| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2403 00489 0665 |
| Дугаар | 2024/ДШМ/1244 |
| Огноо | 2024-11-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Марал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2024/ДШМ/1244
Т.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Марал,
яллагдагч Т.Б,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/2416 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Маралын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 25-ны 41 дүгээр эсэргүүцлээр Т.Бд холбогдох 2403 00489 0665 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Т-ын Б, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймагт төрсөн, ... настай, э...., дээд боловсролтой, Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, “...” ХХК-д тайзны болон аюулгүй байдлын инженер ажилтай, ам бүл .... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... хотхон ... дүгээр байр ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../,
Яллагдагч Т.Б нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын баруун талын авто замд 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 30 минутын үед “Toyota prius” 20 маркийн **-** .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а / “... мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.”, 11.5. “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хөдөлгөөнд оролцож явсан Toyota prius Alpha маркийн **-** ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Ж.Н-н эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Д.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Т.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “....Гэрч М.Э “...ослын улмаас миний баруун талын хоёр хавирга хугарсан. ...” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсээр байтал шинжээч томилоогүй, мөн хохирогч Ж.Н нь тухайн цаг хугацаанд үргэлжилсэн давхар зураас давсан” зөрчил гаргасан үйл баримт хэрэгт авагдсан байхад зөвхөн яллагдагч Т.Б-ий үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг гарсан гэж үзэх нь учир дутагдалтай байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэг мөр шалгаж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн Т.Б-д холбогдох хэргийг тээврийн прокурорын газарт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор А.Марал эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, ослын бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт, ослын дараах үеийн дүрс бичлэг, хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт бусад бичгийн нотлох баримтуудаар 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын баруун талын авто замд жолооч Ж.Н нь Toyota prius Alpha маркийн **-** .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо үргэлжилсэн цагаан шугам давж эргэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зогсож байхад нь жолооч Т.Б нь Toyota prius 20 маркийн **-** ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр эсрэг урсгалын замын нэгдүгээр эгнээнээс чигээрээ хурдтай ирж мөргөн хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Хэдийгээр Toyota prius Аlphа маркийн **-** ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Н нь үргэлжилсэн цагаан шугам давж зогссон үйлдэл нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.В тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно.” гэсэн заасныг зөрчсөн боловч дээрх нөхцөл байдалд энэ нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан болоогүй, харин жолооч Т.Бий Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ "... мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.", 11.5. "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол үйлдэгдэх үндсэн шалтгаан болсон байхад анхан шатны шүүхээс “хохирогч Ж.Н нь тухайн цаг хугацаанд үргэлжилсэн давхар зураас давсан зөрчил гаргасан үйл баримт хэрэгт авагдсан байхад зөвхөн яллагдагч Т.Бий үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан гэж үзэх нь учир дутагдалтай байна” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг зөрчиж, яллагдагчийн гэм бурууг хэлэлцэн дүгнэлт хийсэн.
Түүнчлэн хавтаст хэргийн 51 дүгээр талд М.Э-ны гэрчээр өгсөн мэдүүлэгт Ослын улмаас миний баруун талын хоёр хавирга хугарсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, хүү Т.Бд ямар нэгэн санал гомдол байхгүй ээ. Одоо миний бие эрүүл мэнд хэвийн болсон.” гэж мэдүүлсэн.
Өөрөөр хэлбэл мөрдөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дахь заалтад заасны дагуу гэрч М.Э-ийн эрүүл мэндэд нь хохирол учирсан эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах зорилгоор мэдүүлэг авч шинжээч томилуулах талаар тодруулахад гэрч М.Э нь эмнэлгийн байгууллагад хандаагүй, гомдол саналгүй, шинжээч томилуулах тогтоол авахгүй, одоо биеийн байдал хэвийн болсон гэж тайлбар өгснөөр цаашид хэргийн оролцогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоох боломжгүй нөхцөлд байдалд хүрсэн байх ба мөрдөгч хуульд заасан эрхээр нь хангасан байна. Гэвч анхан шатны шүүхээс “гэрч М.Э-ийг /захирамжид бичсэнээр/ гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ... ослын улмаас миний баруун талын хоёр хавирга хугарсан... гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсээр байтал шинжээч томилоогүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” үндэслэлд хамаарахгүй бөгөөд мөн хуулийн 35.16 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлгийг сонсож, танилцан мэдүүлгийн эх сурвалжийг тогтоох боломжтой байна.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын дотор хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байхад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэл тогтоогдож байна гэсэн үндэслэлийг дурдан хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/2416 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд яллагдагч Т.Бд холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүхээс “…нотолбол зохих байдал нотлогдоогүй, гэрч М.Э “...ослын улмаас миний баруун талын хоёр хавирга хугарсан. ...” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсээр байтал шинжээч томилоогүй, мөн хохирогч Ж.Н нь тухайн цаг хугацаанд үргэлжилсэн давхар зураас давсан” зөрчил гаргасан үйл баримт хэрэгт авагдсан байхад зөвхөн яллагдагч Т.Бий үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг гаргасан гэж үзэх учир дутагдалтай” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна энэхүү зөрчлийг арилгасны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг учрал болох үед хохирогч Ж.Нн машинд сууж явсан М.Э-ийн биед учирсан гэмтлийг шинжээч томилж гэмтлийн зэргийг тогтоох, үргэлжилсэн давхар цагаан зураасыг давсан Ж.Нн үйлдэл нь гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдлыг бүрдүүлсэн эсэх асуудалд дүгнэлт хийх шаардлагатай байна.
Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан дээр нэмж дор дурдсан үндэслэлийг шалгаж тодруулах шаардлагатай гэж үзлээ. Үүнд:
Ослын газрын бүдүүвч зургаас харахад осол хаанаас эхлээд хаана мөргөлдсөн нь тодорхойгүй, бүдүүвч зураг тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, тухайн осол гарах үед уг тээврийн хэрэгслүүд нэг чиглэлд явж байгаа мэтээр ослын газрын бүдүүвч зураг зурагдсан байх тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай гэж үзэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурор А.Маралын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 25-ны 41 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/2416 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/2416 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Маралын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 25-ны 41 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ