүүгийн 2313000000157 дугаартай хэргийг яллагдагч Б.А- нарт холбогдох эрүүгийн 2013002680124 дугаартай хэрэгт нэгтгэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй.
7.6. Тус хэрэгт мөрдөгч яллагдагч М.Ж-ийн эзэмшлийн Хаан банкин дахь *********** тоот дансны хуулгыг 2021 оны 01 сараас 2023 оны 6 сар хүртэлх хугацаагаар холбогдох байгууллагаас гаргуулан авч, тухайн дансны гүйлгээний утгад үндэслэн нэг бүрчлэн үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн. /1 дүгээр ХХ-ийн 182- 233 дугаар хуудас/, Тухайн дансны хуулганд үндэслэн хэрэгт хамааралтай буюу “Бестнм” гэх сүлжээнд элссэн мөнгө шилжүүлсэн иргэдийг хохирогчоор, хэрэгт хамааралгүй нэр бүхий иргэдээс гэрчээр тус тус мэдүүлэг авсан тул яллагдагч М.Ж-ийн дансанд дахин үзлэг хийх шаардлагагүй.
Түүнчлэн дээрх нэр бүхий 94 хохирогчоор өөр хохирогч байгаа эсэхийг тогтоох зорилгоор олон нийтийн сүлжээ болон аймгийн орон нутгийн радио, телевизээр “Бестнм” гэх сүлжээний улмаас хохирсон иргэд байгаа бол цагдаагийн байгууллагад ирж уулзах талаар мэдээлэл түгээсэн.
Иймд яллагдагч М.Ж-, Ө.Г-, М.Х- нарыг гэм буруутай эсэх асуудлыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/398 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.
ТОДОРХОЙЛОХ нь:
8. Давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид холбогдуулж гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хянаж үзээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэв.
9. Яллагдагч М.Х-, М.Ж-, Ө.Г- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч С.Алтай нь шүүгч Ө.Бахытбекийг татгалзах хүсэлт, шүүгч Ө.Бахытбек өөрөө тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтийг тус тус гаргаж байжээ.
Шүүгч Ө.Бахытбек хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтдээ: “...Уг хэргийн яллагдагч Өмирбекийн Г- нь надтай төрөл, садны холбоотой учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4, 1.2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж байна. Ө.Г-ий өвөг эцэг К болон миний өвөг эцэг Б нар нь төрсөн ах дүү буюу нэг хүний хүүхдүүд бөгөөд энэ нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан төрөл садны хүн гэдэгт хамаарч байна” гэжээ.
Дээрх хүсэлтүүдийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Х.Талгат нь 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ЕШЗ/960 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Шүүгчийн татгалзсан хүсэлтдээ дурдсан “яллагдагч Ө.Г-ий болон шүүгч Б.Бахытбекийн өвөг эцгүүд төрсөн ах дүү буюу нэг хүний хүүхдүүд” гэсэн үндэслэл нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.5 дахь заалтад заасан “...өвөг эцэг, ... тэдгээрийн хүүхэд” гэсэн “төрлийн хүн” гэх ойлголтод хамаарч байх тул тус хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Х.Талгатын шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ нь тухайн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оруулж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн оролцогч болон шүүгчээс гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах /гарах/ тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн илт хууль бус захирамжийн улмаас хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй шүүгч Ө.Бахытбек нь хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр оруулж, шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, тус захирамжид заасан үндэслэл тус бүрийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн, уг эсэргүүцлийг үндэслээд хэргийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн учраас тус шүүх анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдийг дараах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж үзсэн бөгөөд анхан шатны шүүх Ерөнхий шүүгчийн дээрх хууль бус захирамжийг хүчингүй болгох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэхийг тэмдэглэх нь зүйтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтуудад зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед “хэргийг буруу тусгаарласан бол”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” зэрэг үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж болох боловч энэ нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим болон хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” хуулийн зорилтыг хангахад чиглэгдэх учиртай.
11. Гэтэл М.Х- нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид тусгасан 4 үндэслэлийн аль аль нь хэргийг прокурорт буцаах хуульд заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байхаас гадна хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар хүчингүй болгож шийдвэрлэв.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад хохирогч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах эрхтэй ба М.Х- нарт холбогдох 13 хавтастай хэргийн материалаас үзвэл, мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нарын уг эрхийг хязгаарласан, хассан буюу хангаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй. Тухайлбал, 12 дахь хавтаст хэргийн 74-75, 77-109 дүгээр талд авагдсан мөрдөгчийн тэмдэглэлүүдээс үзвэл, мөрдөгчөөс хохирогч бүрд хэргийн материалтай танилцах талаар мэдэгдэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дээрх эрхээ эдлэх боломжоор бодитой хангасан бөгөөд тухай асуудлын талаар хохирогч нараас эрх нь зөрчигдсөн, эсхүл мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй байна. Иймд энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг тусгана гэж хуульчилсан ба яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлын талаар “...84 хохирогчид 227,712,671 төгрөгийн, 10 хохирогчид 13,448,425 төгрөгийн хохирол учирсан” гэж тусгасан атлаа хэргийн 12 дугаар хавтасны 186 дугаар тал буюу яллах дүгнэлтийн 58 дахь хуудаст яллагдагч М.Х-, М.Ж-, Ө.Г- нарын хохирогч К.Ш- нарын нийт 94 иргэнд учруулсан гэх хохирлын хэмжээг “24187978496” төгрөг гэж тооцооллын буюу техникийн шинжтэй алдаатай бичсэнтэй хохирлын нийт хэмжээ зөрсөн нөхцөл байдал тогтоогдсон боловч энэ нь яллах дүгнэлтийг бүхэлдээ хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болохгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад энэ асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед нөхөн гүйцэтгэх боломжийн талаар хуульчилж, журамласан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлтийг хянан хэлэлцэж, шийдвэр гаргах боломжтой.
14. Түүнчлэн анхан шатны шүүх яллагдагч М.Ж-ийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн “...гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой мөрдөгчийн тооцоо болон миний тооцоо зөрж байна. Миний дансанд 202,243,594 төгрөг шилжүүлсэн. 11,053,000 төгрөг бэлнээр өгсөн, 43,084,257 төгрөгийг хохирогч нарт буцааж шилжүүлж өгсөн” гэсэн мэдүүлгийг үндэслэж түүний дансанд орсон орлогын хэмжээг нэг бүрчлэн тогтоох, түүний авсан урамшуулал болон хохирогч нарт өгсөн урамшууллын хэмжээг тогтоох зэргээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг нарийвчлан шалгаж, тодруулах шаардлагатай гэж хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцэхгүй байна.
Хэрэгт цугларсан хохирогч тус бүрийн мэдүүлэг, М.Ж- болон бусад яллагдагч, гэрч, хохирогч нарын дансны хуулга, тэдгээрийн мэдүүлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн тэмдэглэл, тооцоолол, прокурорын яллах дүгнэлт зэргийг үндэслэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн улмаас иргэдэд учирсан гэх хохирол, хор уршгийн хэмжээг бодитой тогтоох боломжтой бөгөөд шүүхийн уг үндэслэл нь урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар талууд шүүх хуралдаанд тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, санал гаргах, шүүхэд нотлох баримт гаргаж өгөх зэргээр мэтгэлцэх боломжтой.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч /яллагдагч нарын/-ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж хуульчилсан, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт хэргийг буруу тусгаарласан бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ. Гэтэл М.Х- нарт холбогдох 13 хавтаст хэргээс үзвэл, хэргийг буруу тусгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад “А-, М-, “Веstnm” компанийн сүлжээг ашиглаж бусдыг залилсан гэх яллагдагч Б.А-, Н.А- нарт холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэргийг нэгтгэж шалгах” гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна.
16. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхэд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин шийдвэрлүүлэхээр буцаан хүргүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
17. Хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид яллагдагч, гадаад улсын иргэн М.Х--ын нэрийг “Х.Мухамед”, “Мухамед”, “Х.Мухаммед” гэж буруу ташаа бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.
18. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах үүднээс яллагдагч М.Х-, М.Ж-, Ө.Г- нарт урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэвээр нь хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Прокурорын эсэргүүцлийг хангаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/398 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаан хүргүүлсүгэй.
2. Яллагдагч М.Х-, М.Ж-, Ө.Г- нарт урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК