| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0302/Э |
| Дугаар | 370 |
| Огноо | 2018-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ш.Насанжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
улсын яллагч: Ш.Насанжаргал;
шүүгдэгч: Ч.Батбилэг (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хотгоод овогт Чүлтэмбаярын Батбилэгт холбогдох эрүүгийн 1809018610348 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-ын 4 дүгээр гудамжны 32а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, НЩ77120871 регистерийн дугаартай, Хотгоод овогт Чүлтэмбаярын Батбилэг.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ч.Батбилэг нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүрийн урд талын автобусны буудал дээр, согтуугаар, бага насны хохирогч У.Мэргэний нүүрэн тус газарт гараараа шалтгаангүйгээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Батбилэг мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бага насны хохирогч У.Мэргэн /хх-ийн 7, 23-24/, гэрч Б.Отгончимэг /хх-ийн 25-26/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5026 дугаартай дүгнэлт /хх-ийн 12/, Ч.Батбилэгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/, Ч.Батбилэгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 29-32/, У.Мэргэний төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 40/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Батбилэг нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах “Миний дэлгүүр”-ийн урд талын автобусны буудал дээр У.Мэргэнийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
бага насны хохирогч У.Мэргэний /хх-ийн 7/: “... 2018 оны 4 дүгээр сарын 16-ны орой 20 цаг өнгөрч байхад хичээлээ тараад гэр рүүгээ харих гээд “Миний дэлгүүр”-ийн урд талын автобусны буудлын сандал дээр сууж байтал хар өнгийн саравчтай малгай, бор өнгийн цамц, цэнхэр жинсэн өмдтэй 30-40 орчим настай эрэгтэй авто замын голоор алхаж байгаад хажууд ирэхээр нь би тэр ахад сандал тавьж өгсөн. Тэр ах хэсэг сууж байгаад ямар ч үг хэлэлгүй миний нүүрний зүүн тал руу гараараа нэг удаа цохьсон. Би газарт унаад манараад сонин болж байгаад босоод иртэл нөгөө ах явчихсан байсан. Миний нүүрний зүүн тал хөхрөөд хавдчихсан байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Отгончимэгийн /хх-ийн 25-26/: “... 2018 оны 04 дүгээр сарын 16-ны орой би гэртээ байж байтал манай хүү Мэргэн гаднаас хувцас хунар нь шороо болчихсон орж ирсэн. Би юу болсон талаар асуухад “нэг согтуу ах намайг суудал дээр сууж байхад гэнэт миний нүүр рүү цохьсон” гэж хэлсэн. ... Эмчилгээний зардалд 260.000 төгрөг авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгээр,
Ч.Батбилэгийн яллагдагчаар мэдүүлсэн /21-22/: “... 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр би найз Соёлоотой ажил ярих гэж гэрт нь 16 цагийн орчим очсон. Бид 2 ажлаа ярингаа 2 шил архи уусан. Үүнээс хойш юу болсныг санахгүй байна. Хүүхэд цохьсон талаараа огт санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаагийн газар ирснээ санаж байна. Маргааш өглөө нь эхнэр рүү залгахад “хүүхэд цохисон асуудлаар цагдаагийн газраас чамайг аваад явсан” гэж хэлэхэд нь мэдсэн. ... Эмчилгээний зардалд 260.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлгээр,
Ч.Батбилэгийн буруутай үйлдлийн улмаас У.Мэргэний биед “тархи доргилт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5026 тоот дүгнэлт /хх-ийн 12/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ч.Батбилэгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Ч.Батбилэгийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгончимэг нь “эмчилгээний зардалд 260.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг ““хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хотгоод овогт Чүлтэмбаярын Батбилэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Батбилэгийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бабилэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ