Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/1243

 

 

Х.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Алтай,

шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч С.Соронзонболд

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  9 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/674 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Хийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2410 02222 0979 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Х-ийн Х, 20... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, э...., бүрэн дунд боловсролтой, “Т”-д зөөгч, зохион байгуулагч ажилтай, ам бүл .... хамт амьдардаг, ... аймгийн ... сумын ... дугаар баг ... дугаар байр ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор ... дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... дугаар байрны ... тоотод түр оршин суух хаягтай, /РД:....../,

Шүүгдэгч Х.Х нь 2024 оны 5 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан Стар барилгын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Хн нүүр рүү гараараа цохих, тоосгоор зүүн шанаа хэсэгт цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний урд шарх, зүүн чих, баруун сарвуу, хоёр өвдөгт зулгаралт, дух, хүзүү, зүүн бугуйнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х-ийн Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж Х.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатын шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд гэм буруугийн асуудлаар маргаагүй, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, тодорхой оршин суух хаягтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэргээ ухамсарлан гэмшиж байна. Одоогийн байдлаар би “Түүчээ тэрэг” ХХК-нд туслах ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд 12 дугаар сард болох элсэлтийн ерөнхий шалгалтад оролцож цаашид сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй байгаа. ... Би элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх шаардлагатай байгаа. Мөн оройн цагаар баар, ресторанд зөөгчийн ажил хийдэг. Өдөр нь элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлтгэдэг. Энэхүү байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-ийг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Хийн өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчээ, шүүгдэгчийн элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн болохыг нотлох 1 хуудас баримтыг шинээр гаргаж өгч байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х нь гэм буруу дээрээ маргаагүй, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон тул өөрийн хувийн байдлынхаа талаар тодорхой хэлж чадаагүй байдаг. Цаашид сурч боловсрох боломж олгож нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. Х.Х нь гэм буруугаа хүлээж, үйлдсэн хэрэгтээ чинь сэтгэлээсээ гэмшсэн байдаг. Мөн хавтаст хэргийн 94 дүгээр хуудаст оройн цагаар ресторанд зөөгч хийдэг талаарх тодорхойлолт авагдсан байгаа. Цаашдаа сурч боловсрох чин хүсэлтэй байдаг. ...” гэв.

Прокурор С.Алтай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хор уршиг зэргийг харгалзсан. Үйлдлийг нь харахад шүүгдэгч Х.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөн гараараа цохиод, тоосгоор цохиод байсан байдаг. Иймд анхан шатны шүүхээс 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан. Энэ нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Х.Х нь 2024 оны 5 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан Стар барилгын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Хн нүүр рүү гараараа цохих, тоосгоор зүүн шанаа хэсэгт цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний урд шарх, зүүн чих, баруун сарвуу, хоёр өвдөгт зулгаралт, дух, хүзүү, зүүн бугуйнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.Х: “...2024 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө эхнэр Б над руу залгаад “ирээд намайг аваач” гэхээр нь би гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан Стараас дээш өгсөөд холгүй машин замаар доош уруудахад Б, Б нар алхаж байсан. Тэр хоёрыг нэг үл таних залуу араас нь хөөж байхаар би машинаасаа буугаад тухайн залуутай маргалдсан. Гэтэл тэр үл таних залуу шууд миний нүүр рүү нэг удаа цохихоор нь би тухайн залуутай зууралдаж авсан. Тэгээд би газар унахад тэрээр миний дээрээс нүүр рүү дэвссэн. Намайг босоход нөгөө залуу зугтаахаар нь түүний араас хөөхөд тэр залуу цаашаа гүйж байхдаа газраас тоосго аваад гүйж байгаад гэнэт эргэж хараад миний зүүн шанаа хэсэг рүү нэг цохиод авахад нь миний толгойноос цус гарсан. ...” /хх 18-20/,

гэрч Ц.Б “...Би 2024 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Б, У нарын хамт Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн Ион бааранд ороод бүжиглэж байхад урт үстэй залуу бид нар руу хараад босож ирээд дооглох маягаар дунд хуруугаа гаргасан. Дараа нь тамхины өрөөнд нөгөө урт үстэй залуу бид гуравт хандаж “гурван гичийтэй харьцахгүй” гэхэд би “зүгээр байгаач” гэж хэлсэн. Баарнаас гараад “Зайсан Хилл”-ийн доор зам дагуу хэсэгт бужигнаад байж байхад маш олон хүмүүс байсан бөгөөд урт үстэй залууг хараад шууд цааш нь түлхэхэд тухайн урт үстэй залуу нь тэлээгээ тайлж гартаа ороогоод эргүүлээд надаар дооглоод “намайг бариач дээ” гэхээр нь тэр залууг барьж авах гээд гараа сунгахад шууд тэлээгээрээ намайг цохисон. Би тэндээ байж байтал доороос Х нөгөө урт үстэй, намайг газар унагаасан залуутай хамт ирж байсан. Тэр урт үстэй залуу гартаа тоосго барьчихсан Хтай “ярилцъя тохиролцъё” гээд хоорондоо яриад байсан. ...” /хх 22-23/,

гэрч Ц.Б “...Би 2024 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Б, У нарын хамт Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн Ион бааранд орсон. Тухайн бааранд үл таних урт үстэй залуу миний хажууд байхдаа над руу дунд хуруу болон салаавч гаргаад байсан. Хэсэг хугацааны дараа заалны нөгөө талаас урт үстэй залуу дахин гарч ирээд дунд хуруугаа гаргасан. Дараа нь тамхины өрөөнд нөгөө урт үстэй залуутай тааралдахад тэрээр намайг хэл амаар доромжилж баарнаас хөөгөөд “эндээс зайл” гээд байсан. Тэгээд цахилгаан шатаар доош буугаад Зайсан хиллийн үүд хэсэгт зогсож байхад урт үстэй залуу миний хөлийг хавсарч газар унагаасан. Б нь түүний араас хөөхөд тэрээр Бийг Зайсан хиллийн төв гардаг хаалганы хажууд өмнөх шигээ дахин хавсарч унагаасан. Хамгаалагч нар нь тухайн урт үстэй залууг хөөхөд тэрээр цааш зугтаасан. Тэгээд Зайсан хиллийн машины зам дагуу доош зугтааж байхад нь би нөхөр Х руу залгахад “Зайсан хиллийн зам дээр машинтайгаа зогсож байна” гэж хэлсэн. Тэгээд урт үстэй залуу доош гүйхэд нөхөр Х араас нь гүйсэн бөгөөд би өндөр өсгийт гуталтай байсан учир тухайн хүмүүсийн араас гүйцээгүй. Нэг мэдэхэд доор хэсэгт урт үстэй залуу гартаа тоосго барьчихсан тэр хавиар гүйгээд байсан. Тэгээд Х тухайн залуу дээр очиход тэрээр гартаа барьсан тоосгоороо Хгийн толгой руу цохичиход зугтаасан. Тэр үеэр би цагдаа дуудсан. Удалгүй урт үстэй залуу Хтай хамт доороос ирж байсан бөгөөд нүүр нь хавдсан, мөн зүүн шанаа хэсэгт нь цус гарчихсан байдалтай байсан. ...” /хх 26-28/,

шүүгдэгч Х.Х: “...Би 2024 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан хиллийн Ион бааранд ороод 4 шил пиво уусан. Тэндээ хэсэг байж байгаад шөнийн 3 цаг өнгөрөөгөөд тухайн баарнаас бөөндөө гарахаар болох үеэр нэг үл таних эмэгтэй над руу дунд хуруу гаргахаар нь би зөрүүлээд гаргасан. Дараа нь тамхины өрөөнд тамхи татаад байж байтал над руу дунд хуруу гаргасан үл таних эмэгтэй. хоёр эмэгтэй найзын хамт орж ирээд гурвуулаа над руу дайраад аль нэг нь миний нүүр толгой руу цохиод авсан. Тэр үед хажууд байсан үл таних хоёр залуу тэр гурван охиноос намайг салгасан. Би тухайн баарнаас гараад үүд хэсэгт байхад нөгөө гурван охин над руу дахин дайраад байхаар нь би нэг охиных нь нүүр рүү нь нэг удаа алгадахад тэр охин цааш яваад өгсөн. ...Гэтэл тэр гурван охины таньдаг хоёр үл таних эрэгтэй найз нь байхыг хараад би түүн дээр очиход тэр үл таних хоёр залуу “өө, энэ байна” гээд над руу нийлж дайрахаар нь би Зайсан хиллийн шатаар доош зугтаахад нөгөө үл таних хоёр залуу миний араас хөөсөн. Тэгээд хажуунаас араас хөөсөн хоёр залуугийн нэг нь над руу хүрч ирээд миний зүүн нүдний дээд хэсэг рүү болон дагз хэсэг рүү 2-3 удаа цохисон. Би дахин зугтаахад тэр залуу араас хөөхөөр нь би газраас тоосго олдохоор нь аваад тухайн залууг ойртох үед нь айлгах гэж байгаад дагзны зүүн хэсэгт нь нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлгүүд /хх 44-46/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7424 дугаартай “...Т.Хн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний урд шарх гэмтэл дангаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” гэх дүгнэлт /хх 31-32/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна. 

            2. Анхан шатны шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 Шүүгдэгч Х.Х “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдол гаргасан.

3. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

4. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн доод хэмжээгээр буюу 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тус тус тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах” агуулга бүхий шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  9 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/674 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Хийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/674 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Хийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.БАТЗОРИГ

      ШҮҮГЧ                                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

      ШҮҮГЧ                                                                  Д.МӨНХӨӨ